Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 19

 

Н.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

 Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: А.*******

 Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шил угаагчаар ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 5/20 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Мөн намайг жирэмсэн байхад ажлаас халж Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн.

Иймд Завхан аймгийн МХГ-ын даргын 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 5/20 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг МХГ-ын шил, сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Н.*******ыг н.*******агийн ажлын байранд Нэгдсэн лабораторийн шил сав угаагчаар 2016 оны 6 сарын 6-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан. Анх ажилд ороход ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн А/06 тоот “аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нийт 45 ажилтантай, үүнээс лаборатори 4 ажилтантай батлагдсан. Нэгдсэн лаборатори нь лабораторийн эрхлэгч, хорио цээрийн шинжээч 1, нян судлагч 1, химич 1, лаборант, шил сав угаагч 1 нийт 4 орон тоотойгоор батлагдсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 3/219 тоотоор Завхан аймгийн Автозамын хяналтын улсын байцаагч М.*******, лабораторийн туслах ажилтан Н.******* нарын бакалаврын диплом зөрчилтэй болох нь шалгалтаар тогтоогдсон тул М.*******, Н.******* нарыг холбогдох хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна уу гэсэн тоот,

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2017 оны 1 сарын 16-ны өдрийн 001/004 тоот лавлагаагаар ....******* овогтой ******* нь Ургамал хамгаалал, хорио цээр хяналт үнэлгээ мэргэжлээр 2011 онд D201121584 дипломын дугаартай төгсөөгүй,

Нэгдсэн лабораторийн лаборант, шил сав угаагчийн ажлын байрны тодорхойлолтод дээд боловсролтой, хими биологийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн ажилтныг ажиллуулахаар батлагдсан ба Н.*******ын бакалаврын диплом зөрчилтэй, хуурамч болох нь шалгалтаар тогтоогдсон зэргийг үндэслэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга мэдэгдэх хуудсыг 2017 оны 02 сарын 01-ний өдөр өгсөн, улмаар ажлаас чөлөөлөх тушаал гарсан.

Нэгдсэн лабораторийн лаборант, шил сав угаагчийн ажлын байранд өмнө ажиллаж байсан н.*******а нь хүүхэд асрах чөлөөгөө дууссан ажилдаа орох хүсэлт өргөдөлөө гаргасан байна.

Мэдэгдэх хуудсыг өгснөөс хойш тушаал гарах хүртэлх хугацаанд Н.******* нь жирэмсэн тухайгаа хэлээгүй, жирэмсэн эсэхийг нотлох баримтаа үзүүлээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 2 сарын 22-ны өдрийн 5/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 06 сарын 06-ны өдөр М.*******агийн оронд түр ажлын байранд дээр шил сав угаагчийн ажилд орж томилогдсон. Намайг дипломын зөрчилтэй гэж ажлаас халсан. Шил сав угаагчийн ажлын байранд диплом хамаарахгүй. Хөдөлмөрийн хуулийг зөрчиж намайг жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн. Мөн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 03 сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацааны ажлын 64 өдөр байна. Тиймээс ажилгүй байсан хугацааны олговорт 1519815 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрх ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар шил сав угаагчаар ажиллаж байгаад 2017 оны 02 сарын 22-ны Б/20 тоот тушаалаар ажлаасаа  чөлөөлөгдсөн байгаа. Ингэж ажлаас нь чөлөөлөхдөө хууль хэрэглээний алдаа гаргаж буюу хууль зөрчиж тушаал гаргасан байна гэж үзэж байна. *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан. Гэтэл тухайн зүйл заалт дээр ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэдэг асуудлын талаар заагдсан байгаа. *******ыг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг хөндлөнгийн байгууллагаар тогтоолгоогүй байна. Хөдөлмөрийн хуульд жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлөхгүй гэсэн заалтыг зөрчсөн. Жирэмсэн гэдэг жирэмсэн эхийн хяналтын картаар нотлогдоно. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.  

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нөмрөг уулынхан овогт *******гийн *******ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторын шил сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1471869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож,  Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1471869 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 108700 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны Б/20 тоот тушаалаар лабораторын шинжээч, шил сав угаагч ажилтай Н.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж дараах үндэслэлээр халсан билээ.

Лабораторын шинжээч, шил сав угаагчийн ажлын байрны тодорхойлолт 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс өөрчлөгдөж дээд боловсролтой, мэргэжлийн хүн ажиллуулах шаардлагатай болсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтаар Н.******* нь хуурамч дипломтой болох нь тогтоогдож үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг ирүүлсэн. Хүүхэд асрах чөлөөтэй эхийн оронд түр ажиллаж байсан. /үндсэн ажилтан биш/ 

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй төрийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажилд түр орж лабораторын нарийн мэргэжлийн ажлуудыг хийж гүйцэтгэж байсан нь байгууллагын зорилтод нийцэхгүй байсан.

Ажлаас чөлөөлөх үед жирэмсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй зэрэг болно. Гэвч Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 261 тоот шийдвэрээр Н.******* ажлаас чөлөөлөгдөх үед жирэмсэн байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоогоогүй, Хөдөлмөрийн гэрээнд хүүхэд асрах чөлөөтэй эхийн оронд ажиллуулж байсан талаар тусгаагүй зэрэг үндэслэлээр Н.*******ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон байна.

Миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 261 тоот шийдвэрийг хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэж давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. 261 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн 2017 оны 02 тоот тэмдэглэлийг үнэлүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас батлагдсан бүтэц орон тоог өөрчилж шил сав угаагч гэсэн орон тоо байхгүй болсон. Оронд нь лаборант, шил сав угаагч давхар ажиллахаар өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдон 2 ажилтан ажиллах боломжгүй болсоны 1 нь ******* юм. Энэ тухай би *******д хэлж мэдэгдэх хуудас өгсөн.

Үүнээс гадна шил сав угаагчаар ажиллаж байсан ******* нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөгүй байсан. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан шаардлага хангасан хүн ажиллуулах ёстой. ******* нь энэ шаардлагыг хангаагүй буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн байсан учраас ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн.

Мөн анхан шатны шүүх хуралдааны үед ******* жирэмсэн хүнийг ажлаас халж Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэсэн асуудал ярьсан. Түүнийг ажлаас халах үед ******* жирэмсэн талаараа хэлж байгаагүй учраас мэдээгүй, хэрэг шүүхэд шийдэгдэх үед энэ байдал нь мэдэгдсэн.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалж *******ыг ажиллуулах боломжгүй байгаа юм гэв.

Нэхэмжлэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад дипломд заагдсан мэргэжлээр ажиллаагүй, намайг 2016 оны 6 сарын 6-нд гэрээ байгуулж ажилд ороход ажлын байранд мэргэжил заагдаагүй, бүрэн дунд боловсролтой байж болно гэсэн байсан.  Би 2017 оны 2 сард жирэмсэн болсон байсан. Тухайн үед ажлын ачаалал их эмнэлэгт үзүүлж баримтаар нотолж чадаагүй байсан. Давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шил сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н.*******ыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нэгдсэн лабораторын шил сав угаагчаар томилон ажилуулсан байх ба 2017 оны 02 дугаар сарын 22-ны Б/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 тоот “аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нийт 45 ажилтантай, үүнээс лаборатор 4 ажилтантай батлагдсан. Нэгдсэн лаборатор нь лабораторын эрхлэгч, хорио цээрийн шинжээч 1, нян судлагч 1, химич 1, лаборант, шил сав угаагч 1 нийт 4 орон тоотойгоор батлагдсан ... гэж,

“... нэгдсэн лабораторын лаборант, шил сав угаагчийн ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой, хими биологийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн ажилтныг ажиллуулахаар батлагдсан ба Н.*******ын бакалаврын диплом зөрчилтэй, хуурамч болох нь шалгалтаар тогтоогдсон, мөн нэгдсэн лабораторийн лаборант шил сав угаагчийн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан Н.*******а нь хүүхэд асрах чөлөөгөө дууссан орох өргөдлөө өгсөн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад “ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Н.******* нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар ажил олгогч нь нэхэмжлэгч Н.*******ын баклаврын диплом хуурамч болох нь тогтоогдсон, Н.******* нь хүний оронд түр ажилд орсон,  өмнө нь ажиллаж байсан Н.*******а нь хүүхэд асрах чөлөөгөө дууссан орох өргөдлөө өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгуулагын дээрх тайлбар нь Н.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй зөрүүтэй  байх ба хариуцагч тал тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлож чадаагүй гэж үзнэ.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Н.******* нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарах үед жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчиж тушаал гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ