Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

  2021        07            23                                        2021/ШЦТ/90

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа , 

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүгдэгч Д.А,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

    Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М, Д.А нарт холбогдох эрүүгийн 2119000000123 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.М

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .........ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ....оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Шүүгдэгч Д.А нь Т.Мтай бүлэглэн, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун хойд зүгт 1 км газарт хохирогч Б.Нийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.М нь Д.Атай бүлэглэн, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун хойд зүгт 1 км газарт хохирогч Б.Нийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу хагас сайн өдөр манай сургуулийнхан өглөөний 06 цагаас эхлээд бүгд ажил дээрээ ажлаа хийж байсан. 12 цагийн үед Д.А над руу залгаад хүрээд ирээч цаг уурын хажууд байна гэж дуудсан. Хаашаа явах талаар асуухад манай машин баруун хойшоо гараад явчих шиг боллоо, хоёулаа араас нь явчихаад ирье гэсэн. Тэгээд 3-4 километр орчим газар яваад очиход нөхөр нь Нтэй пиво уугаад сууж байсан. Д.А, Нтэй муудалцсан. Д.Агийн нөхөр нь гарч ирээд Д.Аг үсдээд тавихгүй хараагаад, намайг Д.Аг аваад зайл гээд байсан. Тэгээд үснээс нь зулгаагаад тавихгүй болохоор нь би гарч очоод салгах гэж оролдоход намайг бас хараагаад, загнаад байсан. Тэгээд салгачихаад байж байхад Д.А, Нтэй муудалцсан. Гэтэл нөхөр нь дахиад үсдээд, чирээд байсан. Би Нт хүний амьдрал үймүүллээ гэж хэлэхэд чиний амьдрал бүтэн байгаа биз дээ надтай юу ярих гээд байгаа юм, чамд хамаагүй гэсэн. Би иргэний үүргээ биелүүлж цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний өглөөний 06 цагаас эхлээд сургууль дээрээ ажилтай байсан. Сургуулийнхаа 2 давхарт  хүрээг нь будаад байж байхад манай нөхөр гэрээсээ гараад баруун зүг рүү буюу Нийн ажил руу явсан. Би хараад Нийн нөхөр лүү нь залгаад Нийг манай нөхөртэй хамт явсан талаар хэлээд очъё гээд араас нь явсан боловч олоогүй. Манай нөхөр Н хоёр ирэхгүй байсан. Тэгэхээр нь би 12 цагийн орчимд Т.М руу залгаж дуудаад манай нөхрийн араас явъя гэж хэлсэн. Тэгээд очиход У, Н хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд Нийн нүүрэн тус газар нь алгадаж, баруун гар дээр нь самардаж, машинаас татаж буулгаад зодсон. Тэгээд Т.М бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрөөгөөд Цаг уур буюу ажил дээрээ иртэл Агийн нөхөр У залгаад “Ярих юм байна, уулзъя, ажлын чинь гадаа очоод авъя” гэж хэлээд ирсэн. У өөрийн Приүс-20 маркийн автомашинтай ганцаараа ирж намайг аваад сумын баруун хойно байх овоон дээр очсон. Би Утай юм яриад сууж байтал А, У нар Угийн машинтай ирээд үгийн зөрүүгүй А намайг зодоод эхэлсэн. У Аг болиулахаар У намайг зодож эхэлсэн. У Уг болиулахаар А ирж зодох зэргээр ээлжилж зодож байсан. Би машины ард сууж байсан ба машины хаалгыг А нээгээд гараараа цохиж байсан ба би тухайн үед гар, хөлөөрөө хамгаалсан. Дараа нь гар хөл хөдлөхөө болиод ирэхэд А намайг үсдээд машинаас буулгасан. Дараа нь би гарыг нь түлхэж биеэ хамгаалж байгаад зугтаахад У нь Ад хандаж “Наадахаа хашаад байж бай, би машинаар дайръя” гэж хэлээд машин руугаа явсан. Би тэр хооронд Уын машинд ороод суусан. У машинаас бууж ирэхдээ машин асаадаг түлхүүрээ авч ирээд, зүүн мөр орчим, баруун гуя, зүүн гуя, өвдөгний хэсэгт түлхүүрээрээ хатгасан. Тухайн үед миний гар, нүүр, гэдэс, толгой хэсэг рүү олон удаа цохиж байсан. Ер нь голчилж У намайг их зодсон. Дараа нь У утсаар ярьсан “найз хүрээд ир” гэх зэргээр ярьсан. Багш Д, Батцэцэг, Сийлэгмаа нар ирсэн ба над руу хэл амаар дайрч довтолсон байдалтай байсан. Миний хамаг хувцас урагдсан, цусаа гойжуулсан байдалтай байсан. Багш нарыг ирсний дараа У үсдэж чирээд, гэдсэн дээр хөлөөрөө дэвсэж байсан. Дараа нь цагдаа нар ирж, бид салцгаасан. Миний толгой эргэж, нүд харанхуйлж байсан. Тухайн үедээ 2 нүд хавдартай байсан, одоо хавдар нь буусан. Биеийн гар, хүзүү, нуруу, хөл зэрэг газруудад хөндүүртэй байна. Хоёр гарын 6 хуруу хагас мэдээтэй, үзүүр хэсгээрээ мэдрэхгүй байгаа. Мөн түлхүүрээр хатгуулсан хэсгүүдэд хөндүүр ихтэй байгаа. Мөн биеийн зарим хэсгүүдэд зулгарсан хөхөрсөн шархнууд байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би жолоочийн тал дээр харин Н арын суудал дээр суунгаа авсан пивоныхоо хоёрыг би уугаад, Н 1 пиво уугаад юм ярилцаад, байж байтал хажууд цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсоод, жолоочийн ар талын хаалгыг шууд онгойлгоод Нийг “Та 2 яасан ичдэггүй юм бэ” гээд Нийг 2-3 удаа алгадахаар нь би Аг Нээс салгах гээд үснээс нь татаад салгасан. Тэгтэл Атай ирсэн хүн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганаас бууж ирэхэд бага ангид хамт сурч байсан У байсан. У миний тээврийн хэрэгслийн жолооч талын арын хаалгыг онгойлгоод Нийг цохих гэхэд нь Н гараараа хааж байсан. Тэгээд би Уд “Чи одоо яагаад ингээд байгаа юм, миний амьдрал чамд ямар ч хамаагүй биз дээ” гэж хэлсэн. Тэгээд Нийг харахад өмсөж байсан хар өнгийн хагас ханцуйтай цамц нь энгэр хэсэг тэр чигээрээ урагдсан дээгүүрээ шалдан гэж хэлж болохоор хөхний даруулгатайгаа ирээд миний машины арын суудал дээр суугаад хаалгаа хаасан. Харин Угийн хувцас зүгээр байсан. У цагдаа руу явна гээд байхаар нь би ч бас явъя гээд машиндаа суухад У араас миний машины арын суудал дээр Нийн хажууд суухаар нь би хөдлөхөд А, Угийн машины хажууд очоод зогсоод үлдсэн. Тэгээд 50 метр орчим яваад толиндоо хартал араас хөдлөхгүй байхаар Угаас “түлхүүрээ үлдээсэн юм уу” гэж асуухад У “үгүй” гэхэд гаранд нь түлхүүр байж байсан. Тэгээд эргэж очоод баруун урагшаа хараад зогссон. Тэгээд байж байтал сумаас цагаан өнгийн машин ирэхэд дотроос нь сургуулийн 3 багш бууж ирсэн нэг багш нь Батцэцэг, нөгөө 2 багшийг нь бол танихгүй зүс танина. Батцэцэг ирээд миний сууж байсан талын хаалгыг нээгээд Батцэцэг “юу болоод байгаа юм бэ, Ууганаа минь” гээд ярилцаад байж байтал цагдаа ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

          Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... жолоочийн суудал дээр У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, арын суудал дээр Н мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд гадна талд жолоочийн арын хаалгыг онгойлгосон байдалтай машины гадаа У, Д, А, Сийлэгмаа бага насны хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгээд А надад хэлэхдээ “манай нөхөр У нь Нтэй явалдаад энд ирээд ууж идээд байж байна” гэсэн. Тэгээд байж байтал У Нийг “энэ муу нөхөртэй явалдаж байна, бас өмнө нь миний нөхөртэй явалдах гэж асуудал үүсгэж байсан” гээд цохих гэж дайрахаар нь би салгаж холдуулсан. Тэгтэл А “энэ муу хоёр энд ингээд заваараад явж байна“ гээд Уын хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг бүгдийг нь холдуулаад Н, У хоёрыг авч явах зорилгоор өөрийнхөө унаж ирсэн машинд суулгах гэхэд Нийн дээгүүр өмсөж байсан хувцасны энгэрийг урсан гээд Уын куртикийг өмссөн байсан. Тэгэхээр нь А Нийг “чи хүний нөхрийн куртикийг өмсдөг хэн бэ, тайл” гээд тайлж авсан. Тэгэхээр нь би Нийг хувцасгүй болохоор нь буцаагаад сууж байсан машинд нь суулгаад Уыг жолоочийн хажууд талын суудал дээр суулгаад сум руу аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

          Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А, У, У 3 Уын машины жолооч талын хаалганы хажууд зогсож байсан. Харин Н Уын машины ар талын суудал дээр сууж байсан. Би бууж очоод тэр гурваас юу болсон талаар асуухад У “яасан, юу болсон юм, юу ч болоогүй ш дээ” гэсэн. Тэгтэл сумын цагдаа нар ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А, У, У 3 Уын машины жолооч талын хаалганы хажууд зогсож байсан. Цаг уурт ажилладаг Н Уын машины ар талын суудал дээр сууж байсан. Батцэцэг бид  хоёр тэр гурваас юу болсон талаар асуухад А хэлэхдээ “У, Н хоёр энд уугаад байж байна” гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Шинжээч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Нийн биед үзлэг хийхэд баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуяны цус хуралт, хүзүүний зулгаралт, нүүр, баруун, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Харин мөрдөгчийн тогтоолд хавсарган ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Б.Нийн биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас үзэхэд тухайн гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/0182 дугаартай: “... Б.Нийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуяны цус хуралт, хүзүүний зулгаралт, нүүр, баруун, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуяны цус хуралт, хүзүүний зулгаралт, нүүр, баруун, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

            Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46, 60-62 дугаар хуудас/,

           Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-84 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруу,эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож  үнэлэв.

Шүүгдэгч Д.А Т.М нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун хойд зүгт 1 км газарт хохирогч Б.Нийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... машины хаалгыг А нээгээд гараараа цохиж байсан ба би тухайн үед гар, хөлөөрөө хамгаалсан. Дараа нь гар хөл хөдлөхөө болиод ирэхэд А намайг үсдээд машинаас буулгасан. ...У машинаас бууж ирэхдээ машин асаадаг түлхүүрээ авч ирээд, зүүн мөр орчим, баруун гуя, зүүн гуя, өвдөгний хэсэгт түлхүүрээрээ хатгасан. Тухайн үед миний гар, нүүр, гэдэс, толгой хэсэг рүү олон удаа цохиж байсан. Ер нь голчилж У намайг их зодсон. ...Миний толгой эргэж, нүд харанхуйлж байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч А.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсоод, жолоочийн ар талын хаалгыг шууд онгойлгоод Нийг “Та 2 яасан ичдэггүй юа бэ” гээд Нийг 2-3 удаа алгадахаар нь би Аг Нээс салгах гээд үснээс нь татаад салгасан ...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Нийн биед үзлэг хийхэд баруун,  зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хөх, зүүн бугалга, баруун, зүүн гуяны цус хуралт, хүзүүний зулгаралт, нүүр, баруун, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Харин мөрдөгчийн тогтоолд хавсарган ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Б.Нийн биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас үзэхэд тухайн гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/0182 дугаартай дүгнэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас зэргээр тогтоогдож байна.  

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэж тухайн үед үүссэн шүүгдэгч Агийн нөхөр А.У нь хохирогч Б.Нтэй хамт  машинтай  явснаас хардалтын улмаас Б.Нийн биед нь халдсан байх ба хохирогч Б.Ууганцэцэг, гэрч А.У, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэгт  Д.А нь гараараа цохих,алгадах, үснээс нь зулгаах, Б.У нь Д.Аг хохирогчоос салгах үедээ түлхэх, цохих, машиныхаа түлхүүрээр хатгах зэргээр үйлдлээрээ бүлэглэж оролцсон нь тогтоогдсон байна. Хууль зүйн хувьд хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.А, Т.М нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.А, Т.М нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.

Иймд шүүгдэгч  Д.А, Т.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.       

Шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нт  3,000,000 төгрөгийг төлснийг,   цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн машины түлхүүр 1 ширхгийг шүүгдэгч Т.Мд буцаан олгож, цамц 1 ширхэг, өмд 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Т.М, Д.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан  Д.А, Т.М  нарыг өршөөн хэлтрүүлж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн машины түлхүүр 1 ширхгийг  Т.Мд буцаан олгож, цамц 1 ширхэг, өмд 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

          4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

          5. Т.М, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН