Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1380

 

Н.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Болдбаатар,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Н.Болдбаатарын өмчлөлийн Ү-2204010208 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансрын үйлчилгээний төвийн зүүн талд байрлах 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 369 300 000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах болсон талаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/343330 тоотоор мэдэгдсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь зах зээл дээр 1 м.кв нь дор хаяж 1 800 000 төгрөг, түүнээс дээш үнэлэгдэхээр байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба надтай хэлэлцэхгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур 369 300 000 төгрөгөөр буюу 1 м.кв-ийн үнийг 932 576 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээгээр тогтоосон 70 хувиар тооцон 258 510 000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэж байгаа нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой хохироож байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Н.Болдбаатарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Н.Болдбаатараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлд заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 369 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Н.Болдбаатарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/34330 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж 369 300 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдааны талаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35661 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийн баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Н.Болдбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай 04403 тоот шүүхийн шийдвэрээр Н.Болдбаатараас 102 667 950 төгрөгийг гаргуулж Т.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, энэ үндэслэлээр хэргийн оролцогч нотлох баримт цуглуулж чадаагүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.Болдбаатар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч төлбөр төлөгчийн хүсэлтээр хөндлөнгийн шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04403 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Болдбаатараас 102 000 000 төгрөгийг гаргуулж Т.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 27-28/

Төлбөр төлөгч Н.Болдбаатар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансрын үйлчилгээний төвийн зүүн талд орших 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 171/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 171/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаар тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 35, 37, 41/

Төлбөр төлөгч Н.Болдбаатар нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгө нь 1 м.кв нь 1 800 000 төгрөг байхад 932 576 төгрөгөөр тогтоож, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Үнэлгээний байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Болдбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

                                                                                                           Ш.ОЮУНХАНД