| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0062/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Ү-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн С сумын З багт төрсөн, ... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, урьд ... оны ...-р сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгүүлж байсан, Т овогт Б.Ү,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07-р сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт буюу 4 зам дээр ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Г, дэд ахлагч Л.О нар нь зогсоож, хууль ёсны шаардлага тавихад хууль сахиулагч М.Г, Л.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ү нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...4 замын уулзварын баруун хойд талд байдаг ногооны дэлгүүрийн урд талд баруун зүгээс ирээд зогссон. Би бас зарим зүйлээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг энгийн хувцастай ах намайг чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгчих гэхээр нь би өгөхгүй гэсэн. Тэгээд машинаас буугаад нөгөө ахад тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөхгүй гээд байж байхад нэг цагдаагийн албан хаагч ирсэн. Би цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд, маргалдаж, цагдаагийн байгууллага руу явахгүй гээд цагдаагийн албан хаагчтай зууралдсан. Тэгээд би хэсэг хугацаанд яг юу болсон талаар санахгүй байна. Ямартай ч цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэгээд би эрүүлжүүлэх саатуулах байр луу ороод саатуулагдаж байсан. Хэсэг унтаад сэрсэн чинь эрүүлжүүлэх байрны өрөөнд байсан. Би Г нэртэй хүнсний дэлгүүрээс худалдаж авсан лаазтай пивоны 10 ширхгийг нь уусан байх. Би гэм буруугаа ойлгож байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, буруу үйлдэл гаргасан байна. Гэм буруугаа ойлгож ухаарч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 61-62/
Шүүгдэгч Б.Ү шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 сарын 22-ны өдөр 4 замын ногооны дэлгүүрийн тэнд явж байтал нэг танихгүй ах машины түлхүүр авах гээд байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд зууралдсан. Тухайн үед болсон зүйлсийг сайн санахгүй байна. Тэр өглөө ажлаасаа буусан байсан. Ажилгүй байсан найзындаа очиж 2, 3 лааз пиво уусан” гэв.
Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзвар дээр шугам замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт чиглэлтэй явж байсан ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирж яваад намайг хараад 4 замын уулзварын баруун хойд зүгт байрлах ногооны дэлгүүрийн гадаа очоод зогссон. Цагдаагийн хэлтсийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Ж ногооны дэлгүүрийн талын явган хүний замаар явж таараад ногооны дэлгүүрийн урд талд зогссон ... улсын дугаартай Тоёота приус-20 маркын тээврийн хэрэгслийг шалгах үед би зогсож байсан газраасаа очиход тээврийн хэрэгсэл барьж явж байсан жолооч нь машинаас буугаад ирсэн, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, мөн би явж очоод тухайн жолоочийг бичиг баримтаа шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй, эсэргүүцэж, гар утсаар яриад чамайг хэн гэдэг юм бэ? "манай ах чам руу хэлээд би одоо явна" танай цагдаа нар тонгоруулж уначихаад мөнгө нэхдэг юм байна лээ гээд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд, танай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул цагдаа дээр очих шаардлагатай байна, та өөрийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууна уу гэж хэлэхэд эсэргүүцээд байсан тул, цагдаагийн хэлтсийн жижүүр лүү энэ талаар мэдэгдэхэд, жижүүрийн жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.О цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй нэмэлтээр ирсэн. Тэгээд иргэн Б.Ү-г цагдаагийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгахад миний нүүр лүү баруун талын гараараа салавч өгч, мөн зүүн талын гараа атгаж байгаад миний нүүрэн тус газар нэг удаа цохЬсон. Тэгээд мөн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байсан тул тээврийн хэрэгслээс цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.О-н хамт буулгаж цагдаагийн байгууллагын код журам, зааврын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж гарыг нь гавлахад эсэргүүцэл, үзүүлээд байхаар нь мэх хэрэглэж газар хэвтүүлэхэд өөдөөс ноцолдож, дүрэмт хувцаснаас зууралдаж, хэл амаар доромжилсон. Тухайн үед гарыг нь гавлаж байхад хоёр хөлөөрөө миний өөдөөс жийж, хөл болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, нэг гаранд нь гар хийж байх хооронд нэг гараараа миний зүүн гуяын дотор талаас базсан, мөн хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч О-н хувцаснаас нь зуурч, дүрэмт хувцасны мөрдсийг авч шидсэн. Тэгээд байж байхад иргэн Б.Ү-н ар гэрийн хүмүүс ирж, бид хоёрыг хүүхэд аллаа, цагдаагийн алба хаагч биед халдсан гэсэн. Тэгээд иргэн Б.Ү-г гавлаж машины арын суудал дээр суулгах үед миний өөдөөс нулимж, пизда, лалар, гэх мэт хараалын үг хэлж хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаагийн байгууллага дээр авч ирээд эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулж драгер багажаар согтолтын зэргийг нь шалгахад 1,66 хувийн согтолттой байсан. Мөн эрүүлжүүлэх явцад цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан” гэжээ. /хх-ийн 11-12/
Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд би ширээт-10 аас өгсөн чиглэлийн дагуу 4 замын баруун хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр ирэхэд цагдаагийн ахлагч М.Г, ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгслийн жолооч Б.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хууль ёсны шаардлага тавиад зогсож байсан. Тухайн жолооч Б.Ү-д хууль ёсны шаардлага тавьж албаны тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгахад ахлагч М.Г Б.Ү-с тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгөх талаар шаардлага тавиад жолооч Б.Ү нь баруун талын гараараа салаавч өгч, мөн зүүн талын гараа атгаж байгаад нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд мөн цагдаагийн алба хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байсан тул тээврийн хэрэгслээс ахлагч М.Г-н хамт буулгаж цагдаагийн байгууллагын код журам, зааврын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж гарыг нь гавлахад эсэргүүцэл, үзүүлээд миний албаны хувцасны баруун талын мөрдсөнөөс татаж, баруун талын мөрдсөний товчийг тасалж, мөрдөгчийг газар унгасан. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч Б.Ү нь цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцээд байхаар нь мэх хэрэглэж газар хэвтүүлэхэд мөн өөдөөс ноцолдож, дүрэмт хувцаснаас зууралдаж, хэл амаар доромжилсон. Тухайн үед гарыг нь гавлаж байхад хоёр хөлөөрөө ахлагч М.Г-н өөдөөс жийж, хөл болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, мөн миний баруун шанаа хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байхад иргэн Б.Ү-н ар гэрийн хүмүүс ирж, бид хоёрыг хүүхэд аллаа, цагдаагийн алба хаагч биед халдсан гэсэн. Б.Ү-г гавлаж машины арын суудал дээр суулгах үед М.Г-н өөдөөс нулимж хараалын үг хэлж хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаагийн байгууллага дээр авч ирээд эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулж өгөөд дараагийн дуудлага руу явсан” гэжээ. /хх-ийн 16-17/
Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/
2021 оны 07-р сарын 28-ны өдрийн 02/0239 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/
2021 оны 08-р сарын 04-ны өдрийн 013 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34/
2021 оны 08-р сарын 09-ны өдрийн 04/142 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/
А ХХК-ны поло загварын police нэртэй фудволконд үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 78/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 98/
Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 32 дугаартай тогтоол /хх-ийн 102/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулсан тухай прокурорын санал /хх-ийн 100/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07-р сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт буюу 4 зам дээр ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Г, дэд ахлагч Л.О нар нь зогсоож, хууль ёсны шаардлага тавихад хууль ёсны сахиулагч М.Г, Л.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/, хохирогч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, А ХХК-ны поло загварын police нэртэй фудволконд үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 78/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ү нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч М.Г, Л.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Ү нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ү нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үүрцайхад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц