Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                    Н.Гэрэлмаа 

Шүүгдэгийн өмгөөлөгч                     М.Гансүх

Хохирогчийн өмгөөлөгч                  Д.Эрдэнэ-Оргил

Нарийн бичгийн дарга                                   Б.Урангоо нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбодоржийн Санлигмаад  холбогдох 201618000089  тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 06-нд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ  аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3-р баг, 2-р хэсэг усан сангийн 8-р гудамжний 68 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Цагааннуур сумын “Нарлаг” цэцэрлэгт цэцэрлэгийн багш ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Гомбодоржийн Санлигмаа, /РД:МХ-78040608/,

Шүүгдэгч Г.Санлигмаа нь иргэн С.Болор-Эрдэнийг өөрийн нөхөр  Б.Бүдрагчаатай хардаж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Дунд гарамын 76 тоотод оршин суух С.Болор-Эрдэнийн байшингийн цонхийг чулуугаар хагалж, гэрт байсан “skyworth” маркийн 32 инчийг телевизорыг гурилын элдүүрээр цохин эвдэлж, хохирогч С.Болор-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Санлигмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 16 жил нөхөр хүүхдийн хамтаар ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд сүүлийн үед буюу 2015 оны 06 дугаар сараас манай нөхөр Бүдрагчаа гэрт ирж хонохгүй гадуур хоногоор явж алга болох болсон. Тухайн үед би за ажилтай байгаа юм байлгүй гэж бодож байсан. Ингээд манай сумын таньдаг хүмүүс “танай нөхөр чинь Болор-Эрдэнэ гэж хүүхэнтэй явалдаад байна” гэж ярих болсон. Тухайн үед би “больчих байлгүй” гэж бодоод яваад байсан.  2016 оны 01 дүгээр сарын сүүлээр би нөхөр Бүдрагчаагийн утсыг цэнэглэх гээд авч үлдээд санаандгүй мессежийг нь үзэхэд 99370376 дугаарын утас руу манай нөхөр “хайраа би чамд хайртай, үнсье” гэх зэрэг 10 орчим месеж бичиж харилцсан байсан. Тэгэхээр нь би 99370376 дугаарын утас руу нөхөр Бүдрагчаагийн өмнөөс “Хайраа би авгай, хүүхдээсээ саллаа, завтай бол ажил дээр хүрээд ир” гэж явуулахад хариуд нь “Хайраа яаж байгаа юм, би буузаа хийж байна” гэж мессеж ирсэн. Тэгэхээр нь би ирсэн мессежийг нь утастай нь хамт сумын цагдаад үзүүлсэн. Тэгээд энэ асуудлыг би хаячихсан байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Бүдрагчаа миний утсыг гуйж аваад “би чиний утсанд сим картаа хийж байгаад ирье” гээд аваад явсан. Тэгээд би нөхөр Бүдрагчааг ирэхгүй болохоор нь гэртээ очоод буцаад ажил руугаа явж байхад манай нөхөр айлын гадаа байхаар нь би очоод утсаа аваад хүн рүү залгах гэхэд 99370376 дугаарын утас руу залгасан байхаар нь би нөхрөө хардаж нэг удаа алгадсан чинь манай нөхөр намайг цохиж зодсон. Тэгэхэд миний утсыг эвдээд хаячихсан. Тэгээд би нөхрөө дагуулаад цагдаа дээр очсон чинь цагдаа нар ажилтай аймаг явсан байсан тул манайн нөхөр гэр лүүгээ явсан. Ингээд миний уур хүрээд алхаж явахад манай нөхрийн дүү Отгонбаяр явж байхаар нь Отгонбаярт “танай ах чинь Болороо гэж хүүхэнтэй явалдаад байна” хэлж дагуулаад Болор-Эрдэний гэрт очсон. Ингээд гэрт нь орсон чинь Болор-Эрдэнэ гэртээ байхгүй хоёр охин байхаар нь би “ээж чинь хаана байна” гэсэн чинь  “ойрхон айлд очсон” гэхээр нь би “ээжийгээ дууд” гэсэн чинь “утас унтарсан” гэсэн. Тэгэхээр нь би Отгонбаярын утаснаас Болор-Эрдэнийн утас руу залгаж ярихад “чамтай ярих юм байхгүй, балай авгай минь гэрээс зайл” гэхээр нь би хариуд нь “Ирэхгүй бол зурагтыг чинь хагална шүү” гэхэд утсаа салгасан. Тэгээд байж байтал манай нөхөр Бүдрагчаа, Болор-Эрдэнийн гэрт орж ирэхээр нь би нөхөртөө хандан “Чи бүр сурцтай орж ирж байх шив дээ” гээд уурлаад 2 удаа алгадсан чинь манай нөхөр Бүдрагчаа буцаад гараад явсан. Ингээд Болор-Эрдэний хүүхдүүдэд хандан би “Ээжийгээ дууд” гэсэн чинь “утас унтарчихсан” гээд байхаар нь миний уур хүрээд гурил элдэж байсан ганжинг аваад унтлагын өрөөнд нь байсан хар өнгийн 32 инчийн зурагтын нүүр лүү цохисон. Тэгсэн чинь хүүхдүүд нь уурлаад намайг “балай авгай минь “ гэхээр нь би “ээждээ гомдоорой” гэж хэлсэн ба “танай гэрт манай нөхөр ирдэг үү” гэж асуухад “энэ ах чинь манай ээжийг дуудаагүй байхад манай гэрт ирээд байдаг шүү дээ” гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад холоос хараад зогсож байтал 5 минтуын дараа Болор-Эрдэнэ гэртээ ирэхээр нь би гэрт нь очиж уулзахаар очиход гэрийнхээ хаалгыг цоожлоод хаалгаа онгойлгож өгөхгүй, цонхныхоо цаанаас миний зургийг гар утсаараа дараад “архичин авгай” гээд байхаар нь миний уур хүрээд хашаанд нь байсан чулуугаар байшингийнх цонх руу шидсэн чинь хагарсан. Тэгээд байж байтал Болор-Эрдэний хажуу айлынх нь хүмүүс ирээд Болор-Эрдэнийг гэрээс нь дуудаж гаргаж ирсэн. Тэгээд Болор-Эрдэнэтэй ярилцах гэхэд намайг доромжлоод “танай нөхөр чинь чалх сайтай юм уу” гээд байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг дахин цоожилсон ба цонхны цаанаас “согтуу авгай минь цагдаа чамайг архиа гаргаад байж бай гэж байна” гээд байхаар нь ”би архи уудаг хүн биш ээ” гэж хэлээд гэрээс нь гараад явсан. С.Болор-Эрдэнэ нь манай нөхөр Бүдрагчаатай эр эмийн харьцаатай байгаад байхаар нь миний уур хүрээд би хардсандаа зурагтыг нь цонхтой нь хамт хагалчихсан юм. Ер нь хагална гэж бодоогүй байсан чинь С.Болор-Эрдэнэ өөрөө намайг доромжлоод байхаар нь миний уур хүрээд хагалчихсан юм. Би зурагтыг гурил элдэж байсан гурилын ганжингаар нүүрийг нь цохиж хагалсан. Харин цонхыг нь хашаанд нь цонхны доор байсан 2 чулуугаар шидэж хагалсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

2.Шүүгдэгч Г.Санлигмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Б.Бүдрагчаа нь манай сумын Болороо буюу Болор-Эрдэнэ гэж хүүхэнтэй явалдаад байгааг би хүнээс сонсож байсан мөн надад мессеж ирж баригдаж байсан юм. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Бүдрагчаа нь миний утсыг гуйж аваад “би чиний утсанд сим картаа хийж байгаад ирье” гээд аваад явсан. Тэгээд би нөхөр Бүдрагчааг ирэхгүй болохоор нь гэртээ очоод буцаад ажил руугаа явж байхад манай нөхөр айлын гадаа байхаар нь би очоод утсаа аваад хүн рүү залгах гэхэд 99370376 дугаарын утас руу залгасан байхаар нь би нөхрөө хардаж “чи яагаад энэ дугаар луу залгасан юм бэ” гээд уурлаад нэг удаа алгадсан чинь манай нөхөр миний ар нуруу руу, зүүн талын мөр лүү цохьсон. Тэгээд миний утсыг эвдлээд хаячихсан. Тэгээд би нөхрөө дагуулаад цагдаа дээр очсон чинь цагдаа нар ажилтай аймаг явсан байсан тул манай нөхөр гэр лүүгээ явсан. Ингээд миний уур хүрээд алхаж явахад манай нөхрийн дүү Отгонбаяр явж байхаар нь Отгонбаярт “танай ах чинь Болороо гэж хүүхэнтэй явалдаад байна” хэлж дагуулаад Болор-Эрдэний гэрт очсон. Ингээд гэрт нь орсон чинь Болор-Эрдэнэ гэртээ байхгүй хоёр охин байхаар нь би “ээж чинь хаана байна” гэсэн чинь “ойрхон айлд очсон” гэхээр нь би “ээжийгээ дууд” гэсэн чинь “утас унтарсан гэхээр” нь би Отгонбаярын утаснаас Болор-Эрдэнийн утас руу залгаж ярихад “чамтай ярих юм байхгүй, балай авгай минь гэрээс зайл” гэхээр нь би хариуд нь “ирэхгүй бол зурагтыг чинь хагална шүү” гэхэд утсаа салгасан. Тэгээд байж байтал манай нөхөр Бүдрагчаа Болор-Эрдэнийн гэрт орж ирэхээр нь би нөхөртөө хандан “Чи бүр сурцтай орж ирж байх шив дээ” гээд уурлаад 2 удаа алгадсан чинь манай нөхөр Бүдрагчаа буцаад гараад явсан. Ингээд Болор-Эрдэний хүүхдүүдэд хандан би “Ээжийгээ дууд” гэсэн чинь “утас унтарчихсан” гээд байхаар нь миний уур хүрээд гурил элдэж байсан ганжинг аваад унтлагын өрөөнд нь байсан хар өнгийн 32 инчийн зурагтын нүүр лүү цохисон. Тэгсэн чинь хүүхдүүд нь уурлаад намайг “балай авгай минь “ гэхээр нь би “ээждээ гомдоорой” гэж хэлсэн. Тэгээд “танай гэрт манай нөхөр ирдэг үү” гэж асуухад “энэ ах чинь манай ээжийг дуудаагүй байхад манай гэрт ирээд байдаг шүү дээ” гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад холоос хараад зогсож байтал 5 минтуын дараа Болор-Эрдэнэ гэртээ ирэхээр нь би гэрт нь очиж уулзахаар очиход гэрийнхээ хаалгыг цоожлоод хаалгаа онгойлгож өгөхгүй, цонхныхоо цаанаас миний зургийг гар утсаараа дараад “архичин авгай” гээд байхаар нь миний уур хүрээд хашаанд нь байсан чулуугаар байшингийнх цонхруу шидсэн чинь хагарсан. Тэгээд байж байтал Болор-Эрдэний хажуу айлынх нь хүмүүс ирсэн ба Болор-Эрдэнийг гэрээс нь дуудаж гаргаж ирсэн. Тэгээд Болор-Эрдэнэтэй ярилцах гэхэд намайг доромжлоод “танай нөхөр чинь чалх сайтай юм уу” гээд доромжлоод байсан ба би гэр лүүгээ явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р ху/,

3.Шүүгдэгч Г.Санлигмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр “утсаа өгч бай. Би ганц 2 хүн рүү ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг аваад гараад явсан.  Тэгээд би гэртээ байж байтал ажил дээрээс “хийх ажил их байна” гээд дуудаад байхаар нь ажил руугаа явж байсан чинь манай нөхөр айлын гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд би утсаа аваад сим картаа сольж хийх гээд харсан чинь Болор-Эрдэнэ рүү залгасан байсан. Тэгэхээр нь би “чи миний утсаар энэ хүүхэнтэйгээ харилцаад байхдаа яадаг юм бэ?” гэж хэлээд нөхрөө нэг алгадсан чинь намайг гудамжинд зодсон. Дээгүүр өмсөж байсан хамаг хувцсыг минь урж хаясан. Тэгээд би “та 2 ингэж байхаар 3-уулаа хамт уулзаж ярилцаж учраа олъё” гэсэн чинь намайг орхиод яваад өгсөн. Тэгээд би “яагаад би энэ хоёроос болж удаа дараа ингэж зодуулах ёстой юм бэ?” гэж бодоод Болор-Эрдэнийнд очих гээд явж байтал нөхрийнхөө дүү Отгонбаяртай тааралдсан. Тэгээд би Отгонбаярт болсон бүх зүйлийг хэлээд хамт Болор-Эрдэнийнд очсон чинь гэртээ байхгүй байсан. Хүүхдээс нь “ээж нь хайчсан бэ?” гэж асуусан чинь “ээж ойрхон гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ээжийгээ дуудчих” гэж хэлсэн. Гэтэл 2 охиных нь утас 2-уулаа асахгүй байсан. Отгонбаярын утсаар залгаж “гэртээ хүрээд ир, ярилцъя” гэж хэлсэн чинь Болор-Эрдэнэ “чам шиг юмтай юу ярьдаг юм” гэх мэтээр зөндөө доромжилсон. Тэгэхээр нь би Болор-Эрдэнийг “чи ирэхгүй бол би зурагтыг чинь хагаллаа шүү” гэж хэлчихээд байж байсан чинь манай нөхөр тэдний хашаанд нь орж ирээд машинаа тавьчихаад юу ч болооогүй юм шиг инээгээд ороод ирсэн. Орж ирэхээр нь би “чи ч бүр ичихээ больсон юм байна” гэж хэлээд нөхрөө алгадсан чинь нөхөр гараад явчихсан. Тэгэхээр нь би “намайг яагаад өрөвдөх сэтгэл энэ хүнд байдаггүй юм бэ? Намайг гудамжинд зодож хаяж явчихаад юу ч болоогүй юм шиг энд ирж байгаа юм бэ” гэж бодоод тэр уурандаа 32 инчийн зурагтыг нь ширээн дээр байсан ганжингаар цохиж хагалсан. Тэгээд би нөхрийнхөө дүүтэй хамт гарч явсан. Гэтэл Болор-Эрдэнэ гэртээ ирж байсан. Тэгэхээр нь би “би ч гэсэн 2 хүүхэдтэй эмэгтэй хүн шүү дээ” гэж бодоод уучлалт гуйх гээд очсон. Гэтэл Болор-Эрдэнэ хаалгаа цоожлоод баруун талын цонхоороо намайг элдвээр харааж “чам шиг юмтай юу ярьдаг юм бэ? архиа гарахаар ир, янхан банзал” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би архи уудаггүй, эрүүл байна. Гараад ир. Гарч ирэхгүй бол цонхыг чинь хагална шүү” гэж хэлсэн чинь гарч ирэхгүй болохоор нь цонхыг нь хагалсны дараа хөрш Омо гэдэг эгч гэрээсээ нэг хүнтэй гарч ирээд Болор-Эрдэнийг “чи гараад ир. Учраа олсон нь дээр” гэж хэлж байж гаргаж ирсэн. Болор-Эрдэнэ гарч ирчихээд хөршийгөө явсан чинь буцаад гэртээ орсон. Тэгэхээр нь би “2-уулаа эвлэрье” гэж хэлсэн чинь намайг “цагдаа иртэл архиа гаргаад наанаа байж бай” гэхээр нь би “би эрүүл байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар очиход  хоёр цагдаа хоёулаа байхгүй, аймаг явсан гэж байсан. Би цагдаа дээр архи уугаагүй, эрүүл гэдгээ мэдэгдэх гэж очсон юм. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Болор-Эрдэнээс уучлалт гуйсан. Учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг,

 4.Хохирогч С.Болор-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед би ганцаараа 19-32 СЭҮ улсын дугаартай суудлын автомашинтай хөдөө гэр лүүгээ явж байхад манай охин Сүнжидмаа над руу 99497384 дугаарын өөрийн утаснаасаа залгаад “Манай гэрт танихгүй эгч орж ирээд ээж чинь хаана байна, ээжийгээ дууд ээжийг чинь ална, дуудахгүй бол гэрийн чинь эд зүйлүүдийг эвдэнэ шүү гэж байгаад манай зурагтыг гурил элдэж байсан гулуузаар унтлагын өрөөнд байсан 32 инчийн зурагтын нүүрийг цохиж хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хөдөө гэр лүүгээ явахаа болиод буцаад гэртээ ирэхэд манай хүүхдүүд уйлсан байдалтай унтлагын өрөөнд байсан “Skyworth” нэртэй 32 инчийн өнгөт зурагтны нүүрийг хагалчихсан гарахгүй эвдсэн байсан. Тэгээд би гэртээ байж байтал 30 орчим минутын дараа Санлигмаа манай гэр лүү ганцаараа ирж яваа харагдахаар нь би айгаад гэрээ дотроос нь цоожлоод  гэр дотроо сууж байтал Санлигмаа баруун гартаа тоосго барьчихсан “гараад ир чамайг ална шүү” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би цонх онгойлгоод “чи одоо яах гээд байгаа юм бэ? Би цагдаа дуудсан байгаа, одоо ирж байгаа цагдаа ирэхээр нь хоёулаа уулзая” гэж хэлээд хөшгөө хаасан чинь Санлигмаа том чулуу шидэж манай байшингийн зүүн талын вакум давхар цонхийг хагалсан. Тэгэхээр нь баруун талынхаа цонхийг онгойлгож байгаад хажуу айлын Оомоо эгчийг дуудсан чинь хамт байсан нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэгээд “намайг хаалгаа онгойлго” гэхээр нь би хаалгаа онгойлгон гарч ирэхэд Санлигмаа надруу барьж байсан чулуугаа шидэх гэхэд нь Оомоо эгч барьж авсан ба миний нүүрлүү самардаж баруун хөлрүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Оомоо эгч бид нар манай хашаанаас гаргах гэсэн боловч гарахгүй над руу дайрч зодох гээд байсан мөн янхан банзлаар дуудаад хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд би гэр лүүгээ ороод хаалгаа цоожлоод гэртээ байж байтал Санлигмаа манай цонхон дээр ирээд орилж намайг доромжилж байгаад гараад явсан. Ингээд би хэсгийн төлөөлөгчид өргөдөл бичиж хандсан. Би ...“Skyworth” маркийн 32 инчийн зурагтыг 2 жилийн өмнө 600.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч байсан. Зурагт одоо гарахгүй эвдэрсэн учир 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гал тогооны вакум цонхоо 150.000 төгрөгөөр үнэлж байна.  гэх мэдүүлэг,  /хх-ийн 17-р ху/,

5.Хохирогч С.Болор-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахинг өгсөн:   ...Манай охин Сүнжидмаа өөрийнхөө 99497384 дугаарын утсаар ярьж манай гэрт танихгүй эмэгтэй хүн ирчихээд “таныг хүрээд ир” гээд байна гэж хэлсэн. Түүнээс биш Санлигмаа нь над руу утсаар яриагүй. Би утсаар Г.Санлигмааг доромжилсон зүйл байхгүй. Би зурагт болон цонхны хохирлоо нэхэмжилж байна. Мөн би хэрэгт хохирогчоор оролцож байгаа учир өмгөөлөгч 500.000 төгрөгөөр авсан түүнийхээ зардлыг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 12-р ху/,  

6.Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт  бичгээр өгсөн хүсэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-д заасан гэмт хэргийн хохирогч С.Болор-Эрдэнэ би Г.Санлигмаатай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан учир шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй бөгөөд өөрийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилыг шүүх хуралд оролцуулна. Миний бие нь бага насны 3 хүүхэдтэй, хөдөө мал дээр байдаг учир хүүхдүүд болон мал ахуйг харгалзах хүнгүй учир шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү.

...Шүүгдэгч Г.Санлигмаа нь надад учруулсан хохирол болох 1.150.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс С.Болор-Эрдэнэ би шүүгдэгч Г.Санлигмаагаас цаашид нэхэмжлэх зүйлгүй бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Шүүгдэгч Г.Санлигмаад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье.  гэжээ.

7.Гэрч С.Хишигбаярын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 ны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед байх манай гэрт Гэрлээ ирчихсэн бид хоёр манай хашаанд зогсож байхад манай хажуу айлын Болор-Эрдэнэ цонхоороо орилоод намайг “хүрээд ир, Санлигмаа ирээд манай гэрийн цонхыг хагалчихлаа” гэхээр нь би Гэрлээг дагуулаад Болор-Эрдэний гэрт очиход зүүн талынх нь хагарсан цонхны хажууд баруун гартаа том чулуу барьчихсан зогсож байсан. “Юу болж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Болор-Эрдэнэ гэрээсээ гарч ирэхгүй байна” гэсэн. ...Болор-Эрдэнэ хаалгаа онгойлгон гэрээсээ гарч ирсэн чинь Санлигмаа барьсан чулуугаараа Болор-Эрдэнэ рүү шидэх гэхээр нь би чулуутай гарыг нь барьж авсан. Санлигмаа “бөгсөө чирсэн авгай, янхан гичий” гээд орилоод доромжлоод байсан. Тэгсэн чинь Санлигмаа Болор-Эрдэнэ рүү цохих гээд самраад байсан ба би хориглож болиулсан ба хөлөөрөө Болор-Эрдэнийн хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би “хөл муутай хүний хөл рүү өшиглөөд яах нь вэ” гэж хэлсэн Тэгээд бид нар Санлигмааг Болор-Эрдэний хашаанаас гаргах гэсэн боловч гарахгүй байхаар нь Гэрлээ бид 2 Санлигмааг үлдээгээд гэр лүүгээ орсон. Болор-Эрдэнэ гэр лүүгээ ороод хаалгаа цоожилсон. гэх мэдүүлэг,  /хх-ийн 20-р ху/,

8.Гэрч О.Намнангэрэлийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 ны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед найз Оомоо буюу Хишигбаярын гэрт ирчихсэн бид 2 хашаанд нь зогсож байхад хажуу айлынх нь Болороо буюу Болор-Эрдэнэ цонхоороо орилоод намайг “гэрт хүрээд ир Санлигмаа ирээд манай гэрийн цонхыг хагалчихлаа” гэхээр нь би Хишигбаяртай хамт Болор-Эрдэний гэрт ирэхэд байшингийнх нь зүүн талынх нь хагарсан цонхны хажууд цэцэрлэгийн багш Санлигмаа баруун гартаа том чулуу барьчихсан зогсож байсан. Тэгээд Хишигбаяр “юу болж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ” гэсэн чинь “Болороо гэрээсээ гарч ирэхгүй байна” гэсэн. Тэгсэн чинь Хишигбаяр Болор-Эрдэнийг “гараад ир” гэж хэлээд гэрээс нь дуудсан ба Болор-Эрдэнэ хаалгаа онгойлгон гэрээсээ гарч ирсэн. Тэгсэн чинь Санлигмаа гартаа барьсан чулуугаараа Болор-Эрдэнэ рүү шидэх гэхээр нь Хишигбаяр чулуутай гарыг нь барьж авч болиулсан. Тэгсэн чинь Санлигмаа Болор-Эрдэнийг нүүр лүү нь цохих гээд самраад байсан чинь Хишигбаяр бид 2 хориглож болиулсан. Энэ үед Санлигмаа хөлөөрөө Болор-Эрдэнийг хөл рүү нэг удуу өшиглөсөн. Мөн Болор-Эрдэнийг “бөгсөө чирсэн авгай, янхан, гичий” гээд орилоод доромжлоод байсан. Тэгээд бид нар Санлигмааг Болор-Эрдэний хашаанаас гаргах гэсэн боловч гарахгүй байхаар нь Хишигбаяр бид 2 Санлигмааг үлдээгээд гэр лүүгээ орсон. Санлигмаа нь архи дарс хэрэглээгүй байх шиг байсан. Хажууд нь зогсож байхад ямар ч байсан архи үнэртэхгүй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 21-р ху/,

9.Гэрч Т.Сүнжидмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ дүү нараа хараад байж байхад гаднаас нэг танихгүй эгч орж ирээд “ээж чинь хаана байна” гэхээр нь би “ээж мэдэхгүй, гараад явсан” гэсэн чинь “ээжийгээ дууд” гээд уурлаад намайг загнаад “манай нөхөр танай гэрт ирсэн үү” гээд байсан. Тэгэхээр би “танай нөхрийг танихгүй шүү дээ манай гэрт ямар ч хүн ирээгүй” гэсэн чинь “ээжийгээ дууд дуудахгүй бол танай зурагтыг чинь хагална шүү” гээд байсан. Би гурил элдэж байсан юм. Тэгэхээр нь би айгаад өөрийнхөө утаснаас ээж рүү залгаад “танихгүй эгч орж ирээд таныг дууд” гээд байна “хаана байгаа юм бэ” гэхэд манай ээж надад хэлэхдээ “би хөдөө явж байна” гэж хэлсэн. Тэгээд би “ээжийг хүрээд ир” гэж хэлээд утсаар ярьж байхад миний гурил элдэж байсан гулууз модыг тэр танихгүй эгч надаас булааж аваад манай гэрийн унтлагын өрөөнд байсан хар өнгийн 32 инчийн зурагтын нүүрлүү цохиж хагалаад зурагт эвдэж хагалаад тэр эгч манай гэрээс гараад явсан. ...тэгсэн чинь тэр танихгүй эгч манай хашаанд гартаа чулуу барьчихсан ээжийг “гараад ир янхан минь, гичий минь” гээд орилоод байсан ба ээж гэрийнхээ цонхийг онгойлгоод цагдаа дуудсан. “Цагдаа ирэхээр уулзъя” гээд хөшгөө хаасан чинь тэр танихгүй эгч манай гэрийн цонхийг гаднаас нь чулуугаар шидэж хагалсан. Тэгээд ээж баруун талын цонхоор хажуу айлын Оомоо эгчийг дуудсан ба Оомоо эгч нэг танихгүй эгчтэй хамт ирээд тэр эгчийг явуулах гэсэн боловч явахгүй ээжийг цохих гээд байсан мөн хөл рүү нь өшиглөөд гартаа байсан чулуугаар цохих гээд байхад Оомоо эгч болиулсан. Тэгээд тэр эгч манай ээжийг гичий, янхан гэм мэтээр зөндөө доромжлоод дайраад байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/, 

10.Гэрч Б.Бүдрагчаагийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ урд айлд сууж байхад манай эхнэр орж ирээд “чи муу янхандлаа” гэж хэлээд чулуугаар миний толгой руу цохиод айлаас гарсан.  Би араас нь гарахад гадаа миний гар утсыг булааж авахаар нь утсаа булаацалдаж байгаад болиод гэртээ харьж юм буулгаад С.Болор-Эрдэнэ нь “өвөлжөөнөөс банз ачаад өг” гэсэн болохоор  банзыг нь ачиж өгөх санаатай очиход манай эхнэр Г.Санлигмаа, миний төрсөн дүү Б.Отгонбаяр С.Болор-Эрдэний 8-3 насны 3 хүүхэд байсан. Тэгсэн манай эхнэр намайг хараад намайг 2-3 алгадахаар нь би гэрээс гарахад араас манай эхнэр над руу чулуу шидээд байсан. Би тэгээд гэртээ хүрээд ирсэн. Тэнд юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. С.Болор-Эрдэнэ 2015 оны 10 дугаар сард намайг  айлын гадаа байхад нэг машинтай эмэгтэй ирээд “та мужаан мөн үү, би таниар юм хийлгэх гэсэн юм” гэж хэлээд миний дугаарыг авсан. Дараа нь С.Болор-Эрдэнэ надаар гэрийнхээ хашааны гүйдэг хаалгыг янзлуулсан. Хариуд нь надад 20,000 төгрөг нэг тамхитай өгсөн. С.Болор-Эрдэнэ нь өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэй байсан. Тэр үеэс хойш “өвөлжөө янзлуулах гэсэн юм, манай өвөлжөө рүү хамт яваад өгөөч” гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Тэгэхэд нь надад зав байхгүй, зав олдохгүй явж өгч чадаагүй. Хэрүүл маргаан болох өдрөөс 2-3 хоногийн өмнө “өвөлжөөн дээрээс мод ачаад өгөөч” гэж гуйж байсан. Тэгээд тэр өдөр би завтай байсан болохоор С.Болор-Эрдэнэ рүү залгаад “надад одоо зав гарчихлаа, банзыг чинь ачаад өгье, гэрт чинь очъё” гэж хэлсэн. Тэгж ярьчихаад айлд сууж байхад манай эхнэр орж ирээд чулуугаар толгой руу цохиод миний гар утсыг булаагаад авсан. Бид 2-н дунд ямар нэгэн эр эмийн харьцаа байхгүй. Би С.Болор-Эрдэнэтэй ажил мэргэжлийн холбоотой байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

11.Гэрч Б.Отгонбаярын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ найз Ууганаагийн гэрт очиж хүүхдийн палаж, туфель 2 аваад гэр лүүгээ буцаад явж байх замд хорооллын хүүхдийн тоглоомын талбайн хойд талд манай бэр эгч Санлигмаа таараад “чиний ах Будрагчаа, Болор-Эрдэнэ гэдэг хүүхэнтэй явалдаад байна. Тэр хүүхэн ах руу чинь хөдөөнөөс банз ачаад өг, хөлсөнд нь ямаа өгье гэж ярьсан байна.” гэснээ намайг дагуулаад явсан. Тэгээд бэр эгч Санлигмаа намайг “Болор-Эрдэнийн гэрт оч, 2-лаа тэдний гэр лүү явъя” гэж хэлээд намайг гэр лүү нь дагуулж явсан. Тэгээд бид 2 Болор-Эрдэнийн гэрт очиход 3 охин нь гэртээ байж байсан. Санлигмаа эгч тэр 3 хүүхэд рүү “танай янхан ээж чинь хаана байна” гэх мэтээр орилж хашгираад байсан. Тэгсэн нэг охин нь “манай ээж хөдөө явсан” гэсэн чинь Санлигмаа эгч Болор-Эрдэнийн гар утас руу залгаж “хаана байгаа” талаар асууж лавлахад  “хөдөө явж байна” гэж хариулсан. Тэр 2 утсаар хэрүүл маргаан хийсэн. Дараагаар нь Санлигмаа 3 охин руу нь орилж хашгарч байгаад “ээжийг чинь ирэхгүй бол зурагтыг чинь хага цохино” гэснээ нэг охин нь гурил элдэж байхад нь элдүүрийг нь булааж авснаа цаад унтлагын өрөөнд нь байсан хар өнгийн LD хавтгай дэлгэцтэй зурагтны дэлгэцний урд нүүрийг гурилын гулуузаар цохиж хагалсан. Тэгээд Болор-Эрдэнийн 3 охин айгаад уйлаад байхаар нь би санаа зовоод гэрээс нь гараад ирсэн. Тэгээд би гэрээс нь гарч ирээд түрүүлээд гэр лүүгээ явж байхад Санлигмаа эгч миний араас хүрээд ирсэн. Миний араас хүрч ирээд “Бүдрагчааг дахиж хайрлана, байгаа” гэх мэтээр харааж зүхэж байсан.   Манай ах Бүдрагчаа, Санлигмаа нар гэр бүл болоод 14-15 жил болсон. 2 хүүхэдтэй том нь 11 настай, бага нь 5 настай. Намайг ахын гэрээр орохоор гэр бүл гэсэн уур амьсгал нь нэг л хөндий хоорондоо сонин харьцаатай, эхнэр нөхрийн харилцаа байхгүй. Санлигмаа эгч ахтай байнга хэрүүл маргаан хийж “цагдаад өгнө, чамайг баривчлуулна, чамаас сална” гэх мэтээр хэрүүл маргаан хийж ахыг байнга стересстэй байлгадаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  № 164 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 

1.С.Болор-Эрдэнийн биед гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.             

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 37-р ху/,

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  № 175 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 

1.2.3.4.Г.Санлигмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

5. 2013 онд үзүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцаад Г.Санлигмаагийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөхөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

6. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 41-р ху/,

Шүүгдэгч Г.Санлигмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 54-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 47-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 48-49-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 50-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 51-52-р ху/,  хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, /хх 6-8-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх 11-р ху/,  эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл, /хх 12-р ху/,  гэмтээсэн эд зүйлсийн гэрэл зураг, /хх 13-14-р ху/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /15-р ху/, үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон баримт, /хх 32-р ху/,  Цагааннуур сумын  3-р багийн засаг даргын тодорхойлолт, /хх 53-р ху/,   шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 60-р ху/, хохирол нэхэмжилсэн баримт, /хх 80-81-р ху/,  зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Санлигмаа нь иргэн С.Болор-Эрдэнийг өөрийн нөхөр  Б.Бүдрагчаатай хардаж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Дунд гарамын 76 тоотод оршин суух С.Болор-Эрдэнийн байшингийн цонхийг чулуугаар хагалж, гэрт байсан “skyworth” маркийн 32 инчийг телевизорыг гурилын элдүүрээр цохин эвдэлж, хохирогч, С.Болор-Эрдэнэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох  хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл, гэмтээсэн эд зүйлсийн гэрэл зураг,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Санлигмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хавтаст хэрэгт хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Санлигмаад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээж, гэмшиж байгаа болон хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг  харгалзан үзэж хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Санлигмаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болох 2 ширхэг чулуу, 1 ширхэг гурилын элдүүр модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

                   Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гомбодоржийн Санлигмааг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”   гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмааг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Г.Санлигмаа нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.  

5. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  88-р зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болох 2 ширхэг чулуу, 1 ширхэг гурилын элдүүр модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Санлигмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Г.Санлигмаад сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Санлигмаад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

9.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар  шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НОЛХООСҮРЭН