Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/449

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

 

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Ч.А-,

хохирогч Б.Х- түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С- овогт Ч-ын А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105008130720 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Их сургуулийн ...  дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух,

 урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 930 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, С- овогт Ч-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.А- нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сirkle K” нэртэй сүлжээ дэлгүүр дотор хардалтын улмаас иргэн Б.Х-ыг өшиглөж зодон түүний эрүүл мэндэд сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүү, хамрын нурууны шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х- мэдүүлэхдээ: “Би хамгийн анх “Сirkle K”  дэлгүүр дээр 4 дүгээр сарын 13-ны өдөр эмэгтэй найзтайгаа хамт ажилладаг байсан. Тухайн үед манай ажил хаах гээд кассанд мөнгөө тушаасан байж байтал А- хувцас солих өрөө рүү орсон байхад А- гаднаас орж ирээд учир зүггүй цохиод балбаад тийм зүйл болсон. Би А-т цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь цагдаатайгаа ирээд барихгүй юу гэсэн. Тэгээд цагдаа руу ярьсан чинь наад хүмүүсээ байлгаж бай гэсэн. Гэтэл А- найз залуугаа аваад явсан. Би 7 дугаар төв дээр шархаа янзлуулах гээд байж байхад цагдаа ирээд мэдүүлэг авсан. Нурууны яс хугарсан нүүрний сорвиндоо эмчилгээ хийлгээрэй гэсэн. Ажиллаагүй хугацааны 54 хоногийн цалин, цаашид гарах эмчилгээний зардал болох 1,783,000 төгрөг, 300.000 төгрөгөөр нурууны зураг авхуулсан, эмчийн үзлэг 25,000 төгрөг болсон. Замын зардал 56,500 төгрөг гарсан. Нийт 3,904,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Х-ын “Би 2021 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёрын “Сirkle K” нэртэй сүлжээ дэлгүүрт ажил дээрээ хамт ажилладаг А-гийн хамт хаах болоод хаалгаа цоожлоод ажлаа цэгцэлж байсан. Тухайн үед А- ариун цэврийн өрөөнд орсон байсан. Би хувцас солих өрөөнд хувцсаа солиод зогсож байхад гаднах хаалга хүчтэй нүдээд байсан.

Тэгэхээр нь би очиж хаалга онгойлгож өгөхөд А-гийн найз залуу А- ууртай орж ирээд үгийн зөрүүгүй намайг заамдаад чирээд бие засах өрөөний үүдэнд ирээд цээж рүү өшиглөөд би бие засах өрөө рүү юм тулаад унасан.

Тэгээд А- дээрээс нүүр рүү 2, 3 удаа гараараа цохиод намайг бие засах өрөөнөөс чирч гаргаж ирээд газар шалан дээр байхад дээрээс нуруу руу цохиод хөлөөрөө 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд хажуунаас А- салгах гээд дийлэхгүй байхад А- над руу дайраад байсан. Тэгээд би босоод бие засах өрөөнд орж толинд өөрийгөө харахад нүүр урагдсан, цус гараад байхаар нь би 102 дугаарт дуудлага өгсөн.

... А- үгийн зөрөөгүй орж ирээд намайг заамдаж аваад 1 удаа цээж рүү жийж унагаагаад нүүр лүү 2, 3 удаа цохиод цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд байсан. Би өөдөөс нь огт эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед намайг найз охин А-тай хардсанаас болоод зодсон юм шиг байсан.

... Миний биед учруулсан гэмтлийг А- намайг зодож учруулсан байгаа. Тухайн үед надаас эмчилгээний зардал огт гараагүй. Би Топаз нэртэй эмнэлэгт нуруу нугасны мэргэжлийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн байгаа. Уг эмчилгээний зардлыг Ч.А- бүгдийг төлж барагдуулсан. Би ажилгүй байсан хоногийн цалин, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Өөр ямар нэгэн гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч А.Л “... 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед А- над руу залгаад “Би зодоон хийчихлээ цагдаагаас намайг дуудаж байна” гэж хэлсэн. Би Б.Х-ыг сайн таньж мэддэг учраас хооронд нь уулзуулаад учрыг нь олъё гэж бодоод ирсэн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Гэрч О.А-гийн “... Би 2021 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед өөрийн ажил болох Модны хоёрын “Сirkle K” нэртэй сүлжээ дэлгүүр дээр ажил дээрээ хамт ажилладаг Х-ын хамт хаагаад тооцоогоо хийж байхад манай найз залуу тэсэхгүй хаалга нүдээд Х- очиж хаалга онгойлгож өгөхөд орж ирж байсан.

Тухайн үед би ариун цэврийн өрөөнд байсан ба гарч ирсэн чинь Х-ыг манай найз залуу заамдаад “би чамд зөндөө сануулсан биз дээ” гээд надтай хардаад байсан. Тэгээд Х-ын нүүр рүү нь цохиж унагаагаад дээрээс нь 2, 3 удаа өшиглөөд байсан.

Тэгээд Х- босч ирээд бие засах өрөөний толинд нүүрээ хараад цус болсон байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад дахиад зодоон болж магадгүй гээд А-ийг аваад харьсан. Тухайн үед А-, Х-ыг заамдаж аваад нүүр рүү нь 1 удаа цохиж газар унагаагаад дээрээс нь 3, 4 удаа өшиглөөд байсан.

... Тухайн үед Х-ын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэгээд зодуулсны дараа нүүр нь урагдаж цус гарсан байсан. ... А- гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3384 дугаартай:

“1. Б.Х-ын биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүү, хамрын нурууны шарх, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Ч.А-, хохирогч Б.Х-ыг заамдан үүднээс заал руу орж ирж харагдана.

... Ч.А-, хохирогч Б.Х-ыг ариун цэврийн өрөөр үү түлхэн оруулаад араас нь 1-2 удаа өшиглөн өөрөө дотогш орж харагдана.

... Б.Х-ыг ариун цэврийн өрөөнөөс татан гаргаж ирэн газар унагаан дээрээс нь толгойн ар хэсэг рүү 1 удаа, нуруу руу 1 удаа өшиглөнө.

... Ч.А- дахин хохирогч Б.Х- руу дайран дээрээс нь хөлөөрөө дэвсэлж харагдана” гэсэн тэмдэглэл. /хэргийн 10-15 дугаар хуудас/

 

Ч.А-ийн яллагдагчаар өгсөн “... Би ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Х-ыг хаалга тайлахаар нь уурлаад барьж авч дотогш ороод бие засах өрөө рүү өшиглөж оруулаад татаж гаргаж ирээд хөлөөрөө дээрээс нь дэвсэж 2, 3 удаа өшиглөөд гараараа цохиод хажуунаас манай найз охин А- ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Х-ттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Сirkle K” нэртэй сүлжээ дэлгүүр дотор найз охин О.А-тай хохирогч Б.Х-ыг хардаж түүнийг өшиглөж зодон түүний эрүүл мэндэд сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын төвгөр, эрүү, хамрын нурууны шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Б.Х-, гэрч О.Амарбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.А- нь хардалтын улмаас хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж цохиж, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар 1,262,560 төгрөг тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- нь хохирогчид эмчилгээнд зориулж 1,100,000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн ба хохирогч Б.Х- уг мөнгийн хүлээн авч эмчилгээндээ зарцуулсан болохоо зөвшөөрсөн тул тогтоогдсон хохирлоос төлсөн мөнгийг хасч үлдэх 162,560 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Х- нь ажилгүй байсан хугацааны цалин 54 хоногийн 1,783,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.Х- нь “Сirkle K” компанитай хууль ёсоор байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримтууд хэрэгт байхгүй, иргэний нэхэмжлэлдээ дурдсан “замын зардал” гэх мөнгөнүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул дээрх мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох боломжгүй байна.

Гэхдээ тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүний өмгөөлөгчид төлсөн гэх 1,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх шүүгдэгч Ч.А-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.А-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ч.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.А-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 162,560 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д олгосугай.

 

8. Хохирогч Б.Х- нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ