Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Б.О

 Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д холбогдох эрүүгийн 2125000000126 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овгийн Ц.Х. Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Х-г 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 10-15 тоотод Д.Б-г зодож баруун богтос ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х-гийн мэдүүлсэн “Мэдүүлгээ өгсөн. Үйлдлээ зөвшөөрч байгаа. Хохирогчид эмчилгээний зардал 1,099,140 төгрөг төлсөн. Нэмж 1,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 02 сарын 25-ны өдөр Жаргалант суманд Х гэх айлд найз Ц-ийн хамт очсон. Ц-д бид хоёр Эрдэнэтээс 2 шил архи авч очсон. Бид гурав архиа хувааж уугаад 23 цагийн үед дууссан ба Х бид хоёр хоорондоо хүнсний ногооноос болж маргалдсан. Х надад хүнсний ногоо өгнө гээд өгөөгүй удаад байсан... Х миний толгой руу хөлөөрөө өшиглөж, намайг газар унагаж байгаад өшиглөсөн. Миний нүүр лүү өшиглөөд байхаар нь 2 би гараараа нүүрээ хаасан. Х миний баруун гарын шуу руу 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Х түрийтэй гуталтай байсан ба Ц согтоод унтсан байсан. Намайг зодуулаад хашхирах чимээгээр Ц сэрээд Хг надаас салгасан эмчилгээний зардал, мөнгийг Х эмнэлэгт байхад төлсөн байсан. Харин цаашид хавар болоод ногоо тарих дөхөөд байдаг, миний баруун гар сайн хөдлөхгүй, ажлын бүтээмж алдагдаж байгаа тул хаврын ногоо тариалах ажлын хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг. /хх-ийн 5-8-р хуудас/,

Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн“.. .Батцоож нь Хд хандан чи надад 2 тонн байцаа өгнө гээд өгсөнгүй гээд маргалдаад байсан. Би унтаад өгсөн. Нэг мэдсэн хүмүүс чанга чанга хашхираад байсан. Сэрээд харахад цаг 05 цаг болж байсан ба Хасаа Батцоож хоёр бие биенээ заамдаад барьчихсан, хоорондоо ноцолдож байсан. Х Батцоожийг заамдааж байгаад газар унагаагаад байсан. Би тэр хоёрыг салгасан. Батцоож нь Х миний гарыг хугалчихлаа гээд байсан. Хд хэлж, хүүхдийг нь дуудуулан машинаар Батцоожийг аваад Эрдэнэт явсан. Эрдэнэтэд очоод Батцоож шууд эмнэлэгт хэвтсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 181 дугаартай “...Л.Б-ийн биед баруун богтос ясны далд хугарал, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын бугалга, нуруу, баруун ташаа, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун хацарт, хоёр ташаанд зулгаралт үүсчээ. Баруун богтос ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-18-р хуудас/

Шүүгдэгч Ц.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн “2021 оны 02 сарын 25-ны орой 19 цагийн үед Б бид 2 нөгөө нэг шил архийг хувааж уусан. Тэгж байгаад бид үүрээр 04 цагийн үед хоорондоо маргалдсан. Батцоож бид 2 ногоо өгөх, авах асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд бид 2 барилцаж авсан. Б намайг доод уруул орчимд маань гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхлээр нь би уурлаад Батцоожийг газар унагаан нүүрэн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Батцоож толгойгоо баруун гараараа халхлаад байхаар нь гар луу нь 1 удаа өшиглөсөн. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

-Хохирлын төлбөрийн баримтууд /хх-ийн 40-44-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 10-15 тоотод архидан согтуурч байхдаа хувийн маргаанаас үүдэн Батцоожийг зодож баруун богтос ясны далд хугарал, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын бугалга, нуруу, баруун ташаа, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун хацарт, хоёр ташаанд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 10-15 тоотод болсон үйл баримт нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

3 Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 10-15 тоотод согтуурсан үедээ Д.Батцоожтой маргалдаж улмаар газар унаган нүүр болон гар руу нь зодож өшиглөсөн үйлдлийн улмаас Д.Батцоожийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 181 дугаартай “...Л.Б-ийн биед баруун богтос ясны далд хугарал, нүүр, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын бугалга, нуруу, баруун ташаа, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун хацарт, хоёр ташаанд зулгаралт үүсчээ. Баруун богтос ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 10-15 тоотод Д.Б-г зодож баруун богтос ясны далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийг өмгөөлж гаргасан дүгнэлт саналдаа, гэм буруугаа хүлээнэ. Бид эвлэрсэн байгаа. Хохирлоо төлж барагдуулсан. Ямар нэг саналгүй гэжээ Шүүгдэгчийн үйлдлийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон,нотлох баримтууд зөрүүгүй,шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлж барагдуулсан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.Батцоож хэрэгт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн ор хоногийн 484,240 төгрөг, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн рентген зурагны төлбөр 30,000 төгрөг, 2021 оны 03 сарын 02-ны өдрийн ИЗЭ эмийн 4 сангийн Е баримт бүхий 84,900 төгрөг, Медипас эмнэлэгийн толгойн зураг авахуулсан Е баримт бүхий 150.000 төгрөг, Ай Эм Тек ХХК-ний зарлагын баримт 350,000 төгрөгийн баримт зэрэг нийт 1,099,140 төгрөгийн баримт гаргаж хавсаргасан байх боловч шүүгдэгчээс түүнд 2,099,140 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн байна. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 45-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ