| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
2021 07 26 0726202117.1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Хэлмэрч А.Ганхуяг /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.С,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугч овогт Б.Гд холбогдох эрүүгийн 2119000260041 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багт төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Чандмань илч” ОНӨХХК-ийн Зүүнбаян багийн уурын зуухны туслах машинист ажилтай, ам бүл 4, аав, дүү нарын хамт .............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тугч овогт Б.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-14 цагийн орчимд .......... тоотод оршин суух Х.Бнийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор буюу төмөр ашиглан, сейфных нь цоожийг хөшиж онгойлгон, 900.000 төгрөг бэлнээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Х.Бнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найз Ганзамтай тааралдсан. Би хүнээс тень худалдаж авсан ба хүнд байсан учир бид хоёр өргөөд манай гэрт аваачсан. Манайд ирээд бид хоёр юм ярьж байсан чинь Ганзам ганц юм уучихмаар байна гэхээр нь би гэрийн жижиг өрөөнд байдаг сейфнээс 16000 төгрөг өгч явуулсан ... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны 17 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хойд өрөөний цонх онгорхой, сейфны цоож нь зүүлтээстэй миний мөнгө хийсэн цэнхэр өнгийн желетка газар хэвтэж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн ... сейфы цоожийг юмаар цохисон юм шиг харагдаж байсан. Намайг тэнд мөнгө хадгалж байсныг манай найз Ганзам л мэдэж байсан, өөр хүн мэдээгүй ... Миний хувьд Ганзамаас 900.000 төгрөгөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 59 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Гын өмсөж явсан гэх шар гутал манай хүргэн Оын гутал юм. Гэрээс явахдаа Б.Г нь манай хүргэний гутлыг аваад явчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Х.Бнэтэй таарч, гэрт нь хамт очсон. Тухайн үед надад 16.000 төгрөг өгсөн. Тэр үед би сейфэнд мөнгө байгааг нь харсан. Тэгээд бид хамтдаа гараад Доншен орчхоод буцаад дэлгүүр орж, нэг архи болон ундаатай авчхаад манай ээжийн нэр дээр байдаг эзэнгүй байранд очиж, дээд айлын Сүхбатыг дуудаж, хамт архи уусан. Тэгээд Бнэ явсан ба би орой нь гадуур хүмүүстэй архи ууж байгаад Оын гэрт унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө нь сэрээд үлдсэн архийг уугаад гараад явахдаа өөрийнхөө гуталтай андуураад хүний шар өнгийн хагас түрийтэй гутлыг нь өмсөөд гарсан байсан. Тэгээд би гэртээ очиж байж байгаад 12-13 цагийн хооронд гарсан ба гадуур явж байгаад Бнэтэй таарахад хадмынх руугаа явж байна гэсэн. Тухайн үед миний уусан архи гараагүй байсан тул гэрт нь очиж нөгөө мөнгийг нь хулгайлж архи авч ууя гэж бодоод гэр рүү нь явсан. Тэгээд би байшингийнх нь баруун талын өрөөний порчиг нь онгорхой байхаар нь тэрүүгээр дотогш орж, гэрийнх нь үүдэнд байсан гутлын төмрийг аваад сейфны зүүдэг цоожийг нээгээд дотор нь байсан цэнхэр өнгийн хантаазнаас мөнгийг нь авсан. Тухайн үед нэлээд их хэмжээний 20 мянгатын дэвсгэртүүд байсан ба яг хэдэн төгрөг байсныг тоолж үзээгүй. Тэгээд би мөнгийг аваад буцаад орсон цонхоороо гарсан. Би хулгай хийхдээ ганцаараа явсан ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Х.Бнэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 54, 214-215 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/009 дугаартай шинжээчийн “... Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 06, 12 дугаартай гутлын мөртэй Б.Гаас хураан авч ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна. Гутлын мөр нь 32 см урттай, 43 размерын өмсгөлтэй гутал байна. 180 см орчим өндөртэй хүн байна. Ажлын гутал байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын 13 дугаартай “... Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. Б.Г нь өөрийн хийж буй үйлдлийг зөв тусган авч удирдах чадвартай. Б.Г нь болсон зүйлийг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 40, 91-93 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу,эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгчдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-14 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн 301-3 тоотод оршин суух Х.Бнийн гэрийн цонхоор нэвтэрч, сейфных нь цоожийг төмөр ашиглан хөшиж онгойлгон, 900.000 төгрөг бэлнээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Х.Бнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэртээ ирэхэд хойд өрөөний цонх онгорхой, сейфны цоож нь зүүлтээстэй миний мөнгө хийсэн цэнхэр өнгийн желетка газар хэвтэж байсан. ... сейфы цоожийг юмаар цохисон юм шиг харагдаж байсан. Намайг тэнд мөнгө хадгалж байсныг манай найз Ганзам л мэдэж байсан, өөр хүн мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Гын өмсөж явсан гэх шар гутал манай хүргэн Оын гутал юм. Гэрээс явахдаа Б.Г нь манай хүргэний гутлыг аваад явчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/009 дугаартай шинжээчийн “... Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 06, 12 дугаартай гутлын мөртэй Б.Гаас хураан авч ирүүлсэн гутлын мөртэй тохирч байна. Гутлын мөр нь 32 см урттай, 43 размерын өмсгөлтэй гутал байна. 180 см орчим өндөртэй хүн байна. Ажлын гутал байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан, хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй, эдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Зүүнбаянгийн 301-3 тоот нь хохирогчийн амьдардаг орон байр учир шүүгдэгчийг хохирогчийн орон байранд хууль бусаар буюу салхивч цонхоор нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмөр хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн, хагас түрийтэй, үдээстэй гутал 1 хосыг Оад/гэрч Оын хүргэн/, гутал уллагч төмөр 1 ширхгийг хохирогч Х.БаянЭрдэнэд тус тус олгож, цагаан гялгар өнгийн цоожны хэсэгт нь RED SUN гэсэн бичигтэй цоож 1 ширхгийг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тугч овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн, хагас түрийтэй, үдээстэй гутал 1 хосыг гэрч Оад/гэрч Оын хүргэн/, гутал уллагч төмөр 1 ширхгийг хохирогч Х.Бнэд олгож, цагаан гялгар өнгийн цоожны хэсэгт нь RED SUN гэсэн бичигтэй цоож 1 ширхгийг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН