Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0796/З |
Дугаар | 221/МА2023/0385 |
Огноо | 2023-06-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0385
“М..” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.З,
Нэхэмжлэгч: “М..” ХХК,
Хариуцагч: ЭМДЕГ ,
Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох ... дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу ***** кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг тогтоолгож, санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Б, өмгөөлөгч П.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0796/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасныг тус тус баримтлан “М..” ХХК-иас ЭМДЕГ т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг, дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу ***** кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг, санхүүжилт авах эрхтэй болох”-ыг тус тус тогтоож...” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.З нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “М..” ХХК-ийн Мойлтын тохой сувилалтай УБ-03/006 дугаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулан уг гэрээнд тус сувиллын эрх үүргийг тодорхой тусгасан. Гэтэл нэхэмжлэгч тал уг гэрээний 2.4 дүгээр зүйл “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ”-ийн 2.4.7 дахь заалт “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас тогтоосон шаардлагад нийцүүлж цахим системээр мэдээлэл солилцох техникийн боломж бүрдүүлэх, 2.4.8-д “иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг мэдээллийг цахим системээр үнэн зөв алдаагүй илгээх” гэж заасан үүргээ зөрчиж, уг алдаагаа нэхэмжлэгч тал “манай ажилтны буруутай үйлдлээс болсон” гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар манай байгууллагад удаа дараа албан бичиг хүргүүлсэн бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Түүнчлэн уг гэрээний үүргийг зөрчиж, санхүүжилт олгохгүй байх нөхцөлийг үүсгэсэн буруутай этгээдийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч Ц. нь үйл баримтаар нь тодорхойлж, хариуцлага хүлээх этгээд буюу нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б болон нэхэмжлэгч талтай гэрээт “И.К.” ХХК-ийг нэрлэн тогтоосон атлаа үүрэг хариуцлагыг манай байгууллага хариуцахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2.2. “М..” ХХК-ийн Мойлтын тохой сувилал нь 2022 оны 02 дугаар сарын нэхэмжлэлээ алдаагүй үнэн зөв буюу сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг ***** оношийн хамааралтай бүлгийн кодоор илгээж санхүүжилтээ авсан атлаа 2022 оны 3 дугаар сард тусламж үйлчилгээний нэр төрөл өөрчлөгдөөгүй, даатгуулагчдад сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн байж гэрээнд огт заагаагүй уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний 370027 оношийн хамааралтай бүлгийн кодыг шивж нэхэмжлэлээ илгээсэн нь зориудаар бөгөөд санамсаргүй алдаа гэж үзэхгүй байгаа болно. Энэ талаар анхан шатны шүүхэд дурдаж хэлсэн байдаг.
2.3. Манай байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Учир нь дээрх үндэслэлүүдээс гадна 2022 оны 03 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар тогтоол хүчингүй болж нэхэмжлэлийн хяналтын шалгуурт өөрчлөлт орсон бөгөөд Эрүүл мэндийн даатгалын цахим системд дахин хөгжүүлэлт хийх боломжгүй, мөн 2022 оны 03 дугаар сард 161 даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх өвчтөний түүхэнд засвар хийсэн байхыг үгүйсгэхгүй юм. Эрүүл мэндийн байгууллага нь өвчтөний түүхийг шалгуурт тохируулан засварлах бүрэн боломжтой байдаг бөгөөд энэ зөрчил нь гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудаас манай байгууллагад ирүүлсэн нэхэмжлэлд удаа дараа гарч байсан.
Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан буруутай гэж тогтоосон “М..” ХХК-ийн мэргэжилтэн Б.Б, “И.К.” ХХК нь хариуцагч байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “М..” ХХК нь хариуцагч ЭМДЕГ т холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/3276 дугаар бичгээр санхүүжилт олгохоос татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох ... дээрх сувилуулагч нарт УБ-02/041 гэрээнд заасны дагуу ***** кодтой тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг тогтоолгож, санхүүжилт авах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ЭМДЕГ, нэхэмжлэгч “М..” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УБ-03/006 дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 162 иргэний нэхэмжлэхийг кодоо алдаатайгаар шивж илгээсэн, хариуцагчаас үүнийг засах арга хэмжээ авах гэтэл эрүүл мэндийн даатгалын ашиглаж байгаа программ нь хөрвүүлэлт хийж болохгүй байсны улмаас засаагүй” үйл баримт тогтоогдсон байна.
3.3. Анхан шатны шүүхээс “...Хууль болон гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгчээс алдаа зөрчил гарсан тохиолдолд түүнийг залруулах, эсхүл түдгэлзүүлээд зөрчлийг арилгах боломжууд байсан бөгөөд нэхэмжлэхийг алдаатай шивснээр санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь хариуцагч хуулиар олгогдсон болон гэрээнд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
3.4. Учир нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх” гэж, мөн талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6.2 дахь заалтад “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч шалгах явцад эмнэлгийн алдаа, зөрчил илэрч, дахин нягтлан шалгах шаардлага гарсан тохиолдолд гэрээний баримт бичгийн холбогдох хэсгийг түр түдгэлзүүлнэ” гэж тус тус заасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын ажилтны гаргасан алдааг залруулах, эсхүл зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “И.К.” ХХК-ийн программд өөрчлөлт орсны улмаас эрүүл мэндийн даатгалын цахим системд алдаатай код илгээсэн зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд “М..” ХХК-ийн санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.5. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн УБ-03/006 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “дараах тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно” гээд гэрээ цуцлах үндэслэлүүдийг тодорхойлсон байх бөгөөд маргаан бүхий тохиолдол болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний программд өөрчлөлт орж, эрүүл мэндийн даатгалын цахим системд алдаатай код илгээсэн нь тус гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байна.
3.6. Нөгөөтээгүүр, дээрх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад “2022 оны 03 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар тогтоол хүчингүй болж нэхэмжлэлийн хяналтын шалгуурт өөрчлөлт орсон бөгөөд Эрүүл мэндийн даатгалын цахим системд дахин хөгжүүлэлт хийх боломжгүй, ...манай байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч тал гэрээний 2.4.7-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас тогтоосон шаардлагад нийцүүлж цахим системээр мэдээлэл солилцох техникийн боломж бүрдүүлэх, 2.4.8-д “иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг мэдээллийг цахим системээр үнэн зөв алдаагүй илгээх” гэж заасан үүргээ зөрчиж, уг алдаагаа хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгчээс алдаатай код илгээсэн учир уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах талаар хүсэлт гаргасан байхад хариуцагч захиргааны байгууллагаас “М..” ХХК-ийг дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр маргаан бүхий гэрээг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлаагүй гэж үзнэ.
3.8. Түүнчлэн “И.К.” ХХК нь захиргааны байгууллагын нэрийн өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч этгээдийн цахим системийг хариуцдаг байхад түүний үйл ажиллагаа, программын үйлчилгээнүүдтэй холбоотой саатал, үл ойлголцол гарсан асуудлыг нэхэмжлэгчид хариуцуулж хохироох боломжгүй тул “...нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б болон нэхэмжлэгч талтай гэрээт “И.К.” ХХК-ийг нэрлэн тогтоосон атлаа үүрэг хариуцлагыг манай байгууллага хариуцахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.
3.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч ***** оношийн хамааралтай бүлгийн кодоор илгээж санхүүжилтээ авсан атлаа гэрээнд огт заагаагүй уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний 370027 оношийн хамааралтай бүлгийн кодыг шивж нэхэмжлэхээ илгээсэн нь зориудаар бөгөөд санамсаргүй алдаа гэж үзэхгүй” талаар давж заалдах гомдолдоо дурджээ.
3.10. Маргаан бүхий энэ тохиолдолд хэргийн оролцогчдын тайлбарласнаар ***** оношийн хамааралтай бүлгийн кодоор илгээх санхүүжилт нь 195,500 төгрөг, харин 370027 оношийн кодоор илгээх санхүүжилтийн үнийн дүн нь адил буюу 195,500 төгрөг байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М..” ХХК-иас программд оношийн кодоо илгээхдээ уламжлалт буюу 370027 гэснийг сонгосон хэдий ч нэхэмжлэх үнийн дүнг 195,500 төгрөгөөр илгээснийг зориудаар санхүүжилтийг үндэслэлгүйгээр ихэсгэсэн үйлдэл гаргасан гэж үзэхээргүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх гомдлыг хангах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА