| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч С.Б
Хохирогч Р.Э
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2125000100056 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Н овогт Б-гын Х Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Х-ыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Р.Э-г тээврийн хэрэгсэл жолоодож байхад нь хурдаа тохируулсангүй гэж хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлсэн “тухайн үед бухимдаад маргалдаа хурдаа тохируулсангүй гээд 2 алгадсан. Би гэм буруутай гэдгээ хүлээж байна гэх мэдүүлэг,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Р.Э мэдүүлсэн “тухайн үед маргалдаж 2 алгадсан.Одоо бид эвлэрсэн хамт амьдарч байгаа, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг,
-Хохирогч Р.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэрээсээ ажилдаа явахаар гарсан. Нөхөр ажилтай байсан мөн хүүхдүүдээ айлд хүргэж өгөх зэрэг ажилтай байсан учраас хүний машин гуйгаад буцаад гэр лүүгээ 10 цагийн орчимд очсон чинь нөхөр Х ажилтай гэсэн байж хоёр хүүхдээ ч хувцаслаагүй, өөрөө ч дөнгөж орноосоо босож байсан. Тэгээд над руу уурлаад ямар орой ирдэг юм, хоёр хүүхэд хувцсаа өмсөхгүй байна, миний хувцас ч гэсэн хаана байгаа нь олдохгүй байна гээд уурласан. Тэгээд би хоёр хүүхдээ хувцаслаад түрүүлээд гараад машинд суугаад араас нөхөр гарч ирээд суусан. Тэгээд замдаа явж байсан чинь чи ганцаараа ажилтай нь юм уу, өдөр болгон ажилтай гээд гараад явах юм гээд уурлаад байхаар нь би яасан юм гээд маргалдсан чинь намайг ямар удаан явдаг юм, 10 цагаас ажилтай гээд байхад чинь гээд миний толгойны зүүн тал руу гараараа 2-3 удаа цохиод байсан. Тэгээд байхаар нь би хурдаа бага нэмээд дүрэмд заасны дагуу явсан чинь ямар хурдан явдаг юм гээд миний нүдний шилийг аваад нүүр лүү шанаа хэсэг рүү 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...оны өмнө хоорондоо маргалдаад эхнэр нь цагдаа дуудсан байсан. Уг нь хоорондоо гайгүй, эвтэй байдаг юм, ялимгүй зүйл дээр маргалдсан байсан, урьд нь эхнэртээ гар хүрч байсан гэж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /ххийн 12-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №31 дугаартай “...Р.Э биед тархи доргилт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Шинэ гэмтэл ба тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..." гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Р.Э-тай амьдралын ялимгүй зүйлээр шалтаглан уурлан маргалдаж улмаар тээврийн хэрэгсэл жолоодож байхад нь хурдаа тохируулсангүй гэж толгой хэсэг рүү нь 2-3 удаа алгадан зодож тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгчийн Б.Х алгадаж зодсон үйлдлийн улмаас Р.Э биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №31 дугаартай “...Р.Э биед тархи доргилт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Шинэ гэмтэл ба тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Х нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Р.Эрдэнэтуяаг тээврийн хэрэгсэл жолоодож байхад нь хурдаа тохируулсангүй гэж хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна, ялын тухайд саналгүй гэжээ. Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Р.Эрдэнэтуяа нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 56-р хуудас/-т авагдсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овогт Б-гын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ