Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/430

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Г-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2106000000347 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... Их сургуулийн Маркетингийн удирдлага 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эх, эгч, 3 дүүгийн хамт Налайх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х овогт Г-ийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мянган нэрийн барааны дэлгүүрийн орчим иргэн Э.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Э.Б-гийн “Би 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00 цагийн үед өөрийн найз М-, Т-, Т- нарын хамтаар 3, 4 дүгээр хорооллын Burger king хоолны газрын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон. Тэндээ 1 шил 0,75 литрийн архи авч хувааж уугаад, дахиад 1 шил 0,75 литрийн архи аваад баар хаах болоод талыг нь дотор уугаад үлдсэн талыг нь аваад гарсан. Тэгээд баарнаас гарахад хэдэн хүмүүс зодолдоод байхаар нь хажуугаар нь зөрөөд гарсан. Тэгээд 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо үлдсэн архиа бид 4 уугаад зогсож байхад араас хэдэн залуучууд орилоод гүйж ирээд 1 залуу нь миний толгой руу архины шилээр цохиод миний толгой эргээд газар унасан. Тэгэхэд дээрээс намайг өшиглөж цохиод байсан. Цаана манай найзуудыг газар унагаачихсан зодож байсан. Тэгээд тэр залуучууд зугтаагаад явсан. Бид нар үлдсэн. Тэгэхэд манай найз Т- тэд нарын араас гүйгээд яваад буцаад тэнд байсан 1 залууг бариад ирсэн. Тэгээд бид нар цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд Т-г тэр сүүлд ирсэн залуутай хамт авч яваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан.

          ... Тухайн үед уг залуучуудтай ямарч хэрүүл маргаан үүсээгүй. Тэд нар баарны үүдэнд зодолдож байсан хүмүүстэйгээ андуураад бид нарыг зодсон юм шиг байна лээ.

          ... Миний зүүн шанаа архины шилээр цохиулж 2 оёдол тавиулсан. Баруун гараараа хагарсан шилийг хаах гэж байгаад шөрмөс тасарсан. Үүдэн 1 шүд унаж хажуу талын шүд хөдөлсөн байгаа. Манай найзууд өөр гэмтсэн хүн байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 24-26 дугаар хуудас/,

          “... Яг хэрэг болох үед би найзуудын хамтаар ярилцаад зогсож байхад манай найз Т-д зодуулсан гээд байгаа залуу гүйж ирээд Т-тэй маргасан. Тэр үед би нөгөө залууд хөөе чи хүн андуураад байна гэж хээд Т-тэй маргаад байсан хохирогч гээд байгаа залууг салгах гээд татаж байхад ямар хүн байсныг мэдэхгүй нэг хүн гартаа барьсан шилээр миний хажуу талаас зүүн шанаа орчим нэг удаа цохисон. Тэр үед би шилээр толгой руугаа цохиулснаас болоод манаран газар унах гэж байгаа юм шиг суусан чинь миний мөр орчим хэн гэдгийг нь мэдэхгүй нэг хүн өшиглөөд газар унагаасан. Тэр үед бүр газар биеэрээ унаад байхад миний харснаар 4 хүн намайг зодож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 121 дүгээр хуудас/

 

          Гэрч Л.М-ы “... араас нөгөө залуучуудын зодуулсан гэх залуучууд нь бид нар луу ирээд андуураад нэг залуу нь ирээд намайг цохиод авахад би доошоо тонгойход нэг хөл орж ирээд нүүр лүү өшиглөсөн. Би нүүрээ дараад газар хэвтэж байхад цаана манай хэд нөгөө залуучуудтай орилоод зодолдоод байх шиг байсан. Тэгээд би босоод ирэхэд манай найз Түвшин газар хэвтэж байсан. Б- толгойгоо дараад газар сууж байсан. Хажууд Т- нүүр, гар нь цус болсон байсан.

          ... Бид нараас Б- үүдэн шүд нь хугарч, толгойдоо 2 удаа хагалуулсан байсан. Бид нараас өөр гэмтсэн хүн байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/


          Гэрч М.Т-ын “... Тэгээд бид нар баарны урд талаар алхаад явж байхад араас нөгөө баарны гадаа зодоон хийж байсан залуучууд гүйж ирээд эхлээд Б-г нэг залуу нь шилээр цохиод унагасан. Тэгээд бид нар луу дайраад зодсон. Намайг нэг залуу нь гараараа цохиод би газар хэсэг муужраад унасан. Тэгээд нэг сэрээд хартал Б-гийн толгойноос цус гарсан өвдөглөөд сууж байсан.

          ... Тухайн үед гартаа пивоны шил барьсан өндөр савхин куртиктэй залуу гүйж ирээд Б-г цохиод араас нь гүй ирээд бид нарыг зодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

          Гэрч Н.Н-гийн “Эхлээд Тавилангийн нэг найз нь зогсож байсан 4 залуугийн 1 залууг пивоны шилээр цохиод авахад тэр 4 залуугийн нэг залуу нь Тавиланг шилээр толгой руу нь цохисон. ....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

          Гэрч Х.Т-ийн “... Тухайн үед Баачка, Б-, М- нар зодоонд оролцоод Заяа, бид хоёр дундуур нь орж салгасан. Тавилан цаана толгойгоо хагалуулсан сууж байсан. Нямкаг тухайн үед хараагүй. Нөгөө залуучуудаас 3 залуу нь зодоонд оролцоод байх шиг байсан. Намайг ирэхэд Тавилангийн толгойноос цус гарсан байсан. Тухайн үед хэн хэнийгээ цохисныг хараагүй. Сүүлд зодоон тараад бид нар явж байхад Баачка шилээр нэг залууг нь цохисон гэж хэлж байсан.

          ... Баачка хар богино пальтотой,жинсэн өмд, урт түрийтэй бор гуталтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

          Гэрч Э.Отгонзаяагийн “... Бааранд Т- хүмүүст зодуулсан гээд цаана зогсож байсан 4 залууг андуураад зодолдсон. Тухайн үед Б- тэр 4 залуугийн 1 залууг пивоны шилээр цохиод зодоон эхэлсэн. Зодоонд Б-, Б- нар голчлон зодолдсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

          Гэрч М.М-гийн “... Тэгэхэд цаана 4 залуу архи уугаад зогсож байхад Тавилан, Б- түрүүлж очоод араас нь Б- гүйж очоод 1 залууг нь шилээр толгой руу цохиод унагасан.

          ... Тухайн үед Т-, Б- танихгүй хүмүүстэй зодолдоод тэд нар нь таксинд суугаад явсан гэсэн. Тэгээд цаана зогсож байсан 4 залууг Б- очиж андуураад пивоны шилээр цохиод зодоон үүссэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/

 

          Гэрч Е.Т-гийн “... Тэгэхэд үлдсэн 4,5 залуугийн 1 залуу нь араас гүйж хөөе пиздануудаа гээд гүйгээд ирэхээр нь бид нар та нарыг салгасан хүмүүс байна, та нартай муудалцсан хүмүүс чинь машинд суугаад явсан гэхэд араас нь нэг хар хувцастай нэг залуу гүйж ирээд манай найз Б-гийн толгой руу шууд цохиод Б- толгойгоо бариад газар унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-51 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийснэ шүүх эмнэлгийн шинжилгээ №12341 дугаартай:

          “1.Э.Б-гийн биед баруун сарвууны шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх, зүүн шанаанд шарх, духанд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 60 дугаар хуудас/

 

          Шинжээч Г.Ханхүүгийн “Баруун гарын сарвууны шөрмөс мэдрэл гэмтсэн гүн зүсэгдсэн шарх нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн шанаанд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй буюу шилээр тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 125-126 дугаар хуудас/

 

          Г.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Зүүн шанаанд шарх духанд зулгаралт үүссэн гэмтлийг би учруулсан. Би хохирогчийн толгойн тус газарт нь архины шилээр 1 удаа цохисон.

          ... Би хохирогчтой ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед найзууд л хүнд зодууллаа гээд тэгээд андуурч өөр хүмүүстэй зодолдсон байсан. Би гэм буруугаа хүлээж байна. Надад ялын бага хэмжээг оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 96-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мянган нэрийн барааны дэлгүүрийн орчим иргэн Э.Б-г шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун сарвууны шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрхи баримтууд болон

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Б-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар буюу хохирогчийг шилээр цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Э.Б-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 668,280 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч Э.Б- нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ноос 09-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Хууль тогтоогчоос мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй. гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгдэгч Г.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин Т- болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б- энэ хэрэгт 65 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан /энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өөс 668,280 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 26 дугаар гудамжны 20 тоотод оршин суух Сундуйжав овогт Энхбатын Б-д /РД:АА96030212/ олгож, Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Б- нь 65 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Г.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ