| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00159/И |
| Дугаар | 00191 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1966 оны 07 дугаар сарын 29-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р баг, 4-р хэсгийн №212-р точект оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /МЯ:66072901/ Шавай овогт Мишкагийн Дариймаагийн гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Дариймаа
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Дариймаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь 1984 онд 10 дугаар анги төгссөн бөгөөд 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн 1-р фермд саальчнаар ажилласан. Уг нь хөдөлмөрийн дэвтэр дээр бүрэн бичилт хийсэн байгаа боловч ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн 1-р фермд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх М.Дариймаагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч М.Дариймаа нь тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн 1-р фермд 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон №113527 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-2 дугаар хуудас/, 1984 онд хамт олноороо авахуулж байсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 3 дугаар хуудас/, 1992 онд Баруунхараагийн сангийн аж ахуйн Захиргаанаас шагнагдаж байсан тухай Дурсамж /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Т.Тогтохбаяр, Л.Дэлгэрмаа, Л.Долгорсүрэн нарын тодорхойлолт, гэрч Л.Долгорсүрэн, Т.Тогтохбаяр, Л.Дэлгэрмаа нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд М.Дариймааг Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн 1-р фермд 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шавай овогт Мишкагийн Дариймааг Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн 1-р фермд 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.