Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 78

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                       Б.Долгион

      Хохирогч                                               Р.Мандахнар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                      А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                         Б.Урангоо нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт Чулууны Түмэндэлгэрт холбогдох 201618000079  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 29-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, эрэгтэй, 41 настай,  дөрвөд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг, 017 дугаар гудамжны  9А тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Таргад овогт Чулууны Түмэндэлгэр, /РД:ОГ-75052919/,

Шүүгдэгч Ч.Түмэндэлгэр нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Усан сээрийн гол” гэх газар Р.Мандахнарын эрх чөлөөнд халдаж  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийн 2016 оны 03-р сарын 29-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайхтай ойрхон өвөлжих айлууд 25.000 төгрөг нийлүүлж цэргийн баяр тэмдэглэхээр болсон. Миний хувьд мөнгө төгрөг өгөөгүй, баярт оролцохгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим намайг Тогооноо гэж залуу мотоцикльтой “Аюурын гэрт цэргийн баяр тэмдэглэж байна” гэж хэлээд дуудаад байхаар нь би мотоцикльд суугаад хүргүүлээд Аюурын гэрт 15 цагийн үед очиход цэргийн баяр тэмдэглэж байгаа Баатар, Аюур, Хундага, Ганбаа нар бүгдээрээ баяр тэмдэглээд хоол унд идэж архи уугаад бүгд архиндаа халчихсан байдалтай байсан бөгөөд надад хоол цай тавьж өгсний дараагаар архи хундаглаж өгөхөд нь “би архинаас уухгүй” гэхэд архиар шахаад байхаар нь архинаас 3 хундага, 1 аяга пиво уусан. Миний хувьд архи дарс хэрэглээд байдаггүй учраас уусан архиндаа нилээн согтсон. Намайг сууж байхад Мандахнар намайг “гэрээс гараад ир” гэж хэлээд ардаас гараад алхаж байхад Мандахнар нарийнхан бургас гартаа барьчихсан цохих гэхэд нь гараараа хаагаад ар нуруугаа үзүүлтэл миний нуруу руу модоор 1 удаа цохихоор нь би түүнийг түлхэж унагаагаад газар доошоо тонгойсон байдалтай байх үед нь нүүрнийх нь зүүн хэсэгт хөлөөрөө өшиглөхөд “чи намайг зодлоо” гэж орилсон. Энэ үед Ганбаагийн эхнэр Буянаа хүрч ирээд “цэргийн баяр болж байхад та нар зодолдоо хэрэггүй” гэж салгаад би гэртээ шууд харьж амарсан. Мандахнар бид 2 худ ургийн хүмүүс байгаа юм. Бид нар хамт нэг газар өвөлжөөд 2 жил болж байна. Бие биенийгээ сайн таньж мэднэ. Өс хонзонгийн асуудал байхгүй. Мандахнар архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ онгироо, дээрэлхүү зантай. Би архи дарс хэрэглэхээрээ омголон зантай. Тухайн үед бид 2-н хооронд болсон зодоон бол архи согтууруулах ундаа хэт их хэрэглэснээсээ болж бие биенийгээ үл ойлголцсоноос болж ийм асуудалд хүрлээ. Мандахнар намайг цохиогүй байсан бол би түүнийг цохихгүй байх байсан. Бид хоёр гэрээс 2-лаа гарсан. Намайг зохих үед Ганбаагийн эхнэр Буянаа салгасан. Өөр хүн байсан эсэхийг анзаарч хараагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р ху/,

2. Шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийн 2016 оны 05-р сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайхтай ойрхон өвөлжих айлууд цэргийн баяр тэмдэглэхээр болсон. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим намайг Тогооноо гэж залуу мотоцикльтой “Аюурын гэрт цэргийн баяр тэмдэглэж байна” гэж хэлээд дуудаад байхаар нь би мотоцикльд суугаад хүргүүлээд Аюурын гэрт 15 цагийн үед очиход цэргийн баяр тэмдэглэж байгаа Баатар, Аюур, Хундага, Ганбаа нар бүгдээрээ баяр тэмдэглээд хоол унд идэж архи уугаад бүгд архиндаа халчихсан байдалтай байсан бөгөөд надад хоол цай тавьж өгсний дараагаар архи хундаглаж өгөхөд нь “би архинаас уухгүй” гэхэд архиар шахаад байхаар нь архинаас 3 хундага, 1 аяга пиво уусан. Миний хувьд архи дарс хэрэглээд байдаггүй учраас уусан архиндаа нилээн согтсон. Намайг сууж байхад Мандахнар намайг “гэрээс гараад ир” гэж хэлээд ардаас гараад алхаж байхад Мандахнар нарийнхан бургас гартаа барьчихсан цохих гэхэд нь гараараа хаагаад ар нуруугаа үзүүлтэл миний нуруу руу модоор 1 удаа цохихоор нь би түүнийг түлхэж унагаагаад газар доошоо тонгойсон байдалтай байх үед нь нүүрнийх нь зүүн хэсэгт хөлөөрөө өшиглөхөд “чи намайг зодлоо” гэж орилсон. Энэ үед Ганбаагийн эхнэр Буянаа хүрч ирээд “цэргийн баяр болж байхад та нар зодолдоо хэрэггүй” гэж салгаад би гэртээ шууд харьж амарсан. Миний хувьд Мандахнарын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин ямар ч шалтгаангүй зүгээр бөөлжөөд сууж байгаа хүнийг би цохиогүй. Мандахнар бөөлжөөгүй. Намайг эхлээд өөрөө модоор цохисон. Би түүнийг модоор цохиход нь түлхэж унагаад нүүр лүү нь өшиглөөд явсан. Мандахнарын хувьд илт өөрийгөө буруугүй мэт байцаалт мэдүүлэг өгсөн байна. Хүн намайг цохиогүй бол би түүнийг цохих ямар ч шалтгаан, урьд өмнө нь хэрүүл маргаан өс хонзонгийн зүйл байхгүй. Мандахнар нь өөрөө эхэлж нарийнхан модоор цохисон. Мандахнар согтуу байсан учир өөрийн үйлдлийг санахгүй байгаа болов уу.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

  3. Шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-нд манай Хушаат суманд байдаг айлууд нийлж цэргийн баяр тэмдэглэж байхад би “орохгүй” гэж хэлсэн. Намайг 2 дахин ирж авч явна гэхэд би яваагүй. 3 дахь удаагаа ирэхдээ мотоциклтой Тогооноо гэдэг залуу ирж хүчээр авч явсан. Тэгэхэд бүгд л архи уусан байсан. Би архи уудаггүй. 2 хундага архи л уусан. Тэгсэн чинь Мандахнар намайг “гараад ир” гэж дуудсан. Би 10 минутын дараа гарсан чинь нилээн хол очсон байсан. Би араас нь очсон чинь “чи яасан их санаатай юм бэ?” гээд намайг бургасаар ороолгосон. Тэгэхээр нь би эргэж хараад санаандгүй 1 удаа өшиглөсөн. Түүнээс өөр зодоон болоогүй. Хохирогчид учирсан хохирол болох 620.000 төгрөгийг өгсөн. Буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  гэх мэдүүлэг,

        4.Хохирогч Р.Мандахнарын 2016 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн ойролцоо өвөлжих айлууд Авир гэж айлын гэрт цугларч цэргийн баяр тэмдэглэхээр болсон. Энэ арга хэмжээнд Авирын гэрт өдөр 13 цагийн үед очиход Ганбаа, Баатар, Хундага, Адъяа /хэлгүй/ гэх хүмүүс хоол, цай идэж архи уугаад баяраа тэмдэглэсэн. Баярын үед ойрхон өвөлжих Түмэндэлгэр гэж залуу ирээгүй, ганцаараа үлдсэн байхад нь бид нар дунд байсан Тогооноо гэж залуу мотоцикльтой явж авчирсан. Бид нар баярлаж байсан учраас инээд, хөгжөөнтэй чөлөөтэй байсан. Орой 17-18 цагийн үед идсэн хоолноос уу, яасанг мэдэхгүй дотор муухай оргиод байхаар нь би гэрээсээ ганцаараа гараад гэрийн баруун талд холгүй бөөлжихөөр явган суугаад тонгойж байхад зүүн талаас хүн өшиглөсөн, юу болж байгааг харахад Түмэндэлгэр миний давсаг орчим дахиад өшиглөсөн. Өшиглөснөөс болж юу болсныг мэдэхгүй ухаан балартчихсан. Маргааш нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн 9 хоног эмчлүүлсэн. Хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Бид хоёр 2 жил хамт өвөлжиж байна. Бие биенийгээ танина. Худ ургийн хүмүүс байгаа юм. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан үл ойлголцох зүйл болоогүй. Намайг миний нүүрний зүүн тал руу хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөснөөс болж миний зүүн хөмсөг язарч, оёдол тавиулсан. Миний давсаг руу өшиглөж хөндүүрлэсэн. Өөр биед гэмтэл шарх байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/,

   5.Хохирогч Р.Мандахнарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн ойролцоо өвөлжих айлууд Авир гэж айлын гэрт цугларч цэргийн баяр тэмдэглэхээр болсон. Энэ арга хэмжээг Авирын гэрт баяраа тэмдэглэсэн. Архи дарс гэж сүртэй уугаагүй. Хонь малныхаа мах шөлийг идсэн. Баярын үед ойрхон өвөлжих Түмэндэлгэр гэж залуу ирээгүй, ганцаараа үлдсэн байхад нь бид нар дунд байсан Тогооноо гэж залуу мотоцикльтой явж авчирсан. Тэгээд бид жаахан байж байгаад гэр рүүгээ явж эхэлсэн. Тэгээд би бас харих гэж байсан чинь дотор муухай  оргиод байхаар нь би гэрээсээ ганцаараа гараад гэрийн баруун талд холгүй бөөлжихөөр явган суугаад тонгойж байхад зүүн талын шанаа руу хүн өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан байна лээ. Тэгээд манай дүү намайг гэрт аваачсан байна лээ. Ийм зүйл л болсон. Хавтаст хэрэгт авагдсан бодит хохирол гэж 620.000 төгрөг Түмэндэлгэр өгсөн. Хохирол төлөгдсөн болохоор гомдолгүй, энэ хүүхдийг шоронд оронд явуулмааргүй байна. Цаашид  эмчилгээний зардал гарвал иргэний журмаар нэхэмжлэхээ ойлголоо...гэх мэдүүлэг,

  6.Гэрч Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд бол Р.Мандахнар юм. Өөрөөр хэлбэл миний нагац дүү. Бид 2 багаасаа бие биенийгээ таньж мэднэ. Увс аймгийн Баруунтуруун сумаас 2007 онд шилжин ирээд амьдарч байна. Р.Мандахнар нь гэр бүлгүй, эцэг эхийн хамт 3-лаа амьдардаг. Эцэг эх нь Хушаат сумын нутаг дэвсгэрт цөөн тооны малтай. Р.Мандахнар нь төлөв даруу, илүү дутуу зан байхгүй. Хүнтэй хэрүүл маргаан, зодоон хийдэггүй. Ажил ч хөдөлмөрч хүн. Архи согтууруулах ундаа зохистой хэрэглэнэ. Хэрэглэсэн байх үедээ агсам согтуу, ааш авир гаргахгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

   7.Гэрч Ч.Лхагвасүрэнгийн 2016 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Мандахнар манай ойрхон олон жил өвөлжиж байна. Увс аймгийн нэг усны хүмүүс байгаа юм. Мандахнар нь ээж, аавынхаа хамт амьдардаг. Эхнэр хүүхэдгүй. Түмэндэлгэр ах нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хувийн цөөн тооны мадтай. Түмэндэлгэр Мандахнарын хувьд бие биенийгээ сайн танина. Хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Түмэндэлгэр ах маань архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч бага хэрэглэдэг. Даруу төлөв, яриа хөөрөө давгүй залуу гэж боддог. Архи уухаараа агсам, дээрэлхүү зантай. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/

       8.Гэрч Ш.Сайнхүүгийн 2016 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:: ...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэртээ ойрхон өвөлжөх айлууд болох Ганбаа, Хундага, Мандахнар гэх айлууд нийлж манайд цэргийн баяр тэмдэглэхээр болж өдөр 13 цаг орчим цугларсан. Бид нар хоол унд цай идэцгээж, архи задалж хувааж уусан. Оройхон 17 цаг орчим Түмэндэлгэрийг Тогооноо мотоцикльтой явж авчирсан. Бид нар түүнд хоол цай хийж өгөөд баярын арга хэмжээ учраас бүгд инээд хөөртэй баяртай сууцгаасан. Гэр дотор маргаан болоогүй. Оройн 18 цагийн үед мал ахуйгаа янзлахаар гэр гэр лүүгээ явцгаасан. Маргааш орой нь Буянаагаас “танай гэрээс гараад Түмэндэлгэр, Мандахнар 2 хоорондоо зодолдсон” гэж ярьсан түүнээс би зодоон хаана болсон ямар учраас зодолдсон болохыг хараагүй мэдэхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

       9.Гэрч П.Хишигбаатарын 2016 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэртээ ойрхон өвөлжих айлууд нийлж Аюур ахын гэрт цэргийн баяр тэмдэглэхээр болж өдөр 13 цаг орчим цугларч би тэдний гэрт 14 цагт очиход Ганбаа, Аюурын эхнэр Сайнаа, Мандахнар ирээд тогооны хорхог хийхээр хонио янзалж байсан. Бид нар хоол унд цай идэцгээж архи задалж хувааж уусан. Оройхон 15 цагийн орчим Түмэндэлгэр бид нар дээр Аюур ахын гэрт ирсэн. Бид нар түүнд хоол цай хийж өгөөд баярын арга хэмжээ учраас бүгд инээд хөөртэй баяртай сууцгаасан. Гэр дотор маргаан болоогүй. Оройн 18 цагийн үед мал ахуйгаа янзлахаар гэр гэр лүүгээ явах болсон. Намайг гэрээс гарахад Ганбаагийн эхнэр Буянаа надад “Түмэндэлгэр Мандахнарыг цохисон, би салгаад явуулчихлаа” гэж хэлсэн. Ингэж хэлэх үед Түмэндэлгэр, Мандахнар байгаагүй, гэр лүүгээ юугаар явсан болохыг мэдэхгүй. Түүнээс хойш уулзаагүй. Гэрийн гадаа Буянаагаас өөр хүн байгаагүй. Гэрийн ойр орчим цус болон ямар нэгэн зүйл байгаагүй. Би бодохдоо зодоон удаан үргэлжилж, сүйдтэй юм болоогүй гэж ойлгосон. Мандахнар, Түмэндэлгэр нарын биеийн байдал ямар болсон хаанаас гэмтэл шархтай болсон талаар мэдэхгүй хараагүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

      10.Гэрч Б.Эрдэнэбуянгын 2016 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэртээ ойрхон өвөлжих айлууд нийлж Аюур ахын гэрт цэргийн баяр тэмдэглэхээр болж өдөр 13 цаг орчим цугларч би нөхөр Ганбатын хамт /Ганбаа/ очиж хоол унд идэцгээж архи задалж хувааж уусан. Бид нараас сүүлд Түмэндэлгэр бид нар дээр Аюур ахын гэрт ирээд хоол унд бэлдэж өгөөд яриа хөөрөөтэй өнгөрсөн. Гэрт дотор байгаа хүмүүс дунд тэр дундаа Түмэндэлгэр, Мандахнарын хооронд хэрүүл маргаан үл ойлголцох зүйл болоогүй. Оройн 18 цагийн үед мал ахуйгаа янзлахаар гэр гэр лүүгээ  явах болсон. Гэр лүүгээ харихаар гэрээс ганцаараа гартал гэрийн баруун урдхан талд Мандахнар толгойгоо тонгойгоод доошоо хэвтэж байх үед Түмэндэлгэр түүнийг өшиглөсөн. Би тэр 2-г юу болоод байгаа талаар асуухад юу ч хариулаагүй. Тэр 2-г салгаад гэр гэр лүү нь явуулсан. Хоорондоо дахиж маргалдаж хэрэлдээгүй. Гэрээс гарахад л Мандахнар газар хэвтэж байсан. Ямар учраас газар хэвтэж байсанг мэдэхгүй. Юунаас болж зодолдсонг ойлгоогүй. Түмэндэлгэрийг цохих үед надаас өөр хүн байгаагүй, салгаагүй. Зодоон сүйдтэй болж олны анхаарал татаагүй. Богино хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд шууд гэр лүүгээ харьж амарсан. Энэ үед манай нөхөр түрүүлээд гэр лүүгээ явчихсан учраас зодоон, маргааныг хараагүй. Түмэндэлгэр, Мандахнарыг явсны дараа Аюурын гэрээс Баатар гарч ирэхээр нь би түүнд “Мандахнарыг Түмээ цохихоор нь би салгалаа” гэдгээ хэлсэн. Түүнээс хойш Мандахнар, Түмэндэлгэр 2-той таараагүй. Биеийн байдал яасан болохыг мэдэхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

    11.Гэрч Ж.Мөнхжаргалын 2016 оны 05-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хөдөө айлуудаар вазцин хийгээд явж байтал Хушаат сумын нутаг дэвсгэрт “Усан сээрийн гол” гэх газар иргэн Болормаагаас хүн зодуулсан тухай дуудлага хүлээн авч 12 цагийн орчим очиход Р.Мандахнар гэж эрэгтэй 40 гаруй насны хүн байсан. Тухайн хүн өөрийн гэсэн ухаантай зүүн талын хөмсөг нь задарсан шархтай, зүүн нүд хавдартай өөр гэмтэл шарх байгаагүй. Анхны тусламж үзүүлж сумын эмнэлэг рүү авч явах гэсэн боловч ар гэрийнх нь хүмүүс “Дархан-Уул аймгийн эмнэлэг өөрсдөө авч явна” гэж хэлсэн учраас бид нар тухайн өвчтөнг үлдээгээд явсан. Дахиж дуудлага мэдээлэл ирээгүй. Р.Мандахнарын хувьд би таньж мэдэхгүй, урьд өмнө нь зодуулсан биедээ ямар нэгэн гэмтэл шархтай ирж байгаагүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

    12.Шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 44-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 27-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 28-29-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 30-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 31-р ху/, хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн түүхийн хуулбар, /хх 46-53-р ху/, хохирогч Р.Мандахнарын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, /хх 98-99-р ху/, хохирогчийн эмчилгээний хийлгэсэн талаархи баримт, /хх 5, 60-97-р ху/, татварын албанаас ирүүлсэн тодорхойлолт, /хх 100-101-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, хуулбар, /хх 39, 43-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 42-р ху/,  зэрэг болно.

 

     Шүүгдэгч Ч.Түмэндэлгэр нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Усан сээрийн гол” гэх газар Р.Мандахнарын эрх чөлөөнд халдаж  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ял нэмж сонсгон байцаасан тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн түүхийн хуулбар,  хохирогч Р.Мандахнарын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,  хохирогчийн эмчилгээний хийлгэсэн талаархи баримт...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ч.Түмэндэлгэрт холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийн  үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй. 

   Энэ хэрэгт шүүгдэгч  Ч.Түмэндэлгэр нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн  зүйлгүй, хохирогч талаас нэг талдаа цэнхэр өнгөтэй дээр нь “толгойн КТ, Р.Нармандах, 42/эр” гэсэн бичиглэлтэй  СДИ 1 ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 293-р зүйлийн 293.2, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Таргад овогт Чулууны Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын  биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт   гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Түмэндэлгэрийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Түмэндэлгэрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Шүүгдэгч Ч.Түмэндэлгэр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 5.Хохирогч талаас хэрэгт хавсаргасан нэг талдаа цэнхэр өнгөтэй дээр нь “толгойн КТ, Р.Нармандах, 42/эр” гэсэн бичиглэлтэй  СДИ 1 ширхэгийг тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Мандахнарт буцаан олгсугай.

6.Хохирогч Р.Мандахнар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Түмэндэлгэрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Ч.Түмэндэлгэрт сануулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Түмэндэлгэрт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.     

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч,  хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН