Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/544

 

 

 

 

 

 

 

 

2021           8             23                                          2021/ШЦТ/544

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Г.С- түүний өмгөөлөгч Д.Чойжилсүрэн, Р.Булгамаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ц овогт Г-ын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005023731484 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, харилцааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ...  байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Г-ын С-.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С- мэдүүлэхдээ: “Тэр өдөр 2020 оны 6 дугаар сард би ажил ихтэй орой 8 цагт гэр рүүгээ харих гээд явж байгаад замын цагдаа зогс гэснийг хараагүй явчихсан юм. Тэр үед цагдаа над дээр ирээд зүй бусаар харьцсан. Би эмэгтэй хүнийг ингээд байхдаа яадаг юм гэж орилж чарласан. Би уг нь хүнтэй бараг муудалцдаггүй. Дараагийн удаа хороололд явж байгаад зогсох гэтэл зогсоол олдохгүй байсан юм. Тэгсэн цагдаа зогсоогоод миний бичиг баримтыг авч яваад буцаж ирээд оношилгоонд оруулаагүй байна гэсэн. Би татвар оношилгоо хоёроо андуураад хэлсэн юм. Тэр өдөр хөдөө явах ажилтай яараад явж байсан юм. Цагдаа надтай дээрэлхүү харьцаад байсан. Гэм буруугаа ойлгож байна. Одоо энд зогсож байгаадаа харамсаж байна. Энэ хугацаанд би маш хэцүү байсан. Ханиа алдсан. Коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хүнд байдалд орсон. Надад ёстой хэцүү байна” гэв.

 

1. Шүүгдэгч Г.С- нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...-... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Л.Б-нийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн толгой руу нь цохих зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Бичлэгт үзлэг хийсэн “... 00:01:46 минутад цагаан цамц, цагаан өнгийн малгай өмссөн эмэгтэй баруун гараа далайж цагдаагийн алба хаагчийн бие рүү баруун гараа далайж цохих гэж байгаа дүрсийг харуулав. 00:01:47 минутад цагдаагийн албан хаагчийг баруун гараараа цохих мэт үйлдэл хийснийг харуулав. Цагаан цамцтай эмэгтэй яах гээд байгаа гээд үг нь сайн сонсогдохгүй байв. Битгий хуц гэж чангаар хашхирав.

... Гараараа түлхэх мэт үйлдэл хийж бичлэг хийж байсан гэх гар утсыг унагаав. Уг хоёр цагдаа та замаас гарчих гэхэд эмэгтэй би хэв журам дуудна гэхэд та 102 дугаарт дуудлага өг замаас гараад өг гэж хэлэв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 9-17 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн “... Л.Б- нь 173 см орчим өндөртэй, бор өнгийн арьстай, 28 настай, эрэгтэй хүний биед үзлэг хийхээр болов. Үзлэгийг биеийн гэмтсэн хэсэг болон аль хэсэгт гэмтэл шарх үүссэн байна вэ заана уу гэхэд зүүн гарын тохой хэсэгт арьс шалбарч шархалсан гэх ба уг шархыг криминалистик шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч биед үзлэгийг үргэлжлүүлэхэд биед өөр гэмтэл шарх учраагүй байв. Л.Б-эс хувцсанд үзлэгийг явуулахад хар өнгийн богино ханцуйтай фудволк урд талд зүүн цээж хэсэг Police цагдаагийн бэлэгдэлтэй Polo захтай фудволк байх ба уг фудволкны баруун мөрд байх мөрдөсний хэсгийн орчимд урагдаж цоорсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 18-20 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Б-нийн “Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо 343 дугаар пост буюу Өргөө кино театрын уулзвар дээр зохицуулагчаар албан үүргээ гүйцэтгэж байхад  ...-... УНЧ улсын дугаартай хар өнгийн Hummer маркийн автомашин эгнээ байр зөрчөөд ороод ирэхээр нь дохиж зогсооход эмэгтэй жолооч байсан ба би та эгнээ байр зөрчлөө гэж хэлээд машинаасаа шалгах төхөөрөмж авчраад шалгахад уг автомашин нь 3 жил оношилгоонд ороогүй байсан. Тэгээд би жолооч С- гэх эгчид таны машин 3 жил оношилгоонд ороогүй байна гэж хэлэхэд миний машин банканд байдаг, би жил болгон наад мөнгийг нь төлдөг гэхээр нь би үгүй эгчээ наад машин чинь заавал оношилгоонд орох ёстой, таны бичиг баримтыг хурааж авах ёстой гээд түр хураах бичиж өгөөд явсан чинь араас хүрч ирээд чи яахаараа миний бичиг баримтыг хурааж авах ёстой гээд түр хурааж авдаг юм бэ, гээд та нар яахаараа дээрэлхээд байгаа юм гэж уурлаад над руу дайрч маргаж эхэлсэн.Тэр үед манай бүсийн офицер дэслэгч Б.Т- ирээд маргаан дундуур ороод машины бичиг баримтыг нь надаас аваад хураах болсон шалтгааныг тайлбарлаж хэлж өгсөн чинь ойлгохгүй бид хоёрын өмнөөс хашхичаж дайрч байснаа дэслэгч Т-гийн гараас тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичиг баримтаа булаагаад авсан. Тэгээд би бичиг баримтаа өг гэсэн чинь миний гар болон мөр лүү 2-3 удаа цохиод, зүүн гарны тохойн дээд хэсэгт маажсан. Мөн миний хувцаснаас татаж чангаагаад баруун мөрөнд байсан энгэрийн камерыг унагааж, гарт байсан албаны утсан төхөөрөмжийг давхар цохиж унагаад дэлгэцийг хагалсан. Тэр үед дэслэгч Т- бид хоёр эгчид тайлбарлах гэж зөндөө оролдсон боловч хүний үг авахгүй хуц наахуу гэх мэтийн үгээр дайрч давшин гудамжинд явж байсан хүмүүсийн анхаарлыг бид нар дээр татаж, утсаараа бичлэг хийгээд болохгүй болохоор нь 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаа нар ирээд тэр жолооч эмэгтэйг авч явах гэтэл шаардлагыг эсэргүүцэн яваагүй, аргаа бараад тус хэлтсийн ахлах мөрдөгч хошууч Батбаатар ирээд аваад явсан юм. Тэр С- гэх эмэгтэй жолоочтой хамт нөхөр нь бололтой нэг эрэгтэй хүн явж байсан. Тэр хүн хажууд та нар ингэж болохгүй шдээ гээд л зогсоод байсан. Тэр эмэгтэй над руу дайрч хашхичаж хувцас хунараас минь татаж чангаагаад гар луу минь цохиж байхдаа миний зүүн тохойны дээд хэсэгт хумсаараа шалбалсан байна. Мөн албаны утсан төхөөрөмжний дэлгэцийг цохиж унагаад дэлгэцийг нь хагалсан. Өмсөж байсан цагдаа фудволкны баруун мөрдөс хийдэг мөрөвчийг нь урсан байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Т-гийн “Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо Coral центрийн хажуу талаар 02-36 УБЧ улсын дугаартай албаны Elentra маркийн автомашинтайгаа үүрэг гүйцэтгэж явж байхад манай ажлын алба хаагч цагдаагийн ахлагч Л. Б- рүү 50 орчим насны эмэгтэй орилоод чи яагаад миний бичиг баримтыг хурааж авдаг юм, би бичиг баримтаа авмаар байна, та нар намайг дээрэлхээд байна гээд байсан.

Тэгэхээр нь би очоод амрыг эрье, юу болсон талаар нь асуусан чинь миний бичиг баримтыг танай алба хаагч хурааж авлаа, намайг дээрэлхээд байна гэхээр нь би ахлагч Л.Б-эс ямар учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичиг баримтыг хурааж авсан талаар асуухад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 50 орчим насны эмэгтэй тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд 3 жил дарааллаад ороогүй болохоор түр хурааж авсан талаар хэлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад шилжүүлж өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй та нар ямар учраас миний бичиг баримтыг хурааж авсан аваад байгаа юм бэ гэж асуухад нь та жил бүр тээврийн хэрэгслээ техникийн үзлэг оношилгоонд оруулах ёстой, таны автомашин үзлэг оношилгоонд ороогүй байна, танд зөрчлийн тухай хуулийн 14.7, 10.2 гэх зүйл заалтаар 50,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна, мөн таны тээврийн хэрэгслийг оношилгооны байгууллагад шилжүүлж өгнө гэсэн чинь миний үгийг огт сонсоогүй. Би сар болгон мөнгө төлдөг гэхээр нь би та татвартай андуураад байна, та тээврийн хэрэгслээ жил болгон оношилгоонд оруулах ёстой байдаг юмаа гэж хэлээд буцаагаад албаны машин дотроос ахлагч Л.Б-д тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөх гэтэл нөгөө эмэгтэй миний гараас булаагаад авчихсан.

Тэр үед алба хаагч ахлагч Л.Б- тухайн эмэгтэйгээс машины гэрчилгээ бичиг баримтыг буцааж авах гэтэл нөгөө эмэгтэй бид хоёроос зугтаагаад замын гол руу алхаад байхаар нь та машинд дайрууллаа гээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замаас гаргах гэтэл уурлаад орилж хашхичаад байсан.

Нөгөө эмэгтэй замаас гарчихсан байхад нь алба хаагч Л.Б- тухайн эмэгтэйгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авах гэтэл Б-нийн зүүн гарын бугуй хэсгээс зуурч маажаад пиздаа минь гээд алба хаагчийг хараасан.

Тэгснээ би та хоёрыг хэв журмын цагдаад өгнө гэхээр нь би та 102 дугаар луу залгаад өөрөө дуудлага өгчих гэж хэлсэн. Мөн алба хаагч Л.Б-д 102 дугаар луу залгачих гэж хэлтэл Б- 102 дугаар луу залгаж дууудлага өгч хэв журмын цагдаа нар ирсэн. Бид хоёр тухайн иргэнтэй хууль ёсны дагуу шаардлага тавьж ажилласан боловч бид хоёроос тавьж байгаа шаардлагыг биелүүлээгүй. Тухайн иргэнтэй маргалдаж муудалцахад ахлагч Л.Б- энгэрийн камераа ажиллуулсан. Мөн би өөрийн Samsung А-70S маркийн гар утсан дээрээ видео бичлэг хийсэн. ...-... УНЧ улсын дугаартай хар өнгийн Hummer H3 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хурааж авсан байсан. Миний гар утсыг унагаасан. Намайг харж байхад тухайн жолооч Л.Б- цээж хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Мөн тээврийн хэрэгслийг авах гэтэл зүүн гарны шуу хэсгийг маажиж байсан. Миний гар утсанд ямар нэгэн гэмтэл учраагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №3577 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай, хөх өнгийн цамцанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт болсон шинэ тасралт байна.

2. Цооролт, ханзралт, тасралтын байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу.

3. Хувцсанд гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 34-37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8974 дугаартай:

“1. Л.Б-нийн биед бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 49-50 дугаар хуудас/,

 

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн “... 00:00 цагаас 01:46 секунд хүртэл гар утасны бичлэгийн хяналтын камер нь доош харсан байдалтай бичлэг өрнөнө. Бичлэгт эрэгтэй хүний хоолойгоор та тайван байчих за юу, хүн болгон тайван харьцаж байхад за юу, таны энэ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байгаа биз техник импортын үзлэгийн тэмдэглэл дарагдсан байх ёстой гэж хэлэхэд хажуугаар нь эмэгтэй хүний хоолой орж ирэх бөгөөд үгүй ээ харин гэхэд эрэгтэй хүний хоолой та байж бай, одоо за юу гэхэд эмэгтэй хүний хоолой энэ машин банканд байгаа машин, би мөнгийг нь өгсөн гээд байхад яах гээд байгаа юм бэ та нар, төлөөд яваад байна ш дээ гэж өндөр дуугаар хэлнэ. Эрэгтэй хүний хоолой хариуд нь мөнгө төлж авдаг юм биш байхгүй юу, оношилгоон дээр чинь өөрийн машинаа өөрийн биеэр машинаа авч ороод үзлэгт оруулдаг юм за юу, тэрнээс би мөнгө төлөөд мөнгө төлсөн гэдэг чинь татвар байхгүй юу та нар татвараа яриад байна, оношилгоо гэдэг зүйл чинь жил болгоны нэг өдөр за юу, ...Бичлэгт 01:46-47 секундэд цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн юбка өмссөн эмэгтэй баруун гараараа далайж цагдаагийн алба хаагчийн зүүн мөрний хэсэгт гараараа нэг удаа цохино. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 176-180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Барс худалдааны төвийн хойд талын авто зам дээр ...-... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, Цагдаагийн ахлах дэслэгч С.Ц-ыг бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан баримт бичгээ шалгуулахаас татгалзаж, нүүр тус газар нь алгадаж, хантаазны энгэрээс татаж, зохицуулагчийн дохиурыг булаан авч хугалж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Г.С- нь чи шаарддаг, хүний гаранд хүрдэг юм уу хөөе гэж хэлээд С.Ц-ыг зүүн гараараа түлхэн долоовор хуруугаараа чиглүүлэн заах үйлдэл хийв. С.Ц- нь би танд хүрсэн хүн ерөөсөө байхгүй байна гэж хэлээд хоёр гараа бага зэрэг дэлгэн доош хараад Г.С-ийг чиглэн алхах үйлдэл хийх үед А- чи хүрээд байна ш дээ гэхэд С.Ц- хаана хүрээд байгаа юм бэ, та энэ хар даа нүүр ам маажаад гэж Г.С- рүү алхам алхмаар ойртох бөгөөд биед нь халдаж, хүрч байгаа зүйл байхгүй байв. ... С.Ц- та бол зүгээр, та бол ийшээ байж бай таньтай харьцаагүй байна гэж хэлээд Г.С- рүү хандан та бичиг баримтаа гаргаад ир гэхэд Г.С- нь чи юу вэ чи гэж хэлээд гар утсаараа С.Ц-ы зургийг авч байгаа мэт үйлдэл хийх бөгөөд машины хаалга онгойлгон суух гэж оролдож чи миний түлхүүрийг булаасан байгаа гэж чанга хэлж машиндаа суух үйлдэл хийхэд С.Ц- та бичиг баримтаа гаргаад ир гэж удаа дараа хэлэн түүний араас даган алхаж машины онгойсон хаалганы харалдаа ирснээр бичлэг дуусав.

...С.Ц- машины зүүн урд талын хаалгыг онгойлгосон байхад нь машины салон руу орох бөгөөд түүний араас Г.С-, А- татаж чангаах үйлдэл хийж байв. Машинаас С.Ц-ыг Г.С- нь энгэрийн урд талын хэсгээс нь баруун гараараа барьж түлхэн холдуулах бөгөөд С.Ц- зүүн талын сугандаа улаан өнгийн дохиур модыг хавчуулсан байх үедээ эргэж хараад явах гэсэн боловч Г.С- түүний дохиур модыг суганаас нь авч бариулын эсрэг талаас нь барьж С.Ц-ыг цохих гэж далайх бөгөөд С.Ц- өөрийн биеийг хамгаалж зүүн гарын мөрийг дугуйруулан хагас өргөв. Г.С- улаан өнгийн дохиур модыг А-т өгч С.Ц-ыг заамдан энгэрээс нь татаж чангаах бөгөөд С.Ц-ы хувьд ямар нэгэн байдлаар Г.С-д хариу гар хүрэх, түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэх биеэ хамгаалах үйлдэл хийхгүй, зөвхөн хоёр гараа хоёр тийш нь өргөн татах үйлдэл хийж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 92-96 дугаар хуудас/

 

Хохирогч С.Ц-ы “2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Барс худалдааны төвийн орчимд УЛЗ 337 дугаартай постон дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. 10 дугаар хорооллын гэрлэн дохиотой уулзварын орчимд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Т-өөс станцаар Hummer маркийн тээврийн хэрэгсэл дохиход зогсохгүй яваад өглөө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу миний үүрэг гүйцэтгэж байсан хэсэгт Hummer маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан бөгөөд би уг машиныг зогсоон шалгах зорилгоор дохисон боловч уг машин зогсохгүй намайг өнгөрөөд яваад өгсөн.

Ингээд би замын хөдөлгөөнд оролцож байсан жижиг суудлын машиныг зогсоосон. Уг машины арааас явж Нарны гүүрний доод талын замын орчимд урд нь гүйцэж гарч зогсоод түгжрэл дунд уг машины ард болон урд зогсож байсан машиныг аюулгүй байдлаа хангах зорилгоор зогсоон ...-... улсын дугаартай Hummer маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалган дээр очиж жолоочоос бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавьсан. Тэгтэл үл таних эмэгтэй би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тэр согтолт шалгах багажаараа яг одоо шалгаадах гэж уцаарласан. Би уг эмэгтэйд хандаж Ковид-19 вирустэй холбоотойгоор газар дээр нь согтолтын зэрэг шалгах боломжгүй байгаа гэж тайлбарласан боловч уг эмэгтэй тийм зүйл байхгүй миний бичиг баримтыг шалгадаг хар багажаараа шалгаад үз гэж эсэргүүцсэн. Би уг эмэгтэйд 2-3 удаа бичиг баримтаа шалгуулахыг шаардсан боловч надад бичиг баримтаа шалгуулаагүй. Энэ үед тэр эмэгтэй машинаасаа буугаад ирсэн байсан бөгөөд хамт нэг эрэгтэй явж байсан тэр нь ч гэсэн машинаасаа буугаад ирсэн байсан. Тэгэхээр нь би машины арааг “Р” болгоод машины түлхүүрийг авсан. Учир нь тэр эмэгтэй сэжигтэй байсан учраас нарийвчлан шалгах шаардлагатай байсан. Тэгтэл тэр эмэгтэй миний эд хөрөнгөд халдлаа гэж миний биед халдан нүүр лүү нь цохиод алгадаад миний улаан өнгийн дохиур модыг булааж аваад улаан дохиур мод хугалчихсан. Би тэр хоёроос холдох гэсэн боловч намайг зуураад явуулахгүй байсан. Энэ үед ард талын машины жолооч гар утсаараа бичлэг хийж байхыг би харсан. Тэгээд би арай гэж 102 дугаарт дуудлага өгөөд нэмэлтээр цагдаагийн албан хаагч нар ирээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг надаас салгасан. Дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байгаа. Энгэрийн камер тухайн үед алга болсон хаана байгааг нь мэдэхгүй. Улаан өнгийн дохиур мод хугарсан. Тухайн хаягдсан гар станц батарейны хэсэг хагарсан. Антен нь гадна талын хүрээ нь мултарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Б-ын “2020 оны 06 сарын 16-ны өдөр 20 цаг 10 минутын миний бие Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалаас Барс зах руу машинтайгаа явж байсан. Тэгээд Барс захын зүүн хаалганы орчимд түгжрэл үүсээд машинууд нэг зогсож байгаа машиныг тойрч гараад байсан. Би тэгтэл уг машиныг хөдлөх байх гэж бодоод ард нь хүлээгээд байж байтал урд нь нэг цагдаагийн алба хаагч ирээд зогсож байгаа машины жолоочид ёслоод харилцаанд орж эхэлсэн.

Тэгсэн нөгөө машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд уг цагдаагийн алба хаагч руу орилоод байхаар нь цагдаагийн алба хаагч машиных нь хаалгыг онгойлгоод юм харж байх шиг байсан. Тэгсэн нөгөө үл таних эмэгтэй цагдаагийн алба хаагчийг энгэрээс нь татаад нүүрэн тус газарт нь маажаад, алгадаад байсан юм. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэхэв гэж бодоод гар утсаараа бичлэг хийсэн юм. Би тэр хоёр хүн хоорондоо юу ярьсан талаар бол огт сонсоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105-106 дугаар хуудас/,

“... Тэр эмэгтэй цагдаа руу дайраад байхаар нь цагдаа үйлдлийг нь болиулах гээд гарыг нь бариад өөрөөсөө холдуулж түлхэх үйлдэл хийснээс өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 107 дугаар хуудас/

 

Гэрч Г.Т-ийн “Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 18-21 цагийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын гэрлэн дохиотой уулзварын орчимд зохицуулагчийн үүрэг гүйцэж байсан юм. Тэгээд 20 цаг өнгөрч байхад ...-... улсын дугаартай Hummer маркийн тээврийн хэрэгслийг эмэгтэй жолооч суудлын бүс бүслээгүй явж байгаа нь урд салхины шилээр харагдсан. Би тухайн машины жолооч болон тээврийн хэрэгсэлтэй холбогдох бичиг баримтыг шалгах зорилгоор зогсоох гэж улаан дохиураар дохисон. Ингээд тэр машины жолооч намайг дохиж байгааг харчхаад хурдаа бага зэрэг хассан боловч зогсохгүйгээр өнгөрөөд Хермес худалдааны төвийн уулзвараар хурдаа нэмээд Барс захыг чиглээд явсан. Ингээд би станцаар пос 337 Ц-д хандаж ...-... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсох шаардлага тавьсан боловч зогссонгүй явчихлаа гэж мэдээлэл хүргүүлсэн.

Ингээд 5 минут орчмын дараа Ц- хувийн гар утаснаас над руу дуудлага ирсэн. Би ...-... улсын дугаартай машиныг зогсоож шалгах гэсэн боловч жолооч нь надтай маргаж миний эрх чөлөөнд халдлаа, чи хүрээд ир гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 108 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7085 дугаартай:

“1. С.Ц-ы биед уруул, хацар, зүүн чих, хүзүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас/

 

Дүрс бичлэгтэй дискэнд дахин үзлэг хийсэн “... Түүний энгэр хэсэгт өөр ямар нэгэн эд зүйл байхгүй байна. Цагдаагийн алба хаагч нар энгэрийн камер байрлуулах хэсгийг харуулав. ... Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн жолооч нар ноцолдож байгаа байдлыг харуулав. /Энгэр хэсэгт камер байхгүй байна/ Үзлэгээр өөр илэрсэн зүйл байхгүй байна. Үзлэгийн явцад оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт гараагүй болно” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 238-243 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.С- нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хохирогч С.Ц- “...Энгэрийн камер тухайн үед алга болсон байна. Хаана байгааг мэдэхгүй сүүлд нь Ерөнхий газрын эргүүл ирэх үед энгэрийн камер, гар станц зэрэг нь байхгүй болсныг мэдсэн. Дараа нь ...-... УНЧ улсын дугаартай автомашины голын хайрцгаас гар станц гарч ирснийг буцаан авсан. Дохиур мод хугарсан байсан. ... Шүүх эмнэлгийн дүгнэлтэд шүд өвдөнө, хөдөлсөн буйл язарсан гэж тусгагдсан бөгөөд миний доод 6 дугаар нэг шүд хөдөлсөн бөгөөд дараа нь 2020 оны 8 дугаар сард шүд унасан. Шүдээ хийлгэх саналтай байна” гэж мэдүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан дискэнд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүдээр /хэргийн 1 дүгээр хавтас 238-243 дугаар хуудас/ хохирогч С.Ц-ы тусгай хэрэгсэл болох энгэрийн камер түүний биед байсан, мөн дохиур нь гэмтсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7085 дугаартай дүгнэлтэд хохирогч С.Ц-ы доод 6 дугаар нэг шүд хөдөлсөн талаар тусгаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Г.С-эс хохирогч Л.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.С-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг нь 2020 оны 8 дугаар сарын 04, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд энэ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь “Энэ хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу “... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.С-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Г.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Г-ын С-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ