| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гт холбогдох эрүүгийн 2125000000133 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ч овогт Э.Г Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Гыг 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ таксигаар гэр лүүгээ хүргүүлэх замдаа зохисгүй үйлдэл гаргаж, хэрүүл маргаан үүсгэж, таксины жолооч Б.Дзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Э.Гийн мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөр байна. 300,000 төгрөг төлсөн байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг өөртөө шаардлага тавьж байгаа” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Хүрэнбулаг баг Сөүл кастел хотхоны хойд уулзвар дээр явж байхад тухайн эмэгтэйн нөхөр гэх Ганхуяг нь өөрөө их согтолттой байсан ба машины арын суудал сууж явснаа гэнэт арын хаалга онгойлгож жолоочоо би бууя гэж орилоод байхаар нь би машинаа замын уулзвар өнгөрөөгөөд зогсоож унтраагаад машинаас бууж тэр залуу дээр очиход намайг “пизда минь чи зогсоход яадаг юм, чиний мөнгийг миний эхнэр төлсөн биз дээ” гэж хэлээд миний урдаас түлхүүртэй багажаа шидсэн юм. Харин би “хөөе чи яаж байна яасан гэж ингэж байгаа юм” гээд ойртож очтол тэр залуу ямар нэг үгийн зөрүү байхгүй миний хамар болон толгой руу 1-3 удаа цохиж авсан.Тэр үед миний хамраас цус гарч тогтохгүй байсан.Тэгээд цагдаагийн газар руу утасдаж өөрийгөө хүнд зодуулсан талаар дуудлага мэдээлэл өгсөн юм...Эхлээд миний хамар руу 1 удаа, дараа нь толгой нүүр хацар руу 2 удаа гараараа цохиж авсан юм. Би Э.Гийг газарт ноцолдож байгаад унасан байхад нь түүний биеийн толгой, хүзүү, цээжин хэсэгт нь нэг нэг удаа өшиглөсөн.Гэхдээ өөрийгөө хамгаалах үүднээс энэ үйлдлийг, хийсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Гэрч Х.Ёндонгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Ганхуягийг аваад гэр рүү явж байхад манай нөхөр бууя гээд байсан.Тэгсэн таксины жолооч зогсохгүй гэхээр нь би буулгаач гэж хэлсэн.Тэгсэн манай нөхөр хаалга онгойлгох гээд байхаар нь би нөхрөө бариад авсан.Нөхар хаалга онгойлгосон чинь жолооч зогсоод манай нөхөр рүү дайраад унасан. Намайг машины нөгөө хаалгаар бууж байхад манай нөхрийг цохиод авсан.Намайг очтол тэр 2 хоорондоо барьцалдаад авсан.Хоорондоо зодолдоод нэг нэгнээ цохиод байсан. Жолооч манай нөхрийн нүүр хэсэг рүү цохисон, бас хөл, гар, цээж хэсэг рүү нь хүртэл цохисон.Манай нөхөр жолоочийн нүүр хэсэг рүү цохисон байх би сайн хараагүй ямар ч байсан цамцаар дараад нүүр ам руу нь өшиглөөд байсан манай нөхөр зөрүүлээд цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, Шүүгдэгч Э.Гийн сэжигтнээр мэдүүлс эн “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таксинд орж суугаад явж байхад гэнэт миний дотор муухайрч бөөлжих гээд байсан учраас би таксины арын хаалгыг онгойлгож бөөлжих үйлдэл хийсэн... Тэгээд жолооч ах намайг машинаасаа буулгах гэж миний өмсөж явсан куртикний хормойноос татаж чангааж ноцолдсон. Энэ үед би эсэргүүцэж тэр ахын толгой нүүр рүү нь 1-2 удаа цохисон, мөн тэр жолооч ах өөрөө ч хүртэл намайг газарт унасан байхад хөлөөрөө өшиглөж миний гар руу өшиглөсөн. Би тэр үед өөрийн нүүрийг гараараа хамгаалаагүй байсан бол бас л адилхан гэмтэж бэртэх байх байсан... Харин жолооч ах Б.Дын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 166 дугаартай ... Б.Дын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/ Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 175 дугаартай... Э.Гийн биед баруун өвдөг доор 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/, -Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан Б.Дын машинд сууж улмаар машины явдал дунд хаалга онгойлгосны улмаас түүнтэй маргалдан улмаар харилцан цохилцож зодолдон Б.Дын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт Сөүл кастл хотхоны ойролцоо гудамжинд Э.Г, Б.Д нарын хооронд болсон үйл баримт нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгчийн Э.Г нь сууж явсан таксины жолоочтой маргалдаж улмаар биед нь халдаж цохиж зодсон үйлдлийн улмаас Б.Дын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн № 166 дугаартай ... Б.Дын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч,гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Э.Г нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт, архи ууж согтуурсан үедээ таксины жолооч Б.Дзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ялыг хувааж төлөх саналтай байна. Тогтмол ажилгүй, дуудлагаар ажилдаг гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Дт шүүгдэгч 300,000 төгрөг төлсөн байх ба хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 31-р хуудас/-т авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч овогт Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 83,333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ