Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/427

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч А.C-,

хохирогч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт А-ийн C-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105008280759 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-ийн C-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.C- нь 2021 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... байрны ... тоотод хохирогч Б.Н-ы нүүрэн тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, дух, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, зүүн хацар, хүзүү, баруун дал, тохой, шуу, зүүн шуу, зүүн тавхай зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.C- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н- мэдүүлэхдээ: “Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт энэ эгчтэй танилцсан юм. Бид хоёр муудахаасаа өмнө ойр дотно харилцаатай байдаг байсан. Би тэр өдөр хүүтэйгээ хоёулхнаа байж байгаад C- эгчийг утсаар ярихад нь манай гэрт ирээд ханьдаа хонооч гэж хэлсэн. Бид хоёр 3 хоногийн хугацаанд өдөрт нь 3 лааз пиво уудаг байсан. 4 дэх өдөр шилжих шөнө яагаад ч юм C- эгч Солонгос улс явна гэж хэлээд дэлгүүр рүү пивонд гаргасан. Манай найз гэрт ирээд бид нар пиво уух гээд байж байгаад хүүхдүүдээсээ болж муудалцсан. Тэгээд бие биеийнхээ дургүй үгийг хэлээд над руу дайрсан. Би өөрийгөө хамгаалж, чадахгүй байсан. Тэгээд хажуу өрөө түрээсэлдэг эгч ирээд салгасан. Цагдаа дуудсан. Манай ар гэрийнхэн миний нүүр, нүд, байдлыг хараад шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлэг өгсөн. Би адилхан 2 нялх хүүхэдтэй гэж бодоод салъя гэхэд байцаагч дээр Сугараа эгч ирээгүй удаан байснаас болоод хэрэг шүүх рүү явчихлаа. Би энэ хүнийг буруугаа ойлгоод, хүнд ял битгий аваасай гэж л бодож байна” гэв.

 

Шүүгдэгч А.C- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Н-ы “2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр C- бид хоёр 0,5 литр хэмжээ бүхий 3 ширхэг пиво уусан. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... байр ... тоот манай гэрт C- түүний хүү Б- /6 настай/, охин А- /1 настай/, миний хүү Тэмүүлэн /1 настай/ бид 5 байж байсан чинь C- надад хандаж “чи гараад пиво аваад ир” гээд миний данс руу мөнгө хийсэн. Би дэлгүүр гараад 6 ширхэг, 0,5 литр хэмжээ бүхий пиво авч орж ирсэн. Тус пивыг C- бид 2 хувааж уугаад дуусах үед орой харанхуй болсон байсан. Тэгээд би дуудлагаар пиво зардаг газар руу залгаад 2,5 литр хэмжээ бүхий 3 ширхэг пиво захиалж аваад уугаад сууж байсан чинь эмч найз Энхтүвшин орж ирээд юм идээд гараад явсан. Найз гарсны дараа бид хоёр юм яриад сууж байсан. C- бид хоёр пиво уугаад нэлээд муудсан байсан учир чанга ярьж байсан. Тэгээд C- чанга яриад байхаар нь би түүнд хандаж “чимээгүй, хүүхэд унтаж байна” гэж хэлсэн чинь C- “чиний хүүхэд чимээгүйд унтаад, миний хүүхэд чимээнд унтах ёстой юм уу” гэж хэлээд чанга дугаар над руу хашхираад байхаар нь би C-тэй хэрүүл хийсэн.

Хэрүүл хийгээд зогсож байснаа C- хүрч ирээд намайг заамдаж газар хойш нь дарж хэвтүүлээд миний дээр суугаад гараа атгаж байгаад миний толгой, зүүн нүд, зүүн шанаа хэсэг рүү олон удаа цохиж, миний хүзүү, зүүн шуу, хэсгийг хумсаараа маажсан. Би босоод зугтах гэхэд C- намайг барьж аваад түлхэх үед би баруун дал, баруун тохой хэсгээр шкаф мөргөөд газар унасан чинь миний дээр гараад миний хоолойг боосон. Би тэгээд аниа авраарай гэж хашхирах үед манай нэг өрөөг түрээсэлдэг Номуундарь эгч өрөөнд орж ирээд би хоёрыг салгасан. Би цагдаа дууд гэж хэлсэн чинь C- өөрийн хоёр хүүхдээ дагуулаад манай гэрээс гараад явсан.

Энэ үйл явдал гарах үед C- бид хоёр л байсан. Хүүхдүүд унтаж байсан. Би шкаф мөргөөд газар унах үед C- миний дээр гарч хоолой боосон. Би аниа авраарай гэж хашхирах үед манай нэг өрөөг түрээсэлдэг Номуундарь эгч орж ирээд салгасан.

... Би дүгнэлтийг уншиж танилцсан. Миний биед гарсан энэ гэмтлийг C- ганцаараа миний биед учруулсан.

... Баримтаар 128,000 төгрөгийн хохирол гарсан. Эмчилгээ хийлгэх 300,000 төгрөг болох юм байна ... нийт 428,000 төгрөг C-гээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Э.Номундарийн “Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байр ... тоотод айлын хажуу өрөө хөлсөлж суудаг. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 23 цагийн үед би өрөөндөө ганцаараа байж байгаад нойл орох гээд өрөөнөөсөө гарсан чинь нойлын үүд хэсэгт байрны эзний охин Н-тай таарах үед тэр нэлээд согтсон байдалтай байсан. Би түүний гарч ирсэн өрөө рүү харсан чинь өрөөнд нэг эмэгтэй өмнөө пиво тавьсан байдалтай сууж байсан. Тэгээд би нойл орчхоод буцаад өрөөндөө ороод ганцаараа унтаад өгсөн.

... Би сэрээд гайгүй болох байлгүй гэж бодоод чагнаад хэвтэж байсан чинь юм түжгэнээд хүүхдүүд нь уйлаад байсан. Би өрөөнөөсөө гараад чимээ гараад байх өрөөнд орсон чинь Н-ы дээр үл таних эмэгтэй /C-/ гарч суугаад Н-ы хоолойг нь гараараа боож байхаар нь би очоод үл таних эмэгтэйг боль гэсэн чинь намайг хараад Н-ы дээрээс боссон. Тэгээд Н- үл таних эмэгтэй хоёр маргаад зогсож байсан чинь үл таних эмэгтэй /C-/ Н-ы нүүр хэсэг рүү гараараа цохисон чинь Н- газар унасан. Үл таних эмэгтэй Н-ы нүүр лүү гараараа 2-3 удаа цохих үед би түүнийг болиулахаар үл таних эмэгтэйн цамцнаас татсан боловч дийлээгүй. Тэгээд тэр эмэгтэй өөрөө Н-ы дээрээс боссон. Тэгээд Н-ы хүүхэд уйлсан чинь Н- хүүхдээ аваад үл таних эмэгтэйтэй хэрүүл хийж байсан. Тэр хоёр хэрүүл хийж байсан чинь үл таних эмэгтэй Н-ы үснээс зулгаагаад цохисон. Тэгээд би цагдаа дуудсан чинь тэр эмэгтэй хүүхдүүдээ дагуулаад гараад явсан.

... Н- тэр эмэгтэйн биед халдаагүй. Н-ыг C- зодсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн эмнэлгийн шинжилгээ №3464 дугаартай:

“1. Б.Н-ы биед тархи доргилт, дух, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, зүүн хацар, хүзүү, баруун дал, тохой, шуу, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

А.C-гийн яллагдагчаар өгсөн “2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байр ... тоот Н-ы гэрт хоёр хүүхдийн хамт байсан. Тус өдөр Н- бид хоёр хүний 4 пиво авсан. Тэгээд байж байсан чинь Н-ы эрэгтэй найз ирээд явсан. Найз нь явсны дараа хоол идэх гээд зогсож байсан чинь Н- найзтайгаа намайг хардаад надад хандаж “та манай найз руу хандарлаа, хэрвээ надад ийм үйлдэл гаргаж байгаа бол би таны нөхөр Соёмбо ахтай унтана шүү” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь миний уур хүрээд Н-тай барилцаж аваад газар унаад би түүний үснээс зулгаасан. Нэг сэргэсэн чинь манай 2 хүүхэд уйлсан байдалтай байсан. Тэгээд би хүүхдээ аваад гараад явсан. Би пиво их уусан байсан учир болсон хэргийн талаар санаж байгаа зүйлээ ярилаа. Өөр зүйл сайн санахгүй байна.

... Дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Н-ы биед гарсан гэмтлийг би түүний биед учруулсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Н- надаас эмчилгээний зардал 120,000 төгрөг өгчих гэсэн. Би мөнгө байхгүй. Тогтсон ажилгүй учир түүний мөнгийг өгч чадахгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн А.C-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч Б.Н-, гэрч Э.Номундарь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.C- нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч Б.Н-ы эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 128,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүгдэгч А.C- хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулаах шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.C- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А-ийн C-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.C-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.C- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.C- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.C-гээс 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж Баянгол дүүрэг 13 дугаар холроо ... байр ... тоотод оршин суух Боржигон овогт Батзоригийн Н-д олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.C- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.C-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ