Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Б.О

 Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-т холбогдох эрүүгийн 2125000000129 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Ж.А. Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ж.А согтуугаар, 2021 оны 03 сарын 10-наас 11-нд шилжих шөнө  эхнэр Г.Э маргалдан улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын мэдүүлсэн, мартын найман гээд архи, дарс авч уусан. Тэгээд тийм юм болсон. Нүүр рүү нь цохиж үснээс зулгаагаад байхаар нь өшиглөсөн. Архинаас л ийм юм болсон. Цаашид архинаас хол байя гэж бодож байна гэх мэдүүлэг, -Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр .... би нэлээн согтож нас барсан аав, ээжийнхээ талаар яриад уйлахад нөхөр маань чи дандаа өнгөрсөн явдлын талаар ярих юм гэж хэлээд, түүнээс болж хэрэлдэж маргалдаад би нөхрийнхөө үснээс нь зулгаахад миний нүүр лүү гараа атгаж 2 удаа цохисон. Мөн баруун гарын шуунаас 1 удаа хазсан, өгзөг рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Г.Э-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 01:45 цагт ... манай эгч болох Энхзул нь согтуурсан байдалтай, уурлачихсан, нүүр амнаас нь цус гарсан, нүүр нь хөхөрчихсөн, үс нь сэгсийсэн, өмсөж байсан хувцас нь цус болчихсон, уйлчихсан байдалтай байж байсан. Тэгээд би болсон асуудлын талаар асуухад миний асуултад тайлбарлах чадвартай хүмүүс байхгүй, их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн ... Г.Эын биед нүүр, хүзүү, 2 гар, зүүн өгзөгт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зулгаралт нь үзүүр ирмэгтэй 1 дуугийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... “ гэсэн дүгнэлт /ххийн 18-19-р хуудас/ -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/

-Баянцагаан багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-54-р хуудас/ -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 21-18 тоотод гэртээ эхнэр Г.Э хамт архидан согтуурсан үедээ маргалдан улмаар биед нь халдан зодож нүүр, хүзүү, 2 гар, зүүн өгзөгт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр баримтуудаар 2021 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 21-18 тоотод болсон үйл баримт бүрэн нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн Ж.Аын үйлдлийн улмаас Г.Эын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 206 дугаартай “ ... Г.Эын биед нүүр, хүзүү, 2 гар, зүүн өгзөгт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо зулгаралт нь үзүүр ирмэгтэй 1 удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгээр эргэлзээгүй тогтоогдсон,нотлох баримтууд зөрүүгүй байна. Харин хэрэгт авагдсан Баянцагаан багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргэг баримтаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Агэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ж.А нь 2021 оны 03 сарын 10- наас 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 21-18 тоотод согтуугаар эхнэр Г.Э маргалдан улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна, ялын тухайд саналгүй гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Г.Э нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 14-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ