Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2018/ДШМ/16

 

   Б.Ш-д холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.Мөнхдөл, нарийн бичгийн дарга А.Энхбаяр, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Т.М, Э.А, хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Х.Ганболд, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Ш-од холбогдох 1817000000001 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ш, хохирогч З.Э-ийн өмгөөлөгч Э.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, 1 дүгээр цэцэрлэгийн урд талын тоглоомын талбайн хашааны зүүн урьд хэсэгт иргэн У.И хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газарт түлхэж унагах, нүүрэн тус газарт нь өшиглөж унагах зэргээр гавал тархины гэмтэл учруулан зодсоны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрхний дутагдлаар 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө нас барсан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Ш-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон 157 /зуун тавин долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц сэжигтэн Б.Ш мэдүүлгийг дуу-дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг CD-ыг, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Эд мөрийн баримт 1817000000001, Хас 1, 10 минут” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “Утаснаас татаж хуулсан бичлэг, эд мөрийн баримт 1817000000001” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Ш хураан авч эд мөрийн баримтаар тооцсон хүрэн өнгийн өвлийн нэг хос гутал, хөх цэнхэр өнгийн куртик, хөх цэнхэр өнгийн хөвөнтэй өмд зэргийг тус тус Б.Ш олгож, эд мөрийн баримтаар тооцсон хар саарал өнгийн ноосон малгай, шаргал өнгийн ноосон цамц, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өвлийн куртик, хэргийн газрын хөрснөөс илрүүлж бэхжүүлж авсан хүрэн улаан өнгийн мөр бодис, задлан шинжилгээ хийх үед дээж авсан 9 ширхэг хумс, Б.Ш дээж авсан 2 ширхэг хумс зэргийг тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Э нь 6578962 төгрөгийн гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.Ш нь хохиролд 5610000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг тайлбарлана гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Б.Ш хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл шүүгдэгч Б.Ш, хохирогч З.Э нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, 1-р ХХ-н 76-77-д хохирогчийн ах гэрч И мэдүүлэг, 1-р ХХ-н 69-70-д гэрч Н мэдүүлэг, 1-р ХХ-н 147-148 дугаар талд авагдсан хэргийн газрын палан зураг зэргээс үзвэл тус хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тээвэр зохицуулалтын урд талын саадны хажууд болж хохирогч нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 дүгээр багт байрлах 97 дугаар байранд өөрийн гэртээ  нас барсан байдаг. Эдгээр нотлох баримт, хэргийн болсон нөхцөл байдал, хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал зэрэг шалтгаануудыг харвал Б.Ш гэм буруу хүнийг алах хүний амь насыг бүрэлхэх, хохиролд хор уршиг зориуд хүргэсэн зүйл огт байхгүй гэдэг нь дараах зүйлээс харагдаж байна. Үүнд хэдийгээр Б.Ш нь хохирогчийг өшиглөсөн энэ үйлдлийг ухамсарлаж, ойлгосон байж болох боловч дээрх нотлох баримтуудаас харвал Б.Ш нь хохирогчийг босгож зүгээр үү эмнэлэг орох уу гэж асууж байдаг. Энэ нь гэрч Нар-н мэдүүлэгт Б.Ш очиж талийгаачийг босгож байгаа харагдсан. Би замын цаанаас талийгаачийг явж чадах уу, Б гэрт очиж унтах уу гэхэд зүгээр зүгээр харьж унтлаа гэх зэргээс харахад гэм буруугийн хор уршигт зориуд хүргэсэн, хүнийг тэр газар нь бүрлэгсэн шинж нь харагддагүй. Улмаар хохирогч нь шүүгдэгчийн санаа зорилго тэр бүхнээс ангид нөхцөл байдалтайгаар маргааш өдөр нь 10 орчим цагийн дараа өөрийн гэртээ нас барсан байдаг. Энэ нь ээж Эрдэнэчимэг, ах Идэрбат нарын мэдүүлэг, хэргийн газрын палан зураг зэргээс харагдаж байна. Иймээс Б.Ш үйлдэл нь хүнийг алах ЭХТА-ын 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдыг санаатайгаар алах, яг энэ зүйлийг төлөвлөж, энэ зүйлийг хүсч алах гэмт хэрэг биш, гэм буруу биш юм. Энэ нь санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр, хохирол хор уршигт хүргэсэн гэм буруугийн хэлбэр юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн 2.4-т заахдаа гэм буруугийн холимог хэлбэр юм. Эндээс дүгнэвэл шүүгдэгчийг ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас барагдсан гэх энэ зүйчлэлээр зүйчлэх бүрэн боломжтой байсан. Энэ нь шүүгдэгчийн гэм бурууд бүрэн тохирч нийцэж байна. Мөн ЭХХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 2-д заасан нотолбол зохих байдал хангалтгүй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт бүрэн бус байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр хариулна гэж заасан. 1-р ХХ-н 122-д мөрдөгчийн тогтоолын 3.3-д И биед үүссэн гэмтлийн шархуудыг тус бүрийн гэмтлийн зэргийг тогтоох гэсэн асуулт тавьсан байдаг. Гэвч шинжээчийн дүгнэлтийн 6.3-д энэхүү учирсан тархины бүх гэмтлийг тогтоосон боловч гавалын ясны хугарал, баруун чамархайн дагз хэсгийн хатуу хэсгийн бүрхүүл дээрх цусан хураа гэсэн энэ гэмтлийг огт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлтээ гаргахдаа мөрдөгчийн тогтоол, асуусан асуултанд хариулах үүргээ биелүүлээгүй.

Тиймээс мөрдөгчийн асуултанд бүрэн хариулаагүй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг нь үнэн зөв гэдэгт эргэлзээтэй байна. Шинжээч Мөнхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч гэмтэл аваад, тухайн үедээ эмнэлгийн тусламж авсан ч амь нас нь аврагдах боломжгүй, гавалын ясны цууралт, цус хуралт их байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Гавалын ясны цууралт, цусан хураа, тархи дарагдсанаас шалтгаалаад амьсгал, зүрхний дутагдлаар нас барсан процесс нь өөрөө цусан хураа, тархи дарагдсан гэсэн үндсэн шалтгаан нь болно. Шинжээч нь цусан хураа, тархи дарагдсан энэ гэмтэл нь гэмтэл авсан тухайн үед үүссэн гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл энэ гэмтлийг судлаад үзэхэд энэ гэмтэл нь арагшаа унаад тархи цуураад ясан дотор байгаа судас нь хагараад маш бага багаар цус алдаж эхэлж байгаа. Энэ процесс өөрөө хавтаст хэргээс харахад 10-13 цаг орчим үргэлжилсэн байгаа. Цус алдаж эхлэх үед эмнэлгийн тусламж аваад, цаашлаад зовиур өгч эхлэх үед эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах бүрэн боломжтой байсан. Тэр цус хуралт нь аачим аачимаар явагддаг. Яг энэ хэлбэрээр шинжээч нь амь нас аврагдах боломжгүй гэж үзэж байгаа нь алдаатай бөгөөд үнэн гэдэгт эргэлзээтэй. Энэ аврагдах шинжээр тархины мэргэжлийн шинжээч эмч оролцох шаардлагатай байсан. ЭХЕА-н 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудал хангалтгүй байна.

Хохирогчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зан байдлыг зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоосон байдаг. Мөн өмнө нь хохирогч ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байсан талаар лавлагаа хэрэгт огт авагдаагүй. Хавтаст хэргээс харахад шүүгдэгч нь хохирогчийн довтолгооны эсрэг хариу болгож, биеэ хамгаалах зорилгоор өшиглөх үйлдлийг хийсэн. Энэ утгаар хохирогч өөрөө довтолсон гэдгийг нотлох гол нотлох баримт нь хохирогчийн хувийн байдал юм. Тийм учраас Эрүүгийн хуульд зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг биш, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг юм. Мөн үхэлд хүргэж байгаа гэмтлийн гэмтлийн зэрэг нь тогтоогдоогүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүд дутуу, шинжээчийн дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь буруу явагдсан, материалаг хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Хэргийн материал, хэргийн нөхцөл байдлаас харахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой журмууд зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь учирсан гэмтэл нь цохиход учирсан гэмтэл, цааш үргэлжлэх хугацаанд явцад учирсан гэмтэл гэдгийг шинжээч ялгаж үзээгүй гэдэг нь тухайн цохих үед үүссэн хор хохирол нь ямар хохирол юм бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Үхэлд хүргэсэн шалтгаан болох цусан хураа үүсээд, гавал тархины судас нь дарагдсан гэдэг нь хор уршиг болно. Цохих үед үүссэн гэмтэл нь хүнд гэмтэл болно. Үүнийг задлан хийсэн шинжээчийн дүгнэлтээр цусан хураа үүсчихсэн байсан учраас амь нас нь аврагдах боломжгүй гэж дүгнэсэн. 2017.12.29-ний үйл баримтыг дүгнээд байна уу эсвэл 2017.12.30-ны өдрийн үйл баримтыг дүгнээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биеэд олон тооны гэмтлүүд үүссэн байсан гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан байх магадлалтай гэмтэл нь гавалын ясны хэсэгт учирсан гэмтлүүдийг учруулсан байх боломжтой. Гэтэл хохирогчийн биеэд бусад төрлийн гэмтлүүд илэрсэн байдаг. Энэ гэмтлүүд хэзээ, хаана, юунаас болж үүссэн, учирсан гэмтлийг цаг хугацааны хувьд тодруулах боломжтой байсныг шинжлээгүй байна. Мөн хохирогч нь шүүгдэгчийн учруулсан довтолгооноос гадна өөр газар довтолгоонд өртсөн байсан уу гэдгийг тогтоох бүрэн боломжтой байсан гэжээ.                        

            Хохирогчийн өмгөөлөгч Э.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч Б.Ш гэм буруутай үйлдлийг тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэжээ. Шүүгдэгч Б.Ш мэдүүлэгт /хх-119 дүгээр тал/ зүс мэдэх залуу надтай зөрж өнгөрөхдөө тэр миний зүүн шанааны доод хэсэг эрүү орчимд баруун гараараа цохьчихоод хойд зүг өөд яваад өгсөн. Тэгэхээр нь би яаж байна аа гэхэд тэр эргэж ирээд чамайг цохиход, чамайг алсан ч ер нь яадаг юм бэ гээд намайг түлхээд цохих гээд дайрсан. Би түүнийг 2 гараараа энгэр хэсгээс нь барьж аваад түлхэхэд тэр арагшаа нэг алхаад, ураш хоёр алхаад хөд дээрээ өвдөглөөд суусан. Тэгээд түүнийг урагш тонгойлгоод нүүрэн тус газар нь баруун хөлөөрөө өшиглөхөд тэр залуу арагшаа баруун талаараа хажуулдан толгойгоороо газарт уначихаад тэр чигтээ босч ирэхгүй хэвтээд байсан гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Ш тохиолдлын шинжтэй хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч У.И биеэ удирдах чадваргүй согтуу сул дорой байхад нь шүүгдэгч Б.Ш хүч түрэмгийлэн түлхэж хоёр өвдгөн дээр нь суулган өшиглөж “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

             Анхан шатны шүүх хохирлын тооцоог хийхдээ хохирогч З.Эр нэхэмжилсэн оршуулгын зардлын 12.187.486 төгрөгнөөс 5.610.000 төгрөгний хохирлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй харин 6.578.962 төгрөгний баримт харагдахгүй, тодорхойгүй, хэдэн төгрөгөөр юу авсан болох нь мэдэгдэхгүй байх тул хэлэлцэлгүй орхиж хохирогч З.Э 6.578.962 төгрөгийн зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан. Шийтгэх тогтоолд дурьдсан зохих нотлох баримтын тоо бүдгэрч харагдахгүй болсон байгаа хэдий ч хохирогч З. нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12.187.786 төгрөгийн оршуулгын зардлын баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулахаар авч ирсэнийг мөрдөн байцаагч Дашдондог хүлээн авч тухайн нотлох баримтуудад жагсаалт гарган 2-р хавтаст хэргийн 84-р талд нэгтгэн 12.187.786 төгрөг гэж дүгнэн хавсаргасан байна.

             Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч Б.Ш ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах, мөн 2-р хавтаст хэргийн 84-р тал дахь мөрдөн байцаагч Дашдондогийн тэмдэглэлд үндэслэн оршуулгын зардлын 6.578.962 төгрөгийг шүүгдэгч Б.Ш  гаргуулж, хохирогч З.Э олгож шийдвэрлэж өгнө үү. Бүдгэрч тоо нь харагдахгүй болсон баримтыг хохирогч З. дахин бүрдүүлээд аваад ирсэн гэжээ.

            Хохирогч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээс бүх баримтын номерийг аваад бүх газарт нь эргэж очоод номерийнхоо дагуу НӨАТ-н баримтанд давхар хадгалагдчихсан байдаг юм байна. Тэгээд бүх баримтаа дахиад бүрдүүлээд аваад ирсэн. Миний хүүхэд өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Гэртээ ирээд ямар нэгэн зан араншин гаргадаггүй. Энэ хүн зүгээр түлхэж унагачихаад орхиод явчихсан бол өнөөдөр ийм хэрэг гарахгүй байсан. Миний хүүхэд 37 настай цэл залуухан байсан. Гэр бүлгүй учраас удам угсаа нь үлдэж чадсангүй. Үүнд л гомдолтой байна гэжээ.  

            Прокурор Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйчлэл дээр маргаж байна гэж ойлголоо. Зүйчлэлийн хувьд Б.Ш нь ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс өшиглөсөн санаатай үйлдэл байгаа, өшиглөсөний дараа зүгээр үү, эмнэлэг явах уу гэж асууж байгаа үйлдэл нь хохирол хор уршигдаа болгоомжгүй хандсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өшиглөж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл. Хохирогч нь хэрэг үйлдэгдсэн газартаа юу, эсвэл гэртээ очоод нас барж байгаа нь хэргийн зүйчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлж, зүйчлэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хуульд заагаагүй. Мөн шинжээчийг мөрдөгчийн асуусан асуултанд бүрэн хариулаагүй гэж үзэж байна. 1-р ХХ-ийн 123-124-р талд авагдсан шинжээчийн дүгнэлт нь маш тодорхой бичигдсэн байгаа.  Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед үүссэн бүх гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон гэдэг нь харагдаж байна.

            Мөн шинжээч нь байцаалт өгсөн, шүүх хуралдаанд оролцсон байгаа. ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас барагдсан гэх энэ зүйчлэлээр зүйчлэх боломжгүй, зүйчлэлийн хувьд тохирсон байна. Мөн хувийн байдлыг тогтоогоогүй гэж байна. Гэтэл хохирогч нь өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсанаараа энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн, өдөөн хатгасан, хохирогчоос болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн учраас гэмт хэргийн зүйчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх боломжтой гэсэн байдлаар өмгөөлөгч тайлбар хэллээ гэж ойлголоо. Хохирогчийн үйлдэлтэй холбоотой ямар ч асуудал байхгүй.

            Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөн гэрлүүгээ харих замдаа гэмтэл авсан байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч нарын мэдүүлгээр ийм үйл явдал болоогүй гэдэг нь нотлогдож байна. Зүйчлэлийн талаар гаргасан өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах боломжгүй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд яг ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой санал хэлсэнгүй гэж үзэж байна. Хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

         

               Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянан үзэв.

               Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14-15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн хашааны зүүн урд хэсэгт У.И түүний буруутай үйлдлийн улмаас маргалдаж, улмаар зууралдан хохирогчийг газарт унаад өндийх үед түүний нүүрэн тус газар нь өшиглөж хойшоо савж унагаан  гавлын ясны баруун чамархай, суурь ясыг хамарсан хагас саран хэлбэрийн хугарал бүхий гэмтэл учруулан хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон, түүний үйлдлийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна гэж үзлээ.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул дахин болон өөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

             Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн тухай 06 тоот шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн 3 дугаар заалтанд хохирогчийн гавал тархинд нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүдийг тоочин бичсэн байх боловч эдгээр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын аль заалтад хамаарах болон гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дүгнээгүй орхигдуулсан байна. Гэхдээ шинжээч нь дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай бөгөөд нас баралтанд хүргэсэн гэсэн дүгнэлт өгснөөр, мөн гэмтлүүдийг гэмтлийн зэрэг тогтоох журамтай харьцуулж үзвэл /Хохирогчийн гавлын ясны баруун чамархай, суурь ясыг хамарсан саран хэлбэрийн хугарал нь гэмтлийг зэрэг тогтоох журмын 3.1.2-д  заасан чамархай болон суурь ясны хугарал гэдэгтэй тохирч байна/ амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь ойлгомжтой байх тул шинжээчийн орхигдуулсан энэхүү асуудлыг нөхөн гүйцэтгүүлэх зорилгоор дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.

              Мөн хэсэгт “Дээрх гэмтэл нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй” гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс эргэлзээтэй, эмнэлгийн тусламж цаг алдалгүй авбал амь нас аврагдах боломжтой байх ёстой, энэхүү дүгнэлт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэснээр зүйлчлэхэд сөргөөр нөлөөлж байна, энэ чиглэлээр мэргэжсэн өөр шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэжээ.

              Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд хохирогч нь гэмтэл авсан даруй гэртээ очиж унтсан байх ба тухайн гэмтлийн улмаас богино хугацааны /12-24 цаг/ дараа нас барсан болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байх ба дээрх дүгнэлт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй байна гэж үзлээ.

              Хохирогч нь шүүгдэгчид өшиглүүлсний дараа ямар цаг хугацааны дараа гэртээ харьсан, энэ хугацаанд өөр байдлаар гэмтэл авсан эсэхийг шалгаж ттогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэлээ гэсэн агуулга бүхий гомдлын хувьд хэргийг шалгах явцад хохирогч гэртээ орж буй бичлэг олдсон, түүнийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэх ажиллагаа явуулсан хэдий ч бэхжүүлж авч чадаагүй техникийн чанартай алдаа байгаа боловч түүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон, мөн энэ нөхцөл байдал нь өөр нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй, ойлгомжтой байна.

               Хохирогч өөрт учирсан хохирлын нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байх боловч уг баримтын зарим  нь шүүх хуралдааны үед бүдгэрч юун тухай баримт болох нь танигдахгүй болсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхэд шинээр нөхөн бүрдүүлсэн баримтыг үндэслэн хохирлыг нэмж гаргуулах боломжгүй байх тул хохирлыг баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ