Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

2021       07           24                                  2021/ШЦТ/95

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.М,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мад холбогдох эрүүгийн 2019001920118 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, яс үндэс халх, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............,  урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2391-д зааснаар 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 24-ний 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2391-д зааснаар 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийг 30 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хорих ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 13-ны 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн Т.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөөний 06 цагийн орчимд Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг, 28 дугаар байрны гадаа байрлах автомашины зогсоолд зогсож байсан 30-57 ДГА улсын дугаартай “Ниссан Нөт” маркийн автомашинаас хохирогч Б.Бы эзэмшлийн “айфон 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөөний 06 цагийн орчимд Г гэдэг залуугийнд архи ууж байгаад цонхон доор нь машин дуут дохио өгөөд байхаар нь Мөнхөө ирлээ гэхээр нь гараад хартал машин дотор 2 хүн унтаж байсан, хаалга үүд нь онгорхой байхаар нь машинаас утсыг нь авсан, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 1- 80 айлын машины зогсоол дээр манай найз Мын эзэмшлийн 30-57 ДГА улсын дугаартай улаан өнгийн нөт маркийн машины жолоочийн хажуу талын суудал дээр өөрийн айфон 7 плас маркийн гар утсаа тавьчхаад хойд талын суудал дээр унтаж байхад жолоочийн хажуу талд нэг танихгүй залуу зогсож байхаар нь би тухайн хүнд юу хийж байгаа юм яваач гэж хэлээд буцаад 5 минут орчим унтаад сэрээд утсаа хайтал байхгүй байсан ...машины хаалга цоожтой, цонх хагас онгойсон байдалтай байсан. Цонхоор хүний гар орох боломжтой байсан бөгөөд сэрээд хаалга татахад хаалга цоожтой байсан. ...М жолооны ард суусан байсан. Би өөрийн гар утсаа жолоочийн хажуу талын урд суудал дээр тавьсан байсан ...Сайншандад архи зардаг гэх Э гэдэг хүнээс асуухад Зүүнбаянгийн У гэх бор залуу ирж утас авах уу гэж асуусан гэж байсан ...би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дэслэгч О.Шаас хулгайд алдсан өөрийн айфон 7 плас загварын гар утсыг хүлээж авсан. ...одоо миний зүгээс Мөнхбат гэх хүнээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 11,43-44, 116-р тал/,

 

Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед гэртээ байж байтал манайд гаднаас танихгүй бор залуу манай гэрт орж ирсэн. Юун хүн яах гэж яваа талаар асуухад “эгчээ ийм гар утас авахгүй биз” гээд ар нь эмэгтэй хүний зурагтай кейс гэртэй, ягаандуу өнгөтэй корпустай гар утас байсан. Би утас авахгүй юун хүн яваа юм гээд гэрээсээ гаргасан... Би тэр залууг танихгүй, 160-165 см орчим өндөртэй, намхандуу бор залуу байсан, зүс царайны содон шинж тэмдгийг хараагүй, дахин харвал танихгүй байх” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р тал/,

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дугаар манай аав Энхболдын нэр дээр байдаг. Би уг дугаарыг 2020 оны 12 дугаар сараас ашиглаж байгаа. Дататай дугаар гээд би аавын нэр дээр худалдан авч байсан юм ...Айфон 7 плас маркийн гар утсанд байгаа бөгөөд имэйл кодыг нь мэдэхгүй байна ...Би уг утсыг 2020 оны 09 дүгээр сарын үед манай ээжийн төрсөн ах болох Түдэвийн Мөнхбат гэх хүн надад өгч байсан. Тухайн үед би гар утасгүй байсан ба ямар нэгэн мөнгө авалгүйгээр надад өгсөн юм. Тухайн утас нь кодтой байсан ба би удалгүй хот орж Тэди гар утас худалдааны төвд код гаргуулсан ...Түдэвийн Мөнхбат нь манай ээжийн төрсөн ах ба Зүүнбаян багт амьдардаг байж байгаад Сайншандад амьдрах болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 60-61- р тал/,

 

МОБИКОМ корпорацын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/2478 дугаартай “...34-02/1013 тоот албан бичгийн дагуу 359217077460407 1МЕ1 кодтой утсанд ашигласан 95298828 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв ...95298828- Мягмар Энхболд, ЕП75081611” гэх албан бичиг/хх-ийн 57-р тал/,

 

Э.Тоос хойшлуулшгүйгээр гар утас хураан авсан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 62-р тал/,

 

Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-820/62 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 26-30- р тал/

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 76 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг, 28 дугаар байрны гадаа байрлах автомашины зогсоолд зогсож байсан 30-57 ДГА улсын дугаартай “Ниссан Нөт” маркийн автомашинаас хохирогч Б.Бы эзэмшлийн “айфон 7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 1- 80 айлын машины зогсоол дээр манай найз Мын эзэмшлийн 30-57 ДГА улсын дугаартай улаан өнгийн нөт маркийн машины жолоочийн хажуу талын суудал дээр өөрийн айфон 7 плас маркын гар утсаа тавьчхаад хойд талын суудал дээр унтаж байхад жолоочийн хажуу талд нэг танихгүй залуу зогсож байхаар нь би тухайн хүнд юу хийж байгаа юм яваач гэж хэлээд буцаад 5 минут орчим унтаад сэрээд утсаа хайтал байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед гэртээ байж байтал манайд гаднаас танихгүй бор залуу манай гэрт орж ирсэн. Юун хүн яах гэж яваа талаар асуухад “эгчээ ийм гар утас авахгүй биз” гээд ар нь эмэгтэй хүний зурагтай кейс гэртэй, ягаандуу өнгөтэй корпустай гар утас байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... уг утсыг 2020 оны 09 дүгээр сарын үед манай ээжийн төрсөн ах болох Түдэвийн Мөнхбат гэх хүн надад өгч байсан. Тухайн үед би гар утасгүй байсан ба ямар нэгэн мөнгө авалгүйгээр надад өгсөн юм. Тухайн утас нь кодтой байсан ба би удалгүй хот орж Тэди гар утас худалдааны төвд код гаргуулсан ... " гэсэн мэдүүлэг, МОБИКОМ корпорацын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/2478 дугаартай албан бичиг, Э. Тоос хойшлуулшгүйгээр гар утас хураан авсан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл , Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-820/62 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Т.Мад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Мад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн / түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль,   1996 оны   8 дугаар   сарын  22-ны  өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны  өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан ба шүүгдэгч Т.М нь   Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 13-ны 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 100 дугаар захирамжаар үлдсэн 1 сар, 9 хоногийг өршөөсөн байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 07 / долоо / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг Дорноговь аймгийн Сайншанд сум 5 дугаар баг, Зүүн баян багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, энэ ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мад оногдуулсан ялд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН