Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

    2021        07            22                                        2021/ШЦТ/89

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

            Улсын яллагчаар хяналтын прокурор  Г.Анх-Ирээдүй,

            Шүүгдэгч Ж.О, Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б. Б, Г овгийн Ж О нарт холбогдох эрүүгийн 2019002860096 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, одоо Чандмань-Илч ОНӨХХК-ийн Зүүнбаян салбарт салбарын дарга ажилтай , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...тоотод оршин суудаг, ......оршин суудаг хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б Б /

 

            Монгол улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .... ажилладаг, ам бүл 5, хүү, бэр, 2 ачийн хамт, У.... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт Ж О /

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ж.О нь О-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 549 айлын гадна дулаан хангамжийн ажлыг хариуцан гүйцэтгэж байх үедээ Хөдөлмөрийн тухай 24 дүгээр зүйл “...шинээр ажилд орсон иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг,

 

            Шүүгдэгч Б.Б нь О-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэг “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” гэж заасныг зөрчиж ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт “...шинээр ажилд орж байгаа иргэний сургалт” гэж заасныг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж насанд хүрээгүй Мтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулалгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлснээс М нь дулааны худаг цэвэрлэх ажил гүйцэтгэх явцдаа зам индүүдэгч техникт даруулснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд өгсөн: “... Миний буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд гэмтсэн. Өөр хэлэх зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг,

 

        Шүүгдэгч Ж.Онийн шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр газрын тос боловсруулах ажлын төслийн менежер хийж байсан. Би тухайн үед орон нутагтаа байнга байдаггүй байсан. Улаанбаатар хотоос ирээд ажил шалгаж байсан. Тэр үед энэ асуудал болсон. Тухайн үед талбайн инженер Б.Б хариуцаж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг,    

 

        Насанд хүрээгүй хохирогч Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ажилд ороод удаагүй байсан газрын тос боловсруулах ажилчдын барилга дээр 09 цагийн орчимд ажилдаа гараад барилгын талбай дээр очоод ямар ажил хийхээ мэдэхгүй зогсож байхад М гэж дууддаг ажилчин ах намайг чи энэ шугамын шороог Чтай хамт хаяж бай гэхээр нь шугамын 6 дугаар худаг руу ороод шороо хаяж байхад миний дээрээс шороо унаад нураад, тэгээд би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна, нэг сэрээд хартал би эмнэлэгт байсан. Намайг өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагаа огт танилцуулаагүй. Хааяа өглөөний цайн дэр нэг дэвтэр өгөөд гарын үсэг зураарай гээд өгөхөөр нь би анх ажилд орохдоо нэг зурж байсан. тэрнээс хойш нэг ч удаа гарын үсэг зуруулаагүй, миний ажиллаж байсан барилга дээр ХАБ инженер гэх хүн байгаагүй. Надад болон миний хууль ёсны төлөөлөгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг Одкон холдингийн зүгээс бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 167 дугаар тал/,

 

         Гэрч ГМрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд өөрийн ажил болох газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцыг барьж байгаа О-ийн хашаан доторх 40-4 дугаартай байрны баруун талын ухан газрыг нягтаршуулах зориулалттай индүүдэгч машинаар нягтаршуулах зорилгоор 6 дугаар худгийн баруун хойд талаар нь овоолсон шорооны хамгийн намхан хэсгээр нь индүүдэгч машинтай бууж ороод 40-4 дүгээр байрны баруун талын ухсан газрын улыг нягтаршуулж байгаад буцаад 10 цагийн орчимд орж ирсэн замаараа буцаад гарах санаатай явж байгаад 6 дугаар худгийн дулааны шугамыг хийх гэж ухсан нүхний хойд талын ирмэгт тулаад буцаж ухраад индүүдэгч машинаа ертөнцийн зүгээр баруун тийш харуулаад орж ирсэн замаараа гарах гэтэл миний унаж явсан зам индүүдэгч машин доошоо цөмөрч унахаар нь би зүүн тал руугаа үсэрсэн. О-д хөдөлмөр хамгааллын ажилтан байдаг, хэд хоногийн өмнө харагдаж байсан, хөдөлмөр хамгааллын ажилтан явснаас хойш аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй, түүнийг байхгүй үед талбайн инженер Б аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулах ёстой байдаг, би ажилд орохдоо гэрээ байгуулаагүй, талбайн инженер Бтой ярьж байгаад ажилд орсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

 

         Гэрч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд ажилд гараад 6 дугаар худаг доторх шороог Тгийн хамт гаргаж байтал дээрээс шороо нурах шиг болтол нэг хүн холдоорой гэж хэлэх шиг болоод орилохоор нь би зүүн гар тийшээ үсэрч зугтаасан, тэгээд эргээд хартал зам тэгшлэгч индүүний жолооч миний хажууд унасан. Тэгээд би индүүний жолооч зүгээр байхаар нь Тг хайгаад ажил хийж байсан газар луу хартал байхгүй байхаар нь зам тэгшлэгч индүүний доогуур хартал индүүний доор дарагдсан байдалтай байсан. Зам тэгшлэгч индүүний жолооч ах бид хоёр тэр хавь байсан хүмүүсийг дуудаж индүүг жаахан хөдөлгөөд Тг гаргаж авсан., талбайн инженер Б ах түргэн тусламж дуудсан. Өнөөдөр ажилд орж байна, өглөө намайг ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй гэсэн мэдүүлэг /хх-ний 35-36 дугаар тал/

                                                                   

           Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймаг дахь салбар дээр талбайн инженер болох Б гэдэг хүн ажиллаж байсан. Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн үнэмлэхтэй, ажилчдад зааварчилгаа өгч ажилд гаргадаг байсан. Намайг байхгүй үед талбайн инженер Б өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж зааварчилгаа өгөх эрх бүхий албан тушаалтай байсан. Хохирогч М гэдэг хүнийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй байсан, туслах ажилтанг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газраасаа ажилд авдаг болохоор М гэдэг насанд хүрээгүй хүнийг ажилд авсныг мэдээгүй. Мийг ажилд авсан ямар  нэгэн гэрээ байгаа талаар мэдэхгүй байна. Түр цагийн ажилтан болохоор тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа талбайн менежер болон инженер гэрээ байгуулж ажил хийх хүмүүсээ авдаг би тухайн үед ажил эхлэхэд 2020 оны 09 дүгээр сард өөрийн биеэр очихдоо талбайн менежер болох О гэх хүнд эрсдэлийн үнэлгээ, удирдах төлөвлөгөөг гаргаж өгсөн. Тухайн үед болсон ослын талаар төслийн менежер О, талбайн инженер Б нар надад хэлэхдээ нөхцөл байдал гайгүй байгаа, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэсэн зүйл надад хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91-р тал/

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/0354 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Мийн биед аарцаг ясны хугарал, тархи доргилт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан аарцаг ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/,

 

           Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11-06-041/01 дугаартай дүгнэлтэд: “ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас уг осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 97-98-р тал/,

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:          

            Шүүгдэгч Ж.О нь О-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 549 айлын гадна дулаан хангамжийн ажлыг хариуцан гүйцэтгэж байх үедээ Хөдөлмөрийн тухай 24 дүгээр зүйлд заасныг/хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил,үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй/, шүүгдэгч Б.Б нь О-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэгт заасныг зөрчиж ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1/шинээр ажилд орж байгаа иргэний сургалт/ ,28 дугаар зүйлийн 28.1.8/аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах,аюулгүй ажиллагааны шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж насанд хүрээгүй Мтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулалгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлснээс М нь дулааны худаг цэвэрлэх ажил гүйцэтгэх явцдаа зам индүүдэгч техникт даруулснаас биед нь аарцаг ясны хугарал, тархи доргилт, нүүрний зулгаралт  бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ажилд ороод удаагүй байсан газрын тос боловсруулах ажилчдын барилга дээр 09 цагийн орчимд ажилдаа гараад барилгын талбай дээр очоод ямар ажил хийхээ мэдэхгүй зогсож байхад М гэж дууддаг ажилчин ах намайг чи энэ шугамын шороог Чтай хамт хаяж бай гэхээр нь шугамын 6 дугаар худаг руу ороод шороо хаяж байхад миний дээрээс шороо унаад нураад, ...би эмнэлэгт байсан. Намайг өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагаа огт танилцуулаагүй. Хааяа өглөөний цайн дэр нэг дэвтэр өгөөд гарын үсэг зураарай гээд өгөхөөр нь би анх ажилд орохдоо нэг зурж байсан. тэрнээс хойш нэг ч удаа гарын үсэг зуруулаагүй, миний ажиллаж байсан барилга дээр ХАБ инженер гэх хүн байгаагүй...”гэсэн мэдүүлэг, гэрч ГМрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 6 дугаар худгийн баруун хойд талаар нь овоолсон шорооны хамгийн намхан хэсгээр нь индүүдэгч машинтай бууж ороод 40-4 дүгээр байрны баруун талын ухсан газрын улыг нягтаршуулж байгаад буцаад 10 цагийн орчимд орж ирсэн замаараа буцаад гарах санаатай явж байгаад 6 дугаар худгийн дулааны шугамыг хийх гэж ухсан нүхний хойд талын ирмэгт тулаад буцаж ухраад индүүдэгч машинаа ертөнцийн зүгээр баруун тийш харуулаад орж ирсэн замаараа гарах гэтэл миний унаж явсан зам индүүдэгч машин доошоо цөмөрч унахаар нь би зүүн тал руугаа үсэрсэн. О-д хөдөлмөр хамгааллын ажилтан байдаг, хэд хоногийн өмнө харагдаж байсан, хөдөлмөр хамгааллын ажилтан явснаас хойш аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй, түүнийг байхгүй үед талбайн инженер Б аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулах ёстой байдаг”гэсэн мэдүүлэг, гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймаг дахь салбар дээр талбайн инженер болох Б гэдэг хүн ажиллаж байсан. Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн үнэмлэхтэй, ажилчдад зааварчилгаа өгч ажилд гаргадаг байсан. Намайг байхгүй үед талбайн инженер Б өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж зааварчилгаа өгөх эрх бүхий албан тушаалтай байсан...”гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11-06-041/01 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/0354 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь өөрийн эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлджээ.

 

Хэдийгээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хуулийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байх боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шалгахад  Прокуророос шүүгдэгч Ж.О,Б.Б нарын  үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн гэм буруутайд тооцон,  эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгч нар нь сайн дураар хохирол төлбөр төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлаж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.О,Б.Б нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч  Ж.О,Б.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.       

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1  болгон өөрчилсүгэй.

 

            2.Шүүгдэгч Ж О, Б Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан  Ж О, Б Б нарыг өршөөн хэлтрүүлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4.Ж.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Ж.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН