Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/559

 

 

 

 

 

 

 

 

 2021             8           30                                       2021/ШЦТ/559

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Жагар овогт М-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105010990994 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...  дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Жагар овогт М-ийн М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М- нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн гадна “манай дүүг хорихгүйгээр асуудлыг нь шийдээд өгөөч гэж гуйсаар байгаад 5,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөг болголоо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар иргэн Э.Ж-оос Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Good нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын гадна 3,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “хохирлыг нь өгөхгүй бол болохгүй” гэж дансаар 240,000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч бусдад нийт 3,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч М.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хаан банкны харилцагч Эрдэнэбилэгийн Ж-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

          Хохирогч Э.Ж-ын “2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн өглөө би М- ахтай уулзсан. Өглөө М- ах над руу .... дугаараас миний .... дугаар руу залгаад би 19 үйлчилгээний төвийн урд байрлах UB city hotel-д байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би тэр газарт нь очсон. Намайг очиход М- ах болон дүү Д-ийн хамт байсан.

          Бид гурав уулзаад буудалд нь хоол идчихээд буудалд нь ороод байж байтал М- ах надад хандаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дуудаж байна, ирээд уулзаадхаач гээд байна, ямар нэгэн юм болсон юм шиг байна, ямар ч байсан очоод уулзъя гээд бид гурав буудлаас гараад Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон.

          Тэгээд орох гэтэл М- ах намайг байж бай, би ороод уулзаад ирье, чи яваад KFC хоолны газраас хоол аваад ир гэсэн. Тэгээд би KFC хоолны газраас гэр бүлийн багц авч ирсэн. Тэгтэл М- ах гэр бүлийн багцаа авч ороод 30 орчим минут болоод эргэж гарч ирсэн. Гарч ирээд ороод уулзчих, 1 давхарт Г- гээд хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэлтэс рүү нь ороод 1 давхарт Г- гээд хүнтэй уулзсан ба тухайн хүн нь чи цахимаар Poker тоглуулсан юм уу чи, өөрөө мэдэж байгаа биздээ гэж асуусан. Тэгээд надаас иргэний үнэмлэх байгаа эсэх талаар асуухад байхгүй гэхэд намайг дагуулж гадагшаа гараад хойш талаар нь ордог фитнесс заал руу оруулсан. Заал дотор ороход нэг үл таних энгийн хувцастай хүн байсан. Тэр хүнд энэ нөгөө хүн байна гэж хэлээд гараад явчихсан. Тэгтэл тэр энгийн хувцастай хүн нь чи яагаад ийм зүйл хийгээд байдаг юм, эхнэр хүүдээ зүгээр ажил хийгээд тэжээж болдоггүй юм уу гэх зэргээр зөвлөгөө мэт зүйл хэлсэн. Тэгтэл гаднаас Г- нь орж ирээд наадахаа одоо хорь гээд намайг авч гараад эрүүлжүүлэхийн үүдэнд байж байтал М- ах над руу залгаад хаана байгааг асуусан. Тэгэхээр нь би эрүүлжүүлэхийн энд байна гэхэд М- ах хүрээд ирсэн. М- ах ирээд Г-тай манай дүү ш дээ, яг яасан юм, юу болсон юм бол гэж асууж байсан. Тэгтэл Г- гэх цагдаа нь танай ах мөн юм уу гэхээр нь манай ах гэж хэлэхэд араас дагаад яв гээд өрөө рүүгээ дагуулаад явсан. Өрөөнд нь ороод манай дүү байгаа юм хорихгүйгээр шийдэж болохгүй юм уу, туслаач гээд ярьж байсан. Тэгтэл Г- нь надад хандаж битгий хууль бус юм хийгээрэй гээд ажил хийж амьдар гээд намайг өрөөнөөс гаргасан. Намайг өрөөнөөс гарахад М- эх дотор үлдсэн ба гарч ирээд би уулзъя, чи машиндаа сууж бай гэж хэлсэн. Гадаа машинд сууж байтал М- ах гарч ирээд ах нь манай дүүг хорихгүйгээр асуудлыг нь шийдээд өгөөч гэж гуйсаар байгаад 5,000,000 төгрөг гэснийг нь 3,000,000 төгрөг болголоо, одоо энэ мөнгийг нь олоод өгье гэж надад хэлсэн. Тэгээд тэндээс бид гурав гараад мөнгө хайсан ба би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талд байрлах Good luck нэртэй ломбард ороод өөрийн I phone 12 pro max маркийн гар утас, монетон хүзүүний гинжээ барьцаанд тавиад 3,000,000 төгрөг авсан. Тэгээд тэр мөнгөө би тэндээ М- ахад өгөөд явуулсан ба М- ах надад хэлэхдээ цагдаад мөнгийг аваачаад өгье, тэгээд яръя гэж хэлсэн.

          М- ахтай хамт дүү Д- нь хамт явсан ба би тэндээ найзтайгаа уулзаад болсон асуудлаа яриад байж байтал М- ах хүрч ирээд мөнгө чинь дутуу байна ш дээ, чи хүний нэр баастлаа гээд уурлаад байсан.

          Тэгтэл ломбардын хүн надад 1,000,000 төгрөг дутуу өгсөн байсан ба ломбардын хүн рүү утсаар залгаад мөнгө дутуу өгсөн талаар хэлэхэд миний данс руу 1,000,000 төгрөг хийсэн.

          Би тэр мөнгийг Дүүхээ төвийн зүүн талын Хаан банкны АТМ-с бэлнээр нь авч М- ахад өгөөд явуулсан. Энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараа М- ах над руу ахиж залгаад Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дахиад 2-3 гомдол байгаад байна, чи тэр хүмүүсийнхээ гомдлыг барагдуул гэж хэлсэн.

          Тэр үед М- ах нь надад 240,000 төгрөг болж байна, би очоод уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би та очиж уулзах юм бол би таны данс руу мөнгийг нь хийе гээд М- ахын Хаан банкны .......  дугаарын данс руу 240,000 төгрөгийг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө орчим явж байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Тэр үед манай ажлын газрын хүн болох Анхмаа нь надтай хамт явж байгаад юу болоод байгааг нь асуухаар нь би болсон асуудлын талаар хэлэхэд худлаа юм биш үү, хоёулаа цагдаа оръё гээд бид хоёр хамтдаа Нийслэлийн Цагдаагийн газар орж Анхмаагийн таньдаг хүнээр нь асуулгахад над дээр ямар нэгэн гомдол шалгагдаагүй байна гэсэн. Тэгээд би энэ талаар мэдээд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод даргаас нь асуугаад болсон зүйлийн талаар хэлээд гомдлоо гаргасан.

          Би нийт 3,240,000 төгрөгийг М- гэх хүнд өгсөн. Уг мөнгөний 3,000,000 төгрөгийг нь бэлнээр, үлдсэн 240,000 төгрөгийг нь дансаар өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

          Гэрч Х.Г-ын “... Намайг хаалгаар орж ирсэн чинь сайн байна уу та гэхээр нь би хэн билээ гэсэн чинь С-гийн найз байнаа гэхээр нь ямар асуудлаар явж байгаа билээ гэсэн чинь Буянхишиг байцаагчтай уулзах гээд явж байна гэсэн.

          Тэгээд би цаашаагаа өрөөндөө ороод сууж байсан чинь араас орж ирээд манай дүү буруу хүмүүстэй нийлээд яваад байгаа юмаа. Өмнө нь Дарханд цахимаар Poker тоглуулж байгаад больсон юм. Одоо бас буруу хүмүүстэй нийлэх гээд байгаа юм, та нэг болохгүй гэдгийг нь хэлж яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би гайхаад танай ямар дүү юм гэсэн чинь би оруулаад ирье гээд өрөөнд дагуулаад ороод ирснээ манай хамаатны дүү байгаа юм гэхээр нь хамт дагуулж орж ирсэн залуугаас нь М-гийн хажууд чи ямар дүү нь юм гэсэн чинь би хамаатны дүү нь байгаа юмаа ахаа гэсэн.

          Тэгэхээр нь би Б-г дүүгээ үнэхээр нь гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлж хуулийг нь ойлгуулж хэлүүлэх гэж байгаа юм байна гэж бодоод тухайн үед Poker тоглоом хууль бус зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээж шоронд ч орох аюултай, гэж тайлбарлаж хэлсэн. Тэр үед Poker тоглоом тоглуулдаг нь хууль бус болохоор энэ талаар хэн нэг эрүүгийн төлөөлөгчид хэлж мэдээ мэдээлэл авахуулах гэж нөгөө залууг дагуулаад эрүүгийн тасгийн мөрдөгч нараас байна уу гээд харсан чинь коридорт эрүүгийн мөрдөгч дэслэгч Даваанямтай дайралдаад энэ манай нэг танилын хамаатны дүү нь байгаа юм, Дарханд өмнө нь Poker тоглуулж байсан юм гэнээ, чи хууль бус гэдгийг нь тайлбарлаж ойлгуулаад анхааралдаа нэг аваад мэдээ мэдээлэл байвал сонсооч гэсэн чинь дэслэгч Н- би доошоогоо бэлтгэлийн зааланд орж бэлтгэлээ хийх гэж байна, та араас орж ирээд уулзуулчих гэсэн.

          Тэгээд би буцаж орж өрөөгөө түгжчихээд нөгөө залууг нь дагуулаад хэлтсийн доод талын бэлтгэлийн зааланд очоод Н-д нөгөө түрүүний хэлсэн залуу чинь энэ гэж хэлчхээд өрөө рүү буцаж орж бичиг цаасаа эмхэлчхээд буцаад бэлтгэлийн зааланд орсон чинь нөгөө залууд Н- Poker тоглоом бол хууль бус, өдий залуу хүн хууль бус юм хийж болохгүй, ах чинь чамайг хууль бус юманд битгий ороод битгий муу хүмүүстэй нийлж бай гэж хэлсэн. Тэр үед би Эрүүлжүүлэх саатуулах байрыг 2 цаг тутам шалгадаг бөгөөд уг цаг нь болчихсон байсан учраас Эрүүлжүүлэх байрыг шалгахаар орохдоо М-гийн дүү гэх залуутай хамт явсан. Тэгээд Эрүүлжүүлэх байрнаас гарч ирэхэд М- ирчихсэн дүүгээ дагуулаад явсан. Тэгээд буцаж өрөөндөө ороод Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 8 дугаар байранд байрлах хаягаар явсан. Тэгээд явж байхад гар унтарсан байсан ба хаягаараа орчхоод буцаад ажил дээр ирээд өрөөндөө материалаа орхиод хэлтсийн үүдээр гарсан чинь мөрдөгч Х- зогсож байхаар нь Х-той юм яриад зогсож байсан чинь гэнэт Б- өөдөөс гарч ирснээ манай дүүд буруу замаар орж болохгүй гэдгийг хэлж өгсөнд баярлалаа, хамт явж жаахан юм уух уу гэхээр нь би завгүй ажил ихтэй гэсэн чинь за за гээд яваад өгсөн.

          Өнгөрсөн жилийн намар манай найз С- нэг удаа манай таньдаг хүн хүнд залилуулсан юм, хэрхэн өргөдөл бичиж хаана гаргах талаар хэлээд өгөөч гэсний дагуу нэг удаа уулзсан. Түүнээс хойш огт холбоогүй байсан. Тухайн өдөр хүртэл би таниагүй. Гэхдээ С-гийн найз байна гэж хэлэхэд нь санасан.

          Би Ж- гэх хүнийг огт танихгүй. Харин дараа нь М-гийн манай дүү гэж байсан хүнийг Ж- гэдгийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас,

 

          М.М-гийн яллагдагчаар өгсөн “Би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү ороод байж байтал зүс таних Г- гэх ахмад цолтой цагдаатай таарсан. Тухайн залуутай би найзаараа дамжуулж танилцаж байсан.

          Г- бид хоёр нэгнийгээ зүс танина. Тэрнээс байнга холбоотой байдаг хүмүүс бишээ.

          ... Г- нь надаас чи юун хүүхэд дээрээс хойш дагуулаад яваад байгаа юм гэж асуухаар нь би манай үеэл дүү байгаа юм гэж хэлсэн. Би тэгээд манай дүү онлайн Poker ажиллуулаад байна, дахиж ажиллуулна гээд байна, чи нэг хэлээд өгөөч, миний үгийг авахгүй юм гэж хэлсэн. Тэгтэл Г- дүү чинь мөн юм уу гэхээр нь би мөн гэж хэлсэн. Тэгээд Г- зөвшөөрсөн ба би Ж-ыг ороод ир гэж дуудсан. Би Ж-ыг орж ирэхээр нь зөрөөд гараад явчихсан ба машиндаа сууж байгаад Ж- руу залгахад утас нь болохгүй байж байгаад нэг дуудаж байхаар нь ярьтал ахаа намайг Poker ажиллуулаад байвал ял шийтгэлтэй гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа талаар нь асуухад хажуу талд байна гэж хэлсэн. Тэгээд би хэлтсийн хойд талаар нь ороод байдаг фитнесс заал руу орсон ба тэр үед Г- гарч ирээд би нэлээн сайн хэллээ, ойлгох байх гэж хэлсэн.

          Тэгээд Г-, Ж- бид гурав хамтдаа Г-ын өрөө рүү нь орсон ба өрөөнд нь ороод дахиж Poker тоглоом тоглуулж болохгүй талаар хэлээд гаргасан. Ж- бид хоёр машиндаа суугаад надаас яах уу гэж асуухаар нь би за түр байж бай гэж хэлээд машинаасаа буусан. Тэгээд эргэж машиндаа суугаад би Ж-т хандаж чамайг 3,000,000 төгрөг өгчих юм бол гайгүй өнгөрөөе гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Ж- нь тэгье гээд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбард ороод гарч ирэхдээ цаасанд хийсэн мөнгө өгсөн ба тэрийг нь би аваад Ж-ын хамт Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс ороод үүдэнд нь байж байхдаа нууцаар мөнгийг нь дүүдээ өгсөн. Тэгээд эргэж Ж- дээр очоод өгчихлөө, болчихлоо гэж хэлээд явсан. Ж- нь намайг гэрийн гадаа буулгасан ба би дүүтэйгээ ярихад 1,000,000 төгрөг дутаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж- дээр эргэж Өргөө кино театрын урд очоод мөнгө чинь дутуу байна гээд эргүүлээд боодолтой мөнгийг нь өгөхөд яагаад дутуу байгаа юм бол гээд ломбардынхаа хүн рүү утсаар ярьсан. Тэгтэл нөгөө ломбардын хүн нь дутуу мөнгө өгсөн байна гээд ломбардын хүнээсээ мөнгөө аваад надад 3,000,000 төгрөг болгоод өгсөн. Би тэр мөнгийг нь авсан ба Ж- Өргөөгийн урд үлдсэн. Би тухайн цагдаагийн албан хаагчид мөнгө өгсөн асуудал байхгүй. Мөн цагдаагийн ахмад Г- нь надаас мөнгө аваад өг гэж хэлсэн зүйл байхгүй. Би өөрөө худал хэлж Ж-оос 3,000,000 төгрөгийг авсан. Мөн 3,000,000 төгрөг авснаас хойш Ж-тоай утсаар яриад 240,000 төгрөг авсан. Тухайн мөнгийг би мөн Ж-т Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өргөдөл байна, хохирлыг өгөхгүй бол болохгүй гэж хэлээд авч байсан. Би Ж-оос нийт 3,240,000 төгрөгийг авсан ба уг мөнгийг би хувьдаа зарцуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Шүүгдэгч М.М-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.М- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 3,240,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч Э.Ж-ын “... миний бие М- ахаас 3,240,000 төгрөг авсан тул санал гомдолгүй ээ” гэсэн хүсэлт /хэргийн 105 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч М.М-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал болон шүүгдэгч М.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жагар овогт М-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.М-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ