Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Анч П-ийн Б /РБ/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаарт байгаа П-ийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Б нарт холбогдох хэсгийг болон Д.Б-ы газар эзэмших эрхийн №06701-2019/00611 тоот гэрээ, №000043712 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Ч.Т-ийн газар эзэмших эрхийн 06701-2019/01038 тоот гэрчилгээ, 000043448 тоот газар эзэмших эрхийн гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч Т.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2014 оны 4 дүгээр сард Мөрөн сумын иргэн Ц.Э-ээс Мөрөн сумын 13-43-07 тоотын 2 айлын газартай 1044,4 м2 хэмжээтэй гэр бүлийн зориулалтын хашааг худалдан авч газар эзэмших гэрээ, гэрчилгээг нь Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 тоот захирамжаар шилжүүлэн авснаар Мөрөн сумын газрын даамал 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгосон. Ингээд би энэ газар дээрээ байшин барих гэсэн боловч байшингийн торхны модны зөвшөөрөл сумаас өгөхгүй байсан тул байшин барьж чадаагүй байгаа юм. Би 4-10 насны гурван хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Арбулаг сумын 1 дүгээр багт хаягтай боловч, 2 хүүхэд маань Мөрөн сумын Ирээдүй сургуульд сурдаг. Бид малтай учир зундаа хэдэн малаа бараадан Арбулаг сумын Хавтагад зусдаг, өвөлдөө Мөрөнд хашаандаа ирж өвөлжих гэтэл малтай учир бүлгүйдээд хашаандаа бууж чадаагүй. Гэхдээ би газар эзэмших эрхээ шилжүүлж авснаас хойш газрын төлбөр төлөх байх гэж бодоод газрын төлбөрт хэдэн төгрөг хаана төлөх вэ гээд 2018 онд Мөрөн сумын газрын даамлаас очиж асуухад надад нэг данс хэлж 18000 төгрөг тушаа гэхэд нь 2018 оны 5 дугаар сарын 30-нд 18000 төгрөг тушаасан.

Ингээд би 2019 оны 9 дүгээр сарын 8-нд хашаагаа засаж янзлах гээд очтол хашаанд өөр айл буугаад хашааг маань дундуур нь таслаад 2 айл буусан байхад нь тэр айлаас нь “юу болов, яагаад та нар буучихав” гэтэл тэр айлын хүн Мөрөн сумаас хураагдсан газар гээд надад өгсөн гэсэн хариу өгсөн. Ингээд би Мөрөн сумын газрын даамалтай 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр очиж уулзахад “танайх газраа 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй дээр нь огт хашаа хороо байхгүй байсан тул газар эзэмших эрхийг чинь цуцалсан” гэсэн хариу өгсөн болно.

Ингэхэд би “миний газар дээр хашаатай байсан” гэхэд газрын даамал “хашаа ч гэж дээ нэг муу хэдэн нурж унасан онгорхой юм байсан” гэж надтай маргаад “хохь чинь юмаа эзэмшиж байхад яадаг юм” гэж уурласан. Ингээд та тэр миний газрыг цуцалсан захирамжаа өг гэхэд өгөөгүй, дахин дахин явуулж байж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/99 гэсэн дугаартай захирамжийг хагас дутуу хавсралттай канондаж өгсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд би энэхүү захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэнээр шууд шүүхэд хандаж байгаа болно.

Засаг дарга захирамжийнхаа хавсралтад намайг Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж бичжээ. Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрын 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн байна. Тэгвэл монголчууд гэр бүлийн хэрэгцээний газрыг хашаа барьж ашиглахаас өөрөөр яаж ашиглах вэ, хэрвээ энэ үндэслэлээр миний эзэмшил газрыг цуцалж байгаа бол надад яагаад урьдчилан мэдэгдээгүй юм, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өөр зориулалтаар газар төлөвлөлтөд орсон бол урьдчилан хэлж, саналыг авах зэргээр сонсох ажиллагаа явуулах ёстой байтал надад огтхон ч мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалж, газрыг өөр хүнд мөн л гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байгаа нь хууль бус байна.

Мөн миний эзэмшил газраас бусдад давхардуулан эзэмшүүлсэн тул ямар захирамжаар хэн гэдэг хүнд эзэмшүүлсэн юм захирамжийг нь үзье /хүчингүй болгуулахаар/ гээд хуулбарлан авах гэсэн боловч надад хамаагүй гээд надад өгөхгүй байгаа учир шүүхээс уг захирамжийг гаргуулан авч өгөхийг хүсч байгаа бөгөөд шүүхээс гаргуулсны дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Иймд Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаар байгаа П-ийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.

... Хэргийн материалтай танилцах явцад миний эзэмшил газрыг Мөрөн сумын Засаг даргын 2019 оны А/107 тоот захирамжаар Ч.Т-д 500 м2 газрыг, Д.Б-д 544 м2 газрыг эзэмшүүлсэн болохыг олж мэдлээ. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Б нарт холбогдох хэсгийг болон Д.Б-ы газар эзэмших эрхийн №06701-2019/00611 тоот газар эзэмших гэрээ, №000043712 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Ч.Т-ийн газар эзэмших эрхийн 06701-2019/01038 тоот гэрчилгээг, Ч.Т-ийн гэрчилгээг болон 000043448 тоот газар эзэмших эрхийн гэрээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Учир нь Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 38 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн Мөрөн сумын 13-43-07 тоотын 2 айлын газартай 1044,4 м2 хэмжээний газартай давхцуулан Мөрөн сумын Засаг даргын 2019 оны А/107 тоот захирамжаар Ч.Т-д өвөл, хаврын бэлчээрийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Д.Б-д гэр орон сууцны хашааны зориулалтаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон газар байна. Би цэцэрлэг, сургуулийн насны 3 хүүхэдтэй учраас хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож Мөрөнд хашаа худалдаж авсан. Тэр хашааныхаа газрын төлбөрийг төлж байсан. Гэр бүлийн хэрэгцээний газрыг хашаа барихаас өөрөөр яаж ашигладаг юм. Тийм байхад миний газар эзэмших эрхийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж цуцлаад, манай хашааг буулгаад, аймгийн төвийн гэр бүлийн хэрэгцээний газрыг өвөл, хаврын бэлчээрийн зориулалтаар бусдад эзэмшүүлж байгаа нь хууль бус байна. Аймгийн төвийн сумын гэр бүлийн хэрэгцээний газарт мал бэлчээх зорилгоор бусдад эзэмшүүлж байгаа Мөрөн сум /хот/-ын дарга, газрын албаны мэргэжилтнүүд нь хотын болон аймгийн төвд малтай байх, мал бүхий иргэдийн талаар гаргасан захиргааны актуудыг ч мэдэж ажлаа хийдэг байх ёстой байхаа. Иймд Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Б нарт холбогдох хэсгийг болон Д.Б-ы газар эзэмших эрхийн №06701-2019/00611 тоот гэрээ, №000043712 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Ч.Т-ийн газар эзэмших эрхийн 06701-2019/01038 тоот гэрчилгээ, 000043448 тоот газар эзэмших эрхийн гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү. ... Миний хашаа хойд талдаа задгай байсан нь үнэн. Баруун, зүүн хоёр талын хашаа нь минийх. Намайг энэ газрыг худалдаж авахад өмнөх эзэмшигч нь гурван тал хашаа шүү гэж хэлж байсан, газар дээрээ хашаа бариад ашиглаж байсан” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн П.Б-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж заасны дагуу тухайн иргэний газрыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл орон нутгийн телевизэд зар хүргүүлж, мэдээлэн ажилласан. Тус газрыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/99 дугаар захирамжаар цуцалж, мөн 2018-2019 оны газар зохион байгуулалтын тухай жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу тус газрыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/107 дугаар захирамжаар олгосон байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тухайн иргэнд мэдэгдэл өгнө гэсний хариуд мэдэгдлийг нь өгөх гэсэн боловч Мөрөн сумын 13-43-7 гэсэн хаяган дээрээ байгаагүй тул Мөрөн телевизээр зар өгч мэдэгдсэн. Газрын тухай хуульд 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй иргэний газрыг хураана гэж заасны дагуу иргэн П.Б-ийн газрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/99 дугаартай захирамжаар цуцалж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын А/107 дугаартай захирамжаар уг хураагдсан газрыг 2 иргэнд олгосон. Өвөлжөө хаваржааны бэлчээрийн дагуу газар олгогдоогүй. Энэ бол программын алдаа байгаа юм. Гэр бүлийн зориулалтаар олгогдсон газар байгаа юм. Газрын төлбөрийн талаар ярьж байна. Газрын төлбөр нь бүс нутгаас хамаарч өөр өөр тогтоогддог. Нэхэмжлэгчид 13 дугаар багт өөр газар олгоё гэхэд энэ хүн хүлээн зөвшөөрөөгүй. Бүтэн хашаа байсан бол бид гэрээг цуцалж өөр хүнд олгохгүй шүү дээ. Тухайн үедээ бүрэн бүтэн хашаа байхгүй байсан учир гэрээг цуцалсан. Газрыг ашиглаагүй байна гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Хашаа байсан бол газар эзэмших эрхийг нь цуцлахгүй. Хашааны урд хэсэг нь нурчихсан хашаа байсан. Би “Мөрөн” телевизээр 2 болон түүнээс дээш жил газраа ашиглаагүй иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх тул газраа ашиглана уу гэсэн мэдээлэл явуулсан. Ингэж мэдээлэл дамжуулахдаа П.Б-ийн нэрийг дурдаагүй.  Газрын хувийн хэрэг нь байсан. Тус хувийн хэрэгт байгаа иргэн П.Б-ийн иргэний үнэмлэхийн хаягаар нь П.Б-тэй холбогдоогүй.  Энэ хүний хаягийг олж тогтоохоор ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Тухайн үед хашааны урд хэсэг нь нурчихсан хажуу 2 тал нь битүү байсан. Тухайн үед хажуу айлынх нь хашаа гэж ойлгосон. 2 талын айлаас нь хашааны баруун, зүүн хэсэг хэний хашаа юм бэ гэж асууж тодруулсан зүйлгүй. П.Б-ийн эзэмшиж байсан газрыг 2 хувааж Ч.Т, Д.Б нарт эзэмшүүлсэн. Хаяг нь өөрчлөгдсөн боловч газрын хувьд давхцаж байгаа” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч-ийн Т миний бие 13-43-02 тоотод оршин суудаг. Ам бүл 8. Эхнэр, хүүхэд, ач, зээ нарын хамт амьдардаг. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй. 90 хувь групэд байдаг. Эхнэр эрхэлсэн ажилгүй. Манайх өөрийн гэсэн газаргүй, олон жил айл, айлын хашаа дамжин амьдарч ирсэн. Миний бие 2019 оны 2 дугаар сард Мөрөн сумын газрын албанд өрхийн хэрэгцээний газар хүссэн өргөдөл өгсөн. Тэгээд Мөрөн сумын газрын албанаас 2019 оны 7 дугаар сарын 6-нд энэ газрыг олгож, кадастрын 50 төгрөгийг газрын даамал Мөнгөнчимэг бэлнээр авч, манай газрын гэрээ, гэрчилгээг гаргасан өгсөн. Одоо манайх энэ хашаандаа жорлон ухаж, 2 тал хашаагаа барьсан. Иймд одоо эмнэлэг сургуульдаа ойрхон тул энэ хашааг хэвээр үлдээж, гомдол гаргасан иргэн П.Б-д өөр газар олгож өгнө үү. Манайх өрхийн орлогогүй, амьдрал хүнд, байнгын асаргаатай байдаг. Амьдралын аргагүй үнэн байдлыг газар дээр нь очиж үзэж арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хойд хэсгээрээ битүүлээгүй, урд хэсгээрээ тал банзтай хашаанд анх буусан. 2 хажуу талыг нь айл банзаар хашсан байсан. Тэгэхээр нь би ард талаа битүүлээд хашаандаа жорлон барьсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 43-2 тоотод оршин суух Ч.Т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын албаны зөвшөөрөлтэй гэр бүлийн хэрэгцээний газар авсан. Олон жил айлын хашаа дамжин явсаар хураагдсан газар авсан. Тэгээд хашаа барьсан. Ч.Т ходоодны хорт хавдартай 2 хагалгаанд орсон, 3 дахь хагалгаанд орох боломжгүй гэж хэлсэн. Одоо гэртээ хүний асаргаанд байдаг. Газрын гэрээ гэрчилгээгээ зохих журмын дагуу авсан. Одоо газраа буцаах боломжгүй” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д-ын Б миний бие 13-42-2 тоотод оршин суудаг. Ам бүл 6. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Б миний 2018 оны 9 сард 13 дугаар багт шилжиж ирсэн. Шилжиж ирээд өөрийн гэсэн газаргүй, айлын хашаанд амьдарч байсан. 2019 оны 2 сард Мөрөн сумын газрын албанд өрхийн хэрэгцээний газар хүссэн өргөдөл өгсөн. 2019 оны 7 сард Мөрөн сумын газрын даамал танайд газар олгохоор боллоо. Тэгээд кадастрын 50 төгрөг бэлнээр аваад гэрээ, гэрчилгээний 15 төгрөг тушаасан. Ингээд нэр дээр гэрээ гэрчилгээ олгосон. Одоо иймд нөхөр Д.Б нь 70 хувь групэд байдаг. Бид хоёр одоо түр ажлын байраар махны үйлдвэрт ажиллаж байгаа. Гол нь эмнэлэг сургуульдаа ойр байршилтай газар хүссэн тул энэ газартаа 3 тал хашаа барьж авсан тул энэ газрыг цааш эзэмших тул гэрээ, гэрчилгээг нь хэвээр үлдээж бидний амьдралд тус болно уу. Бид хоёр өөрийн гэсэн ах дүү, танил тал байхгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өдий хүрч яваа жирийн л нэг иргэд. Огт газар авч байгаагүй. Анх тэр газарт нүүж очиход урд талдаа хэдэн уначихсан банзтай байсан. Хойд хэсгээрээ шон ч үгүй байсан. Жорлонгийн нүх ухаагүй байсан. Одоо ч нүхгүй байгаа. Би хашаандаа буугаагүй байгаа. Банзаар битүүлээд орхисон. Хөдөө мал дээр байдаг учир хашаагаа сайн тохижуулаагүй байгаа ...” гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох “Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаарт байгаа П-ийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Ба нарт холбогдох хэсгийг болон Д.Б-ы газар эзэмших эрхийн №06701-2019/00611 тоот гэрээ, №000043712 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Ч.Т-ийн газар эзэмших эрхийн 06701-2019/01038 тоот гэрчилгээ, 000043448 тоот газар эзэмших эрхийн гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий П.Б-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаарт байгаа П-ийн Б-д холбогдох хэсэг, Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Б нарт холбогдох хэсэг болон Д.Б-ы 000043712 дугаар, Ч.Т-ийн 06701-2019/01038 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна. Түүнчлэн Д.Б-ы 06701-2019/00611 тоот, Ч.Т-ийн 000043448 тоот газар эзэмших эрхийн гэрээнүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан захиргааны гэрээнд хамаарч байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 дугаар захирамжийн хавсралтын 18 дугаарт Ц.Э-ээс П.Б-д Мөрөн сумын 13-43-7 тоотод орших 1044,4 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг шилжүүлжээ. Улмаар тухайн үед П-ийн Б-д нэгж талбарын 210705414 дугаар бүхий 1044,4 м2 газрыг 38 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн 000483835 дугаар гэрчилгээ олгон, гэрээ байгуулжээ.

Ийнхүү П.Б нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасны дагуу газар эзэмших эрхтэй болжээ. Гэвч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр /хавсралтын 589 дугаарт дурдсан/ П.Б-ийн газар эзэмших эрхийг цуцалжээ.

Улмаар түүний эзэмшиж байсан 1044.4 м2 газрыг хоёр хуваан Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/107 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт зааснаар Ч.Т-д 500 м2, 8 дугаарт зааснаар Д.Б-д 544 м2 газрыг тус тус эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч П.Б “Мөрөн сумын Засаг дарга түүний газар эзэмших эрхийг цуцлахдаа мэдэгдээгүй, саналыг нь сонсоогүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “П.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох талаар орон нутгийн “Мөрөн” телевизээр мэдээлсэн, нэхэмжлэгч 13-43-07 тоот хаягандаа байгаагүй тул мэдэгдэх боломжгүй байсан” гэж тус тус маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэжээ. Захиргааны байгууллага иргэн П.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо түүнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй тул Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн П.Б-д холбогдох хэсэг хууль бус байна гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгч П.Б Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн Хавтага гэх газар оршин суудаг албан ёсны хаягтай. Энэ нь Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байсан П.Б-ийн газар эзэмших эрхийн хувийн хэрэг материалд авагдсан түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байгаа. Гэтэл түүнд энэхүү оршин суудаг хаягаар нь мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “П.Б-ийн Арбулаг сумын 1 дүгээр баг гэсэн хаягаар нь түүнд мэдэгдээгүй” гэх тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар[1] нотлогдож байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар орон нутгийн “Мөрөн” телевизээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зар хүргүүлсэн гэх боловч тухайн зард П.Б-ийн нэрийг дурдаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгч Ж.М-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан.

Хариуцагч Мөрөн сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоно” гэсэн зарыг орон нутгийн “Мөрөн” телевизээр явуулж мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн гэж тайлбарласантай холбогдуулан дараах дүгнэлтийг өгөх нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан.

Захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ...” гэснийг захиргааны нэг актад холбогдох хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол гэж ойлгоно.

Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн хавсралтаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа авч энэ нь эрх зүйн этгээд тус бүрт чиглэсэн 21-ээс дээш тооны захиргааны акт болох юм.

Засаг даргын захирамжийн хавсралтаар хэдэн ч тооны хүн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож болно. Гэвч энэхүү захирамжийн хавсралтын тухайн нэр бүхий нэг этгээдэд холбогдох хэсэг тус бүр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулж байдаг.

Нэг газар эзэмших эрхийн гэрчилгээнд 21 буюу түүнээс дээр эзэмшигч байвал Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар ойлгож сонсох ажиллагааг хийх нь зүй.

Харин Захиргааны байгууллага өөрөө нэг захирамжаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаагаар хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэх боломжгүй. Хэлбэрийн хувьд нэг захирамжаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа мэт боловч агуулгын хувьд хавсралтад дурдагдсан хүн, хуулийн этгээд тус бүрт чиглэсэн төчнөөн тооны захиргааны акт гэж үзэх нь зүй.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчиж, Мөрөн сумын Засаг дарга иргэн П.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа түүний оршин суугаа хаягаар сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иргэн П.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Мөрөн сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хангаагүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “иргэн эзэмшлийн газар дээрээ хашаа барьчихсан байсан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохгүй. П.Б-ийн газар дээр урд нүүрэн талдаа хэдэн нураад уначихсан банзтай, хойд талдаа ямар ч хашаагүй задгай, харин хоёр хажуу талдаа айлтай учир тэдгээр айлуудынх нь хашаа бүтэн байсан. Газраа ашиглаагүй 2 жил болсон тул Засаг даргын шийдвэр үндэслэлтэй” гэж,

Нэхэмжлэгч П.Б “Миний хашаа хойд талдаа задгай байсан нь үнэн. Баруун, зүүн хоёр талын хашаа нь минийх. Намайг энэ газрыг худалдаж авахад өмнөх эзэмшигч нь гурван тал хашаа шүү гэж хэлж байсан, газар дээрээ хашаа бариад ашиглаж байсан” гэж тус тус тайлбарласанд дараах дүгнэлтийг өгөв.

Иргэн эзэмшлийн газар дээрээ хашаа барьчихсан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохгүй байсан тухай хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.

Гэтэл П.Б тухайн газар дээр 3 тал хашаатай байсан ба Мөрөн сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үед түүний хашааны баруун, зүүн талын хашаа нь бүрэн бүтэн байсан одоо ч байгаа, урд нүүрэн талын хашаанаас хагас хугас хашааны банз нь үлдсэн байсан гэдэг нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиодолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:

40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Харин П.Б-ийн хувьд хуульд заасан дээрх нөхцөл үүсээгүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан гэж үзэхээр байна.

Захиргааны байгууллага эзэмшлийн газар дээрээ хашаа барьсан иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодоггүй гэж тайлбарласан атлаа П.Б-ийн эзэмшлийн газар үнэн хэрэгтээ баруун, зүүн хоёр хажуудаа хашаатай, урдаа хагас дутуу хашаатай байсаар байтал газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцалж буй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаарт байгаа П-ийн Б-д холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй байна.

Маргаж буй газрын Мөрөн сумын Засаг даргын захирамжууд дээрх хаяг өөр боловч П.Б-ийн газар, Д.Б, Ч.Т нарын газартай давхцаж байгаа гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байна.

Нэхэмжлэгч П.Б-ийн Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 дугаар захирамжаар үүсч, хууль ёсоор гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 1044,4 м2 газрын эзэмших эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг газрыг гуравдагч этгээд Ч.Т, Д.Б нарт эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7, 8 дугаар хэсгийг болон Д.Б-ы газар эзэмших эрхийн №06701-2019/00611 тоот гэрээ, №000043712 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, Ч.Т-ийн газар эзэмших эрхийн 06701-2019/01038 тоот гэрчилгээ, 000043448 тоот газар эзэмших эрхийг гэрээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ч.Т, Д.Б нар нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо гаргуулах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэжээ.

Нэхэмжлэгч П.Б-д Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн талаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй тул 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасан хугацаанд нийцэж байна гэж үзлээ.

Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул “өвөлжөө хаваржааны зориулалтаар газар олгосон нь буруу, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан” зэрэг хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/99 тоот захирамжийн хавсралтын 589 дугаарт байгаа П-ийн Б-д холбогдох хэсэг, Мөрөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/107 тоот захирамжийн хавсралтын 7 дугаарт байгаа Ч-ийн Т, 8 дугаарт байгаа Д-ийн Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 70 200  /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 60 дугаар хуудас “Мэдэгдэл хүргүүлсэн иргэдийн жагсаалт”, 61 дүгээр хуудас “Мэдэгдэл хүргүүлсэн хуудас”