Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 35

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: О.Бгийн гомдолтой,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Э.Уд холбогдох,

           Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0066083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Н, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У, гэрч С.Г, шинжээч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч О.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн О.Бд оногдуулсан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Угийн 2019.09.24-ний өдрийн №0066083 дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нь үндэслэлдээ Зөрчлийн тухай хуулийн 7.15 дахь заалтыг үндэслэн худаг, цооног гаргах зөвшөөрөлгүй, газрын доорх усыг ашигласны улмаас учруулсан хохирлын 150.000 төгрөгийн торгууль, 24.520.997 төгрөгийн хохирол төлүүлэхээр болсон.
Байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дахь заалтын 1.2-т заасан “цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан” заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг заалтын хариуцлагыг тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн ахуйн зориулалтаар мал услахад зөвшөөрөлгүй худаг гаргасан бол хохирол тооцох тухай хуульд тусгаагүй байна. Иймд би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй уг нөхөн төлбөрийг төлөх боломжгүй юм. Мөн бид уг худгийг ухсан компанийг хайж байгаа бөгөөд уг компани нь худгийн холбогдох зөвшөөрөл тандалтыг хийсэн асуудалгүй гэж барьж байгуулсан болно. Иймд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    
       
Хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Хяналт шалгалт хийх үндэслэл: Сүхбаатар аймгийн засаг даргын А/223 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумдын отрын бүс нутагт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Усны тухай”, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай” хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох норм, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хүрээнд 2019 оны 08 сарын 07-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Хадбаатар, аймгийн цагдаагийн газрын хэв журмын цагдаа Н.Батболд, Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Г нарын бүрэлдэхүүнтэй төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.
2. Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал: Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Талын толгой” нэртэй газар иргэн О.Бгийнх гэх малчин айлд очиход малын зүчээ барьж, адууны хашаатай, 2 худагт малаа усалж байсан. Дээрх 2 худгийг Сүхбаатар сум болон аймгийн ажлын хэсэг 2 удаа хяналт шалгалт хийж, 2 удаа лацадсан талаар мэдээллийг байгаль хамгаалагч С.Г өгсөн. Дээрх 2 худаг нь тоосгоор амбаар барьсан, гүний насос байршуулан гагнасан гэх лацыг авсан байсан. Бгийн гэрт ороход эхнэр Гантуяа гэх эмэгтэй байсан, түүнд шалгалтын зорилго чиглэлийг танилцуулж, Гантуяаг байлцуулан 2 худгийг гагнан 013527, 013577 дугаартай лацаар лацдаж, 2019 оны 08 сарын 09-ний өдөр Бг биеэр ирж, шалгалтанд оролцох талаар мэдэгдэх хуудсыг эхнэр Гантуяад мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн. Гэрч С.Г нь анх энэ оны 3 сарын 27-нд ирж газар нутаг чөлөөлөх аймаг, сумын ажлын хэсэг багийн Засаг даргын мэдүүллийг өгсөн. Би 5 сарын 23-ны өдөр сумын ажлын хэсэг Засаг даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй явж, Бгийн гаргасан 2 худгийг лацдаж, гаргах арга хэмжээ авсан. Энэ үед Б малчин байгаагүй, адуучид нь байсан. Лац хөндөж болохгүй талаар Бд хэлээрэй гээд явсан. Дараа нь 6 сарын 19-нд аймгийн ажлын хэсэг, сумын ажлын хэсэг ирэхэд лацыг дахин хөндөж авсан байсан. Хэн лацыг авсан талаар уяачдаас асуухад Б лац авчих гэж хэлсэн, тэгээд лац авсан тайлбар авсан. Мөн 6 сарын 19-ний өдөр ирж дахин 2 худгийг гагнаж лацадсан гэх ..., Монгол Улсын их хурлын 2012 оны 05 сарын 23-ны 057 дугаартай тогтоолоор Баянцагааны талын нөөц газрын ангиллын тогтоогдсон нутагт орж байгаа...гэх /13, 14 дүгээр хуудас/ мэдүүлсэн байна. 2019 оны 08 сарын 09-ний өдөр О.Бгээс холбогдогчийн мэдүүлэг авахад Засаг дарга Хүрэлсүх, багийн дарга Анхбаярт нарт худаг гаргах талаар хэлсэн болохоор болчихож байгаа юм байх гэж ойлгосон...гэх, Намайг байхгүй байхад худгийн амсарыг гагнаад явсан байсан. Нүүх талаар мэдэгдэл өгсөн байсан. Мал усгүйтээд аргагүйн эрхэнд гагнаасыг салгаж малаа усалсан ... гэх, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж / 9 дүгээр хуудас / мэдүүлсэн байна. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад Ус хэрэглэгч нь Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны газраас зөвшөөрөл авсны дараа мэргэжлийн эрх бүхий байгууллагаар худгаа гаргах ёстой. Мөн энэ хуулийн 27.4 дэх заалтад зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглосон байна.
3. Авсан арга хэмжээ, үндэслэл: Сүхбаатар сумын 5-р баг, Хутангийн айраг, Талын толгой нэртэй газар Сүхбаатар сумын 5-р багийн иргэн О.Б нь тухайн орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цооног өрөмдөх, худаг гаргах, ус хэрэглэх зөвшөөрөл аваагүй зөрчил нь Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх, 28 дугаар зүйлийн 28.18 дахь заалтыг зөрсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цооног өрөмдөх зөвшөөрөлгүй худаг гарган газрын доорх усыг ашигласан гэж үзэн 1930000217 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Мөн Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас лавлагаа авахад О.Б нь худаг гаргах, ус ашиглах зөвшөөрөл аваагүй талаар 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 158 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг үндэслэн Худаг, цооног гаргах зөвшөөрөлгүй газрын доор усыг ашигласны улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын
мэргэжилтэн Ш.Нг шинжээчээр томилсон. 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тухайн худаг гаргасан Хутангийн айраг, Талын толгой нэртэй газар нь УИХ-ын 2012 оны тогтоолд зааснаар Мөнххаан, Сүхбаатар сумыг дамнасан Баянцагаан тал газрын Байгалийн нөөц газарт багтаж байна. Худаг, цооног гаргах зөвшөөрөлгүй газрын доорх ус ашигласны улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ 24370997.976 төгрөг учирсан гэсэн дүгнэлт гарсан. О.Б нь Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байна, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй гэж утсаар мэдэгдсэний дагуу Прокурорт хүсэлт гаргаж, хэргийг 2019 оны 09 сарын 10-аас 2019 оны 09 сарын 24 хүртэл 14 хоног сунгасан. О.Б нь 2019 оны 09 сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр ирж оролцсон. Ирэхэд нь шинжээчийн дүгнэлт, холбогдох материалыг танилцуулахад 24370997.976 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурахаас татгалзаж байна. Ахаасаа асууна гэж гараад тэр чигээрээ алга болсон.
Иймд миний бие шалгалтын тэмдэглэл дээр энэ талаар бичиж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн (цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.) 0066083 дугаартай шийтгэлийн хуудсаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24370997.976 нөхөн төлбөр оногдуулж, хэргийг дуусгавар болгон Прокурорын хяналтад 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлсэн.
Мөн 0066083 дугаартай шийтгэлийн хуудасны 1 хувийг сумын байгаль орчны
хяналтын байцаагчаар дамжуулан гарт нь хаяглан хүргүүлсэн. Сумын байцаагч Баттулга 2019 оны 10 сарын 03-ны өдөр О.Бд шийтгэлийн хуудас хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл үйлдэн ирүүлсэн. О.Б нь 2019 оны 10 сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж, Прокурорын газраас 17 дугаартай тогтоолоор гомдол хүлээн авахаас татгалзсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У миний бие нь Байгалийн нөөц газарт бүртгэгдсэн Баянцагааны талд цооног өрөмдөх, худаг гаргахдаа Усны тухай хуулийн 27.1-т заасан зөвшөөрөл авахгүйгээр газрын доорх усыг ашигласан гэх зөрчлийг О.Бгийн өгсөн мэдүүлэг, гэрч С.Гы өгсөн мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын лавлагаа, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон гэж үзэж 0066083 шийтгэлийн хуудсаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24370997.976 нөхөн төлбөр оногдуулсан болно гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Угийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0066083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Тус шийтгэлийн хуудсаар О.Бг 150.000 төгрөгөөр торгож, 24.520.997 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Шийтгэлийн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг оногдуулсан байгаа. Гэтэл бодит байдал дээр үзэхэд Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, мөн хуулийн 3.1.28-д ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ гэж зааж өгсөн байгаа. Б нь ус ашиглагч биш. Гэр бүлийн хэрэгцээнд мал услах зориулалтаар усыг хэрэглэж байгаа хэрэглэгч юм. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн субъект нь цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашиглаж байгаа этгээдийг ойлгоно. Хяналт шалгалт хийх удирдамжийн хавсралтад хяналт шалгалт хийх бүс нутгийг тогтоосон байгаа. Тэгэхээр хэргийн материалд Бгийн зөвшөөрөлгүй гаргасан гээд байгаа худаг нь Нгийн баруун урд талын худаг, Нгийн зүчээний худаг гэсэн нэртэй хоёр худаг байгаа. Үүнээс үзэхэд Б нь Н, Сүхбаатар гэдэг хоёр хүний нийлсэн 600 тооны адуу бусад бог мал, үхрийг хариулдаг иргэн байгаа. Өөрөө бол үндсэн харьяалал нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, мал нь тэндээ байдаг. Б тухайн худгийг гаргахад нэг ч төгрөг гаргаагүй, Бгийн нэг ч мал байхгүй. Улсын байцаагч Бгийн мал тухайн хоёр худгаас ундаалсан мэтээр, Б тухайн цооногийг өрөмдсөн мэтээр шийтгэлийн хуудсыг бичсэн.   Энэ зөрчлийн холбогдогч нь Б биш юм. О.Б гэдэг иргэн нь хүний малыг сарын 700,000-800,000 төгрөгийн хөлсөөр малладаг л хүн. Энэ хүн 24 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Иймд 0066083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

    Шинжээч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны А/301 дугаартай тушаалыг үндэслэл болгосон байгаа. Уг тушаалын 11 дүгээр хавсралтад малын усны хэрэглээний нормыг тогтоосон байдаг. Тухайн худгийн хувьд өмнө хэрэглэсэн усыг тоолуурын заалтаар хэмжих боломжгүй учраас нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормоор тооцож шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Малын тоог Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолтыг үндэслэж гаргасан байгаа. Энэ нь Бгийн өмч мөн, биш гэдгийг тогтоогоогүй, Бгийн нэр дээр тоолуулсан мал юм. Усны экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны А/156 дугаартай тушаалыг үндэслэж, Монголын дорнод хэсгийн үнэлгээг баримталж гаргасан. Улсын тусгай хамгаалалтай газарт худаг гаргахад Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэж Байгаль орчин, аялал жуучлалын газраас зөвшөөрөл өгдөг. Бгийн тухайн нутаглаж байсан газар нь УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтай газарт бүртгэгдсэн газар. Миний гаргасан дүгнэлт нь тухайн худгаас усалсан малын тоо, тухайн усан санд учруулсан хохирлыг тогтоосон гэж ойлгож болно гэв.

    Гэрч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баянцагааны тал гэх газар нь УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан тухайн бүс нутгийг чөлөөлөх ажлын хэсэг ажилласан. Тус ажлын хүрээнд Бд тухайн газар нутгийг чөлөөлөх албан мэдэгдлийг хүргүүлсэн. Б нь хоёр худаг эзэмшиж байгаа. Нэг худаг нь хэзээ гаргасан нь тодорхойгүй. Нөгөө худгийг нь худаг гаргах зөвшөөрөлгүй гаргасан байсан. Бд нутаг, бэлчээрийг чөлөөлөх талаар 3-4 удаа шаардлага тавьсан. Худгийг нь 3 удаа лацадсан боловч өөрсдөө дур мэдэн лацыг авсан байдаг. Б нь 2017 оны 5 сард тухайн газарт ирж нутагласан, яг хэзээ шилжиж ирсэн талаар мэдэхгүй байна. Худаг гаргах талаар зөвшөөрөл аваагүй. Бгийн нутаглаж байгаа газар нь миний хариуцсан газар юм. Олон тооны мал нь Бгийн мал биш, Н, Сүхбаатар гэдэг хүмүүсийн малыг хариулж байгаа гэсэн мэдээлэл байсан боловч мал нь Б дээр тоологддог учир малын эздэд нь албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Сумын Засаг дарга л холбогддог байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Б шүүхэд хандан “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Угийн 0066083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17/59 дүгээр  удирдамжийн дагуу Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумдын отрын бүс нутагт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс бүрэлдэхүүнтэйгээр хяналт, шалгалтыг хийжээ.
Уг шалгалтаар Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У нь “Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар баг, Хутангийн айраг, Талын толгой нэрт газар тухайн орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цооног өрөмдөх, худаг ус гаргах, ус хэрэглэх зөвшөөрөл аваагүй 2 худаг гарган, мал аж ахуй, ахуйн хэрэгцээндээ ус ашигласан зөрчил илэрсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн О.Бд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж , улмаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 0066083 дугаартай шийтгэлийн хуудсаар  гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх буюу 150000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 24370997.97 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “ ... Улсын байцаагч нь энэ зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тогтоогоогүй, уг цооногийг хэн, хэзээ гаргасан нь тодорхойгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэл болгож иргэн О.Бг 150000 төгрөгөөр торгон, 24370997.97  төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон нь хууль бус ... ” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн О.Бгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Хутангийн айраг, Талын толгой нэртэй газарт Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цооног өрөмдөх, худаг гаргах, ус хэрэглэх зөвшөөрөл авалгүйгээр 2 худаг гаргаж, газрын доорх усыг ашигласан үйлдэл нь Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.18 дахь заалтыг зөрчсөн тул зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 24370997.97 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй ... ” гэж гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.9.12-т “хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах” эрхтэй гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь зөрчил гаргасан этгээдийг зөв тогтоох чиг үүрэгтэй байтал энэхүү чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, шинжээчээс гэрчийн мэдүүлэг авсан, шийтгэлийн хуудсаар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ буюу нөхөн төлбөрийг тооцсон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буруутай байна.
Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд хэргийн оролцогчид зөрчлийн шинж байдалд холбогдуулан маргаагүй, зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдуулан маргаж байна.
Зөрчил гаргасан этгээдийн гэм бурууг шалган тогтоож, тохирсон шийтгэл оногдуулах нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал учраас шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийлгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинээр акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Хэргийн нөхцөл байдлыг тодруулах гэдэгт захиргааны байгууллага нь зөрчил гаргагч этгээдийг зөв тогтоож, холбогдох баримтыг бүрэн цуглуулж, зөрчилд холбогдох баримтад эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай юм.
Хэрвээ захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахгүй бол Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0066083 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Угийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0066083 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0066083 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 
    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНХАНД