Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/573

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт М-ийн М--д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105013111106 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймаг Дуут суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, .... ХХК-д оператор ажилтай, ... аймаг ... сум ... дугаар баг ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... байр ...  тоотод түр оршин суух,

урьд Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б овогт М-ийн М-. /РД:ГЮ91052735/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч Б.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун бугалга, зүүн тохойн үенд цус хуралт, баруун сарвууны ядам хурууны үенд цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч М.М- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч Б.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Б.Ө-ийн “Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн орой 20 цагийн үед манай хамтран амьдрагч М Баянгол дүүргийн 18 дугаар хороо ... байрны ... тоот гэрээсээ найзуудтайгаа уулзана гэж хэлээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед М над руу залгаад найзындаа Дэнжийн 1000-д байна хүрч ирээд авах боломж байна уу гэхээр нь би ганцаараа такси бариад очиход манай нөхөр М дунд зэргийн согтолттой найзуудтайгаа дахиж нэмж уух гээд байхаар нь би хүлээж чадахгүй гээд бага зэрэг маргалдаад буцаад машинаа аваад гэртээ харьсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ байж байхад М дунд зэргийн согтолттой, шартсан байдалтай орж ирээд намайг аваад явахгүй, яагаад үлдээгээд явчихсан юм гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгээд би маргалдаж байгаад Мыг гар гээд нүүр лүү нь 1 удаа алгадаад, түлхээд гэрээс гаргасан. Тэгэхэд намайг үстэж аваад газар унагаагаад зууралдаад байж байхад манай хажуу айлын эгч гарч ирээд цагдаад дуудлага өгөөд би Мыг чемодантай хувцсыг нь өгөөд хөөгөөд явуулсан байгаа.

          ... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хамтран амьдрагч надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6044 дугаартай:

          “1. Б.Ө-ын биед зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун бугалга, зүүн тохойн үенд цус хуралт, баруун сарвууны ядам хурууны үенд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зүүн шагайн гадна үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

          М.М-ын яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр найзындаа уугаад гадуур хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед гэртээ ирсэн боловч гэрт оруулаагүй орцод унтаж байгаад 22 цагийн үед хаалга онгойлгоод гэртээ орсон.

          Тэгээд гэртээ ороод гадаа унтууллаа, ирээд авахгүй яасан юм гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр урдаас цүнхтэй хувцас шидээд алгадаад чихнээс зулгаагаад байхаар нь хоёр гараас нь барьж байгаад түлхсэн. Тэгсэн намайг дахиад алгадахаар нь үснээс нь зулгаагаад унагаасан. Тэгээд би гэрээс гараад явсан. Би хохирогч Б.Ө-тай маргалдаад гараас нь барьж байгаад түлхсэн. Нэг удаа үстэж унагаахад уг гэмтлүүд үүссэн байх. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохирогч Б.Ө-аас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн байгаа. Шаардлагатай эмчилгээг хийлгэж өгсөн байгаа. Ийм үйлдэл хийсэндээ үнэхээр гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч М.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Ө-ийн “... сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд цаашид гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” хүсэлт /хэргийн 95 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ