| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00024/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Г.Дэлгэрсайхан , Шүүгдэгч С.Б-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт С-н Б-д холбогдох 2133000000016 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 1 дүгээр байрны 18 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 5 хоногийн баривчлах ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймгийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 435 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан Б-н овогт -н Б-а /регистрийн дугаар МВ00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч С.Б-а нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бүрэн тэгш" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн *******тай зээлээр пиво өгөөгүй шалтгаанаар маргалдан улмаар 02-ЗЗ ДАУ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Соната” маркийн тээврийн хэрэгслийн хаалганы цонхоор хувцаснаас нь зуурч хөдөлгөөн эхлүүлж чирч яваад түлхэж унагаж, бие махбодид нь баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Б-а нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Бүрэн тэгш" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн *******тай зээлээр пиво өгсөнгүй гэж маргалдан улмаар 02-ЗЗ ДАУ улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийн хаалганы цонхоор хувцаснаас нь зуурч хөдөлгөөн эхлүүлж чирч яваад түлхэж унагаж, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 15 минутын орчимд байсан санагдаж байна. Би тухайн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн "Бүрэн түнш" хүнсний дэлгүүртээ ажиллаж байсан. Тэгтэл гаднаас С.Б-а гэх залуу нэлээн халамцуу байдалтай орж ирээд надаас пиво авмаар байна гэхээр нь пиво авч өгөх гэсэн чинь мөнгө байхгүй, бичиг баримтаа, гар утастайгаа тавиад зээлээр пиво авна гэхээр нь би эгч нь сая даллага авхуулсан юмаа, зээл өгөх боломжгүй байна гэжхэлэхэд "өө муу ёрын пизда авгай" гээд шалан дээр шүлсээ хаяад хэл амаар доромжлоод гарсан. ...Тэгэхээр нь би чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гээд цамцнаас нь таттал миний дээлийн арын захнаас зуурч аваад машин руугаа чирээд явсан. Би чи яагаад намайг дээрэлхээд хэл амаар доромжлоод хүн чирээд байгаа юм тавиач гэхэд чи надад зээл өг, үгүй бол би чамайг ална гээд чирээд машин руугаа чирээд орсон. Би гадна талд нь сугарч үлдэх санаатай зууралдах хооронд машинаа асаагаад намайг нэг гараараа чирээд явсан. Тэгэхэд нь би айгаад чамд архи өгье чи намайг тавьчихалдаа гэхэд хаячхаад хар хурдаараа яваад өгсөн. ...Архи уусан согтуу байсан. Хөл өвдөж байна, зургийг нь авхуулсан мах нь тасарсан байна гэж хэлсэн. Хамаг бие өвдөөд хөдөлж чадахгүй байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын явцад дахин өгсөн: "...Тухайн үед би аль болох зүүн талын өвдгөө хамгаалсан ба учир нь би зүүн талын өвдөгний үеийг солиулах хагалгаа хийлгэж байсан юм. ...Харин би машин руу нуруугаараа харж баруун талаараа газар шүргэж чирэгдсэн. Тухайн үед миний биед баруун өвдөг, булчин хөхөрч, мах тасарч гэмтсэн. Баруун гарын шуу, сарвуу хөхөрсөн байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-49-р хуудас/, 2.Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эхнэр ******* дэлгүүр дээр байна цай дөхүүлээд өг гэхээр нь цай чанаад 20 цаг 10 минут өнгөрч байхад дэлгүүр дээр дөнгөж очоод байж байтал гаднаас С.Б-а орж ирсэн. Тэгсэн С.Б-а мөнгө байхгүй бичиг баримтаа тавиад зээл авна гэсэн чинь манай хүн пиво зээлээр өгөхгүй гэж хэлсэн чинь С.Б-а гэнэт муу лалрын авгай гэж хараагаад дэлгүүрээс гараад явсан. ...Удалгүй манай хүн гар утас аваад ир гэхээр нь би лангууны араас гар утас аваад дэлгүүрээс гартал нэг машин хөдлөөд явсан. Манай эхнэр хажууд нь хамт чирэгдээд явсан. Тэгээд нэлээн явж байгаад унаад өгөхөөр нь би явж очоод босгох гэтэл би босож чадахгүй байна, хөл гар болохоо байчихлаа битгий хөдөлгөөрэй гээд орилоод байсан. Тэгтэл цаанаас хоёр охин ирээд сая Дулмаа эгчийг алахаа алдлаа шүү гэж ярьж байсан. Тэгснээ тэр хоёр охин Баруунбүрэн сумын цагдаад дуудлага өгсөн. ...Ер нь архи уусан байсан. Гаднаас нь харахад илт мэдэгдэж байсан. ...С.Б-а ямарч байсан саарал өнгийн машинтай явж байсан. ...Би эхнэр дээрээ очоод чи чинь яагаад машинд чирэгдээд явдаг юм бэ гэж асуусан чинь би юу гэж машинд чирэгддэг юм наад С.Б-а чинь намайг зуураад машинаараа чирчихлээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/, 3.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим байсан. Тухайн үед гэртээ байж байтал гаднаас С.Б-а орж ирээд хөдөө явах гэсэн чинь машин доголдоод явж болохгүй байна. Танай гадаа машинаа тавьчихъя машин дуудчихсан байгаа гэж хэлээд машиныхаа түлхүүрийг орхиод явсан. Тэгээд удаагүй байж байтал хэсгийн төлөөлөгч Б.Хонгорзул над руу залгахаар нь би утсаа авсан чинь танай гадаа байгаа 03-22ДАУ улсын дугаартай Соната 6 маркийн машины эзэн нь хаана байна гэж асуухаар нь С.Б-а гэж залуугийн машин байгаа юм, сая машинаа манай гадаа орхиод хөдөө явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/ 4. Гэрч Э.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн өнгөрч байхад дэлгүүр орох гээд 5 шард Дулмаа эгчийн дэлгүүр орох гээд явж байсан чинь Дулмаа эгч газар унасан гараараа тулаад авраарай гээд хэвтэж байсан. Хүн надаас архи нэхээд байхаар нь өгөөгүй. Тэгээд намайг машинаараа чирээд унагачихлаа гэж ярьсан. ...Дулмаа эгчийн дэлгүүр рүү явж байхад их хурдтай саарал өнгийн машин өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/ 5. Гэрч М*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дулмаа эгчийн дэлгүүр рүү явж байсан ба зам дээр Дулмаа эгч газар унасан хэвтэж байсан. Тэгээд очоод юу болов яасан юм гэхэд машинд чирэгдчихлээ гэж хэлсэн юм. ...Соната 6 маркийн машин байсан байх гэж бодож байна. Саарал өнгөтэй байсан ба хажуугаар хурдтай зөрөөд явсан юм. ...Босож чадахгүй байсан ба босгоод түшээд явахаар хөл гишгэж болохгүй өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ 6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн 1. *******гийн биед бүсэлхийн 2-р нугалмын шахагдсан хугарал, баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт үүсжээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүсэлхийн 2-р нугалмын шахагдсан хугарал нь хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт нь шинэ гэмтэл байна. 3. Баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Бүсэлхийн 2-р нугалмын шахагдсан хугарлыг хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. 4. Бүсэлхийн 2-р нугалмын шахагдсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 6-8 хуудас/ 7. Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 17ний орой Дулмаа эгчийн дэлгүүр ороод нэг тамхи байгаа юу гэхэд байгаа гэхээр нь нэгийг өгчих гэсэн 3500 төгрөг гэхээр нь наад тамхи чинь 2700 төгрөгтэй байдаг шүү дээ гэсэн чинь тэгвэл авахаа болихгүй юу гэхээр нь балай шуналтай авгай гэж хэлээд гараад ирсэн чинь араас хэрэлдээд гараад ирсэн. Би машиндаа суугаад хөдөлсөн чинь араас чирэгдэж яваад уначихсан. Тэгэхээр нь тэр чигээрээ давхиад яваад өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд: Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б-а нь иргэн *******тай зээлээр пиво өгөөгүй шалтгаанаар маргалдан улмаар 02-ЗЗ ДАУ улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгслийн хаалганы цонхоор хувцаснаас нь зуурч хөдөлгөөн эхлүүлж чирч яваад түлхэж унагаж, бие махбодид нь баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг,шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Хохирогчийн биед учирсан баруун тохой, шуу, сарвуу, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг,шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь С.Б-н машины цонхоор хувцаснаас нь зуурч мшины хөдөлгөөн эхлүүлэн чирч унагаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Прокуророос С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ. Шүүгдэгч С.Б-а гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь хохиролд нэг сая төгрөг өгсөн болно, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. /х.х-ийн 51-рт/ Иймд шүүгдэгч С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж , мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “ Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч С.Б-а нь гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06-р сарын 24-ны өдрийн 24.00 минутаас өмнө үйлдсэн ба дээрх гэмт хэрэг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаас бусад гэмт хэрэгт тооцогдож байна. С.Б-а нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болно. Тус эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүхийн шийдвэрээр С.Б-а д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөлийн хуульд хамаарах үндэслэлтэй гэж үзэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 02-ЗЗ ДАУ улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд бус иргэн *******гийн эзэмшлийнх болох нь түүний мэдүүлэг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд 1500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг эзэмшигч *******д буцаан олгож, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2021 оны 04-р сарын 30-ны өдрийн 14 тоот Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.(х.х-ийн 25, 32, 38 62-63-рт) Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-а д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б-н овогт С-н Б-г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 заасныг баримтлан С.Б-а д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1500.000 төгрөгийн үнэ бүхий 02-ЗЗДАУ улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч *******д буцаан олгож, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2021 оны 04-р сарын 30-ны өдрийн 14 тоот Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-а д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА