| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00025/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогч *******, Шүүгдэгч М.Э--р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөрөн овогт М-н Э-т холбогдох 2133000000027 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Бөөрөн овогт М-н Э-р /РД:ПЭ00000000/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч М.Э--р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн *******тэй “хонь мал нийлсэн” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, толгой чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Э--р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн *******тэй “хонь малаа нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, толгой чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь: 1.Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг Мягдарь гэх газарт мал маллан амьдардаг. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны 16 цагийн орчимд манай хонь саахалт айлын *******ын хоньтой нийлсэн байсан. Тэгээд ******* бид хоёр Хөдөө Мянгадарын аманд хөдөө малын бэлчээрт тааралдсан. Тэгсэн ******* уурлаж барьж аваад намайг хоолойноос боож унагаасан, зүүн чих рүү өвдөглөсөн, толгойтой үснээс үсдэж дарсан, мөн өвдөглөж, тэгээд хонио ялгах гээд гэрийн гадаа очсон бас дахиж намайг барьж аваад өшиглөж, унагааж, баруун шанаа хэсэгт хөлөөрөө дэвсэлсэн. Тэгээд би золдуулчхаад малаа ялгаад гэр лүүгээ явсан. ******* намайг зодох үед *******, *******, ******* нар байсан. Мөнххүслэн 22 настай, Тэмүүжин 15 настай, ******* 50 настай. Бид хоёрт өс хонзонгийн асуудал байгаагүй. Харин хувийн таарамжгүй маргаан бол байсан. 2020 оны 10 дугаар сарын орчимд хонь ямаа нийлснээс болж бид хоёр маргалдаж хувийн таарамжгүй харьцаа болж байсан. Амны дотор талын жавьжинд цус хурсан, чихэнд цус хурсан, хоолой боолгосны улмаас гадна талдаа арьсандаа хөхөрсөн байсан. Чихний урьд хойд хэсэгт хөхөрсөн байсан. Толгой хэсгийн оройн хэсэг хавдсан. Баруун хөл хөндүүр оргиод доголж байсан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлнэ. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөөд өгвөл ямар нэгэн гомдол, санал алга байна..., ...Манайх Сэлэнгэ аймгийн Сант суманд мал маллаж амьдраад 11 жил болж байгаа юм. Одоогоор Сант сумын Хушаат 2 дугаар баг “Мянгадарын ам” гэх газарт хаваржиж байгаа юм манайхтай ойрхон ******* гэх айлынх байдаг юм ер нь тэр хавийн айлууд хоорондоо их ойрхон малын бэлчээр байдаг юм. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд би гэрээсээ хонио бэлчээрээс нь авах санаатай хонины бэлчээрт очтол манай хонь *******ын хоньтой нийлчихсэн байсан юм. Тухайн үед намайг очих үед ******* нийлсэн хонин дээр оччихсон зогсож байсан юм тэгээд би очоод мотоциклноосоо дөнгөж буусан чинь ******* ах шууд хүрч ирээд үгийн зөрүүгүй энгэр хэсгээс заамдаж аваад шууд боогоод боолтонд оруулж газар унагаагаад гурваас дөрвөн минут намайг газар хэвтүүлээд боосон юм боож байх явцдаа миний зүүн чих рүү нэгээс хоёр удаа өвдөглөсөн юм. Тухайн үед намайг газар унагаагаад боож байхдаа ******* ах амандаа юм яриад л байх шиг байсан би манарсан байсан болохоор юу гэж яриад байсныг нь сайн санахгүй байгаа юм. Тэгээд намайг боож байснаа болихоор нь би доороос нь боссон чинь дахиад намайг үсдэж аваад доош нь дараад нэг гараараа шилэн хүзүүнээс бариад нөгөө гараараа үснээс зулгаагаад газар гурваас дөрвөн удаа толгойгоор мөргүүлсэн юм ингэх явцдаа алгадах цохих үйлдлүүдийг хэд хэдэн удаа хийсэн юм. Тэгээд болихоор нь би ******* ахад та яагаад байгаа юм бэ гэсэн чинь ******* ах би чиний малыг харж байна би чиний зарц уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд бид хоёр салаад тус тусынхаа мал руу явсан юм. Энэ явдлаас цагийн дараа би ******* ахынхаас малаа ялгаж авахаар гэрт нь очсон юм тэгсэн ******* ах “чи малаа харсангүй, би чиний малчин юм уу” гээд тэрнээс болж хоорондоо дахин бага зэрэг маргалдсан чинь ******* ах хүрч ирээд намайг шууд өшиглөж унагаагаад баруун гуя хэсэг рүү хөлөөрөө дэвсээд мөн газарт хэвтэж байхад баруун шанаа дээр дэвсээд гутлаараа гишгэчхээд босгохгүй байсан юм тэгсэн хажууд байсан Мөнххүслэн гэх залуу ******* ах, надаас биеэр их том учир урдаас нь эсэргүүцэл үзүүлээд огт дийлэхгүй байсан юм. Би ******* ахынхаас гэртээ очсон чинь толгой өвдөөд дотор муухай оргиод тэгээд нэг хэсэг орондоо хэвтсэн юм. Удалгүй эцэг, эх ирээд сумын эмнэлэг рүү залгаад түргэн дуудсан чинь машин нь хөдөө дуудлагад явчихсан өөрсдөө унаагаараа ир гээд тэгээд өөрсдийн унаагаар Сант сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь үзээд өвчин намдаах тариа хийсэн юм. Тэгээд хоёр өдөр сумынхаа эмнэлгээс 13А маягт аваад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой доргилттой байна гэхээр нь тэндээ толгойн Томографт ороод рентгенд цээжнийхээ зургийг авхуулаад дараа нь Бид гэх хувийн эмнэлэгт очиж чих хамар хоолойгоо үзүүлсэн чинь чихэнд цус хурсан байна зөөлөн эдийн гэмтэлттэй байна гэж хэлсэн юм. Эхлээд намайг хонины бэлчээрт уулзахдаа боож унагаагаад л чих хэсэг рүү гурваас дөрвөн удаа өвдөглөсөн бас үсдээд шилдэж аваад дөрвөөс таван удаа газар мөргүүлсэн харин дараа нь гэрт нь очих үед өшиглөж унагаагаад баруун хөлийн гуя хэсэг рүү дэвсээд байсан юм. Тухайн үед ******* ах архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан юм. Бид хоёр хоёулаа эрүүл байсан юм. Өмнө нь нэгээс хоёр удаа мал ахуй бэлчээрээс болж маргалдаж байсан юм. Эхлээд малын бэлчээрт намайг зодох үед бид хоёрын хажууд ямар ч хүн байгаагүй юм. Харин дараа нь *******ын гэрийн гадаа ******* ах намайг зодох үед Мөнххүслэн, Мөнхтэмүүжин, ******* гэх хүмүүс байсан юм. Миний толгой доргисон. Чих, завжинд цус хурсан зүүн шанаа хөхөрсөн, толгой орой хэсэгтээ хавдартай болсон байсан мөн хоолой улайсан, баруун гуя өвчин орсон явахад хүндрэлтэй болсон байсан. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн бүх зардлаа мөн ирж очсон унаа болон бүх зардлаа л төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6- 7-р хуудас, 48-49-р хуудас/, 2.Гэрч *******гийн мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр *******ын гэрт байж байтал саахалт айлын Бямбасүрэнгийн хонь, ямаа нь *******ын хонь, ямаатай нийлсэн. Тэгээд ялгаад байж байтал Бямбасүрэн ирсэн. Бямбасүрэн “харж л байна ш дээ” гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “******* ахаа одоо боль” гэж хэлсэн. Тэгтэл Бямбасүрэн гэр рүүгээ яваад өгсөн өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-р хуудас/, 3. Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг Мянгадарь гэх газарт М.Э--рын гэрт байсан. Тэгтэл гэрийн гадаа хүн ирээд юм яриад байхаар нь гараад харсан чинь М.Э--р, *******, ******* нар хоорондоо хонь ямаа нийллээ гэж хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгтэл ******* татаад унагаачих шиг болсон. Мөнххүслэн болио гэж хэлсэн. Тэгтэл мориндоо мордоод Бямбасүрэн дахиад яваад өгсөн өөр зүйл болоогүй. Намайг харахад цохиж зодолдсон зүйл болоогүй. ******* дугтраад унагааж байсан яг цохиж зодсон зүйл болоогүй. Тухайн үед ******* архи дарс уугаагүй байсан, харин Бямбасүрэн нь архи уучихсан согтуу байсан. Тухайн үед Мөнххүслэн, *******, Бямбасүрэн бид 4 л байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/, 4. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүх эмнэлгийн албаны шинжээч эмчийн:
ДҮГНЭЛТ: 1.*******гийн биед тархи доргилт, толгой чих орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.*******гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” дүгнэлт/хх-ийн 14-15-р хуудас/, 5. Хохирлын жагсаалт, эмчилгээний болон шатахууны зардал /хх-ийн 29-35 хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Шүүгдэгч М.Э--рын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр энэ асуудал болсон. Манай эхнэр жирэмсэн төрөхөөр Дархан явчихсан байсан. Би гэртээ ганцаараа байсан. Тухайн өдөр манай гэрийн гадаа *******гийн хонь ирж нийлсэн. Тэгсэн ******* согтуу ирсэн. Тэгэхээр нь би “чи хонь, малаа харахгүй, согтуу байна” гэснээс үүдэлтэйгээр маргаан гарсан юм. Хэрэг дээр *******гийн согтуу байсныг нь нотлох боломжгүй учраас нотолгоо гаргаж хийгээгүй байсан. *******гийнх 2000 орчим малтай. Манайх 100 гаруй малтай. *******д гарсан бодит хохирлыг нь би төлж барагдуулна. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч *******гийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр М.Э--р гэдэг хүн малын бэлчээрт надтай таараад үгийн зөрүүгүй намайг шууд боож унагаасан. Намайг ухаан алдтал боож унагаасан. Би заамдаад авахаар нь айл саахалт хүн байна тавьчих байх гэсэн. Тэгэхэд харж байсан хүн байхгүй байсан. Боож унагаагаад ухаан балартаад босож ирсэн чинь үстээд газар хэд хэдэн удаа мөргүүлсэн. Уначихсан байхад чих рүү өвдөглөсөн. Чих рүү цус хурсан. Босож ирээд ухаан балартсан байхад алгадаж байсан. Шанаа, толгой тус газар овойтол цохисон байсан. Энэ хүний зан ааш нь их хэрцгий хүн. Өмнө нь надаар хэд хэдэн удаа тоглож байсан. Намайг өмнө нь барьж авч байсан. Ер нь нэг өдөр зодох гээд байсан. Тухайн өдөр мал яваад би араас нь яваад очсон. Зүгээр явж байсан чинь дуудсан. Тэгээд мотоциклоос буугаад ирсэн чинь шууд заамдаж аваад зодоод эхэлсэн. Би энэ хүнд гомдолтой байна. Дахиад зодохгүй гэсэн баталгаа байна уу? үгүй юу?. Энэ хүн намайг боосоор байгаад алчихсан бол би ингээд зогсож байхгүй. Малд их хэрцгий ханддаг хүн. Нэг хонь цохиж алсан. Хажуу айлынх нь Мөнххүслэн гэх залуу надтай хамт тэр малыг үүрч аваачсан. Тэр мал амьд байхдаа очсон. Тэгээд үхчихсэн. Нэг ямааны хөл хуга цохисон. Тэр ямаа нь байхгүй. Алга болсон. Өмнө нь 2019 оны намар нэг хонины толгой хага цохиод тэр нь үхчихсэн байсан. Би нэг удаа юм, яах вэ? гэж бодоод өнгөрсөн. Хонь, мал байнга нийлээд байдаг асуудал байхгүй. Энэ айлыг тэгж шахаж барьдаггүй. Бэлчээр нэгтэй. Явган явдаг. Байнга хариулах байдалтай байдаг. Манай малын тоо 2000 хүрэхгүй, 1000 тооны малтай. Миний гаргаж өгсөн баримт буюу 73.500 төгрөгийн баримт 817.647 төгрөг дээр нэмэгдэж нэхэмжлэгдэж байгаа...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болно. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч М.Э--рт холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Шүүгдэгч М.Э--рын хохирогч *******г “хонь малаа харсангүй, нийлүүллээ” гэх шалтгаанаар зодож тархи доргилт, толгой чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгч М.Э--р шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа болно. Иймд М.Э--рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм хорын хохиролд шатахууны зардал 232.400 төгрөг, эмчилгээний зардалд 658.747 төгрөг нийт 891.147 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн байна. Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэм хорын хохиролд нэхэмжилсэн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгчээс гэм хорын хохиролд 891.147 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э--р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж “...манайх 100 гаруй малтай *******д гарсан бодит хохирлыг би төлж барагдуулна...” гэжээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э--раас гэм хорын хохиролд 891.147 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд улсын яллагч Т.Дэлгэрсайхан: “...Шүүгдэгч М.Э--р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******тэй маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж нүүрэн тус газар нь олон удаа цохисны улмаас *******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үйлчилж эхэлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөл хамаарахгүй хэрэгт хамаарахгүй байна. Шүүгдэгч М.Э--рт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна...” гэв. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “ Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч М.Э--рын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх ба “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаас бусад гэмт хэрэгт тооцогдож байна. Шүүгдэгч М.Э--р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2, 5.1-т заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э--рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-1, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-н овогт М-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар М.Э--рт холбогдох 2133000000027 тоот эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Э--раас гэм хорын хохиролд 891.147 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э--рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН