Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/448

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Ч.Анар,

хохирогч Ц.Б- түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 201626023135 эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.С-оос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилаж иргэн Ц.Б-д 76.808.625 /далан зургаан сая найман зуун найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Ш- бид хоёр 2012 оноос эхлээд хамт ажиллаж байсан. Ш-гийн эгчийн байрыг барьцаанд тавьж С-ын машиныг авсан нь үнэн. Би нэгийг нь залилан мэхэлсэн гэж үзэхгүй байна. Би машины мөнгөө 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөрөө төлөх юм байна гэж ойлгосон. Хэрэв залилах гэсэн бол би ямар ч мөнгө өгөхгүй явах байсан. Миний төлсөн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Би өөрийнхөө үйлдлийн залилан гэж үзэхгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ: “Би ажлаа хийгээд байж байтал 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө манай дүү утастаад эгчээ ажил дээр хөрөнгө оруулалт хийх гээд байна. Зардлын мөнгө хэрэгтэй гээд байна, таны байрыг барьцаалаад мөнгө олоод өгчих үү гэсэн юм. Би тэгээд итгэмжлэл хийж өгсөн. Тэрнээс өмнө нь ажлаа хийгээд явж байсан.

Итгэмжлэл хийж өгснөөс нэлээн хойно бид хоёр ажлаар явж байсан чинь Чингэлтэй дүүрэгт барилга дээр цутгалт авсан байсан. Тэгээд намайг хүрээд ир гарын үсэг зураадах гэсэн. Хоёулаа нотариат дээр очъё гэсэн юм. Тэр үед хэн байсныг мэдээгүй. Шууд гарын үсэг гэрээгээ уншихгүй зурсан. Тэнд С- байсан гэдэг. Байхгүй байсан. Ш-гаас түрүүлж бүгдийг бэлдсэн байж байгаад гарын үсэг зуруулсан. 2015 оны 10 дугаар сард С- гэдэг залуу утастаад Ш-гийн утас нь холбогдохгүй байна. Б- надаас мөнгө зээлсэн, би өмнөөс нь зээлсэн юм өгөхгүй бол шүүхэд та хоёрыг өглөө гэж утсаар ярьсан. Эхний удаа албаны утас байсан. Хаанаас залгасныг мэдэх гээд асуутал Чингис хаан банкны утас байсан. 2016 онд надтай дахин ярьсан. Таныг шүүхэд өглөө гэсэн. Ш- ахын найз Б- нь байрыг барьцаалсан тул 34,000,000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд би хэдэн төгрөг зээлсэн бэ гэхэд 34,000,000 төгрөг гэсэн. Хүүтэй нь зээлсэн үү гэхэд хүүгүй зээлсэн гэсэн. Тэгвэл би тэр хүнтэйгээ ярь гэсэн. 2016 оны 10 дугаар сар, 9 дүгээр сарын сүүлээр мэдэгдэл ирсэн. С- нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан. Шүүх хурал болох товоо өөр хүний нэр дээр явуулаад би оролцож чадаагүй шийдэгдсэн. Бид нарын оролцох хурлын товыг өөр хүнд хаягаар явуулсан байсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед Б-г хайгаад Жаргалмаа гэдэг эмэгтэй дүүтэй нь ярихад мөнгөний асуудал байхгүй гэж утсаа тастсан. Тэгээд бид нар Баянгол дүүргийн цагдаад гомдол хүсэлт гаргасан. Б-г эрэн сурвалжилж байгаад Иргэний шүүх дээр ямар ч нотлох баримт байхгүй шийдвэр гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас олон удаа дарамталлаа. С-ын хань хамсаатнууд нь очиж 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байрыг битүүмжилсэн. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байр хураагдсан. Анхны дуудлага худалдаа явагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2 дахь нь одоо явагдах гэж байгаа гэсэн. Ш-д 49,151,750 төгрөгийг Ш- төлж байж орон сууцыг авахаар шийдвэр гарсан. Маш их гомдолтой байна. Миний дүүгийн итгэл дээр суурилж хулхитаж хуурч мэхэлж эгчийнх нь байрыг барьцаанд тавиулж, өөрийнхөө орон сууц авах төлбөрийг олох гэж залилж байгаад харамсаж байна. Би одоо болтол тав тухтай амьдарч чадахгүй байна. Эрүүл мэнд, эдийн засгаар хохирч байна. Одоо байрны гэрчилгээг чөлөөлж үлдсэн хохирлыг төлж өгнө үү” гэв.

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

          Шүүгдэгч Б.Б- нь “2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, дутуу баригдсан барилгад чинь Хонконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б-ы 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг бусдын барьцаанд тавиулж Ц.Б-д 76.808.625 /далан зургаан сая найман зуун найман мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Тухайн үед хохирогчоор тогтоогдсон байсан Ш.Ш-гийн “2015 оны 8 дугаар сарын сүүлээр ажил хэргийн шугамаар харилцан ажилладаг байсан урьд Бишрэлт ХХК–ны захирлаар ажиллаж байсан Бадарчийн Б- надтай ирж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэргэд UBNN нэртэй газрын барилгын ажил дээр ирж уулзсан. Тэгэхдээ хоёр Өвөрмонгол хүнтэй явж байсан бөгөөд гадаадаас замтай холбоотой мөнгө орж ирэх гэж байгаа гэсэн. Тухайн үед 21 дүгээр хороололд барилга барьж байгаад хөрөнгө оруулалт байхгүй учраас зогсоосон байсан барилга байсан. Б.Б- тэр барилгад чинь хөрөнгө оруулалт хийе гэж хэлсэн. Тэгээд би ашигтай санал байна гэж бодоод зөвшөөрсөн.

... тэгэхээр нь надад бол мөнгө төгрөг эд хөрөнгө гэх зүйл байхгүй, харин манай төрсөн эгч Б-ы нэр дээр байгаа байрыг барьцаанд тавьж болох эсэх талаар өөрөөс нь асууя гэж хэлсэн. Тэгээд би эгч Б-д хандаж мөнгөний хэрэг байна Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байраа надад итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлээд өөртөө итгэмжлэл хийлгүүлж авсан. Б.Б- надад манай нэг хуурай дүү байдаг юм, тэр хүнд гэрчилгээгээ барьцаанд тавиад 35.000.000 төгрөг авна гэж хэлсэн.

... тухайн үед би маш их ажилтай завгүй байсан бөгөөд Б.Б- би өөрөө нотариат энэ тэрээ зохицуулъя гэж хэлсэн.

... Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн замын зүүн талд Б- нотариат олчихлоо гэж дуудсан. Тэгээд би эгч Б-тай хамт очсон. Тэгээд очиход Б- өөрийнхөө хуурай дүү гэх залуу ирсэн байсан. Б.Б- хэлэхдээ энэ залуу таны уулзахдаа ирсэн Улаанаа гэх Өвөрмонгол залуу болон нөгөө найз нь Саруул байрыг барьцаанд авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүлээд Б- надад байрныхаа итгэмжлэлийг хийж өгөөд бид хоёр тэндээс гараад явсан. Б.Б- намайг тухайн үед маш яаруу ажилтай байсан гэдгийг мэдэж байсан бөгөөд намайг явж бай араас чинь зээлийн гэрээгээ аваачаад өгнө гэж хэлсэн.

... одоо эгч Б-ы надад итгэмжлэл хийж өгсөн байрыг Б.Б- нь намайг хуурч мэхлэн С-т барьцаанд тавьж өгүүлсэн. Барьцааны мөнгийг Б- өгөх ёстой байсан боловч өгөхгүй байсаар байгаад С- нь Б- эгч бид хоёрыг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган өгч одоо байрыг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд хурааж аваад байгаа”... гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 220-221, 228-229 дүгээр хуудас/

Гэрч Ц.Б-ы “Миний төрсөн дүү Ш.Ш- нь 2015 оны 9 дүгээр сард надруу утсаар холбогдож өөрийн нэр дээр байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо 25-3 тоот орон сууцыг надад итгэмжлээд өгөөч манай нэг найз гадаадаас хөрөнгө оруулалт өгнө гэж байна. Таны байрыг зээлийн барьцаанд тавих гэсэн юм. Тэр найз маань ойр зуур хэрэглэх мөнгө гаргаад өгөөч гэсэн юм гэж хэлсэн. Ингээд би өөрийн дүү Ш-д туслах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ахуйн үйлчилгээний ордон дотор үйл ажиллагаа явуулж байсан нотариатын газарт орж Ш.Ш-д би өөрийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо 25-3 тоотод орон сууцыг зээлийн барьцаанд тавих худалдах эрхийг шилжүүлэн өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 145 дугаар хуудас/

 

Гэрч П.С-ын “Би Бадарчийн Б- болон Цэвээнсүрэнгийн Ш- , Цэвээнсүрэнгийн Б- нарыг 2015 оны 9 дүгээр сарын үеэс л мэддэг болсон. Таних болсон шалтгаан нь миний бие 2015 оны 9 дүгээр сарын эхээр Toyota Prado 120 маркийн орж ирсэн, улсын дугаар аваагүй машиныг бусдад зарахаар болж үнэгүй.мн болон унаа.мн гэсэн сайтуудад байрлуулсан зар тавьснаас хойш 7 хоногийн дотор над руу Түшиг гэх залуу болон Б- гэх залуу нар хамт ирж машиныг Да хүрээ зах дээрээс ирж үзчихээд 37.5 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэхдээ мөнгийг 5.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 32.500.000 төгрөгийг 14 хоногийн дотор өгнө, гэхдээ барьцаанд нь нэг байр тавина гэж хэлсэн. 14 хоногийн дотор мөнгөө хэрхэн өгөх талаар асуухад “Б- болон Түшиг нар нь урдаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, гааль дээрээ бэлэн арматур төмөр ирчихсэн байгаа энэ авч байгаа машиныг өвөрмонгол залууд арматур төмрийнхөө тооцоонд өгөөд явуулна. Арматур төмөр орж ирээд л мөнгөтэй болчихно” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би машинаа тухайн хоёр залууд зарахаар болсон ба намайг модны хоёрын Гандан талдаа байх Доктор авто засварын газрын ойролцоо байх нотариатын газар дуудаж уулзсан ба намайг очиход Түшиг болон Б- нар ирчихсэн байсан ба байрны гэрчилгээ авч ирэх хүн ирээгүй байна гээд бид нар гадаа хүлээж байх үед одоогийн Б- гэх эмэгтэй болон Ш- нар ирсэн. Ингээд нотариатын газар руу орсон ба би өөрийнхөө машиныг Ш- зараад 32.500.000 төгрөг дээр нь Ш-гийн эгчийн байрны гэрчилгээг надад барьцаанд тавьж байгаа мэтээр гэрээ хийсэн. Гэтэл нотариатч эмэгтэй тэр гэрээг үзээд за та нар машиныхаа мөнгийг өгч дуусаж байж байрны гэрчилгээгээ буцааж аваад машины гэрчилгээ Ш-гийн нэр дээр шилжинэ гэж хэлсэн. Машины гэрчилгээг одоо шилжүүлж авмаар байна, тэртэй тэргүй 32.500.000 төгрөг дээр нь байрны гэрчилгээ тавьж байгаа юм чинь гэж хэлэхэд Ш- болон түүний эгч Б- нар зөвшөөрч байсан.

... ингээд яаж машины гэрчилгээг тэд нарт тухай өдөрт нь шилжүүлж болох боломжтой талаар ярилцаж байх үед ... тэр үед Б- ажилтай гээд яараад яваад өгсөн ба эхний хийсэн гэрээ болохгүй байх үед дахин дуудаж надад зээлийн гэрээний барьцаанд байрныхаа гэрчилгээг үлдээх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэхэд өөрийн дүү Цэвээнсүрэнгийн Ш- итгэмжлэл хийсэн гэсэн байсан тул тухай итгэмжлэлээр нь би зээлийн гэрээ хийсэн. Ингээд миний 37.500.000 зарах гэж байсан машиныг Б- өөрийн нэр дээр шилжүүлж авахаар болсон ба би 37.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь бэлнээр авах байсан ч Б- нь надад тухай өдөр нотариатаас гараад 4.500.000 төгрөгийг өгсөн ба 32.500.000 төгрөгөө 33.000.000 болгоод өгчихнө гэж хэлээд явсан. Ингээд тухай өдрөөс хойш сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд би Б- гэх залуутай хамт явсан Түшиг гэх залуутай холбогдож байсан ба Түшиг гэх залуу нь одоо ажил бүтэх гээд байна, удахгүй ороод ирвэл мөнгийг чинь өгөөд байрны гэрчилгээг авна гэж явсаар сарын хугацаа өнгөрсөн ба би тэр үед ер нь машиныг Б-, Түшиг, Ш- нар хамт авчихлаа гэж бодсон учраас Түшигтэй нь холбогдоод асуудаг байх үед Түшиг нь сүүлдээ Б- чиний машиныг авсан, энэ тэр гээд Б- руу бүх асуудлаа чихээд эхлэхээр нь Б-тай 2015 оны 10 дугаар сараас хойш холбогдож эхэлсэн ба би Б-тай холбогдож “та надад байрны гэрчилгээ барьцаанд тавьсан Ш- гэх хүнийг дагуулж ир” гэж хэлэхэд Ш- Б- нар нь над дээр хамт ирж” манай гэр болох Сансарт байх байрны гадаа уулзсан. Тэр үед Ш- Б- нар нь хамт надтай уулзсан ба би Ш-гаас 33.000.000 төгрөгөө авъя эсхүл байраа надад шилжүүлж өг би шүүхэд хандлаа гэж хэлэхэд Ш- болон Б- нар нь шүүхэд хандаж болно, чи шүүхэд ханд ханд, мөнгө чинь удахгүй 7-10 хоногийн дотор ороод ирнэ тэр үед чинь хүү алдангитай нь өгчихнө гэж хэлж байсан. Ингээд тэр уулзсан өдрөөс хойш Ш-гийн 88110835 гэсэн дугаар руу олон удаа залгахад нэг ч удаа утсаа авдаггүй байсан. 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын үеэс Б-тай утсаар ярих гэхээр утсаа авахгүй алга болчихдог сүүлдээ аргаа бараад Б-тай иргэний үнэмлэх дээр байдаг гэрийнх нь хаягаар очиход ээж нь байсан ба гэрт нь хүлээж ээжээр нь дуудуулж байгаад уулзахад сар гарны дараа бүтээгээд өгнө гэж гэрийнхэн нь хэлж байсан ч сар гаран хэлсэн хугацааг нь хүлээж байгаад буцаад уулзахад л Б- нь мөнгө нь бүтсэнгүй гээд л хугацаа сунгадаг. 32.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байхгүй. Гэхдээ гэрээн дээр Ш- нь мөнгө бэлнээр авсан мэтээр надад гарын үсэг зурж өгөөд гэрээ үйлдсэн” .. гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 26-28 дугаар хуудас/

 

Гэрч Н.Б-ын “... Б- нь манай ахтай 1 жилийн өмнөөс л танилцаж найзалж эхэлсэн. Б- нь манай ах дээр ирээд “Хөгшиндөө хятадуудаас арматур төмөр зээлээд өгөөчээ, яг цаг хугацаанд нь мөнгийг нь өгнө, би нэг барилгын компаниас байр авчихсан юмаа” гэж ахаас гуйсан байдаг ба манай ах Б-д туслах зорилгоор Хятадуудыг нь уулзуулж өгье болох талаас нь ярьж өгье гэж хэлсэн. Ингээд манай ах өөрийн арматур төмөр авч зардаг хятад хүнтэй уулзуулахад тухай хятад нь зөвшөөрч цаг хугацааг нь тохироод арматур төмөр өгөхөөр болсон. Ингээд Б- нь тухайн арматур төмрөө аваад Барилгын компанидаа өгсөн боловч Хятадад өгөх мөнгөө цаг тухайд нь өгч чадахгүйд хүрсэн. Тэр үед Хятадууд нь мөнгөө авахаар Б-гаас нэхэх үед Б- нь одоогийн Ш- гэх хүний байрыг барьцаалж хүний зарах гэж байсан Prado 120 автомашиныг аваад тухайн машинаа ломбардад тавьж Хятадуудад өрөө дарсан байдаг.

... буцааж машинаа авч чадахгүй байсаар байгаад машинаа алдсан. Мөн барьцаанд тавьсан Ш-гийн байрыг авч өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн талаар ах надад хэлсэн” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Б-ийн “...Б- нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа байрнаас байр авсан гэж хэлж байсан ба тэр үедээ надад зээлээр авах арматур төмөр хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өөрийн таньдаг Өвөрмонгол залуугаас арматур төмөр зээлээр авч өгсөн. Тэр арматур төмрийг Б- байрныхаа төлбөрт өгсөн байх. Надтай нэлээд хэсэг хугацааны дараа уулзаад өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байрны бичиг баримтыг надад харуулаад энийг барьцаанд тавьж мөнгө болгох ломбард надад хэрэгтэй байна гэж хэлэхээр нь ломбардад тавьж мөнгө авч яах гэж байгаа юм гэж хэлэхэд би урдаас хятадуудтай нийлж арматур төмөр их хэмжээгээр оруулж ирэхээр болсон, надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас хятадууд намайг мөнгө олоодох гээд шахаад байна гэж хэлэхээр нь ямар гарц байгаа талаар яриад сууж байтал Б- нь энэ байрыг юунд ч хамаагүй тавиад мөнгө гаргах хэрэгтэй байна, тэгвэл урдаас арматур төмөр ороод ирнэ, удахгүй суллаад авчихна гэж хэлэхээр нь би зар дээрээс машин буюу Toyota Prado 120 маркийн гаалийн бичигтэй машиныг зарна гэсэн байсан зарын дагуу С- гэх залуутай холбогдож утсаар яриад Б-тай хамт очиж уулзсан ба С- Чингис банканд ажилладаг гээд банкны гадаа очиж уулзаж Б-гийн байдлыг хэлээд урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө өгөөд үлдсэн мөнгөнд нь байрны гэрчилгээ барьцаанд тавина хугацаанд нь найдвартай үлдсэн мөнгөө өгөөд гэрчилгээг авна гэж хэлэхэд С- зөвшөөрсөн.

... би очиж машиныг нь унаж ирээд Б-д өгч байсан. Тэр үед Ш- гэх залуу явчихсан байсан. С-оос авч явсан машиныг Б- авч явсныхаа хоёр хоногийн дараа над руу яриад энэ машиныг ломбардад үнэтэйгээр тавиад өгөөч, гадуур ломбардад 20.000.000 төгрөгнөөс дээш авахгүй байна гэж хэлэхээр нь би өөрөө машинаа тавиад мөнгө зээлдэг Него центр төв дээр очиж Б-гийн авсан машиныг үзүүлээд 25.000.000 төгрөгөнд барьцаанд тавьж мөнгийг нь Б- бэлнээр аваад явсан. Тухай мөнгөө Б- юунд зарцуулсан талаар мэдэхгүй, уг нь бол урдаас арматур төмөр оруулж ирнэ гэж л байсан

... Би Б-гаас Ш- гэж ямар хүн юм бэ гэж асуухад “би арматур төмөр оруулж ирэхээр Ш- надаас арматур төмөр зээлж авч барилгаа босгож дуусгах гэж байгаа юмаа” гэж хэлж байсан. Ийм учраас Ш- надад энэ байрыг барьцаанд тавьж урдаас арматур төмөр оруулж ирэх ажлаа зохицуул гэж байгаа юмаа гэж хэлсэн. Б-тай хамтарч ажилласан зүйл байхгүй. Б- надад 10.000.000 долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих концессын гэрээ зам тээврийн яамтай хийх гэж байгаа талаар ярьсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-33 дугаар хуудас/

 

Гэрч С.Х-ын “...2015 оны 01 дүгээр сарын үед би өөрийн компанийн нэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рояал хаус ХХК-ний барьж байсан байрны ажилд арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийсэн ба энэ ажилд Б- хамт оролцохоор болсон. Би арматур төмөр нийлүүлээд хөлсөнд нь байр авахаар ярилцаж тохиролцсон ба Б- надаас “чи компанийхаа гэрээнд миний нэрийг оруулаад өгөөч, би энэ баригдаж байгаа байрнаас байр авъя, чи угаасаа арматур төмөр нийлүүлэх учраас би бас өөр газрууд руу арматур төмөр нийлүүлэх ажил ярьсан байгаа, дундаас нь олсон ашгаараа байрныхаа мөнгийг төлөөд дуусгачихна чамд чирэгдэл болохгүй” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд дээрх компанитай арматур төмөр нийлүүлэх гэрээндээ Б-гийн нэрийг оролцуулж барьж байгаа байрнаас нь 2 байр авахаар болсон. Ингээд гэрээнд заасны дагуу бүх арматур төмөр нийлүүлэх ажлыг хамт биелүүлэхээр болж гэрээний дагуу арматур төмөр нийлүүлж эхэлсэн. Ингээд Б- нь өөрийнхөө байранд нийт 32.000.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлсэн байдаг. Мөн миний байрны төлбөрт 9 тонн арматур төмрийг нийлүүлсэн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б- нь дээрхи компаний байрнаас гарсан ба тухайн байранд 32.000.000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр нийлүүлсэн байдаг. Ингээд Б- нь надтай хамт Рояал хаус ХХК-тай хийсэн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан ба миний бие ганцаараа гэрээний үүргээ биелүүлж арматур төмрөө нийлүүлж, өөрийн байрны үнийн дүнг дуусгана” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/

 

Гэрч У.З-гийн “... Б- гэх хүн нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай ажил дээр ирээд 2005 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаар аваагүй Toyota Landcriuser Prado маркийн В 3370 хөдөлгүүрийн багтаамжтай мөнгөлөг өнгөтэй №1213756 гаалийн бичигтэй аралын ... дугаартай машиныг барьцаалж зээл авахаар болоход нь 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлэхээр болж гэрээ хийж машиныг нь авч үлдээд мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан.

... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн 1 удаагийн зээлийн хүүг дутуу хийж түүнээс хойш хүү болон үндсэн зээлийн мөнгөө өгөхгүй удсан учир 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Б-г дуудаж уулзаад зээлээ төлөхийг шаардахад мөнгөө төлж чадахгүй болсон барьцаанд тавьсан машиныг хураалгахаар болж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд Б-гийн барьцаанд тавьсан дээрх машиныг 2016 оны 02 дугаар сарын дунд үеэр бусдад зарж хохирлоо барагдуулж Б-тай холбоотой зээлийг хаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/

 

.... консракшн ХХК-ний Арматур худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтыг гэрээ. /хэргийн 1 дүгээр хавтас 115-121 дүгээр хуудас/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэр. /хэргийн 1 дүгээр хавтас 86-88 дугаар хуудас/

2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 76 дугаар хуудас/

Авто машин барьцаалсан Зээлийн гэрээ. /хэргийн 1 дүгээр хавтас 38-41дүгээр хуудас/

Гаалийн ерөнхий газрын албан тоот. /хэргийн 1 дүгээр хавтас 238 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэрэг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэг нь “ ... эд хөрөнгө хурааж арваас дээш арван таван жил хорих” гэсэн ялтай бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын дагуу Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ц.Б-ыг хуурч үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаанд тавиулж 76,808,625 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Хохирогч Ц.Б-д энэ гэмт хэргийн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 76,808,625 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэг нь нийт 19,000,000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хохирлоос хасч үлдэх 57,808,625 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Ц.Б- нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан иргэний нэхэмжлэлдээ “өмгөөллийн болон иргэний шүүхийнх зардал 6,000,000 төгрөг, мөн энэ зардлыг гаргахад зээлсэн мөнгөний хүүгийн төлбөр, түрээсэлдэг байрны алдагдсан орлого 36,000,000 төгрөг, эрүүл мэндээ алдаж эмнэлэгт эмчлүүлсэн 731,000 төгрөг” нэхэмжилсэн байна.

Эдгээр мөнгөнүүд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй тул хохиролд тооцох боломжгүй харин хохирлын үнэлгээг тогтоолгохоор хохирогчоос төлсөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний төлбөр 300,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул шүүгдэгч Б.Б-гаас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь “Залилах” гэмт хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил ... хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэсэн заалтад хамаарч байна.

Хууль тогтоогч мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй. гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгдэгч Б.Б-гийн “залилах” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй.

Ийм учраас шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутайд тооцогдсон “залилах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- энэ хэрэгт 148 хоног цагдан хоригдсон болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- энэ хэрэгт 148 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-гаас 57,808,625 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний төлбөр 300,000 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ