Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

2021        07            22                                            2021/ШЦТ/88

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

            Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

            Шүүгдэгч Б.Б, З.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б, Н овогт З.Э нарт холбогдох эрүүгийн 2119000610097 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ....... ажиллаж байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт .......тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх  тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Б.Б

 

            Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, ах, дүү нарын хамт, ...... тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон,

           

            Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Эад Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг оногдуулсан хорих ялтай нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон,

           

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1440 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан Н овогт З.Э

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч З.Э, Б.Б нар нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багт үйл ажиллагаа явуулдаг 3 баарны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, пиво хулгайлан авч хохирогч О.Бт 1.056.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч З.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой дэлгүүрээс 1 шил архи аваад Б.Бтэй хамт явж байхад баарны цонх онгорхой байсан. Тэгээд Б.Б хоёулаа хамт баар луу оръё гээд орсон. Тэгээд ороод 8 шил архи авсан. Баарнаас гараад Д.Б, Ч ах нартай хамт 2 шил архийг нь уугаад үлдсэнийг нь нуусан байсан. Тэгээд маргааш нь тэр архинаасаа уугаад байж байхад цагдаа нар ирээд баригдсан. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй, хэрэг гайгүй шийдэгдэх юм бол Говь-Алтай явж ажил хийнэ ” гэв.

 

        Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны орой З.Этай хамт А эгчийн дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил архи аваад шуургатай байсан болохоор байшингийн нөмөрт сууж байгаад харахад баарны цонх онгорхой байсан. Тэгээд З.Эыг баар луу орж архи авъя гээд ороод 8 шил архи авсан. Тэгээд 1 шил архийг нь Д.Б ахын гэрт уугаад, дахиад 1 шил архийг нь Ч ахын гэрт уусан. Үлдэгдэл архийг 11 дүгээр байранд авч ороод Б, Б гэх 2 ахтай хамт уусан. Энэ хүмүүс З.Э бид хоёрыг баарнаас архи авсныг огт мэдээгүй байсан. Архиа уугаад байж байхад цагдаа нар орж ирээд баригдсан. Миний ажиллаж байсан ажлын хагас сарын цалин, дээрээс нь дүүгээсээ мөнгө зээлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгийг З.Эын гэрийнхэн бас хувааж төлсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Цаашид ажил хийж өндөр настай ээжийгээ асарна гэж бодож байна” гэв.

 

        Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай Зүүнбаян багт байрлах Эс нэртэй баарны цонх онгорхой байхыг миний таньдаг ах болох Амгаа гэх хүн хараад надад утсаар хэлэхээр нь би очоод хаах гэтэл манай 2 давхарт архи, пиво хадгалсан өрөөний хаалгыг эвдсэн, цонхоор орсон байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Надад 1.065.000 төгрөгийн хохирол учирсан байсныг манай баар руу орж архи авсан хүмүүс болох Э, Б нар төлж барагдуулсан одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад шүүх хуралд суух, хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. Э, Б нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

         Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 025 дугаар сарын 27-ны өдөр О гэх найз ирээд надаас баарнаас архи алга болсон байна гэхээр нь би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Э, Б 2 гоулд нэртэй архи барьчихсан уух уу гэж асуусан, тэгэхээр нь би үгүй гэж хэлээд явуулсан гэж О хэлсэн. Манайд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Э, Б нар нь 0.75 литрийн Соёрхол нэртэй архи надтай хамт уусан. Алтанчингис гэх архийг Ч гэх айлд Э, Б нар нь уугаад сууж байхыг би харсан... гэсэн мэдүүлэг/хх-ний 18 дугаар тал/

 

         Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад Э нь утсаар над руу залгаад архи уух уу гэж хэлэхээр нь би Сайншанд сумын 5 дугаар баг, 11 дүгээр байранд очсон. Э, Б, Б, Б нар ногоон шилтэй евок нэртэй архи уугаад сууж байсан. Архи дуусахад цаанаас нь экс нэртэй архи орон доороосоо Б гаргаж ирсэн, тэгээд тойруулаад уугаад сууж байхдаа Б надад ярихдаа Э бид 2 баар ухсан гэж ярьсан, хэзээ ухсан талаараа хэлээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ний 29-30 дугаар тал/

                                                                   

           Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын 1.065.600 төгрөг гэх үнэлгээ /хх-ийн 35-39-р тал/

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруу,эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч З.Э, Б.Б нар нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багт үйл ажиллагаа явуулдаг “Эс” баарны цонхоор  хууль бусаар нэвтэрч архи, пиво хулгайлан авч хохирогч О.Бт 1.056.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай Дорноговь аймгийн Зүүнбаян багт байрлах Эс нэртэй баарны цонх онгорхой байхыг миний таньдаг ах болох Амгаа гэх хүн хараад надад утсаар хэлэхээр нь би очоод хаах гэтэл манай 2 давхарт архи, пиво хадгалсан өрөөний хаалгыг эвдсэн, цонхоор орсон байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр О гэх найз ирээд надаас баарнаас архи алга болсон байна гэхээр нь би  26-ны өдөр 16 цагийн үед Э, Б 2 гоулд нэртэй архи барьчихсан уух уу гэж асуусан, тэгэхээр нь би үгүй гэж хэлээд явуулсан гэж хэлсэн. Манайд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Э, Б нар нь 0.75 литрийн Соёрхол нэртэй архи надтай хамт уусан. Алтанчингис гэх архийг Ч гэх айлд Э, Б нар нь уугаад сууж байхыг би харсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад Э нь утсаар над руу залгаад архи уух уу гэж хэлэхээр нь би Сайншанд сумын 5 дугаар баг, 11 дүгээр байранд очсон. Э, Б, Б, Б нар ногоон шилтэй евок нэртэй архи уугаад сууж байсан. Архи дуусахад цаанаас нь экс нэртэй архи орон доороосоо Б гаргаж ирсэн, тэгээд тойруулаад уугаад сууж байхдаа Б “Э бид 2 баар ухсан” гэж ярьсан,... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

          Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан 1.056.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

           Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, З.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Б, З.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Б, З.Э нар нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, төлөх төлбөргүй байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна. 

 

Шүүгдэгч Б.Б, З.Э нарын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

         

         Шүүгдэгч Б.Б, З.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт бичиг ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.

                                                                   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Б.Б, З.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, З.Э нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Шүүгдэгч Б.Б, З.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.Э нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.Э нарт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн газар нутгаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

            6.Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

            8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

             9.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН