Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бхолбогдох эрүүгийн 2125000580127 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Ч овогт Г.Б. Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Б2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын үйлчилгээний зааланд иргэн Г.Ч-гийн гээж мартсан Самсунг А10 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 360,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-гийн мэдүүлсэн, би Мобикомын салбар дээр ороод гарахдаа эзэнгүй байсан утсыг авсан нь үнэн. Утсыг буцааж өгсөн. Буруу юм хийснээ ойлгож байна гэх мэдүүлэг, -Хохирогч Г.Ч-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбар руу 13-14 цагийн хооронд лизингийн гар утас авах гэж орсон юм. Тэгээд би иргэний үнэмлэхгүй байсан чинь Баян-Өндөр сумаас лавлагаа авах хэрэгтэй гэж хэлэхээр нь би гарахдаа баруун талын теллерийн ширээн дээр өөрийн эзэмшлийн Самсунг А10 загварын гар утсаа мартаад явсан байсан. Тэгээд би Баян-Өндөр 2 сум орчихоод эргээд ирсэн чинь миний Самсунг А10 загварын гар утас байхгүй байсан. Тэгээд би Мобикомын салбарын хяналтын камерыг шүүдэг хүнээр үзүүлэхэд миний дараа үйлчлүүлсэн нэг эмээ миний гар утсыг авч байна гэж хэлсэн. Надад тухайн хяналтын камерын бичлэгийг үзүүлэхгүй, цагдаагийн бичигтэй харуулна гэсэн ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

-Самсунг А10 загварын гар утсыг Г.Б-гаас хураан авч, хохирогч Г.Ч-т хүлээлгэн өгсөн ажиллагааны талаархи эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/ -Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн гар утасны үнэлгээ хийсэн 21/023 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-26-р хуудас/

-Шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар мэдүүлсэн “...2021 оны 01 сарын 25-ны өдөр би Согоот багт байрлах Мобикомын салбарт орж утсандаа тохиргоо хийлгэх гэж теллерээр үйлчлүүлэх гэхэд тавцан дээр хавтсан гэртэй утас байхаар нь хүн утсаа хаячиж гэж бодоод шууд аваад куртикнийхээ халаасандаа утсаа хийгээд мобикомоос гараад ач хүү болох Мягмаржаргалд утсаа өгсөн” гэх мэдүүлэг /хх 35-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын үйлчилгээний зааланд иргэн Г.Ч-гийн гээгдүүлсэн Самсунг А10 загварын гар утсыг авсан ба Г.Ч-т 360,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн гар утасны үнэлгээ хийсэн 21/023 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.Бнь бусдын гээсэн Самсунг А10 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 360,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн Г.Б-г үйлдлийн улмаас Г.Ч-т 360,000 төгрөгийн хохирол учруулсан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 3 Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.Бнь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын салбарын үйлчилгээний зааланд иргэн Г.Ч гээж мартсан Самсунг А10 загварын гар утсыг бусдын эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшиж, 360,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгуулийн ялаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргаж байна гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруутай. Хэлэх саналгүй гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Г.Ч 360,000 төгрөгийн хохирол учирч түүнийг шүүгдэгч Г.Бнь төлж барагдуулсан байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 19-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ