Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/434

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Г.Э- түүний өмгөөлөгч Б.Чинбат,

хохирогч Г.Б-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ын Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005019280301 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “........” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г- Э-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э- нь Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б-аас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 11,067,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: Миний хувьд яллах дүгнэлттэй холбоотой болсон явдлын талаар прокурорын ярьсныг сонслоо. Энэ дунд бодол санаанаас өөр зөрчилдөөнтэй, бодол санаанаас өөр зүйл байна. Би Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгнө гэж хэлээгүй. Өөрөө над дээр орж ирсэн. Би анх ах нь элчин сайд биш, виз гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш найдвартай гэх баталгаа байхгүй гэдгийг хэлсэн. Би “Шинэ” намд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны залуучуудыг хариуцсан дарга хийж байсан. Намын дарга нар гишүүд хүсэлтээ өгөөд Америкийн нэгдсэн улсын виз нь гараад ирсэн. Тэгээд ах нь чамайг явна гэвэл байдаг чадлаараа тусалъя гэсэн юм. Би нэгэнт хэн хэндээ тус болж байгаа юм чинь гэж хэлээд нэг нэгэндээ тусалъя гэсэн. Би Турк улсаас нохой муурны хоол нийлүүлдэг байсан. Сард 50 тонныг нийлүүлдэг. Би тусламж хэрэг болбол хэлнэ гэж хэлсэн. Би хадгаламж барьцаалсан зээл аваад төлнө гэж бодсон. Тэгээд үйл ажиллагаа доголдоод түрээсийн мөнгө нэхэгдээд, тоног төхөөрөмж бас эвдрээд Төрийн банк дээр очоод G мэйлээ өөрчлөөд хадгаламж барьцаалсан зээл авсан. Зээлээ төлж чадаагүй. Тэрийгээ төлнө гэж хэлсэн боловч цагдаа шүүхэд өгнө гэж хэлээд маргалдсан. Бусад үед хоорондоо тохиролцоод явж байсан. Би одоо харамсаж байна. Би залилан хийх байсан бол өөрийнхөө хувийн байдлыг талаар мэдээлэхгүй байх байсан. Би Б-ыг “Эрдэм тауэр” дээр оффис дээрээ дуудаж ирүүлэн туслахыг хүссэн. Би 3 хүүхэдтэй гэхээр нь өөрөө үр хүүхэдтэй болохоор тусална гэж л бодсон. “Ковид” гараад Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам материал авах цагаа хойшлуулаад 5 сар хүртэл авахгүй байсан. Би тэр үед Б-ад цаг өгөхгүй байна гэж хэлсэн. Ярилцлагад оруулна намын шугамаар явуулаад өгье гэж хэлсэн боловч надтай холбогдохгүй, уулзахгүй байсан. Миний утсыг блоклосон гэсэн. Би амьдарч байсан орон гэр, ажлын байр дээрээ дагуулж очиж овог, нэрээ үнэн зөв хэлээд тайлбарласан. Надад залилах шалтаг шалтгаан байхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Төрийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/69 дугаартай “...Харрилцагчийн хүсэлтийн дагуу шалгахад 2020.01.18-ны өдөр уг дансны хамтран эзэмшигч болох Ө.С- нь ..... өөрийн нэвтрэх нэр бүхий интернет банкныхаа имэйл хаягийг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу [email protected] болгон өөрчилсөн байна. 2020.04.20-ны өдөр С- нь интернет банкныхаа үйлчилгээнд 102800559800 дансыг нэмж 9,838,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар авсан байна. ...” гэсэн албан бичиг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Төрийн банкны харилцагч Ганболдын Б-ын депозит дансны харилцагчийн монгол хуулга. /хэргийн 26 дугаар хуудас/,

 

          Хаан банкны харилцагч Батгэрэлийн Ч-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

          Хохирогч Г.Б-ын “Би Америкийн нэгдсэн улс руу явах санаатай виз найдвартай гаргадаг хүнийг хайж байсан. 2019 оны 12 дугаар сард өөрийнхөө facebook-с Америкийн нэгдсэн улсын виз гэсэн групп рүү ороод Америкийн нэгдсэн улсын виз гаргадаг хүн байна уу гэж бичсэн байсан. Тэгтэл ..... дугаарын утаснаас миний 95216252 дугаарын утас руу залгаж Америкийн нэгдсэн улсын визийг найдвартай гаргаж байгаа 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр виз гарна, ажлын хурал, уулзалтын журмаар виз гаргана нийт 10,000,000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Ингээд уг залуутай хорооллын бичилд уулзсан ба өөрийгөө Э- гэж танилцуулан Центавр тауэрт ажилладаг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна, тэгвэл 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр виз гарна гэж хэлсэн. Э- нь наана нь визний материал бүрдүүлэх шаардлагатай байна, би өөрөө материалаа бүрдүүлнэ, чи надаа төлбөрийн мөнгөнүүдийг өг гэж хэлэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр визний материалын мөнгө 200,000 төгрөгийг ..... Б.Ч- гэсэн хүний данс руу шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр визний мэдүүлгийн мөнгө гээд 435,000 төгрөгийг ..... Б.Ч-ын данс руу шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний хоёр дахь виз мэдүүлгийн мөнгө гээд дахин нэхээд байхаар нь 432,000 төгрөгийг ..... Б.Ч-ын данс руу шилжүүлсэн. Би 3 дугаар сарын визэд амжиж орохын тулд мөнгөө бэлдээд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э- руу залгаж мөнгөө бэлдчихлээ, шилжүүлэх үү, яах уу гэж асуухад Баянгол дүүргийн 13 дугаар байрлах Төрийн банкин дээр хүрээд ир гэж хэлээд Э-тай уулзсан. Тухайн үед Э- нь дүү С- гэх залууг дагуулан ирсэн. Надад өгөх 10,000,000 төгрөгийг Өлзийбат овогтой С- гэх залуутай хамт явж байсан ба манай эгчийн хүүхэд байгаа юм, Ө.С-тай дундын хадгаламж нээлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Дундун данс болохоор ямар нэгэн асуудал байхгүй, хоёулаа байж байж орлого зарлага гарна, интернэт банкаа чи утсан дээрээ холбуул, би утсан дээр мессэж ирүүлдэг болгоё гэж хэлээд дундын хадгаламжаа нээгээд 10,000,000 төгрөгийг байршуулсан. Мөн Э- нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Америкийн нэгдсэн улсын виз гарсны дараа дундын хадгаламжаас мөнгөө авна гэж хэлэхээр нь би итгэсэн байсан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өнгөрсөн боловч Э- залгаагүй ээ. Би өөрөө залгахад утас нь сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Ингээд залилуулснаа мэдсэн.

          “... 11,000,000 төгрөгийг өгсөн. Одоогоор нэг ч төгрөгийг буцааж аваагүй байна. ... Өөрийгөө Э- гэж танилцуулан facebook хаяг нь Э- гэж нэртэй байсан. Тухайн үед над руу ....., 94779419 дугаарын утаснаас залгадаг байсан. Хохирлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 32-33 дугаар хуудас/,

          “Хамгийн анх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э- над руу холбогдож орчуулгын мөнгө хий гэхээр нь данс асуухад Ч- гэж ..... дугаарын данс өгөхөөр нь 200,000 төгрөг, дараа нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр визний материал бүрдүүлэхэд гээд дахин Ч- гэж хүний данс руу 435,000 төгрөг, түүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 дахь удаагийн виз мэдүүлгийн мөнгө гэж Ч- гэж хүний данс руу шилжүүлэн авсан. Тухайн мөнгөнүүдийг би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 44б байрны 13 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э- над руу залгаад материал чинь бэлэн болчихсон 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор гарахаар байна гээд 10,000,000 төгрөг дундын данс нээгээд байршуулчихмаар байна, энэ Америкийн нэгдсэн улсын виз гаргах мөнгө болно шүү гэхээр нь би за тэгвэл хаана уулзах вэ гэтэл Э- чи хороолол руу хүрээд ирээ, тэгээд эндхийн банканд байршуулчихья гэхээр нь би явж очсон.

          ... Тухайн үед Э- дундын дансаа өөрийнхөө утсан дээр холбуулчихсан байна байна лээ. Тэгээд надад мэдэгдэхгүй Gmail хаягаа өөрчлөн мөнгө гаргаж авсан байсан. Тэгээд би 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Э-тай холбогдоход “өвчин гараад виз хойшилсон, намраас л гаргаж өгье” гэхээр нь би Э-аас “тэгвэл би дундын дансанд байсан мөнгөө авъя” гэтэл “мөнгө чинь байхгүй болсон, чи юу ч гэсэн хүлээж бай, би чамайг Америк руу гаргаж өгнө” гэсэн. Тэгээд Э- өөрийнхөө ..... дугаарын утсаа авахаа болиод намайг блок хийчихсэн байсан юм.

          Би Ч- гэх хүнийг огт танихгүй. Э-аас ямар данс руу мөнгө хийх вэ гэтэл энэ миний данс шүү гээд ..... дугаарын Ч- гэх хүний дансыг өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

          Гэрч Ө.С-гийн “... Б-а гэх хүнийг танихгүй. Өмнө нь 2020 оны эхээр Э- ах намайг Өргөөгийн хажуу талын Төрийн банкны салбар дээр дагуулж очсон. Тэгээд чи Б-а гэх хүнтэй дундын данс нээгээд мөнгө байршуулчихаа ахад нь иргэний үнэмлэх байхгүй болохоор боломжгүй болоод байна, энэ Б-а гэх хүн надтай хамт ажил хийх гэж байгаа хүн юм гэсэн. Тэгээд ах Э- дундын дансыг Gmail нээгээд надад энэ данстай холбоод өгчих гэхээр нь би ахын утсан дээр өөрийнхөө нэрээр Gmail нээж утастай нь холбож өгсөн. Тухайн үед 90 хоногийн хугацаатай хадгаламж нээгээд 10,000,000 төгрөг байршуулж байсан. Тэгээд би ахтай тэрнээс хойш бараг холбоо бариагүй.

          ... Э- манай ээж Энхчимэгийн төрсөн дүү байгаа юм. Б-а хүнтэй уулзах үед би ахтай хамт амьдарч байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

          Гэрч Б.Ч-ын “... Э- бид хоёр үеэлүүд байгаа юм. Э-ын ээж Бурмаа нь манай ээжийн төрсөн эгч нь байгаа юм. Би 2019 оны намар түрээсийн байранд Э- ахтай хамт амьдарч байсан. 2019 оноос өмнө Э- гэдэг хүн байдаг гэдгийг мэддэг байснаас биш өөр бусад зүйлүүдийг нь мэддэггүй байсан. 2019 онд би Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байх байраа зарчихсан байсан бөгөөд Э- ахтай тухайн үед эхнэр, хүүхдүүдээсээ салсан гээд бид хоёр хамт амьдрахаар болж түрээсийн байраар 2019 оноос хойш амьдарч байгаа.

          ... 2019 оны сүүл 2020 оны эхэн үеэр Э- ах өөрөө Хаан банкинд данс нээлгэх гэсэн болохгүй байна, чи ахдаа түр Хаан банкны картаа ашиглуулчих гэхээр нь би өгч ашиглуулж байсан юм. Яг сарыг нь тодорхой санахгүй байна. Тэгээд би 2020 оны 11 дүгээр сарын үед Э- ахаас Хаан банкныхаа картыг буцааж авсан. Би өөр зүйл мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

          Г.Э-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд Өргөө дээр уулзъя гэж Б-ад хэлчхээд би дүү С-г гэрээс дуудаад ахын дүү бичиг баримтаа аваад гараад ир хоёулаа банк ороодхоё гээд дуудахад С- гарч ирээд яах гэж байгаа юм гэхээр нь хүнтэй дундын данс нээлгээдхэе, ахдаа gmail нээгээд данстай нь холбоод өгчхөө гэсэн юм. Тэгээд С- бид хоёр Өргөөгийн хажуу талын Төрийн банкин дээр очоод Б-атай уулзаад 90 хоногийн хугацаатай дундын хадгаламжийн данс нээгээд би гар утсандаа мэйлээр дансаа холбуулаад Б-а мессэжээр холбуулж визний баталгаа мөнгө гээд тэгээд 10,000,000 төгрөгийг байршуулсан. Тэгээд арваад хоногийн дараа Б-а над руу залгаад гадаад паспорт гараад ирчихлээ гээд таньтай уулзаад гадаад паспорт цээж зургаа өгмөөр байна гэхээр нь за гээд бид хоёр уулзаад Б-ын бичиг баримтыг авсан. Тэгээд би Б-ад орчуулганы мөнгө хэрэгтэй байна шүү, 200,000 төгрөг болох байх, миний өгсөн данс руу хийгээрэй гээд дүү Ч-ын ..... дугаарын дансыг өгч хийлгэж авсан. Тэгээд хэд хоногийн дараа би Б-а руу залгаад визний хураамжны мөнгө 435,000 төгрөг хийгээрэй, нөгөө данс руу гэтэл за гээд Ч-ын данс руу 435,000 төгрөгийг хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б-а над руу яриад манай нэг ах хамт явъя гэнэ, гэхээр нь тэгвэл виз мэдүүлгийн 432,000 төгрөгийг хийгээрэй гээд дахин дүү Ч-ын ..... дугаарын данс руу хийлгэж авсан. Би анх авсан 200,000 төгрөгийг орчуулгад өгөөд үлдсэн 867,000 төгрөгийг Ч-ын дансанд байлгаж байгаад бага багаар мөнгөний хэрэг гараад аваад үрчихсэн юм.

          ... Би С- болон Ч-т Б-ыг гадагшаа явуулах материал бүрдүүлэлтийн мөнгө авч байгаагаа хэлээгүй. С-г иргэний үнэмлэхтэй юм чинь ахдаа нэг хүнтэй хамт данс эзэмшээд миний утастай холбоод өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би хадгаламж барьцаалсан зээл авах гэж Gmail хаягийг өөрчлөх хүсэлт гарган өөрчилсөн юм. С- болон Ч- энэ талаар мэдэхгүй. Би тухайн үед Ч-ын ..... дугаарын дансыг ашиглаж байсан юм. Учир нь гэвэл би банкны карт болон иргэний үнэмлэхээ хаячихсан байсан болохоор дахин карт захиалж чадалгүй Ч-ын Хаан банкны ..... дугаарын данс болон картыг нь ашигладаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Э- нь гадаад улсад зорчих визний баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө хохирогч Г.Б-ын Америкийн нэгдсэн улсын виз гаргуулах хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн зохиомол байдлыг бий болгох замаар түүнийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрнээ хангана.

Иймд шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э- нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 11,067,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Г.Э-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Г.Э-т анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-аас 11,067,000 /арван нэгэн сая жаран долоон мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүрэг ... дүгээр хороо ... байрны .. тоотод оршин суух Бэсүүд овогт Ганболдын Б-ад  олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ