Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/572

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Д-ын А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001166 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ын А-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А- нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод Б.Б-ийн толгой хэсэг рүү аяга чулуудан улмаар түүний биед дагзанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Д.А- нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...а дугаар байрны ... тоотод Б.Б-ийн толгой хэсэг рүү аяга чулуудан улмаар түүний биед дагзанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Б.Б-ийн “2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Love нэртэй бааранд танилцсан А гэх залуутай маргалдаж түүн рүү ууж байсан пивоо цацахад миний өөдөөс стакан шидэж миний толгойг гэмтээсэн.

          Тухайн үед би болон А нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд А нь миний гуяыг илсэн шалтгаанаас болоод маргаан үүссэн юм. Миний бие шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр учирсан гэмтлийг А гэх залуу шилэн стакан миний толгой руу шидэж учруулсан юм.

          ... Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд эмчилгээнд шаардлагатай төлбөрийг А гэх залуугаас гаргуулан авсан. А нь надаас уучлалт гуйсан учир ямар нэгэн гомдолгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

          Гэрч Х.Н-гийн “Би найз Б-тэй хамт 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Love бааранд орсон. Тэгээд тэндээ байж байгаад үл таних 3 залуутай танилцсан бөгөөд тэр 3 залуутай хамт баарнаас 00 цагийн орчим гараад Баянгол дүүүргийн 2 дугаар хороо ...а байрны ... тоотод тэр 3 залуугийн нэгнийх нь гэрт очсон.

          ... Тэгээд тэр залуучуудын нэг нь манай найз Б-ийн гуяыг илээд үзэх юмсан гээд байсан. Тэгтэл манай найз Б- үгүй гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан бөгөөд тэр гэрийн эзэн гээд байсан залуу манай найз Б-ийг гахай минь чамаар яадаг юм гээд байсан. Тэгтэл манай найз Б- ширээн дээр байсан аягатай пиво аваад нүүр лүү нь цацсан. Тэгтэл тэр залуу ширээн дээрээс аяга аваад Б- рүү шидсэн бөгөөд Б- бултаж чадаагүй толгойн хэсэгт нь онож толгойг нь хагалсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

          Гэрч А.Г-ын “... Аын гэрт очоод байж байхад А нь Б- гэх эмэгтэйтэй “чи өөрийгөө хэн гэж бодсон юм бэ, зайл” гэх мэтчилэн маргалдаад байсан бөгөөд намайг тамхи татах гээд тагтан дээр байхад шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд юу болсон гээд ороод ирэхэд Б- гэх эмэгтэй бие засах өрөө рүү орчихсон бөгөөд би Ат хандаж “чи юу болчихвоо, яагаад байгаа юм бэ” гэж асуухад “наад хоёр охидуудаа аваад зайл” гэж хэлсэн. Улмаар бид хоёр уг шалтгаанаас болж маргалдаж, барьцалдаж аваад удалгүй би гэрээс нь гараад яваад өгсөн юм.

          ... Би ямар байдалтай байсныг харж амжаагүй. Ат хандаад “чи миний толгойг хагалчихлаа” гэж яриад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийснэ шүүх эмнэлгийн шинжилгээ №7499 дугаартай:

          “1. Б.Б-ийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

          Хүний биед үзлэг хийсэн “Б.Б-ийн толгой цагаан өнгийн боолттой байх бөгөөд /толгойн зулай хэсэгт олон тооны оёдол тавьсан, боолт хийлгэсэн, бохир оруулж болохгүй гэж хариулж байв/ өөр биед нь ил харагдах шинэ шарх, сорви гэмтэл байхгүй байв” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

          Д.А-ын яллагдагчаар өгсөн “Миний бие 2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо ...а байрны ... тоот гэртээ Б- гэх бааранд танилцсан эмэгтэй маргалдаад над руу ууж байсан пивоо цацахаар нь би түүн рүү стакан аваад шидэж толгойг нь гэмтээсэн юм.

          ... Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Б-ийн “... миний бие ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Атай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ