Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/545

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Б-ын Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105013391097 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо Зам гүүрийн ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ын Ө-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ө- нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны орцонд хохирогч Д.Д-ыг зодож биед нь доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө- мэдүүлэхдээ: “Тухайн үед хамт ажилладаг Д-той архи уусан юм. Тэр орой нь архиндаа согтоод яагаад маргалдсан гэдгээ санахгүй байна. Тэгээд архи уугаад юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

          Шүүгдэгч Б.Ө- нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны орцонд хохирогч Д.Д-ыг зодож биед нь доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Д.Д-ын “Би 2021 ны 7 дугаар сарын 09-ний өдөр 124 дүгээр цэцэрлэгт хамт ажилладаг байсан Б.Ө- гэх хүнээр зураг зуруулах зорилгоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо 4-49 тоот гэртээ дуудаж авч ирсэн. Тэгээд Ө-, манай хоёр найз бид дөрөв хамт 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай хоёр найз явчихсан. Тэгээд дараа нь Ө- надад дахиж 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи авч өгсөн. Бид хоёр тухайн архиа манай байрны хажууханд уусан. Тэгээд тухайн архиа ууж дуусчихаад гэр лүүгээ харьж явсан. Тэгээд байрны орц руу ортол Ө- намайг араас боогоод унагаасан. Тэгэхээр нь би хөлнөөс нь зуурсан. Тэгээд намайг унасан байхад Ө- миний нүүр, толгой хэсэг рүү өшиглөөд гараараа намайг цохисон. Тэгээд ноцолдоод орцноос гарцгаасан. Гэтэл нэг эмэгтэй орцноос гарч бид хоёрыг болиулаад байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Миний толгой нүүр хэсэг рүү гар болон хөлөөрөө өшиглөж цохиж зодсон.

          ... Надад одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

          Гэрч Э.Э-ын “Би Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүлийн офицер ажил эрхэлдэг. Хувийн дагаар 11086. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Бугат-115 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд би 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Цагдаагийн хэсэг дээр хоногийн мэдээтэй танилцаад байж байсан. Цагдаагийн хэсгийн өрөөний баруун хойд талын цонх онгорхой байсан. Гэтэл хүмүүс хашхирч орилоод байсан чимээ сонсогдоод байхаар нь онгорхой байсан цонхоор хартал Баянгол дүүргийн 20 дугаар хорооны баруун талд байрлах 4 дүгээр байрны сүүдрэвчний хойд талд хоёр эрэгтэй хүн зодолдож байх шиг байсан. Тэгээд би тухайн хоёр эрэгтэй дээр явж очоод ямар хүмүүс хоорондоо маргалдаж зодолдож байгааг шалгаж үзтэл Ө-, Д- гэх нэртэй хоёр эрэгтэй хүн байсан. Ө- гэх эрэгтэй нь Д- гэх эрэгтэйг унагаачихсан заамдаад дээрээс нь цохих гэж байгаа байдалтай байсан. Ө- нь дээгүүрээ цамцгүй, нүцгэн байсан. Д- гэх эрэгтэйгийн уруул ам нь сэтэрчихсэн цус гарчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийснэ шүүх эмнэлгийн шинжилгээ №6193 дугаартай:

          “1. Д.Д-ын биед доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

          Б.Ө-ийн яллагдагчаар өгсөн “Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах байрных нь хажууд ирээд Д- ах хоёр найзтайгаа таарсан. Тэгээд дөрвүүлээ 0,75 литрийн архи 1 шилийг уусан. Би тухайн хоёр найзыг нь танихгүй. Тэгээд ууж дуусчихаад Д-ын хоёр найз эрэгтэй нь явчихсан. Тэгээд би Д-ыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Д- надаас дахиад нэг шил архи аваад өгөөч гээд шаналгаад байсан. Тэгэхээр нь дэлгүүр ороод 0,75 литрийн Соёрхол архи 1 шилийг авсан. Тэгээд Д- бид хоёр байрных нь хойд талд авсан 1 шил архиа ууж дуусгасан. Тэгээд гэр лүү нь оруулж өгөх гээд байрных нь орц руу ортол Д- над руу агсраад хоёулаа тавилцах уу, үзэх үү гээд хэлж байснаа гэнэт намайг баруун гараараа миний эрүүний зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би заамдалцаад авсан. Гэтэл Д- миний баруун хөлөөс өргөөд шатны руу намайг түлхчихээд орцны үүдээр гараад явсан. Тэгээд миний зүүлт тасарсан, фудволк урагдчихсан байсан. Тэгээд би орцны үүдээр Д-ын араас гартал орцны үүдэн дээр Д- зогсож байсан. Намайг орцоор гараад иртэл Д- над руу дайрахаар нь би бултаад нүүр лүү нь баруун гараараа хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад ноцолдоод байж байтал цагдаа нар бид хоёрыг аваад явсан.

          ... Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний биед сүртэй гэмтэл гэх зүйл учраагүй байсан. Тэгээд үзүүлээгүй. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.

          ... Би Д-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Хохирогч Д.Д-ын “... ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. ...” хүсэлт /хэргийн 54 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ