Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/437

 

 

 

 

 

 

 

 

2021           6             25                                          2021/ШЦТ/437

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Ө.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ө-ийн Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105007440649 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Отгонтэнгэр Их сургуулийн Бизнес удирдлагын ангийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ө-ийн Т-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анархан паб дотор иргэн Н.Э-ийн гээсэн Samsung note 20 ultra /Самсунг нөүт 20 ултра/ загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 3,799,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ө.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анархан паб дотор иргэн Н.Э-ийн гээсэн Samsung note 20 ultra /Самсунг нөүт 20 ултра/ загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 3,799,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.Э-ийн “2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим хоёр найзтайгаа Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Анархан пабад орж суусан. Тэнд ороод нэг их удалгүй би тамхи татах гэж гараад үүдний хэсэгт очиж байгаад би эргээд паб руугаа ороод суучхаад 10-15 минут орчим болоод гар утсаа хайхад байхгүй байсан. Тэгэхээр нь хяналтын камерыг нь шүүж үзэхэд би тамхи гэж татах гэж явахдаа юмуу, тамхи татчихаад эргэж орохдоо юмуу тамхи татдаг хэсэгт миний баруун халаасанд байсан гар утас унасан байсныг гаднаас орж ирж байгаа нэг эрэгтэй хүн аваад гараад явчихсан бичлэг байсан. Тухайн бичлэгийг би гар утсан дээр бичиж авсан байгаа. Тэгээд гар утас руугаа залгахад холбогдоод дуудаж байсан мөртлөө авахгүй байж байгаад 30-40 минутын дараа миний гар утсыг унтраачихсан. Цэнэг бол дүүрэн байсан. Тэр хүн аваад ярих боломжтой байсан байгаа. Залгахаар л таслаад байсан юм.

... Миний гээсэн гар утас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шиг санагдаж байна. Сайн электрониксоос лизингээр 3,800,000 төгрөгийн үнэтэй авсан хар өнгөтэй, 256 гб багтаамжтай, эвдрэл гэмтэл гэх юм байхгүй, цоо шинэ, имэй код нь 352682503060740, 359646203060741 гэсэн утас байгаа. Гар утсаа худалдаж авсан үнээрээ үнэлж байна.

... Гар утсаа олж авмаар байна. Өөр ч ямар нэг гомдол санал гэх юм байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.С-ы “ ... 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үнэгүй.мн сайтаас Note /нөүт/ 20 загварын гар утас хайж байхад энэ утсыг зарна гэсэн байсан. Тэгэхээр нь зарын дагуу утас руу нь залгахад /одоо дугаарыг нь санахгүй байна/ авна гэвэл авч очиж үзүүлнэ гээд тэр өдрөө манай ажил болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2 дугаар гудамжны 28 тоот хаяг болох Deluxe авто центр дээр 25-30 орчим насны дунд зэргийн нуруутай, шар царайтай, залуу эхнэртэйгээ хамт хар өнгийн Prius машинтай ирээд хүнээс өрөндөө авсан утас, 2,100,000 төгрөгөөр зарна гэхээр нь утас нь таалагдаж ....... тоот данс руу мөнгөө шилжүүлж гар утас авсан байгаа.

... Надад гар утас зарсан хүмүүсээс мөнгөө авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Гэрч О.А-гийн “... Энэ өдөр 2,100,000 төгрөг миний дансаар орсон байгаа. Манай нөхөр Гантөр нь Үнэгүй.мн сайтад гар утас буюу Samsung note /Самсунг нөүт/ 20 загварын гар утас авна гэж зар тавьсаны дагуу нэг ах холбогдоод хорооллын эцэс нэг авто угаалга билүү авто засварын газар аваад ир, үзье гэж хэлсэн учир тэнд нь очиж уулзаад гар утсаа үзүүлээд зарсан байгаа.

... Талст нэртэй ломбардыг ажиллуулж байхад 2020 оны 11 дүгээр сарын үед 2 залуу барьцаанд 1,800,000-1,900,000 төгрөгөөр барьцаанд 14 хоногийн хугацаанд тавьсан юм. Тэгээд хугацаа нь дуусахаар нь тухайн хүмүүсийн бүртгэлтэй гар утас руу нь залгаад гар утсаа ав гэхэд найзаасаа асуугаад хэлье гэж хэлээд удалгүй эргэж залгаад наад гар утсыг чинь авч чадахгүй юм байна гэхээр нь бид нар мөнгөө гаргаж авлаа шүү гэхэд тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг би 2,100,000 төгрөгөөр зарсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч Ө.А-ын “... Тухайн гар утсыг 1,500,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай халдварт орчимд нэрийг нь санахгүй байна, нэг ломбардад тавьсан байгаа. Тухайн гар утсыг миний төрсөн дүү Ө.Т- намайг барьцаанд тавиад өг гэж гуйсан учир би ломбардад тавьж өгсөн. Тухайн үед манай дүү 18 насанд хүрээгүй байсан учир би зөвшөөрсөн. Надад ямар учиртай гар утас юм бэ гэхэд тодорхой юм яриагүй, хүнээс авсан л гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний “Samsung note 20 ultra маркийн гар утсыг 3,799,900 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд. /хэргийн 61-62 дугаар хуудас/

 

Ө.Т-гийн яллагдагчаар өгсөн “... Анархан паб руу ороход үүдний буйдан дээр Samsung note 20 ultra /Самсунг нөүт 20 ултра/ загварын гар утас байхаар нь би шууд аваад халаасандаа хийгээд гарсан. Гар утсыг аваад гараад явж байхад гар утас дуугараад байхаар нь би дууг нь хаагаад авалгүй явж байгаад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр сим картыг нь гаргаж хаясан. Тэгээд 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад өвөөгийндөө очсон. Тэгээд тэр утсыг би өөртөө хадгалж байгаад ах А-таа би хүүхдээс авах ёстой өрөндөө гар утас авсан юм, та ломбардад тавиад өгөөч гэтэл манай ах за хэдэн төгрөгөөр тавих юм гэхээр нь би 1,500,000 төгрөгөөр тавимаар байна гэж хэлээд ахад гар утсаа өгсөн. Тэгээд ах гар утсыг авч гараад ломбардад тавьчихлаа гээд надад 1,500,000 төгрөг авч ирж өгсөн. Тэгээд тухайн мөнгөний 500,000 төгрөгөөр I phone 7 загварын гар утас аваад үлдсэн мөнгийг нь ойр зууртаа хэрэглээд дуусгасан. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анархан пабад иргэн Н.Э- үйлчлүүлж байхдаа өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалахдаа хайхрамжгүй хандаж Samsung note 20 ultra /Самсунг нөүт 20 ултра/ загварын гар утсыг гээснийг шүүгдэгч Ө.Т- нь бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 3,799,900 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Иймд шүүгдэгч Ө.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ө.Т- нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Т-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-т 3,799,900 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Н.Э-т 3,799,900 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung note 20 ultra /Самсунг нөүт 20 ултра/ загварын гар утсыг биет байдлаар буцаан олгосон нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 62 дугаар хуудас/, мөн иргэний нэхэмжлэгч О.А-д 2,100,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /хэргийн 64 дүгээр хуудас/ тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Ө.Т-г хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ө-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Т-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ