| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч О.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2025005060118 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт О.М Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.М-ыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Б-тай хамт архи ууж байхдаа төлбөрийн картынх нь дугаарыг мэдэж, түүний Виза картыг нь хулгайлан авч Хаан банкны 5090345067 дугаартай данснаас нь гүйлгээ хийж 634,100 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлсэн, найзынд нь бид 2 архи уусан. Тэгээд би картыг нь авч яваад идэх юм тамхи авсан. Тэгээд картыг нь өгөх гэсэн чинь олдохгүй болохоор нь мөнгийг нь хэрэглэсэн. 300,000 төгрөг нэг хүнээр авахуулсан. Мөнгийг буцааж өгсөн гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Би 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед Согоот багийн 6-1 дүгээр байрны автобусны буудал дээр зүс таних залуутай таарсан бөгөөд тэр залуутай Наран багт найз Оогийгийнд очиж архи уусан ... 21 цагийн үед найзынхаасаа гарч тэр залуутай зам дээр машин хүлээгээд зогсож байтал нэг машин ирээд зогсохоор нь суусан, тэр залуу зам дээр зогсоод үлдсэн ... би уусан архиндаа жаахан согтчихсон байсан .... 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өгдөө утсаа асаахад миний утсанд данснаас минь нийт 634,100 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн байсан. Би гайхаад картаа үзэхэд байхгүй байсан. Мөнхболдыг авсан байна гэж мэдсэн...634100төгрөгний хохирол учирсан, төлсөн...” гэх мэдүүлэг /ххийн 30-31-р хуудас/
-Д.БХаан банкны 5090345067 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-р хуудас/
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
-Хаан банкны 9496 1882 9788 4475 дугаартай ногоон өнгөтэй Виза картыг О.Моос хураан авч, хохирогч Д.Бд хүлээлгэн өгсөн ажиллагааны талаархи “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 50-р хуудас/
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-47-р хуудас/ Яллагдагчаар О.М мэдүүлсэн ...удалгүй танил ах нэлээд согтоод гэр рүүгээ явж чадахгүй байхаар нь би кармаанаас нь ногоон өнгийн карт аваад ахыг хаячихаад явсан. Дэлгүүрт орж картаар идэж уух зүйл авсан. Карт уншуулан хүүхэд гуйж байж мөнгө авахуулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч О.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Бтай хамт айлд архи уугаад гарч явахдаа түүний биед байсан Виза картыг нууцаар зөвшөөрөлгүй авч Хаан банкны 5090345067 дугаартай данснаас нь 634,100 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны 5090345067 дугаартай дансны хуулга, дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, дансны хуулга, камерын бичлэг зэрэг хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.М гэмт үйлдэл нотлогдсон ба түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 634,100 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч О.М нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...”гэж заасан тул шүүгдэгчийн үйлдэл нь объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч О.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч О.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Бтай хамт архи ууж байхдаа төлбөрийн картынх нь дугаарыг мэдэж, улмаар Виза картыг нь хулгайлан авч Хаан банкны 5090345067 дугаартай данснаас нь гүйлгээ хийж 634,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Тэнсэх саналыг дэмжиж байна. Хохирлыг төлсөн гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлсэн нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан улсын яллагчийн саналын хүэрээнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Бд 634,100 төгрөгийг хохиролыг шүүгдэгч О.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 18-р хуудас/ шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч төлөх төлбөргүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэлгийг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэнгийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Мод оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ