Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н,

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.Онарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/34 дугаар албан шаардлага зэргийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э

Хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0634/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Т нь Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/34 дугаар албан шаардлага зэргийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийдвэрээр: “Төрийн албан тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т тус тус заасныг баримтлан Д.Тийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/34 дугаар албан шаардлага зэргийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн нь хууль бус болох тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д маш тодорхой хуульчилсан. Гэтэл шүүгч маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчид шууд чиглэсэн үүрэг бий болгоогүй ч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол ирээдүйд хөндөгдөж болзошгүй гэсэн агуулгаар хэрэг үүсгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байна гэсэн шүүгчийн урьдчилсан таамаглалаар захиргааны хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүх хуульд үндэслэх биш шүүгч өөрийн үзэмж, таамаглалыг ийнхүү үндэслэн хэний ч нэхэмжлэлээр, хэнд ч холбогдуулан хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх болзошгүй нөхцөл үүсэж байна. Энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. 

3.2. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх, иргэн Д.Т нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх тухайд: Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсрол төвийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, албан шаардлага нь буруутай албан тушаалтнаар төлүүлэхийг байгууллага дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан болохоос иргэн Д.Тт ямар нэгэн үүрэг ногдуулаагүй. Гэтэл Д.Т нь Албан бус насан туршийн боловсрол төвийн нягтлан бодогч гэсэн албан тушаалтнаараа биш “иргэн” гэсэн статусаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “хууль бусаар тавигдсан төлбөр болох 1,178,300 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөж хуулийн дагуу шударга хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим надад үлдэх боломжтой” гэж бичжээ. Уг маргаан бүхий актад “буруутай албан тушаалтан нь нягтлан бодогч Д.Т учир түүнээс гаргуул” гэсэн утга агуулга байхгүй. Яагаад иргэн Д.Т өөрийгөө буруутай албан тушаалтан гэж үзээд байгаа, шүүх түүнийг нотлох шаардлагагүй үнэн гэж шууд үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

3.3. Нөгөө талаас иргэн Д.Т 1,178,300 мянган төгрөг төлсөн үйл баримт байхгүй, түүнээс энэ мөнгийг гаргуулахыг үүрэг болгосон шийдвэр гараагүй, бодит байдал дээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д: “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн.

3.4. Шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон хавсран ажилласан ажлын байрыг тогтоохдоо ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй дүгнэлт хийсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 26 дугаар зүйлд хэд хэдэн ажил үүргийг зэрэг гүйцэтгэх зохицуулалтыг тусгасан ба 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаагаад...бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх ...” хууль зүйн боломжтой байна. Үндсэн ажилтнаар ажиллаж байгаа эсэх эсхүл хавсран ажил албан тушаал гүйцэтгэснийг тогтооход Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн дээрх зүйл заалтад зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь ач холбогдол бүхий нотлох баримт болно.

3.5. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, Д.Тийн 51 дүгээр сургуульд 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллахаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Албан бус-Насан туршийн боловсрол төвд 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг тус тус хавтаст хэрэгт авч цуглуулалгүй, зөвхөн байгууллагын даргын албан тушаалд томилсон тушаалыг шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.6. Учир нь Нийслэлийн 51 дүгээр сургуультай иргэн Д.Т нь 2019 оны 9 дүгээр сард 2 жилийн хугацаатай, нягтлан бодогчийн үндсэн цалинг бүхэлд нь 797,676 төгрөг авч, өдрийн 8 цагаар, 7 хоногт 40 цаг ажиллахаар тохиролцон Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Албан бус-Насан туршийн боловсрол төвд дээрх гэрээний хүчинтэй хугацаанд мөн нягтлан бодогчийн үндсэн цалинг бүхэлд нь 797,676 төгрөг авч өдрийн 8 цагаар, 7 хоногт 40 цаг ажиллахаар тохиролцон Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Гэхдээ үндсэн ажилтнаар бүтэн 8 цагаар ажиллах Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан өөр байгууллагад мөн бүтэн цагаар буюу үндсэн ажилтнаар ажиллах бодит боломж байхгүй. Ийм ч учраас Д.Т байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд өөрийнхөө шимтгэлийг 51 дүгээр сургууль дээр үндсэн ажилтнаар 01 гэсэн кодоор, Албан бус-Насан туршийн боловсрол төвийн тайланд давхар ажил эрхлэлт 40 гэсэн кодоор буюу хавсран ажилласан ажилтны цалин хөлс гэсэн утгаар төлсөн байдаг нь давхар нотолж байгаа юм.

3.7. Шүүгч хөдөлмөрийн харилцааны хамгийн гол баримт болох дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээнүүдийг нотлох баримтаар цуглуулаагүй хэрнээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дахь хэсэгт зөвхөн байгууллагын даргын тушаалыг үндэслэн 51 дүгээр сургуульд түр буюу хавсран ажил гүйцэтгэж байсан, Албан бус-Насан туршийн боловсролын төвд нэхэмжлэгч үндсэн орон тоон дээр ажиллаж байсан гэж хийсвэр дүгнэсэн нь нотлох баримтгүй, шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.8. Эрх ашиг нь хөндөгдсөн Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийг гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус болох тухайд: Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвд хийсэн аудит, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавьсан захиргааны актаар тус байгууллагад үүрэг ногдуулсан байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзнэ. Иймээс дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийг шүүх санаачилгаараа гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан ба ийнхүү оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус юм. Учир нь тус төвийн захирал нь маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн, зөрчлөө залруулах засах боломж гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гэтэл дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийг оролцуулалгүйгээр иргэн Д.Тийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

3.9. Албан шаардлагыг хүчингүй болгож байгаа үндэслэл шийдвэрт тусгагдаагүйгээс үзэхэд үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.Т нь дүүргийн Боловсролын хэлтэс, төсвийн байгууллагын нягтлан бодогч нарын сүлжээнд энэ маргаанд ялсан, шүүхээр буруугүй гэдгээ нотолсон гэх зэргээр олон нийтийн сүлжээнд хандсанаас болж нийслэлийн хэмжээнд давхар ажил эрхэлдэг 40 гаруй нягтлан бодогчид цалин хөлсөө бүтэн авах, нэмэгдлээ бүрэн авах тухай шаардлагуудыг холбогдох Санхүү, төрийн санд гаргаж байгаа нь цаашдаа Төрийн албанд буруу жишиг тогтох, улмаар хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа төсөвт дарамт үүсэх магадлал үүсээд байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Д.Т нь Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/34 дугаар албан шаардлага зэргийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд маргаан бүхий актаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийн акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар актаар 1,178.3 мянган төгрөгийг холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоож, мөн өдрийн 39-01/34 дүгээр албан шаардлагаар дээрх хуулийн хүрээнд давхар ажил эрхэлж буй Нягтлан бодогчийн цалинг хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгох, биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор Баянгол дүүргийн Дотоод аудитын албанд ирүүлэхийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Г, Нягтлан бодогч Д.Т нарт хариуцуулахаар шийдвэрлэжээ.

2.2. Хариуцагчаас Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан №4 (Т/22-10) дүгээр удирдамжийн дагуу Баянгол дүүргийн Албан-бус насан туршийн боловсролын төвд Дотоод аудитын албаны жилийн төлөвлөгөөний дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд маргаан бүхий акт, албан шаардлага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасантай нийцсэн байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална” гээд 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг зааж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, 57 дугаар зүйлийн 57.2.4-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ” гэж, харин Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-т “Төрийн үйлчилгээний албан хаагчийг мэргэжлийнхээ дагуу тухайн албан тушаал эрхэлж байх хугацаанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг үндэслэн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно” гээд “төрийн алба хаасан хугацаа нь 25 дахь жил буюу 289-300 сар бол албан тушаалын үндсэн цалингаас бодох хувь нь 24 хувь” гэж тус тус заажээ.

2.4. Гэтэл Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хуульд заасан шаардлагуудыг хангаж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “...ажилтан, албан хаагчийг үндсэн болон түр орон тоон дээр авч ажиллуулах нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх бөгөөд энэ тохиолдолд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь нэхэмжлэгчийн хувьд үндсэн орон тоо байж, Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль түр буюу хавсран гүйцэтгэж буй ажил юм” гэсэн дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2.5. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Т нь Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн үндсэн орон тоонд түр томилогдсон байх бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар тус төвийн нягтлан бодогчийн мөн үндсэн орон тоон дээр томилогдож, түүний сарын үндсэн цалинг ТҮ-8-5 шатлалаар тооцож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан 25 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-д заасан “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ” гэснийг зөрчсөн байна.

2.6. Тодруулбал, нэг хүн хоёр байгууллагын үндсэн орон тоонд зэрэг ажиллах боломжгүй төдийгүй, дээрх хуульд заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зөвхөн үндсэн орон тоон дээр ажиллаж, тус албан тушаалын үндсэн цалингаас тооцож тухайн сардаа нэг удаа авах эрхтэй байхад Д.Тийн тухайд Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуульд үндсэн орон тоонд ажиллаж байгаа нягтлан бодогчийн албан тушаалын нэмэгдлийг авахын зэрэгцээ давхар ажиллаж байгаа Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн нягтлан бодогчийн албан тушаалын нэмэгдлийг давхардуулан авах хууль зүйн үндэслэлгүй юм.

2.7. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг Төрийн байгууллага бөгөөд Д.Т нь тус хоёр байгууллагад нэгэн зэрэг Төрийн үйлчилгээний албан тушаалыг хавсран ажиллахгүйгээр үндсэн орон тоонд давхар ажиллаж байгаа, түүнчлэн төрийн албан хаагчийн нэмэгдлийг давхардуулан олгож байгаа нь хууль бус болохыг дотоод аудитын хяналт шалгалтаар тогтоож, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргаж, албан шаардлага хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.

2.8. Нөгөөтээгүүр, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/1161 дүгээр албан бичгээр “...Д.Т нь төрийн 2 байгууллагаас үндсэн ажилтны цалин авч, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын болон үр дүнгийн нэмэгдэл, унааны хөнгөлөлт, ээлжийн амралтын олговрыг давхардуулан авсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/ болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг зөрчсөн” гэсэн хариу хүргүүлсэн байхад тус баримтыг  анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу болжээ.

2.9. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, мөн зүйлийн 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн эрхийн хүрээнд хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдэж, дүгнэлт гаргасан байх тул дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч нарын акт, албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2.10. Харин маргаан бүхий захиргааны актууд нь шууд нэхэмжлэгч рүү чиглээгүй хэдий ч түүнд нэмэгдэл давхардуулан олгосон, хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгохыг үүрэг болгосон зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна гэж үзэж тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн “Д.Тийг нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.11. Түүнчлэн нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд хариуцагчийн “Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийг гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.8, 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.4, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Таас Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н, улсын байцаагч Ч.О нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/03 дугаар акт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/34 дугаар албан шаардлага зэргийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА