Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 122/2019/0025/з |
Дугаар | 26 |
Огноо | 2019-10-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 26
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Зд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Зын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цээсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цээсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэр болох Цагаан ширээ гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр уурхайн ашиглалтын ажил явуулахаар зөвшөөрөл авсан. 2019 оны төлөвлөгөөт судалгаа хайгуулын ажил хийхээр 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажил эхлүүлэхээр болсон. Төлөвлөгөөт ажлыг 1 сарын дотор хийж гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байх хугацаанд иргэдийн хууль бус хөдөлгөөнөөс болж 50 хоногийн ажил зогсоод байна. Уг шалтгааны улмаас туслан гүйцэтгэгч компанид төлөх сул зогсолтын төлбөрт хоногийн 5084400 төгрөгийн бодит хохирол учраад байна.
Мөн Сүхбаатар аймгийн Зын орлогчоор ажиллаж байгаа Төмөртогоогийн Мөнхболд гэгч нь төрийн албаны нэр хүнд, албан тушаалаараа далайлган сүрдүүлж Улаанбаатар хотоос төрийн бус байгууллагуудын төлөөллийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Ш” ХХК-ийн байранд дагуулан авчирч иргэдэд буруу ойлголт өгч сумын Зар хууль бус шийдвэр гаргуулан компаний ажлыг зогсоогоод байна.
Мөн Зын захирамжийн үндэслэх хэсэгт Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, ард иргэдийн эсэргүүцэл шаардлага зэргийг тус тус бичсэн байх бөгөөд энэ нь илт хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Ш” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү.
Миний хувьд “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. “Ш” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэр “Цагаан ширээ” гэх газар 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн уул уурхайн ашиглалтын зөвшөөрөл авсан. 2019 оны төлөвлөгөөт судалгаа, хайгуулын ажил хийхээр 06 дугаар сарын 14-нд ажил эхлүүлэхээр болсон. Туслан гүйцэтгэгч өрмийн компанитай гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэх явцад иргэдийн хууль бус хөдөлгөөнөөс болж 50 хоног ажил зогсоод байна. Ер нь бол 06 дугаар сарын 15-наас хойш ажил зогсоод, тухайн багийн иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тэгээд 08 дугаар сарын 01-ний өдөр багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, 08 дугаар сарын 02-ны өдөр тохиролцож ажлаа эхлээд явж байсан. Гэтэл Сүхбаатар аймгийн Зын орлогчоор ажиллаж байгаа Т.Мөнхболд ирээд, миний хувьд аймгийн Зыг төлөөлөн явж байна гээд, албан тушаалаар дайлган сүрдүүлж, Улаанбаатар хотоос Төрийн бус байгууллагын төлөөлөлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Ш” ХХК-ийн ажлын байранд дагуулан ирж хууль зөрчсөн мэт буруу ойлголт төрүүлсэн. Ингээд Уулбаян сумын З Ш нь хууль бус захирамж гаргаж манай ажил зогссон. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж уг захирамжийг гаргасан. Мөн ард иргэдийн эсэргүүцлийг үндэслэн хууль бус захирамж гаргасан. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заалт нь тухайн үйл ажиллагаа явуулж байгаа “Ш” ХХК-тай бол хамааралгүй байгаа. Хог хаягдлыг тээвэрлэх, зөөвөрлөх эрх бүхий компанийн баримтлах зүйл заалт байгаа. Манай компанийн хувьд тус суманд 1 сарын хугацаатай үйл ажиллагаа гүйцэтгэх учир заавал хог хаягдлын гэрээг байгуулах шаардлага байхгүй гэж сумын байгаль орчны байцаагчийн зүгээс хэлсэн. Уулбаян суманд ашигт малтмалын “А” лицензтэй компани манайхаас гадна хоёр байдаг. Тухайн хоёр компани нь аймгийн Хот тохижуулах компанитай гэрээ байгуулсан байсан. Манай компанийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хог хаягдлын гэрээг жилийн хугацаатай Хот тохижуулах газартай байгуулсан. Энэ гэрээгээ хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хууль бус захирамж гарч манай компанийн ажил зогссоноос болж хоногт өрмийн компанийн сул зогсолт 5.840.400 төгрөгийн алданги тооцож, бид нарт хохирол учрахаар болсон байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Уулбаян сумын Баян багийн нутаг Цагаан ширээ нэртэй газарт ашиглалтын MV021100 тоот тусгай зөвшөрөлтэй “Ш” ХХК нь уул уурхайн эрдэс баялагийн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу уул уурхайн судалгааны ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэх төлөвлөгөөт үйл ажиллагааг эхлүүлэх үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч удаа дараа иргэдтэй хэлцэлд орж зөвшилцөлд хүрч 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр судалгааны ажлыг эхлүүлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед аймгийн Зын орлогч Т.Мөнхболд нь иргэний хөдөлгөөний хүмүүсийн хамт ирж иргэдийн эсэргүүцэл турхиралтыг өдөөж шөнийн 02 цаг хүртэл тус компаний үйл ажиллагааг зогсоох захирамж гаргахыг тулган шаардсан. Ажлын цаг дууссан амралтын цагаар захирамж гаргахгүй гэж мэдэгдсэн боловч иргэний хөдөлгөөний хүмүүс сумын иргэдэд буруу ухуулга өгч хурцдах шинжтэй болсон. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хөдөлгөөний эсэргүүцэл, шаардлага болон хог хаягдлын тухай хуулийн 14.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр компаний үйл ажиллагааг зогсоох 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/112 тоот захирамжийг гаргасан болно.
Манай зүгээс тухайн захирамжийг гаргахдаа Хог хаягдалын тухай хуулийн заалтыг баримталж гаргасан байгаа. Тухайн компани нь хог хаягдлын гэрээг байгуулаагүй байсан. Тухайн компани нь ашиглалтын үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа. Манай суманд тус гэрээг байгуулах эрх бүхий аж ахуйн нэгж, иргэн байхгүй гэдэг үүднээс тухайн компани гэрээ байгуулаагүй байсан. Аймгийн Зын орлогчоор ахлуулсан Иргэний нийгмийн хөдөлгөөн болон сумын иргэдийн эмх замбаараагүй байдал үүссэн. Үүний дагуу аймгийн Зын тамгын газраас болон аймгийн Зас мэдээлэл авч байж тухайн захирамжийг гаргасан. Тухайн гаргасан захирамж нь хуулийн хүрээнд гаргасан учир үндэслэлтэй захирамж гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цээсүрэн нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Зын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “ Ш ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай ” А/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий актаар Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, устгах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаагүй гэж “ Ш ” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож шийдвэрлэсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулж шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, шийдвэр гаргах болсон нөхцөл, үндэслэлийн талаар танилцуулах, саналыг авах, уг захиргааны акт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг заавал олгохоор заасан байна.
Гэтэл хэрэгт маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, санал тайлбарыг авсан талаарх баримт байхгүй байгаа тул захиргааны шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “ Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ” , 40.2.5-д “ захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ”, гэж захиргааны актыг бичгээр гаргахад шаардсан нөхцлүүдийг хангаагүй нь хүчингүй болгох үндэслэл болно.
Хариуцагч нь Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон “ Ш ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг гаргасан байх ба хуулийн уг заалт нь зөрчил гаргасан гэж үзэж байгаа хуулийн этгээдэд хамааралгүй заалт байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Зын “ Ш ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай” 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/112 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уулбаян сумын Зын Тамгын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА