Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0479/З |
Дугаар | 221/МА2023/0406 |
Огноо | 2023-06-15 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0406
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Энэ хугацаанд учирсан хохирлын хүрээнд дутуу олгогдсон тэтгэвэр 103,200,639 төгрөгийг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ч.А,
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,
Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2020/0479/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Бийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Бийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохдоо түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож, нийт олгох хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нөхөн тооцон тогтоож, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...Нэхэмжлэгчийн зүгээс тэтгэврийг осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын хөдөлмөрийн хөлсөөр тооцон өөрчлөн тогтоосон, мөн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлээгүй орхигдуулсныг эс зөвшөөрч байгаа билээ.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.6-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 20-д, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтооно гэж зааснаар хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож тэтгэвэр олгохыг хуульчилсан” тухай, 23-д “нэхэмжлэгчийн осол гаргахын өмнө авч байсан сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоох учиртай” тухай, 12-т Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид хөдөлмөрийн хөлс гэх/ хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтооно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Бийн үйлдвэрлэлийн осолд орохын өмнө Ю-12 онгоцны 2 дугаар нисгэгчээр ажиллаж байхдаа хамгийн сүүлд авсан сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож үүнийг баримтлан түүний тэтгэврийг шинээр өөрчлөн тогтоож тэтгэвэр авч байсан хугацааны нийт жилийн зөрүүг тооцон гаргаж нэхэмжлэгчид нөхөн олгохоор шүүгч дүгнэн шийдвэрлэсэн.
2.3. Шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс гэж тодорхой хуульчилсан байхад хамгийн сүүлийн сарын цалингийн дунджаас тооцож олгохоор тогтоосон. Түүнчлэн Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын 24-т, дээрх 23-т заасан дүгнэлтийг үгүйсгэж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу сүүлийн 3 сарын цалингийн дундажийг удирдлага болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэснийг орхигдуулсан. Тухайлбал, нэг сарын цалингийн дундаж гэж байх боломжгүй бөгөөд хоёр буюу түүнээс дээш хугацааны цалингийн хэмжээг сарын цалингийн дундаж хэмжээ гэж ойлгохоор хууль тогтоогч тусгасан байгааг оновчгүй тайлбарлаж уг шийдвэрийг хэрэгжих боломжгүйгээр шийдвэрлэсэн гэж харж байна. Учир нь нэг сарын дундаж хөлс гэдэг хоёр буюу түүнээс дээш тооны сарын хөдөлмөрийн хөлсний нийлбэр хэмжээг тухайн саруудын тоонд хувааж гаргасан дүнг хамааруулан ойлгохоор байна.
2.4. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж зааснаар шүүх нотлох баримтаар үнэлэхдээ энэ агуулгаар нь анхаарч авч үзсэн тохиолдолд сүүлийн 5 сарын хугацааны дундажийг баримтлах нь нотлох баримтыг үнэлэх журамтай нийцэхээр байжээ.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасны дагуу хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг шүүхийн журмаар шинжээч тогтоолгон бүрэн дүүрэн дүгнүүлж, нэхэмжилсэн, талууд энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцсэн, нэхэмжлэгч шаардлагаа дэмжсэн боловч анхан шатны шүүх энэхүү хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангасан, шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй талаар зохих дүгнэлтийг өгсөн атлаа нэхэмжлэгчээс хохирол, инфляцын түвшний тооцоолсон шинжээчийн дүгнэлтийн талаар шаардлагатай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.
2.6. Миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаад даруй 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хохирлын асуудлыг тодорхой бус байдлаар орхигдуулж шийдвэрлэснээр дахин гомдол гаргаж, төрийн байгууллагуудаар дамжин явах шаардлагатай болж байна. Энэ хугацаанд хариуцагч байгууллагуудын төлөөлөл намайг төр, улсын төсвийн мөнгөнөөс авах ёсгүй зүйлээ авах гэж яваа хүн мэтээр харьцаж, бусдад ч тийм ойлголтыг байнга өгч байдаг нь би ямар нэгэн хандив хүсээд явж байгаа мэт хэцүү сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлдэг. Гэтэл би өөрийн уншиж мэдсэн, ухамсарлан ойлгосноор миний шаардаж буй хохирол, мөнгөн дүн нь хууль тогтоомжийг үнэнч шударгаар баримтлан хэрэгжүүлсэн бол надад зүй ёсоор олгогдох учиртай тэтгэвэр байгаа юм. Энэхүү тэтгэвэр нь би эрүүл мэндээ хамгаалах, тэтгэхэд ач холбогдолтой байсан, бусад хор уршиг үүссэн, хувийн нөхцөл байдлыг хариуцагч тооцож үзэхгүй, огоорч байгаад харамсаж байна. Энэ бүхэн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой уншигдахаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Нийгмийн даатгалын ерөнхий газар бол хууль хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж иргэдэд хуулийн хүрээнд эрх тэгш үйлчлэх эрх бүхий байгууллага юм. Шүүх хариуцагч талаас гаргасан тайлбар, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүйгээр шийдвэр гаргасан байна. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0338 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11.2, 11.3, 11.4-т нэхэмжлэгч Б.Бийн тахир дутуугийн тэтгэврийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан “Тахир дутуугийн тэтгэвэр” буюу ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан даатгуулагчийн төрөлд хамааруулан нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоосон мэтээр ойлгож шийдвэр гаргасан байна.
3.2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас үүссэн үр дагаврын хүрээнд тус сангаас 7 төрлийн зардлыг санхүүжүүлдэг бөгөөд түүний нэг нь “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Тахир дутуугийн тэтгэвэр” юм. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орж түүний улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан бөгөөд Б.Бт Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан 100 хувиар тогтоосон бөгөөд одоо ч тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэвэр нь Үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас гардаг.
3.3. Харин гол маргаан бүхий асуудал бол Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон олгохоор хуульчилсан. Уг хуульд сарын дундаж гэж хэдэн сарын дунджаар тооцох талаар дурдаагүй бөгөөд нарийвчилсан хуулиар зохицуулаагүй, уг хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасан тул сарын дундаж цалинг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 5 жилийн дундаж цалингаас 100 хувиар тооцон олгосон тул нийгмийн даатгалын байгууллага хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна.
3.4. Мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-т сүүлийн сарын дунджаас тооцон олго гэсэн байна. Дундаж тоо олохдоо 2 буюу түүнээс дээш зүйлийн хооронд нь харьцуулан олдог, ямар ч эрх зүйн акт дээр сүүлийн сарын цалингаас тогтоон олгоно гэсэн заалт байхгүй тул уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Б мөн адил өөрийн тэтгэврийн 5 сарын дунджаас тооцуулан авах мөн инфляци тооцон авахаар нэхэмжлэл гаргасан байдаг Монгол улсын аль ч хууль тогтоомжид сарын дундаж цалинг 5 сараас тооцох, инфляци тооцон олгох талаар зохицуулаагүй байгаа.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэсэн заасан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуульд дундаж цалинг хэрхэн тооцох талаар зохицуулаагүй тул “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль Нийгмийн даатгалын тухай хуулийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч талаас хууль тогтоомжид байхгүй эрх шаардан нэхэмжлэл гаргасан, шүүхээс гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0338 дугаар шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байх тул уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан “Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Энэ хугацаанд учирсан хохирлын хүрээнд дутуу олгогдсон тэтгэвэр 103,200,639 төгрөгийг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, тухайн ондоо тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж зааснаар “Монголын Иргэний агаарын тээвэр” ХК-иас ирүүлсэн 1992-1997 оны хоорондох 5 жилийн цалингийн дунджаас тооцож, түүний тэтгэврийг тогтоосон үйл баримт тогтоогдож байна.
2.3. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 5-д зааснаар “Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрөлтэй бөгөөд ийнхүү тухайлсан харилцааг тус бүр бие даасан хуулиар зохицуулсан тул тухайн даатгалд хамрагдаж буй даатгуулагчийн эрх зүйн байдлыг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай тогтоохоор хуульчилсан.
2.4. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно” гээд 1-д “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад” үйлдвэрлэлийн осолд өртсөн бол дээрх хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ...хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох хуулийн зохицуулалттай.
2.5. Маргаан бүхий энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно”, 1/-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох хуулийн зохицуулалттай адилтгаж, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нэхэмжлэгч Б.Бт сүүлийн 5 жилийн дунджаас тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тогтоосон нь буруу байна.
2.6. Өөрөөр хэлбэл, өндөр насны болон ахуйн осолд орсны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн даатгуулагчийн тэтгэврийг тогтоох, тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах зохицуулалтыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчийн тэтгэврийг тогтоох харилцаанд хэрэглэх үндэслэлгүй.
2.7. Мөн хууль тогтоогчоос үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоохоор зохицуулсан бөгөөд үйлдвэрлэлийн ослын тохиолдолд ажилтан осолд орох үед ямар ч хугацаагаар ажилласан байж болох ба мөн ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжиж төрийн албан хаагчийн цалингийн шатлалаар сүүлийн үед эрхэлж байсан ажлын цалин өндөр тогтоогдсон байдлыг үгүйсгэж заавал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар 5 жилийн дунджаар тооцож тухайн ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч цалингийн хэмжээ зөрүүтэй, багаар тооцогдож байгаа бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй нэхэмжлэгчийн хувьд түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
2.8. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолд: “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д: “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэж тодорхойлсон, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж заасан бөгөөд үйлдвэрлэлийн осол нь ажилтны ажилласан цаг хугацаанаас хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэдийд ч тохиолдож болох тул шүүхүүдийн тайлбарласнаар хуулийг хэрэглэх нь уг нөхцөл байдалд орсон иргэдийн хувьд эрх зүйн байдал нь дордох нөхцөл үүсэх боломжтой, ийм тохиолдолд нэхэмжлэгчийн осол гаргахын өмнө авч байсан сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоох учиртай.” гэснээс үзвэл үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсан этгээдэд тэтгэвэр тогтооход шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзан үзэх боломжгүй тул нэхэмжлэгч этгээдийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан тухайн албан тушаалд ажилласан хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцож тахир дутуугийн тэтгэврийг тогтооно гэж ойлгохоор байна.
2.9. Харин энэ талаар анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчид тахир дутуугийн тэтгэвэр”-ийг тогтоолгон авах эрх үүсээгүй, харин үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагч, түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /нарийвчилсан/-ийн дагуу тэтгэвэр тогтоож өгөх үүрэг захиргаанд бий болсон байна, ...нэхэмжлэгч Б.Бийг үйлдвэрлэлийн осолд орохын өмнө “МИАТ” ХК-д Ю12 онгоцны нисгэгчээр ажиллаж байхдаа хамгийн сүүлд авсан сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож, үүнийг баримтлан түүний тэтгэврийг шинээр өөрчлөн тогтоож, тэтгэвэр авч байсан хугацааны нийт жилийн зөрүүг тооцон гаргаж, нэхэмжлэгчид нөхөн олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж зөв дүгнэсэн атлаа хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон нь буруу болжээ.
2.10. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Бийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох нь зөв бөгөөд харин тэтгэвэр буруу тогтоосны улмаас учирсан хохирлыг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Акпар аудит” ХХК-ийн “тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг гаргасан” шинжээчийн дүгнэлт болон түүнийг хянасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийг харгалзан үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр бодит нөхцөлд байдалд тохирсон шийдвэр гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцнэ.
2.11. Нэгэнт Б.Бийн Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс учирсан хохирол болох дутуу олгогдсон тэтгэвэр 103,200,639 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн “... хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх гомдол үндэслэлтэй байна.
2.12. Хэдийгээр хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...сарын дундаж цалинг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 5 жилийн дундаж цалингаас 100 хувиар тооцон олгосон тул Нийгмийн даатгалын байгууллага хуулийг буруу хэрэглээгүй”, мөн ямар ч хуулиар зохицуулаагүй 5 сарын дунджаар олгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Бийн хувьд ажлын байрандаа ажиллаж байхдаа осолд орсон, үүний улмаас 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан байхад зөвхөн сүүлийн сарын цалингийн хэмжээгээр биш эрх бүхий этгээдийн тооцож гаргасан үнийн дүнгээр учирсан хохирлыг нөхөн олгох нь бодит тооцоолол гэж үзсэн ба түүнийг бусад байдлаар тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагчтай адилтган үзсэн нь хууль бус байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА