| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0063/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 2... тоот хэргийг 2021 оны 09-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 114.1 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, бие эрүүл Ц овогт Б.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 08-р сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, ... тоотод иргэн Х.Л-н толгойн тус газарт төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр би орой нь ажилтай байсан юм. Гэртээ байж байхад манай найз Х.Л ирээд манайд хамт Х.Л-н авчирсан 0,5 грамм Х нэртэй архи хамт уусан. Тэгээд би гэрийн гадаа байж байсан чинь Х.Л нь машины дор байсан нохойн гөлгийг авч шидэх гээд байхаар нь би уурлаад чи наад нялх амьтнаа боль гэсэн чинь энэ чамд ямар хамаатай юм бэ? гээд нөгөө гөлгийг хаясан. Тэгээд гэрийн сүүдэрт суугаад миний гар дээр ус хийгээд өг гэхээр нь уурлаад яахаараа би чиний гар дээр ус хийдэг юм бэ?, өөрөө хий гэрт саван байгаа гэсэн чинь Х.Л уурлаад босож ирээд намайг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би уур хүрээд гэрийн таамбарт байсан 60 см урттай лоомон төмрийг авч ирэн Х.Л-н толгойн оройг нэг удаа цохьсон. Би Х.Л-н биед гэмтэл учруулсан эмчилгээний зардал болох 20,000 төгрөгийг бүрэн барагдуулна” гэжээ. /хх-ийн 91-92 /
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Л гэрт ирээд янз бүр болоогүй байсан бол би ингэхгүй л байсан. Л-с болж би ажлаасаа гарлаа шүүх хуралдаанд хүртэл оролцож байна. Надаас 1,000,000 төгрөг нэхсэн. Өгч чадахгүй гэтэл ажил дээр чинь очно гэхээр нь ажил дэмий байх хөгшөөн шүүх цагдаагаар нь шийдвэрлүүлье гэж хэлсэн. Би цагдааг өөрөө дуудсан. Тэгээд намайг ажилдаа явсны дараа ажил дээр очиж дарга дээр орсон байсан. Тэгэхээр нь би чиний нэхсэн мөнгийг өгч дийлэхгүй юм байна шийддэг газраар нь шийдүүлье гэж хэлсэн. Хохирогчийн эмчилгээнд 20,000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг төлөхөөр хохирогчид дансаа өгчих гэж удаа, дараа хэлсэн боловч дансаа өгөхгүй байгаа юм. Би хохирлоыг төлөхөд бэлэн байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.
Хохирогч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Э гэх найзындаа очсон юм. Э-д орж цай ууж, дараа нь жижиг аягаар 2 пиво, архинаас 3 хундага уусан. Тэгээд би Э-ны гэрээс гарч гадаа байсан машины доогуур орсон жижиг гөлгийг өхөөрдөж холдуулсан. Тэгээд Э-г гэрээс гарч ирэхээр нь миний гар дээр ус хийгээд өгөөч гэсэн чинь Э би чиний гар дээр ус хийж чадахгүй өөрөө хий гэхээр нь чи ямар сүртэй юм бэ? гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би Э-г гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгтэл Э гэрийнхээ амбараас том лоом авчирчихсан би хойшоо ухарсан чинь Э уг лоомоороо миний толгойн орой хэсэгт нэг удаа цохьсон чинь миний толгойноос цус гарсан. Би Э-с гэрлүүгээ явах замд эхнэрээ дуудаад хамт цагдаагийн газар ирж манай найз Э намайг зодсон гэж мэдэгдээд шууд сумын эмнэлэг орж толгойдоо 3 оёдол тавиулсан. Би гомдолтой байна. Шүүх хуралд сууна. Миний эмчилгээний зардал 20,000 төгрөг болсон. Энэ зардлаа нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 11-12/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б.Э оройны ээлжтэй байж байхад Х.Л нь архи бариад ирсэн. Тэгээд манай нөхөртэй хамт хувааж уусан. Тэгээд тэр хоёр гадаа байгаад байсан. маргалдаж байгааг нь анзаараагүй. Гэнэт бие биеэ барьчихсан байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч очоод юу болоод байгаа юм бэ? та хоёр гэсэн чинь Х.Л нь намайг чам шиг гичий дуугай бай, би чиний гэрт ирээгүй гэж хэлэхээр нь би Х.Л-г гэрээсээ яв гэсэн чинь дуугай бай гэсэн. Тэгээд би тэр хооронд гэр лүүгээ орж утсаа аваад цагдаа дуудсан. Тэр хооронд Х.Л намайг цохих гээд байсан. Х.Л-г манай нөхөр цохиж байгааг хараагүй. Манай нөхрийг боож унагаасан байсан” гэжээ. /хх-ийн 19-20/
Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/
2021 оны 08-р сарын 10-ны өдрийн 04/143 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:
- Х.Л-н биед гэмтэл учирсан байна.
- Х.Л-н биед толгойн орой хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
- Х.Л-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөхгүй“гэх дүгнэлт /хх-ийн 23-24/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/
Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага, захиргааны зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-49/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75/
Шүүгдэгч Б.Э-ны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 08-р сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, ... тоотод иргэн Х.Л-н толгойн тус газарт төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч Б.Э-ны энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Э-ны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Л-н “...би Э-г гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгтэл Э гэрийнхээ амбаараас том лоом авчирчихсан би хойшоо ухарсан чинь Э уг лоомоороо миний толгойн орой хэсэгт нэг удаа цохьсон чинь миний толгойноос цус гарсан. Би Э-с гэр лүүгээ явах замд эхнэрээ дуудаад хамт цагдаагийн газар ирж манай найз Э намайг зодсон гэж мэдэгдээд шууд сумын эмнэлэг орж толгойдоо 3 оёдол тавиулсан. Би гомдолтой байна. Шүүх хуралд сууна. Миний эмчилгээний зардал 20,000 төгрөг болсон. Энэ зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч С.Э “...маргалдаж байгааг нь анзаараагүй. Гэнэт бие биеэ барьчихсан байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч очоод юу болоод байгаа юм бэ? та хоёр гэсэн чинь Х.Л нь намайг чам шиг гичий дуугай бай, би чиний гэрт ирээгүй гэж хэлэхээр нь би Х.Л-г гэрээсээ яв гэсэн чинь дуугай бай гэсэн. Тэгээд би тэр хооронд гэр лүүгээ орж утсаа аваад цагдаа дуудсан. Тэр хооронд Х.Л намайг цохих гээд байсан. Х.Л-г манай нөхөр цохиж байгааг хараагүй. Манай нөхрийг боож унагаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, 2021 оны 08-р сарын 10-ны өдрийн 04/143 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Э нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Х.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр 20,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хохирогч нь 20,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 сантиметрийн урттай цагаан өнгийн металл төмөр 1 ширхгийг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, хяналтын прокурортой харилцан тохиролцож, хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Э-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Х.Л нь эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт гарсан 20,000 /хорин мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 сантиметрийн урттай цагаан өнгийн металл төмөр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц