Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00625

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2017/00625

Хөвсгөл аймаг

 

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух, РХ54040211 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Даваасамбуугийн Шаравнямбуугийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, “Чимэдийн толгой”-д оршин суух, РА88031911 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Ганбаатарын Жалцавт холбогдох

Гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/00616/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Шаравнямбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Жалцав нь  2015 оны 04 сарын 25-ны шөнө сарлагийн нас гүйцсэн шар 2, сарлагийн үнээ 2, нийт 4 тооны үхрийг бусадтай нийлж бүлэглэн хулгайлж хувьдаа завшсан юм. Цагдаагийн байгууллага эзэн холбогдогчийг тогтоон төлбөрийг тохирсон боловч улмаар Өршөөлийн хуульд хамрагдаж прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгсон юм. Хэргийн шатанд 4 үхрийг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн юм. Сарлагийн шарыг 900.000 төгрөгөөр, үнээг 700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн юм. Энэ хүнээс 1.066.000 төгрөгийг авах ба нэмж миний 2 шар гэр орноо нүүлгэх, ус түлээ, өвс хадлангаа ачих гээд байнга хэрэглэдэг өдөр тутмын хэрэглээний мал байсан... 2 үнээ байсан бол 2 бяруутай, 2 тугалтай нийт 6 тооны мал байх байсан. Сааль сүүний ашиг 1 үнээ өдөр 3 литр сүү /өглөө, орой/  2 үнээ 6 литр сүү саах ба зуны зөвхөн 90 хоногт 540 литр сүү саах ба бөөний үнээр бодоход 432.000 төгрөг. Нэг бяруу 150.000 төгрөг, 2 бяруу 300.000, тугал 50.000 төгрөг гэхэд 2=100.000 төгрөг байх жишээтэй. Миний бие нааш цааш явсан гээд нийт 1.000.000 төгрөг. Үүнээс энэ хүн Жалцаваас 333.000 төгрөг гаргуулж, нийт 1.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Жалцав шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Шаравнямбуугийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би Д.Шаравнямбуугийн нэхэмжилж байгаа 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Шаравнямбуу нь хариуцагч Г.Жалцавт холбогдуулан гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Жалцав нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлөх 37.350 төгрөгийн тал хувь болох 18.675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Жалцаваас улсын тэмдэгтийн хураамж 18.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Шаравнямбууд олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Шаравнямбуу гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Жалцав хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Шаравнямбуугаас улсын тэмдэгтийн хураамж 18.675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Жалцаваас улсын тэмдэгтийн хураамж 18.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА