| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2017/00029/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 17
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баасансүрэн
Хариуцагч: Г.Цогбадрах
Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Г.Цогбадрахын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус алба нь 1996 онд Алдархаан сумын нутаг “Мөстийн ам” гэх газарт амралтын газар барьж ашиглалтанд оруулсан бөгөөд улмаар иргэн Г.Цогбадрахад уг амралтын газрыг түрээслүүлсэн. Гэвч иргэн Г.Цогбадрах нь Алдархаан сумын Засаг даргаар 2005 оны 05-р сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамж гаргуулсан байсныг Завхан аймгийн Засаг дарга 2008 оны 11-р сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжаар хүчингүй болгож, тус газрыг манай албаны эзэмшилд үлдээсэн. Гэвч Г.Цогбадрах нь газрыг одоо хүртэл чөлөөлхгүй байгаа тул Мөстийн ам дахь амралтын газрын зориулалттай 4 га газрыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эзэмшлийн газар мөн болохыг тогтоож, Г.Цогбадрахын эзэмшлийн эд хөрөнгүүдийг дээрх газраас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Баасансүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус алба нь 1996 онд Мөстийн ам гэх газрыг амралтын газрын зориулалттайгаар үйл ажиллагаа явуулж, гурван байшин барьсан байжээ. Гэвч 2004 онд Мөстийн амны харуул хамгаалалтын үйл ажиллагаа дутмагаас болж, иргэн Г.Цогбадрахын хүсэлтийн дагуу түүнд түрээслүүлсэн. 2008 онд амралтын газрын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэтэл иргэн Г.Цогбадрах нь Алдархаан сумаас газрын гэрчилгээ гаргаж авсан байсан. Энэхүү газрын гэрчилгээг тухайн үеийн аймгийн Засаг дарга Гансүх нь хүчингүй болгож, Мөстийн амны газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үлдээсэн. Ийнхүү аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Мөстийн ам гэх газар амралтын үйл ажиллагаагаа явуулах гэтэл иргэн Г.Цонбадрах нь хөрөнгөө чөлөөлж өгөхгүй, бидний үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс Г.Цогбадрахын хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн Мөстийн аманд байрлах гурван байшинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байшин болохыг тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу гурван байшинг иргэн Г.Цогбадрахаас авсан. Гэвч иргэн Г.Цогбадрах нь гурван байшин бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаных мөн. Харин газар нь манайх гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж, уг газар дээр байгаа иргэн Г.Цогбадрахын хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хариуцагчийн тайлбараас харахад тус газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас түрээслэж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. 2005 оны сумын Засаг даргын захирамжийг, дээд шатны Засаг дарга нь хүчингүй болгосон байдаг. Энэхүү хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийг Г.Цогбадрах хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьдаг. Гэвч Г.Цогбадрах нь аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй талаар хуулийн хугацаанд гомдол гараагүй. Тийм учраас аймгийн Засаг даргын захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин сумын Засаг даргын захирамж нь 2008 онд аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон. Тиймээс нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа аймгийн Засаг даргын захирамж байгаа болохоор уг газрыг дахин тогтоох шаардлагагүй гэж үзээд, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан юм гэжээ.
Хариуцагч Г.Цогбадрах анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөстийн амны 4 га газрыг тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан Бат-Эрдэнэтэй түрээслэх гэрээ хийсэн. Ингэхдээ би амралтын газрын засварыг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь харуул хамгаалалтыг хариуцах ёстой болсон. Миний тухайд хоёр ч удаа засвар хийсэн байгаа. Гэтэл харуул хамгаалалтын хариуцлагагүй байдлаас болж байшингуудыг хоёр удаа буулгасан. Алдархаан сумын байгаль орчны байцаагч Гүрбазар гэдэг хүн удаа дараа надтай ирж уулзсан. Ингэхдээ Мөстийн ам нь Алдархаан сумын газар нутаг юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албандаа энэ талаар хэлж Алдархаан сумаас газрын гэрчилгээ авахуулахгүй бол нэг л өдөр өөр хүнд гэрчилгээ олгоно шүү гэж шаарддаг байсан. Энэ байдлыг Бат-Эрдэнэ даргад хэлж байсан. Тэгэхэд тухайн үед аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан Бат-Эрдэнэ “манайх энэ амралтын газрыг ажиллуулж чадахгүй юм байна, чи энэ газрын гэрчилгээг аваарай” гэж амаар зөвшөөрөл өгсөн байдаг. Ийм учраас би Мөстийн амны газрыг эзэмших гэрчилгээг хуулийн дагуу Алдархаан сумаас 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь намайг Алдархаан сумаас газар эзэмших гэрчилгээгээ авсны дараа Улиастай сумаас гэрчилгээ авсан байдаг. Тэгэхээр Улиастай сумын Засаг дарга нь Мөстийн амны газрын гэрчилгээг олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Алдархаан сумын газрыг Улиастай сумын Засаг дарга эзэмшүүлэх эрхгүй юм байна лээ. Тийм учраас Мөстийн амны газар бол миний эзэмшлийн газар юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэгэнт маргаан үүсгэсэн юм чинь тухайн газрыг тогтоолгохгүй яасан юм бэ? Үүний дагуу шүүх шийдсэн бол бид нарт асуудал байхгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тал газар тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзчихаад, миний газар дээр байгаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Миний гэрчилгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар тус газрыг эзэмших ёсгүй юм байна лээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга нь инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэхээр заасан байдаг. Тэгэхээр хууль ёсны Алдархаан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй гэж үзээд, хууль бус Улиастай сумын Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь аймгийн Засаг даргын захирамж нь өөрөө зөрчилтэй юм. Үүнээс харахад хэнд ч ойлгомжгүй захирамж гаргасан байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт байрлах “Мөстийн ам”-н дахь үйлчилгээний /амралт сувилал/-ын зориулалттай 4 га м2 газар дээр байрлах иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн 3 гэр, бусад эд хөрөнгүүдийн хамт чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Цогбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Цогбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие Гярдгаа овогтой Цогбадрах нь Алдархаан сумын газар нутаг болох “Мөстийн ам” –нд 4 га газрыг Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний 18 тоот захирамжаар хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бусаар Улиастай сумаа гэрчилгээ гаргуулан авч маргаан үүсгээд байгаа бөгөөд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний эзэмшлийн газар дээр байгаа миний өөрийн өмч болох 3 гэрийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаар захирамжаар дээрх гэрүүдийг чөлөөлөх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч тус захирамжийн 1 дэх заалтыг цуцлуулахаар гомдол гаргаж байна. Жич: шүүхийн шийдвэрийг 05 дугаар сарын 29-нд хүлээн авсан болно гэжээ.
Хариуцагч Г.Цогбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Мөстийн ам”-ны газрыг Алдархаан сумын засаг даргын 2005 оны 5 сарын 11-ны 18 дугаар захирамжаар эзэмшсэн байсныг Завхан аймгийн Засаг дарга 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 202 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Өмнө нь тэр газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бидэнд түрээсэлж байхад Алдархаан сумын засаг дарга наад газар чинь Алдархаан сумын нутаг шүү, эзэмших гэрчилгээг нь сумаас авах ёстой гэж хэлдэг байсан.
Би газрын талаар ийм зүйл яригдаад байна газрын гэрчилгээг нь авахгүй бол хэл ам гарч магадгүй байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн даргад хэлэхэд манайх ажиллуулна гэж байхгүй, та нар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс баримт бичгийг нь хууль ёсоор ав гэж хэлсэн. Иймээс би тус газрыг эзэмших талаар зохих зөвшөөрөл гэрчилгээг нь авсан.
Гэтэл сүүлд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тус газрын гэрчилгээг Улиастай сумаас гаргуулж авсан байсан. Алдархаан сумын нутаг дэвсгэрийн эзэмших гэрчилгээг Улиастай сумын засаг даргаас авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Тус газрыг надад эзэмшүүлсэн гэрчилгээг Аймгийн Засаг дарга Л.Гансүх хүчингүй болгосон захирамж гаргаад маргааш нь ажлаа өгсөн байсан. Энэ талаар би Газрын албанд гомдол гаргахад тус газрыг Алдархаан сумын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд Аймгийн засаг дарга Л.Гансүхийн захирамж үндэслэлгүй байна гэж тайлбарладаг.
Би энэ асуудлаар 2 удаа шүүхэд хандсан. Эхний удаагийн шүүгчийн захирамжид газрын маргааныг шийдвэрлээгүй байхад эд хөрөнгийн асуудлыг шийдэх боломжгүй гэж буцаасан. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 3 байрыг чөлөөлөх асуудал дээр нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би 3 байрыг тус байгууллагын байр гэдэг дээр маргаагүй харин газрын хувьд маргаж байгаа. Миний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон Л.Гансүх даргын захирамжийг хүчингүй болгож байгаа, шийдвэр нь маргаашнаас гарах байх гэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Баасансүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 1996 онд “Мөстийн ам” гэх газарт амралтын газар байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад Цогбадрах гуайд түрээслүүлсэн. Гэтэл Цогбадрах гуай тус газрыг түрээслэж байх хугацаандаа Алдархаан сумын засаг даргаар газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Энэ гэрчилгээ нь Аймгийн засаг даргын 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжаар хүчингүй болсон. Улмаар манай албанд тус газрыг эзэмшүүлэх захирамж гарсан байдаг. Энэ захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Цогбадрах гуай тухайн үед гомдол гаргаж шүүхэд хандах эрхтэй байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Иймээс манай байгууллага эзэмшлийн газраа чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Манай байгууллагын эзэмшлийн гэрчилгээ авахаас татгалзсан гэж байгаа боловч манай байгууллага хууль ёсны эзэмшлийн гэрчилгээтэй учраас түүнийг дахин тогтоолгож авах шаардлагагүй. Давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч Г.Цогбадрахад холбогдуулан Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах “Мөстийн ам” дахь амралтын газрын зориулалттай 4 га газрыг өөрийн эзэмшлийн газар мөн болохыг тогтоолгох, Г.Цогбадрахын эзэмшилийн эд хөрөнгүүдийг дээрх газраас чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч Г.Цогбадрахад Завхан аймгийн Алдархаан сумын засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 18 тоот захирамжаар дээрх маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр 2005 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 0055426 дугаартай гэрчилгээ олгосон байсныг Завхан аймгийн засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжаар хүчингүй болгож, тус газрыг Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Завхан аймгийн засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар бүхий дээрх захирамжинд хариуцагч тал гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд дээрх захирамж хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
Иймээс Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах “Мөстийн ам” дахь амралтын газрын зориулалттай 4 га газрын шударга эзэмшигч мөн байх бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эзэмшилийн газар дээр байгаа Г.Цогбадрахын эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Цогбадрахын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цогбадрахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР