| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/0419/И |
| Дугаар | 00563 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, санхүү бүртгэлийн мэдээлэл зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 18-01 тоотод оршин суух, РХ86102106 дугаар регистртэй, Дээд чоно овогт Болдын Өлзийжаргал нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух, РВ82072001 дугаар регистртэй, Борги овогт Түмээгийн Мөнхтуяад холбогдох
Гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/0419/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Өлзийжаргал, хариуцагч Т.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан сар болж, манай ажлынхан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр буюу шинийн 6-нд айлуудаар золгуут хийж яваад Т.Мөнхтуяагийнд очихоор болж түүнтэй хамт гэрт нь хоол унд бэлдэхээр түрүүлээд явсан. Гэтэл тэдний нохой уяагүй сул байсан учир хашааны хаалгаар оронгуут над руу дайрч нүүрэн тус газар хазахад уруул сэтэрч, шүд эмтрэн, нүдний дор урж, эдгэшгүй сорви үлдээсэн. Нохойд хазуулснаас болж миний толгой байнга өвдөж, нүдний хараа муудаж, айдастай болсон. Маш их эмчилгээ хийлгэсэн. Нохой нь хүн хаздаг мөртлөө ерөөсөө уядаггүй. Т.Мөнхтуяа бид хоёр найз нөхөд байсан боловч тухайн явдлын дараа надаас уучлалт гуйгаагүй, гэрийнхэн нь янз бүрээр хэлж дарамтлаж байсан. Би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Гэвч манай эгчийг зодсон гэж Т.Мөнхтуяа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учир бид ярилцаад эвлэрч, тус тусын гомдлоо буцааж авцгаасан. Т.Мөнхтуяа нь орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас болж надад хохирол учирсан, мөн ерөөсөө уучлалт гуйгаагүй, ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй тул гомдолтой байна. Би эм тариа авч хэрэглэсэн төлбөр болон хагалгаанд орох шаардлагатай байгаа тул түүний зардал нийт 5.000.000 төгрөг гаргуулж авна гэв.
Хариуцагч Т.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр Б.Өлзийжаргал бид хоёр хамт явж байсан хүмүүсээс манайд түрүүлж очихоор явсан нь үнэн. Манай нохой хүн хаздаг учир байнга уяатай байдаг. Би Б.Өлзийжаргалыг манайд ороод байж бай, нохойны идүүрээ аваад ирье гэж хэлээд явтал миний хойно орилох дуу гарсан. Гэтэл уяатай нохой руу очоод хазуулсан байсан. Тухайн үед би хэрэгтэй гэсэн зүйлийг өгч байсан ч эдний ах, эгч нь байнгын дарамтлаж хэцүү байдалд байсан. Гэрт хүртэл ирж эгч нь намайг зодсон учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Б.Өлзийжаргалаас уучлалт гуйж байсан. Намайг гэм буруугүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон болохоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийжаргал нь хариуцагч Т.Мөнхтуяад холбогдуулан гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн зохигч нохойд хазуулсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь манай нохой уяатай байсан, гэм буруугүй гэдгийг Цагадаагийн байгууллага шалгаж тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь нохой уяагүй, сул байсны улмаас хазуулсан учир эрүүл мэндэд учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулж авна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Өлзийжаргал нохойд хазуулсны улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, их эмч Л.Алтанзулын “Болдын Өлзийжаргал...нүүр нь дээр нохойд хазагдсан шархтай...” гэх бичилттэй 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, Солонгос улсад хийлгэх хагалгааны төлбөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Харин хариуцагч Т.Мөнхтуяа нохойгоо сул байлгасан буюу зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Б.Өлзийжаргалын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Б.Өлзийжаргал тухайн хазуулсан нохойг зохих хамгаалалтгүй сул байсан тухайгаа нотлож чадахгүй, мөн хариуцагч Т.Мөнхтуяагийн “нохой уяатай байхад өөрөө очиж хазуулсан” гэх тайлбарыг няцаах баримт болон тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 472 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, Өвөрмонгол эмчийн тодорхойлолт, спонсоруудад зориулсан акцийн баримтууд нь нотариатаар гэрчлэгдээгүй, албан ёсны Монгол хэлээр орчуулаагүй хуулинд заасан шаардлагыг хангаагүй, тухайн хэрэгт ач холбогдолгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын хариуцагч Т.Мөнхтуяад холбогдох гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд оролцохгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг зохигч зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон