Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох эрүүгийн 2125000000042 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э овгийн Л-ийн Б  Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Б 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн 1 давхрын лангуун дээрээс Ж.О-ийн гээгдүүлсэн түрийвчтэй 812.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ын мэдүүлсэн, өмнөх мэдүүлэг үнэн. Тэр мөнгөнөөс 10,000 төгрөгөөр нь махан таташ аваад гэртээ харьсан. Нэлээд хэд хоног авдартаа байлгаж байсан. Хүүхэд харж байгаа тул гарч чадахгүй байсан. Тоо ёсоор нь буцаан өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн 1 давхарт байх гоо сайхны лангуу дээр очиж нүүр цэвэрлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнийг 13,500 төгрөгөөр худалдаж 2 авчхаад гарахдаа бор өнгийн түрийвчийг лангуу дээр мартаад гарчихсан. Миний түрийвчинд 812,000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт 2 ширхэг, капитрон банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Дэлгүүрээс гараад 1-6 дугаар байрны гадаа очоод түрийвчээ санаад эргээд гоо сайхны лангуу дээр ирэхэд байхгүй байсан. Худалдагч эмэгтэйгээс асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн тул гоо сайхны лангууны хяналтын камерыг шалгахад нэг эмэгтэй хүн миний гээгдүүлсэн түрийвчийг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан тул цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6-р хуудас/,

-Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 01 сарын 14-ний өдөр ээжийн утас руу цагдаагаас залгаж дуудсан. Би ямар учиртай талаар ээжээс асуухад хэд хоногийн өмнө дэлгүүрт явж байхдаа бор өнгийн мөнгөтэй түрийвч олсон, гэхдээ нэг ч төгрөг аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 11-р хуудас/

-Шүүгдэгч Л.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн “2021 оны 01 сарын 05-ны өдөр ....15 цагийн орчим “Баян” худалдааны төвийн 1 давхарт байдаг зүүн тийшээ харсан нэлээн том лангуунаас үнэртэй ус авах гэж орсон. Өөрийнхөө авах гэж байсан граммын үнэртэй усыг асуусан чинь байхгүй гэсэн. Тэр лангуун дээр бор өнгийн эмэгтэй хүний хэтэвч байхаар нь авчихсан. ...хэтэвч дотор виза карт, хуучны мөнгөн дэвсгэрт 2-3 ширхэг, Одгэрэл гэх хүний цахим үнэмлэх, 1000, 500 дэвсгэртүүд байсан. Хүлэг захад байх “Эрдмийт” дэлгүүр орж, олсон мөнгөөрөө 10.000 төгрөгөөр нь гэдэсний таташ 5 уутыг аваад харьсан. Орой нь гэртээ ганцаараа байхдаа нөгөө хэтэвчээ гаргаж ирээд онгойлгож үзэхэд 20.000, 10.000, 5000 дэвсгэртээр зөндөө их мөнгө байсан. Тоолж үзэхэд 800.000 орчим төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх 24-р хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /түрийвч/ /хх-ийн 13-р хуудас/

-Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 42-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сум Уурхайчин баг “Баян” худалдааны төвийн 1 давхрын лангуун дээрээс Ж.Одгэрэлийн гээгдүүлсэн түрийвчтэй 812,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж авч 10,000 төгрөгөөр махан таташ авч,бусад мөнгийг түрийвчтэй нь гэртээ хадгалсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Л.Б нь худалдааны төвөөр үйлчлүүлж явахдаа лангуун дээр гээгдүүлсэн түрийвчтэй мөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 812,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 3 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт “Баян” худалдааны төвийн 1 давхрын лангуун дээрээс Ж.О-ийн гээгдүүлсэн түрийвчтэй 812.000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгуулийн ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд, өөрийгөө өмгөөлөх зүйл алга, миний буруу гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ж.Одгэрэлд 812,000 төгрөгийн хохирол учирч түүнийг шүүгдэгч Л.Б нь төлж барагдуулсан байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 6-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч Э овгийн Л-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 6 /зургаан/ сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ