Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

 

2021           6             25                                          2021/ШЦТ/438

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Т-,

хохирогч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-гийн Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000694 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ... дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ..  дүгээр байр ... тоотод түр оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-гийн Т-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б- мэдүүлэхдээ: “Бид хоёр үерхдэг байж байгаад салаад тухайн өдөр над руу Т- залгасан. Тэгээд шүүхэд өгсөн мэдүүлэг үнэн. Тэгээд одоо сэтгэл санаа бие махбодиор хохирсон. Хамрын судас нарийсаад хагалгаанд орох шаардлагатай байна. Би ажилгүй байсан 2 сарын цалин болох 1,800,000 төгрөг, хамрын хагалгаанд орох 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн байрны хаалганы шилний мөнгө 200,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Цаашид ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Саяхан баримтаар эм тариа авсан. Дахиад судасны аппаратад орно гэсэн. Нийт 4,547,550 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс эм тарианы мөнгө Т- өгсөн” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Д.Б-ын “Би Б.Т-тэй анх 2020 оны 10 дугаар сард Модны хоёрын +25 нэртэй бааранд танилцаж байсан. Б.Т- нь тухайн бааранд зөөгч хийдэг байсан. Б.Т- бид хоёр хайр дурлалын харилцаатай үерхдэг байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сард салсан юм.

          Тэрнээс хойш ямар нэгэн харилцаа байхгүй. Болсон зүйлийн талаар гэвэл би хуурай эгчийнхээ гэр буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод өөрийн найз Х-, түүний найзын хамт гурвуулаа нэг, нэг ширхэг лааз пиво уугаад сууж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдөр шилжих шөнө би Х-ын найзын утсаар Т-гээр тоглохоор Т-гийн гар утас руу залгасан. Би Т-гээр юу байна даа гэж хэлэхэд Т- нь миний хоолойг таниад Бүжээ л байна ш дээ, юу хийж байгаа юм гэхэд нь би хоёр найзтайгаа сууж байна гэж хэлсэн. Т- нь би тэгвэл яваад очъё гэж хэлэхээр нь би такси унаа олдох юм уу гэсэн чинь такси дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад Т- нь дахиад залгаад таксины мөнгө явуулчхаач гэхээр нь би данс руу нь 15,000 төгрөг шилжүүлсэн. Т- нь удаагүй миний байгаа газарт ирээд бид дөрөв юм ярьж сууцгаасан.

          ... Т- нь би пиво ууя гэхээр нь би пиво захиалж өгсөн бөгөөд 1 ширхэг 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво хүргэлтээр ирсэн. Тэгээд Т- нь ганцаараа тухайн пивоноос уугаад би гар утсаараа тоглож байсан. Тухайн үед Т-гийн гар утас дугараад л байсан. Би гар утсаараа тоглож дуусаад Т-г хоёулаа сайхан ярилцъя гэсэн чинь урдаас хэг, ёг гээд л сонин харьцаад байсан. Т- нь би нээрээ аав болж байгаа, манай найз охин жирэмсэн гэж хэлэхээр нь би гайхаад хоёулаа саяхан болно, бүтнэ гээд явж байсан биз дээ, хэзээ дээ хүүхэдтэй болсон юм гэж хэлсэн чинь Т- нь эмнэлгээр явж байгаа, энэ удаа хүүхдээ авхуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэнэт дургүй хүрээд чи хүүхдээ намайг блоклоод хэл үгээр доромжилж байгаад авхуулаа биз дээ гэсэн чинь Т- нь чи надад өгсөн бүх юмаа надаас нэхдэг биз дээ, надаас буцааж авах юм уу гэхээр нь би тэгнэ гэж хэлсэн чинь Т- нь миний бие рүү түлхсэн.

          Тэгэхээр нь би өөдөөс нь зөрүүлээд түлхээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Т- нь миний нүүр рүү гараараа шууд цохисон. Би арагшаа унахдаа хаалганы шил хагалаад нуруугаараа даваад уначихсан. Миний нүүрнээс шууд цус гараад би орилсон чинь манай найз Х- босож ирээд чи эмэгтэй хүн яаж байгаа юм гэсэн чинь Т- нь Х-той маргалдсан. Би тэнд цусаа хараад айж сандарсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан.

          Б.Т- нь миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг түлхэхэд би хойшоогоо өрөөний хаалганы шил хагалаад уначихсан. Тэгээд шууд хамраас цус гарсан. Өөр ямар нэгэн байдлаар намайг цохиж зодсон зүйл байхгүй. Ямар нэгэн багаж зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй.

          ... Би Т-тэй хамтран амьдарч байгаагүй. Гэрлэлтийн баталгаа болон хүүхэд байхгүй.

          ... Би гомдолтой байна. Би хурдан эмчилгээ хийлгэж гоо сайхнаа сэргээлгэмээр байна. Би хохирлын баримтуудаа гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

          Гэрч Ч.Х-ын “Би найз О-ийн хамт унтахаар буйдан дээр нь хэвтсэн. Тэгээд унтаж байсан чинь хүн муухай хашхирахаар нь би цочиж сэрээд хартал Д.Б- нь нүүрээ барьсан, Б.Т- нь дахиад цохих гээд зогсож байхаар нь би босоод дундуур нь ороод салгасан. Би Б.Т-д хандан чи эмэгтэй хүн яаж байгаа юм, нүдийг нь сохолчихлоо ш дээ гэж хэлсэн чинь Б.Т- нь чи тэгэхээр яадаг юм гээд миний хацар луу нэг удаа алгадаад, өвдөгөөрөө гуя руу өвдөглөөд, гарнаас чанга барьчихаад Д.Б- руу дайраад байсан.

          ... Би унтаж байхад гэнэт эмэгтэй хүн муухай хашхирахаар нь цочиж сэрсэн. Сэрээд харахад Д.Б- нь нүүрээ дарсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          Гэрч О.О-ийн “Би найз Х-гийн хамт унтахаар буйдан дээр хэвтсэн. Тэгтэл гэнэт орилж хашхираад босоод харсан чинь Х-гийн найз охины хамраас их цус гарсан байсан. Би цус хараад балмагдаад айж сандраад эвгүй болсон. Тэгээд нээх сайн хэлж ярьж мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирсэн байсан бөгөөд би ийм зүйл анх удаагаа харж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3704 дугаартай:

          “1. Д.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацар, баруун гуянд цус хуралт, хамар зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

          Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Д.Б- нь над руу залгаад би найзуудтайгаа байна, чи хороололд хүрээд ирээч гэж хэлэхээр нь би чадахгүй гэж татгалзсан чинь байн, байн над руу залгаад байсан. Тэгээд би Д.Б-ыг залгаад байхаар нь за за нэг удаа очъё гэж хэлээд над руу таксины мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн.

          ... Намайг ороход Д.Б- нь хоёр найзынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэгээд бид дөрөв юм яриад сууж байтал манай найз охин Ц- нь над руу залгахад Д.Б- нь хараад уурлаад суугаад байсан. Тэгээд би пиво ууж байгаад удахгүй явъя гэж бодоод гарах гэтэл Д.Б- нь гаргахгүй, түлхүүрээ нуугаад байсан. Би хэсэг сууж байгаад би явъя гэж бодоод Д.Б-ын архи пиво дуудлагаар авчирсан хүн ирэхээр нь би зөрөөд гарах гэтэл Д.Б- нь дээр гараад хэвтээд өгсөн. Би Д.Б- бид хоёр юм яриад авчирсан 1 ширхэг пивыг хувааж уугаад сууж байсан. Тэгсэн чинь манай найз охин Ц- нь над руу залгасан чинь Д.Б- нь миний утсыг булааж аваад муу банзал, янхан, би чамайг энд ална, манай найз залуу миний арыг даана гэж үг хэлээр доромжилж намайг түлхээд зурагтын антен шидсэн. Би өөдөөс нь түлхээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Д.Б- нь намайг түлхээд цээж гар хэсэг рүү цохиод байхаар нь би Д.Б-ын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь Х- гэх найз нь босч ирээд над руу чи яаж байгаа юм бэ гээд миний нүүр, толгой хэсэг рүү цохиход Д.Б- нь хажуу талаас миний нүүр хэсэг рүү алгадсан. Би зугтаж гарах гэтэл Д.Б- нь би чамайг гаргахгүй гээд нуруугаараа хаалга налж байгаад хаалганы шилийг хагалсан.

          ... Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхи, зүүн хацар, баруун гуянд цус хуралт, хамар зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч Д.Б-, гэрч О.О-, Ч.Х-, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад Б.Т-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн ...7 дугаар зүйлийн ...7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Намууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар 474,440 төгрөг тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 656,940 төгрөг төлсөн, хохирогч уг мөнгийг хүлээн авсан гэж мэдүүлж байх тул нэмж баримтаар  гаргуулах төлбөргүй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б-аас хамрын ясны хугарлын эмчилгээний төлбөрт 2,500,000 төгрөг, ажилгүй 2 сар байсан хугацааны цалин 1,800,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй тул хохирол, хор уршгийг тооцох боломжгүй юм.

Гэхдээ хохирогч Д.Б- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-г торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.Б- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ