| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа
Улсын яллагч Л.Э
Хохирогч Б.Б
Шүүгдэгч С.Д, А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, С.Д нарт холбогдох эрүүгийн 2125000000152 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ү овогт С.Д
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт А.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Дийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Бын нүүрэн тус газарт нь мөргөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Б 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Бын нүүрэн тус газарт нь мөргөх, цээж болон нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дий мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээж байна. Батболдыг нэг удаа мөргөсөн. Унаж хамар амнаас нь цус гарсан байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батцогтын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад намайг мөргөхөөр нь би цохиж зодсон. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Бын мэдүүлсэн.... Гэтэл гудамжинд өнгийг нь сайн санахгүй байна микро автобустай 2 залуу гудамжинд шээгээд зогсож байсан ба тэр залуучуудын хажуугаар явж байхдаа би 1 өндөр залуутай нь маргалдахад намайг хажууд нь шээгээд зогсож байсан залуу мөргөөд унагаачихсан. Тэгээд би босож ирээд чи яаж байгаа юм бэ гээд тэр залуутай маргах гэтэл тэнд байсан миний анх маргалдсан залуу намайг аваад гэр рүү явж байсан ба уг залуу намайг гэнэт нүүр рүү цохин доош нь дарж байгаад миний нүүр, цээж рүү өшиглөж зодсон... Иймд би шүдээ хийлгэх 1,600,000 төгрөг рентген зураг авхуулсан 20.000 төгрөг нийт 1,620,000 төгрөг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч Ж.Н мэдүүлсэн... “Би тэр үед харанхуй бас өөр тийшээ харж байсан болохоор С.Д гэх хүн Б ахын яг хаана нь мөргөсөн талаар би харж чадаагүй. Гэнэт л чимээ гарахад нь эргээд харахад Батболд ахыг мөргөчихсөн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд дараа нь Батцогт ах Батболд ахыг зодсон бөгөөд энэ үед нь Батболд ахын нүд хавдаж, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
-Гэрч Б.Д мэдүүлсэн: “...Манай нөхөр орж ирэхдээ түүний зүүн нүд хавдсан, зүүн шанаа хавдсан, уруул дээрээ болон доороо язарсан ам болон хамраас нь цус гарсан, духны зүүн хэсэгт зуларсан байдалтай орж ирсэн. Би нөхрөөсөө болон дүү Нямхайнямуугаас юу болсон талаар асуухад гэр рүүгээ явах замд нь хүмүүс нийлж зодсон гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 235 дугаартай...Б.Бын биед дээд зүүн 5 дугаар шүдний булгаралт, зүүн нүдний алимын салст, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, дээд зүүн 4 дүгээр шүдний эмтэрсэн хугарал, дээд уруулын дээр, эрүүний зүүн хэсэг, зүүн тохой, зүүн ташаанд зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн ямар ч чиглэлд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд зүүн 5 дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээд зүүн 5 дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 зааснаар, зүүн нүдний алимын салст, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, дээд зүүн 4 дүгээр шүдний эмтэрсэн хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруулын дээр, эрүүний зүүн хэсэг, зүүн тохой, зүүн ташаанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт/ хх-ийн 32-34-р хуудас/,
-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн: “...24-р шүд гэдэг нь дээд зүүн 4-р шүд, 25-р шүд гэдэг нь дээд зүүн 5-р шүдийг хэлнэ. Хүний шүдний ойролцоо мөргөхөд мөргүүлсэн газарт арьсны гадна талдаа цус хуралдаад, дотор талдаа язралтууд үүсэж болно. Мөн мөргүүлсэн шүд эмтэрч хугарах, булгарч болно. Мөргүүлсэн газрын ойролцоо хүрэхэд эмзэглэлтэй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/
-Хохирогч Б.Бын амбулаторын картын хуулбар /хх-ийн 74-77-р хуудас/, яллагдагч нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22-23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн нутаг дэвсгэрт Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхдаа гудамжинд согтуурсан байдалтай тааралдсан шүүгдэгч С.Дтэй маргалдаж С.Д нь Б.Бын нүүрэн тус газарт нь мөргөж, шүүгдэгч А.Бнь Б.Быг салгаж хүргэж өгөхөөр авч явж байхдаа нүүрэн тус газарт нь мөргөх, цээж болон нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож биед нь дээд зүүн 5 дугаар шүдний булгаралт, зүүн нүдний алимын салст, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, дээд зүүн 4 дүгээр шүдний эмтэрсэн хугарал, дээд уруулын дээр, эрүүний зүүн хэсэг, зүүн тохой, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч С.Д нь гудамжинд тааралдсан Б.Бтой үл ялих зүйлээр шалтаглан мөргөж,улмаар А.Бнь хохирогчийг хүргэж өгөх гэж сугадаж явж байхдаа мөргөх, өшиглөх зэргээр зодсоны улмаас Б.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч Ж.Намхайнямбуугийн ...2021 оны 3 дугаар сарын 22-ны орой...хүргэж өгөхөөр Батболд ахыг аваад гэрээс гарсан...замд микро автобустай хүмүүс зогсож байснаа тэд нарын хашаа руу шээж байсан саарал үстэй залуутай Батболд ах маргаж байхад тэр залуу Батболд ахыг мөргөөд машиныхаа хажуу руу унагаачихсан.Тэгээд Батболд ахыг Оросоо гэх ах бид 2 өргөж босгоод 2 талаас нь сугадаад гэр рүү нь явж байтал ...Оросоо ах чи муу овоо гар вэ гээд Батболд ахын толгой руу нь заамдаж байгаад мөргөөд доош нь дарж байгаад цээж болон нүүр рүү нь олон удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй, өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэлд санаа зорилго үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн шинж илрээгүй тус тусдаа үүссэн санаагаар үйлдсэн байх тул зүйлчлэл үндэслэлтэй.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар болон хохирогч согтуурсан байсан. Шүүгдэгч нар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт саналдаа, гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөрийг төлнө гэжээ.
Шүүгдэгч С.Д, А.Бнарын бусдыг санаатай зодож хохирол учруулсан эдгээр үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Д, А.Бнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаараа маргахгүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан хохиролыг шүүгдэгч нар нөхөн төлөөгүй байх тул шүд хийлгэх эмчилгээний зардал 1,620,000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ү овогт С.Д, Б овогт А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б 1 сар 15 хоногийн хугацаагаар, С.Дийг 2 сарын хугацаагаар тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батцогт, С.Д нар оногдуулсан ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Батцогт, С.Д нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч А.Б, С.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батцогт, С.Д нараас тус бүр 810,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б /Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 02-19 тоот, ТА89042817, утас:95272657/-т олгуулсугай.
7. Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ