Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

  2021       07          27                                           2021/ШЦТ/97

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энхмаа 

          Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр

          Гэрч П.Н, Б.Б,Т.У

          Шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр

          Хохирогч Ц.Э /Цахимаар/

          Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

          Шүүгдэгч Б.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Дэд холбогдох эрүүгийн 2019001900044 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжилтэй, Нийслэлийн 292 дугаар цэцэрлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Д,.

     

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Бямбаагийн Д нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 126 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт Ц.Эын хамран тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч Ц.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хотод ажилладаг. Энэ хэрэг болохоос өмнө Э байнга хэл амаар доромжилдог байсан. Тэгээд тог хулгайлсан асуудал байхгүй талаар шалгуул гэж хэлж байсан. Хэрэлдээд эхлээд гэрээсээ түлхэж гаргасан. Удаа дараа  доромжилсон болохоор тэвчээр алдагдаад түүнийг түлхсэн. Энэ хүүхэн манай гэрт орж ирсэн байсан болохоор уур хүрсэн. Тэгээд хамран тус газар нь гэмтээсэн гэсэн. Тухайн үед хамраас нь цус гараагүй байсан. Тэгээд би  цагдаа дуудсан. Цагдаа нарыг орж ирэхэд нэлээн ууртай байсан. 2 цагдаа өөр асуудал байхгүй байна гээд явсан. Энэ асуудал 3 цагийн үед болсон. 6 цагийн үед гараад явж бахад хамартаа хөвөн хийсэн явж байсан. Байнга хүүхдүүдтэй янз бүрийн зүйл ярьдаг. Би энэ хүнийг санаатайгаар ийм байдалд оруулсан гэж үзэж байна, гомдол мэдүүлэхээр цагдаад очиход тухайн үед Батсүх гэх цагдаа тань дээр гомдол ирсэн гээд мэдүүлэг авсан” гэсэн мэдүүлэг.

 

         Хохирогч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “... 2019 оноос эхлээд гэрлийн мөнгө их гарсан. Асуудалтай байдаг байсан. Тэгээд тухайн үед тоолуурт асуудалгүй байна гэсэн. Тэгээд ямар асуудал байна гэхэд Б.Дийн тог их бага гардаг гэж байсан. 7 сарын 20-ны өдөр 15 цаг 30 минутын үед эрчим хүчний 2 цахилгаанчин ирээд тог шалгаад явж байна гэсэн. Тэр хүмүүс тогоо шалгаж явж байгаад Дийн гэрт орж тогны монтажыг шалгаж байгаад намайг ороод ир гэсэн,энэ айл тог хулгайлсан зүйл байхгүй байна,хараарай гэсэн. Гэтэл Д  гаднаас орж ирээд шууд намайг доромжлоод орц руу гаргаад гар зангидаад хамар луу цохисон. Тэгээд яаж байгаа юм гэхэд өөрийг тань энэнээс илүү болгоно гэж дээрэнгүй зан гаргасан. Тэгээд хэдэн минутын дараа хамраас их цус гарсан. Эмнэлэгт үзүүлсэн 154950 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг.

 

         Шинжээч эмч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Эын биед хамрын таславчийн мурийлт, хүзүүний зулгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Хамрын таславчийн мурийлт үүсэхэд заавал цус гарах ёсгүй. Цус гарахгүй ч байж болно. ... Заавал хүчтэй цохилтоос үүсэхгүй, ...таславч гэдэг нь яс биш мөгөөрөс байдаг” гэсэн мэдүүлэг,

 

         Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ар шандын 7 дугаар баг, 126 дугаар байранд оршин суух хаягтай иргэн Ц.Э нь манай ажил дээр ирж гомдол гаргахдаа нүүр, ам, хувцас хунар нь зүгээр, ухаан санаа нь эрүүл саруул, хамартаа хөвөн хийсэн байсан. Би иргэнээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч шалгах үүрэгтэй болохоор зөрчлийн материал болгон шалгаж байгаад хүний биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгээд Эын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болохоор би тухайн үед Хэрэг бүртгэх тасагт харьяаллын дагуу шилжүүлэн өгсөн. ...Хөрш айлын иргэн Д гэх хүүхэнд зодуулсан гэсэн яриа өгүүлэн орж ирсэн” /хх-ийн 62 дугаар тал/ гэсэн  мэдүүлэг,

 

           Гэрч П.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд байхаа, 7 дугаар баг, 126 дугаар байранд намайг дуудлагаар очиход Э гэх эмэгтэй 126 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа намайг хүлээгээд зогсож байсан. ...Эрчим хүч, ус хангамжийн Д, Э хоёр хүрч ирсэн. Бид 4 хамтдаа орц руу орж нэг давхрын цахилгааны шитийг шалган иргэн Эын дэлгүүрийн тогийг салган шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Тэгээд шитний хажуу талын хаалга буюу 2 тоотын Дийн хаалгыг нь би тогшиж Э, Д нарын хамт орсон. Тэр үед эрчим хүчний Э гэх залуу тогийн шитээ шалгачхаад гараад явж байгаа харагдаж байсан. Бид хэд орж тогийг салгаж шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй. Гэрийн тогийг шалгаж байхад нээх удалгүй гаднаас гэрийн эзэн болох Д гэх хүүхэн өөрийн нөхрийн хамт гаднаас орж ирээд гэрийнхээ үүдний коридорт Э гэх хүүхэнтэй хэрэлдээд эхлээд барьцалдаж аваад гэрээсээ гаргасан. Тэр хоёр бие биеэ янз бүрийн хараалын үг хэллэг хэрэглэж, чи муу балай хүүхэн, манайд юу хийж яваа юм, гичий, нохой, жингэр, банзал, зайл, янхан гэж дуудаад бөөн хэрүүл болсон. Тэр үед нь Д бид хоёр цахилгааны ажилтнууд байгаа юм, тог шалгаж байна гэж хэлэн Д гэх эмэгтэйд Э гэж хүн гомдол гаргасан болохоор танай гэрт орж шалгалт хийж ямар нэгэн зөрчил байхгүй болохыг Эод өөрт нь харуулж тайлбарлаж өгсөн. Тэр хоёр эмэгтэй орцонд аймар хэрэлдэж байгаад Д гэх эмэгтэй нь миний зүүн гар талд зогсож байгаад миний өөдөөс хараад зогсож байснаа Эын хамар тус газар нь нэг удаа цохитол Эын хамраас их хэмжээгээр бол цус гараагүй, бага зэргээр хамар дотор нь харагдаж байсан. Э гэх эмэгтэй Дэд цохиулчхаад, хүмүүсээ энийг хараарай, энэ намайг цохичихлоо, цохичихлоо, харсан биз дээ гээд орилоод байсан. ...Д гэх эмэгтэй Эыг цохичхоод гэр лүүгээ ороод явчихсан. Би орцноос гараад орцны зүүн талд, харин Э орцны үүдэнд зогсож байхад цагдаагийн фургон машин ирээд дотроос нь 2 цагдаа бууж ирээд юу ярьсан гэдгийг нь одоо санахгүй байна” /хх-ийн 89-90 дүгээр тал/ гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би доошоо шатаар бууж гадаа орцны үүдэнд зогсоход араас Э гэх эмэгтэй, энэ одоо намайг цохичихлоо, одоо намайг зодлоо, цохилоо шүү, та нар хараарай гэж хашхирч байсан. Би тэр үед эргэж хараагүй” /хх-ийн 94 дүгээр тал/ гэсэн мэдүүлэг,

 

          Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дэслэгч Б.Бийн шинжээч томилох тогтоолын дагуу иргэн Ц.Эын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр, хамраас үе үе цус гарна, хамрын яс хөндүүрлэнэ гэсэн зовуурьтай, хүзүүний урд хэсэгт 0,8x0,3 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдсон. Мөн тогтоолд хавсарган ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн Сайншанд дүрс оношилгооны төвийн хамар ясны эгц болон хажуу рентген зургийн тайлбарт таславч баруун тийш бага зэрэг муруй гэж дүгнэсэн байсан. Үүнийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэргийн дүгнэлт гаргасан. Иргэн Эын биед учирсан хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын таславч муруйсан талаар эмнэлгийн бичиг баримт болон рентген тайлбар дээр тусгасан байсан. Түүнийг үндэслэн хамрын таславч муруйсан байна гэж дүгнэсэн. Хамар ясны хугарал болон хамрын таславчийн муруйлтыг нүдээр хараад тогтоох боломжгүй. ...Эмнэлгийн бичиг баримтад хуучин гэмтэл гэж тусгагдаагүй байсан. Рентген хийж тайлбар бичиж байгаа эмч хуучин бол хуучин гэдгийг тусгаж өгдөг. Хэрэв хуучин гэж тусгаагүй бол шинэ гэж үзэх боломжтой. Мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн тухайн гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” /хх-ийн 99-100 дугаар хуудас/ гэсэн  мэдүүлэг,

 

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/0185 дугаартай шинжээчийн “...Ц.Эын биед хамрын Таславчийн муруйлт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн “...Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар Ц.Эын хамрын таславчийн муруйлтыг шинэ хуучин эсэхийг нь тогтоох боломжгүй байна. Тиймээс Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/0185 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. ...Хүзүүний зулгаралт нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, 126 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт Ц.Эын хамран тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас  хамрын таславчийн муруйлт, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Эын шүүх хуралдаанд өгсөн  “...      Д гаднаас орж ирээд шууд намайг доромжлоод орц руу гаргаад гар зангидаад хамар луу цохисон. Тэгээд яаж байгаа юм гэхэд өөрийг тань энэнээс илүү болгоно гэж дээрэнгүй зан гаргасан. хэдэн минутын дараа хамраас их цус гарсан. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,шинхжээч эмч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй, Хамрын таславчийн мурийлт үүсэхэд заавал цус гарах ёсгүй. Цус гарахгүй ч байж болно. ... Заавал хүчтэй цохилтоос үүсэхгүй, ...таславч гэдэг нь яс биш мөгөөрөс байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ар шандын 7 дугаар баг, 126 дугаар байранд оршин суух хаягтай иргэн Ц.Э нь манай ажил дээр ирж гомдол гаргахдаа нүүр, ам, хувцас хунар нь зүгээр, ухаан санаа нь эрүүл саруул, хамартаа хөвөн хийсэн байсан. ...Хөрш айлын иргэн Д гэх хүүхэнд зодуулсан гэсэн яриа өгүүлэн орж ирсэн” гэсэн  мэдүүлэг, гэрч П.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд байхаа, ...Дийн хаалгыг нь би тогшиж Э, Д нарын хамт орсон. ...Гэрийн тогийг шалгаж байхад нээх удалгүй гаднаас гэрийн эзэн болох Д гэх хүүхэн өөрийн нөхрийн хамт гаднаас орж ирээд гэрийнхээ үүдний коридорт Э гэх хүүхэнтэй хэрэлдээд эхлээд барьцалдаж аваад гэрээсээ гаргасан. Тэр хоёр бие биеэ янз бүрийн хараалын үг хэллэг хэрэглэж, чи муу балай хүүхэн, манайд юу хийж яваа юм, гичий, нохой, жингэр, банзал, зайл, янхан гэж дуудаад бөөн хэрүүл болсон. ...Тэр хоёр эмэгтэй орцонд аймар хэрэлдэж байгаад Д гэх эмэгтэй нь миний зүүн гар талд зогсож байгаад миний өөдөөс хараад зогсож байснаа Эын хамар тус газар нь нэг удаа цохитол Эын хамраас их хэмжээгээр бол цус гараагүй, бага зэргээр хамар дотор нь харагдаж байсан.”гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би доошоо шатаар бууж гадаа орцны үүдэнд зогсоход араас Э гэх эмэгтэй, энэ одоо намайг цохичихлоо, одоо намайг зодлоо, цохилоо шүү, та нар хараарай гэж хашгирч байсан”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02/0185 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний бүтэц,үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Дэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч  Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох ¿íäýñëýëòýé байна ãýæ ¿çëýý.

           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт  154,950 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,шүүхэд ирүүлээгүй  байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгууллагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Дийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуульд хамаарч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овогт Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүд мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Хохирогч Ц.Эын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

         6. Б.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН