Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 75

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                       Б.Долгион

      Хохирогч                                               Ю.Мөнхсүх

      Шүүгдэгч                                               Д.Цогтбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       М.Гансүх

      Нарийн бичгийн дарга                         Б.Урангоо нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхар барч овогт Дүгэрхүүгийн Цогтбаатарт холбогдох 201618000066 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум 1 дүгээр баг, 169 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 2 жилийн хорих ял авч, энэ ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаа хянан харгалзсан, 2006 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял авч уг ялыг биечлэн эдэлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Ханхар барч овогт Дүгэрхүүгийн Цогтбаатар, /РД:МЕ-75101116/,

Шүүгдэгч Д.Цогтбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 12-ны орой  Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг, Ерөө голын 169 тоотод өөрийн гэртээ Ю.Мөнхсүхийн цээжин тус газарт болгоомжгүйгээр хутгаар хатгаж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Цогтбаатарын 2016 оны 03-р сарын 21-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн найз Ариунболдын хамт Ерөө сумын Өлөнт, Харганат гэх нэртэй газарт очиж гар аргаар алт олборлох, шороо угаахаар манайхаас 17 цагийн үед гарч дэлгүүр орж хүнсээ бэлтгэхээр явж байгаад гэрээсээ холгүй гудамжинд Элдэв-Очир, Чулуунбаатар, Мөнхсүх нартай тааралдсан. Тэр 3 тал шил архи гаргаад ирсэн. Тэгээд тэрийг нь бид 5 хувааж уугаад, дахиж архи нэмж уухаар сумын төв рүү орж авах гэсэн боловч архи олдоогүй. Тэгээд эхнэр залгаад “намайг гэртээ хүрээд ир, гэрт архи байгаа” гэхээр нь Ариунболд, Мөнхсүхийн хамт гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ иртэл эхнэр 0,75 граммын “Монгол стандарт” гээд архи 2-г гаргаж 2 дахь архиа ууж байхдаа би идэж уух юм аялуулаад хутга бариад талх зүсэж байгаад Мөнхсүхэд хандаж “авгай чинь ирсэн байгаа юу” гэсэн чинь Мөнхсүх “байхгүй ээ, ирээгүй” гэсэн. Тэгэхээр би “худлаа залуу авгайгаа нуугаад л” гэж хэлсэн чинь Мөнхсүх ах “ингэж ахаараа дандаа тоглодог юм” гээд намайг шилэн хүзүүдээд бариад авах гэхээр нь би 2 гараараа Мөнхсүх ахыг сандал дээр нь суулгах гээд түлхсэн. Тэгэхэд гартаа хутга барьсан байснаа бас Мөнхсүх ахыг хатгаснаа анзаараагүй, харин Мөнхсүх ахын цээжнээс цус гарах үед л миний барьж байсан хутганд хатгагдсан байна гэж мэдээд би өөрөө эмнэлэг цагдаад мэдэгдсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-р ху/,

2.Шүүгдэгч Д.Цогтбаатарын 2016 оны 03-р сарын 31-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Гэхдээ өөрийгөө бас өмөөрөхгүй, миний буруу гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа.  Би урьд өмнө нь залуу насандаа 2 ч удаа хутга мэстэй холбоотой гэмт хэрэгт шалгагдаж ял шийтгэгдэж байсан минь үнэн. Энэ удаад би хэн нэгэнд гэмтэл учруулъя гэж огт бодоогүй. Талх зүсэх гэж хутга барьсан байхад л Мөнхсүх ах хутганд өөрөө өртчихсөн юм. Хэрэв би санаатай хутгалсан бол хутгалсан гэдгээ хэлж мэдүүлнэ. Би анх цагдаад өөрөө дуудлага мэдүүлэг өгсөн. Мөнхсүх гэж хүн өөрөө “зүгээр” гээд үзүүлж харуулахгүй байсан. Би “хуулийн байгууллагад хандаж үзүүлж харуулахгүй бол болохгүй” гээд цагдаа, эмнэлэг дуудсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би талх зүсэх гэж л ширээний хажууд зогсож байсан чинь Мөнхсүх ах намайг тэврээд авах шиг болоод л буцаад суусан чинь энгэр нь цус болчихсон байсан. Тэгээд л миний гарт байсан хутганд хатгагдсан байна гэж мэдсэн. Бид нар огт хэрэлдэж маргалдаагүй, хоорондоо зодолдсон, ноцолдсон асуудал байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

3.Шүүгдэгч Д.Цогтбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. 2016 оны 03-р сарын 12-ны өдөр найз Ариунболдын хамт алтанд явах гээд идэх хоолоо бэлдэх гэж дэлгүүр явсан. Тэгж явж байгаад  Элдэв-Очир, Мөнхсүх, Чулуунбаатар нартай тааралдаж нийлж архи уусан. Тэгээд дахин архи уух гэж явж байтал эхнэр маань утасдаад “гэртээ хүрээд ир, гэрт архи байгаа” гэхээр нь Ариуболд, Мөнхсүх нарын хамт гэр лүүгээ явсан. Элдэв-Очир, Чулуунбаатар  хоёр харих гээд явсан.  Тэгээд гэртээ очоод эхнэрийн өгсөн архийг гаргаж ууж байгаад би  цай бэлдээд, талх зүсэж байгаад Мөнхсүх ахаас “танай эхнэр чинь байгаа юу” гэхэд Мөнхсүх ах “байхгүй” гэхээр нь би “залуу авгайгаа нуугаад байна уу” гэхэд Мөнхсүх ах  босч ирээд хүзүүдээд “ахаараа ингэж дандаа тоглох юм” гэхээр нь би түүнийг сандалд  суулгах гээд  түлхсэн. Тэр үед талх зүсээд гарт хутга байсан ба тэр хутгаараа Мөнхсүх ахыг хатгаснаа мэдээгүй. Харин цээжнээс нь цус гараад цамцыг нь нэвтлэхээр нь мэдсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд хараад миний барьж байсан хутганд хатгагдсан байна гэж ойлгосон. Тэгээд би өөрөө эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгэхэд Мөнхсүх ах “би зүгээр, цагдаа эмнэлэг дуудаад хэрэггүй” гээд байсан.  Бид нарын дунд хэрэлдсэн, зодолдсон асуудал байгаагүй, хоорондоо ч ноцолдсон асуудал байгаагүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хөнгө ял шийтгэл оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Ю.Мөнхсүх 2016 оны 04-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сумын төвд Элдэв-Очир, Чулуунбаатар нартай 0.75 граммын архи гудамжинд уугаад явж байгаад Ариунболд, Цогтбаатар нартай таараад үлдсэн жаахан архиа тэр 2-т өгсөн. ...Тэгсэн Элдэв-Очир, Чулуунбаатар нар гэр лүүгээ харих гээд явсан. Тэгээд удаагүй Цогтбаатарын гар утас дуугараад эхнэртэйгээ яриад байгаа бололтой “манайд архи байгаа гэнээ, эхнэр хүрээд ир гэж байна” гэхээр нь Ариунболд, Цогтбаатар бид 3 Цогтбаатарын гэр лүү очсон чинь эхнэр Тогосоо нь гэртээ ганцаараа байсан ба бид нарыг ороход Тогосоо эхлээд 0.75 граммын нэг шил архи эхэлж гаргаад тэрийгээ уугаад дууссан чинь дахиад 1 шил 0.75 граммын архи задлаад сууж байхад Цогтбаатар намайг цаашлуулаад намайг “залуу эхнэрээ нуугаад”  гээд энэ тэргэж тоглоом шоглоомын яриа гарсан. Тэгээд би Цогтбаатарыг  “ муу ахыгаа явуулаад яах нь вэ” гээд сууж байгаад босч ирээд Цогтбаатарыг хүзүүнээс нь тэврээд авсан. Тэгсэн Цогтбаатар та “суу суу юундаа ичдэг юм” гэж яриад би буцаад суусан чинь цээжээр хөндүүр оригоод хартал миний бие цээж орчмоос цус гарч байсан. Тэгсэн Цогтбаатар тэрүүгээр сандарч тэвдээд цагдаа, эмнэлэг дуудчихсан байсан. Уг нь би зүгээр “цагдаа энэ тэр хэрэггүй шүү” гэж хэлсэн юм. Ийм л зүйл болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 18-р ху/,

5.Хохирогч Ю.Мөнхсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03-р сарын 12-нд Элдэв-Очир, Чулуунбаатар нартай гудамжинд архи уугаад байж байхад Ариунболд, Цогтбаатар ирсэн. Тэгээд тэр хоёртой нийлээд үлдсэн жаахан архиа тэр 2-т өгсөн.  Тэгж байтал  Элдэв-Очир, Чулуунбаатар нар гэр лүүгээ харих гээд явсан. Тэгээд байж байтал Цогтбаатарын эхнэртэйгээ яриад “манайд архи байгаа гэнээ, эхнэр хүрээд ир гэж байна” гэхээр нь Ариунболд, Цогтбаатар бид 3 Цогтбаатарын гэр лүү очсон чинь эхнэр Тогосоо нь эхлээд 0.75 граммын нэг шил архи эхэлж гаргаад тэрийгээ уугаад дууссан чинь дахиад 1 шил 0.75 граммын архи задлаад сууж байхад Цогтбаатар намайг цаашлуулаад намайг “залуу эхнэрээ нуугаад”  гээд энэ тэргэж тоглоом шоглоомын яриа гарсан. Тэгээд би Цогтбаатарыг  “муу ахыгаа явуулаад яах нь вэ” гээд сууж байгаад босч ирээд Цогтбаатарыг хүзүүнээс нь тэврээд авсан. Тэгсэн Цогтбаатар та “суу суу юундаа ичдэг юм” гэж яриад би буцаад суусан чинь цээжээр хөндүүр оригоод хартал миний бие цээж орчмоос цус гарч байсан. Тэгсэн Цогтбаатар тэрүүгээр сандарч тэвдээд цагдаа, эмнэлэг дуудчихсан байсан. Уг нь би “зүгээр цагдаа энэ тэр хэрэггүй шүү” гэж хэлсэн юм. Би нарын дунд хэрэлдсэн, зодолдсон асуудал байгаагүй, бие биендээ чмуу санах зүйл байхгүй. Миний хувьд Цогтбаатарт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.. Цогтбаатарын эхнэр тэргэнцэр дээр суудаг, эхнэрээ асардаг хүн учраас энэ хүнийг шоронд битгий явуулаач гэж гуйж байна. гэх мэдүүлэг,

6.Гэрч Х.Мөнгөнтогосын 2016 оны 04-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нөхрийн найз болох Ариунболд намайг баярлуулж эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Цогтбаатар, найз Ариунболд нар хөдөө гар аргаар алт олборлох бэлтгэл, хоол хүнсээ цуглуулахаар төв явсан. Тэгж яваад удаад байхаар нь би нөхрийнхөө гар утас руу залгасан чинь архи уусан байдалтай байхаар нь “төвөөр архи дарс ууж яваад яах вэ, Ариунболд та 2 уул руу явчих юм бол цэргийн баяраар байхгүй байх юм чинь өнөөдөр баяраа тэмдэглээд явахгүй юу даа, би ганц шил архи авсан байгаа хүрээд ир” гээд дуудсан. Удаа ч үгүй манай нөхөр Цогтбаатар, найз Ариунболд, Мөнхсүх нарын хамт ирсэн ба 2 шил архи аваад гэртээ тавьчихсан байсан учраас архиа гаргаад бид 4 хувааж уусан. Надад ганц нэг хийж өгснийг би уусан. Мөнхсүх ах өөрөөсөө залуу хүнтэй гэр бүл болсон байсан ба тэр эмэгтэй нь тухайн үед Ерөө суманд ирсэн байсан юм гэсэн. Тэр хүүхэн нь юм оёдог гэсэн болохоор нь манай нөхөр өөрийнхөө куртикийг оёулах гээд өгчихсөн байсан юм. Тэгээд архи уугаад юм ярьж сууж байхад манай нөхөр Цогтбаатар Мөнхсүх ахаас “танай эхнэр байгаа юм уу ирсэн сураг байсан” гэсэн чинь Мөнхсүх ах “ирээгүй байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр “ах худлаа, авгайгаа нуугаад л” гэж хэлсэн чинь Мөнхсүх ах “энэ ингэж ахаараа дандаа тоглодог юм” гээд манай нөхөр Цогтбаатарыг шилэн хүзүүдээд авах шиг болоод буцаад суусан чинь Мөнхсүх ахын өмсөж явсан хувцас цуч болчихоор нь бид нар гайхаад харсан. Тэгсэн манай нөхөр тухайн үед талх зүсэх гээд гартаа хутга барьчихсан байсан, тэр хутганд хатгагдчихсан байсан. Тэгсэн Мөнхсүх  ах “ах нь зүгээрээ” гээд байсан чинь манай нөхөр Цогтбаатар цагдаад мэдэгдэж эмнэлэгт бас хэлж мэдэгдсэн. Тухайн үед манай сумын цагдаа Мөнхбат, сумын эмч Бямбажаргал нар ирсэн. Цогтбаатар талх зүсэх гээд хутга барьчихсан байсан юм. Тэр үед л Мөнхсүх ах өндийн босч ирээд Цогтбаатарын барьж байсан хутганд хатгагдсан. Тэрнээс бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй, манай нөхөр санаатайгаар Мөнхсүх ахыг хутгалах гээд хутга авч, хутгаараа хатгасан, хутгалсан асуудал огт болоогүй....гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

7.Гэрч Н.Ариунболд 2016 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  би Цогтбаатарыг гэртээ байхад нь очоод “уул руу алтанд явъя” гэсэн чинь “тэгье” гээд бид 2 Цогтбаатарын гэрээс гарч сумын төв орж дэлгүүрээс хоол хүнснийхээ юмыг зээлж авах санаатай ганц нэг дэлгүүрээр орсон чинь юм зээлээгүй, тэгж явж байгаад Мөнхсүх, Элдэв-Очир, Чулуунбаатар нартай тааралдсан. Тэр 3 архи уусан явсан ба жаахан архи шилэнд үлдсэн байсныг Цогтбаатар 2-т өгсөн. Тэгээд тэр жаахан архийг уучихаад дахиж нэмж ганц нэг юм уух санаатай гудамжинд таарсан хүмүүсээс мөнгө төгрөг асуугаад олдохгүй болохоор нь бид нар салахаар болоод эхлээд Элдэв-Очир, Чулуунбаатар 2 салаад явсан. Тэгээд байж байсан чинь Цогтбаатар “манай эхнэр гэрт хүрээд ир гэж байна. Ганц шил архи аваад далд хийчихсэн гэнээ” гэж яриад   Мөнхсүх, Цогтбаатар бид гурав Цогтбаатарынд очиж эхлээд 0.75 граммтай архи ууж дуусаад дахиад нэг 0.75 граммын архийг задлаад талдаа орж байхад Цогтбаатар, Мөнхсүхээс “танай эхнэр байгаа юм уу” гэсэн.  Тэгсэн чинь Мөнхсүх ах “ирээгүй, байхгүй” гэж хэлсэн чинь Цогтбаатар “ах худлаа, залуу авгайгаа нуугаад л” гэж хэлсэн чинь Мөнхсүх “энэ ингэж ахаараа дандаа тоглодог юм” гээд Цогтбаатарыг шилэн хүзүүдээд авах шиг болоод буцаад суусан. Тэгээд удаагүй Мөнхсүхийн цээжний баруун хэсэг нь цус болчихсон харагдсан. Тэгсэн тэр үед Цогтбаатар баруун гартаа хутга барьчихсан байсан. Цогтбаатар “талх зүсэх гээд хутга барьсан явсан, миний барьж байсан хутганд хатгагдчихлаа, би түлхэхдээ хатгачихсан юм байхдаа” гээд Цогтбаатар “эмнэлэг, цагдаа дуудахгүй бол болохгүй” гээд хэсгийн төлөөлөгчид гар утсаар залгаж хэлээд байсан.  ...гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р ху/,

8.Гэрч Ж.Бямбажаргалын 2016 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сумын цагдаа Мөнхбат “хутгалуулсан хүн байх шиг байна хамт дуудлаганд очих хэрэгтэй байна” гэхээр нь сумын цагдаагийн хамт иргэн Цогтбаатарын гэрт очсон. Тэгээд “юу болсон бэ, дуудлага өгсөн үү” гэж асуухад Мөнхсүх гэж хүн “юу ч болоогүй, би зүгээр зүгээр хүний барьж явсан хутганд очоод хатгуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “яаж хатгуулчихсан юм бэ” гэхэд “зүгээр зүгээр” гээд хувцсаа дээшлүүлж харуулсан ба Мөнхсүхийн цээжний баруун талын хөхний толгойн хажуу доод хэсэгт нимгэн хурц ир үзүүртэй зүйлээр хатгагдсан байдалтай шархтай харагдаж байсан. Бага зэрэг цус шүүрч байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзэж харах шаардлагатай гэж үзээд эмнэлэг рүү дагуулж явсан. Ингэж явж байхад Мөнхсүх гэж хүн “эмнэлэг рүү орохгүй, миний бие зүгээр, харилаа” гээд орохгүй байсан. Тэгээд бараг хүчээр эмнэлэг рүү авч орсон. ...Үзлэг хийхэд Мөнхсүхийн цээжний баруун хөхний хажуу доод хэсэгт L үсгэн хэлбэртэй шархтай байсан ба шархны гүнг хэмжиж үзэхэд 4см гүнтэй, цус алдалт ихтэй, даралт унасан байдалтай байсан. гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р ху/,

9.Гэрч Т.Мөнхбатын 2016 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20-н цагийн үед хэсгийн төлөөлөгч З.Эрдэнэбаяр миний утасруу залгаад “Цогтбаатар гэж хүн өөрөө би хүн хутгалчихлаа гэж яриад байна очоод шалгаадах” гэсний дагуу сумын эмч Бямбажаргалын хамт очсон. Мөнхсүх нь Цогтбаатарын гэрт орон дээр суусан байдалтай Цогтбаатар гэрийнхээ үүдэнд зогссон байдалтай Ариунболд ширээний ойролцоо сандал дээр суучихсан, Цогтбаатарын эхнэр өөр нэг орон дээр хэвтэж байсан. Намайг ороход ямар нэгэн хэрүүл маргаан болж ноцолдсон байдал байгаагүй учир би “энд дуудлага өгсөн үү, юу болсон бэ” гэхэд Мөнхсүх нь “би өөрөө хутганд хатгагдчихсан юм аа, зүгээр зүгээр, надад гомдол байхгүй” гэж хэлж ярьж байсан.  ...”Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай” гээд Мөнхсүхийг аваад эмнэлэг рүү  явсан. Тухайн үед Цогтбаатар нь “би гартаа хутга барьсан байсан юм, тэр хутганд Мөнхсүх ах хатгагдчихсан” юм гэж хэлж ярьж байсан. гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р ху/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03-р сарын 18-ний өдрийн  № 133 тоот актын дүгнэлт хэсэгт: 

          1. Ю.Мөнхсүхийн биед цээжний хөндийд хатгагдаж нэвтэрсэн шархтай гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай эрүүл хүнд гэмтэлд хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 30-р ху/,

Шүүгдэгч Д.Цогтбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 43-45-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 35-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 36-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 37-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 38-р ху/, ял өөрчлөх сонсгох тогтоол, /хх 39-р ху/, яллагдагчаар дахин  байцаасан тэмдэглэл /хх 40-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 4-6а–р ху/, хутга хураан авсан тухай тэмдэглэл, /хх 14–р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх 15-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 16-р ху/ шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан тухай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх 48-54-р ху/, яаралтай түргэн тусламжийн хуудас, /хх 62-р хушүүгдэгчийн иргэний үнэмлэхний  хуулбар, лавлагаа, /хх 42, 57-р ху/, зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Цогтбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 12-ны орой  Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг, Ерөө голын 169 тоотод өөрийн гэртээ Ю.Мөнхсүхийн цээжин тус газарт болгоомжгүйгээр хутгаар хатгаж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Цогтбаатарт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг  харгалзан үзэж хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч  Д.Цогтбаатар нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг болохыг тус тус дурьдаж, болон  эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нь устгах нь зүйтэй.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р  зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ханхар барч овогт Дүгэрхүүгийн Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 97-р зүйлийн  97.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах”   гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97-р зүйлийн 97.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Шүүгдэгч Д.Цогтбаатар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.    

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.Цогтбаатарт сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Цогтбаатарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

9.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НОЛХООСҮРЭН