Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/426

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Ц.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ц- Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105005610710 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ц- Ө-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Ө- нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит караоке дотор хохирогч С.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар С.Б-н толгой руу цохих зэргээр биед нь халдаж баруун нүдний зовхинд цус хуралт, эрүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний нугалаасанд зулгаралт, эрүүнд зулгаралт, тарх доргилт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Б-гийн “ ... 2021 оны 2 дугаарс арын 24-ний өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо Элит караокед хуучин үерхдэг байсан Нандин-Эрдэнэ гэдэг найзыгаа авахаар найз болох Х.Даваажамцыг машин бариулаад цуг ирсэн. Уг Элит караокед нь хаачихсан байсан. Ирчихлээ гэж хэлэхэд Нандин-Эрдэнэ наашаа ороод ир гэхээр нь ганцаараа орсон. Нандин-Эрдэнэтэй хамт дөрвөн эрэгтэй найз нь сууж байсан. Үүнээс таньдаг нь Ууганаа, Ө- нар байсан. Юм яриад сууж байхад Ө- чи Нандин-Эрдэнийг зоддог байсан, дээрэлхэдэг байсан гэж хэлээд баруун нүд, баруун чих рүү цохиж хоолой багалзуурдаж буйдан дээр дарж үстсэн.

Босч ирээд хартал хувцас урагдаад хар өнгийн Samsung  note 8 гар утасны дэлгэц доод хэсэгтээ хагарсан байсан. Намайг баарнаас хөөж гаргаж хаалгаа түгжсэн. Тэгээд 102 дугаарт залган цагдаа дуудсан.

 ... Баруун нүд хөхөрсөн, эрүүний доод хэсэг улайж хавдсан, баруун чихний ард улайж хавдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэгийн “...Манай хүү 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд тухайн үед гэртээ ганцаараа амьдардаг байсан.

...Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг хэн, хэзээ учруулсан талаар нь надад тодорхой мэдэх зүйл байхгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б- манай ажил дээр ганцаараа ирээд би шүүх эмнэлэгт үзүүлчхээд ирье, намайг нэг хүн зодчихлоо, тэгээд би цагдаад өгчихсөн гэж хэлж байсан.Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор нэг их анхаарч асуугаагүй. Тухайн үед баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Х.Даваажамцын “...Юу болсон талаар мэдэхгүй. Гадаа найзыгаа хүлээж байтал гэнэт хэрэлдээд хувцас нь урагдчихсан гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Ууганбаатарын “... Ө- чи яаж байгаа юм бэ гэхэд Б- миний амьдрал чамд хамаагүй шүү гэтэл Ө- “чи авч суугаагүй байж ингээд байхдаа яадаг юм, чи өмнө нь бас Нандиаг зоддог байсан” гээд Ө-, Б- хоёр маргалдаад Ө- шууд босоод Б-г нэг алгадаж унагаагаад буйдан дээр дараад дээрээс нь заамдаад авахаар нь би очоод дундуур нь орж салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Т.Төрмөнхийн “2021 оны 02 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед ... нэг өрөө рүү ороод хаах боллоо гэж хэлэх гэтэл 4 хүн байсан бөгөөд 2 эрэгтэй хоорондоо маргалдаад заамдалцаад нэг залууг /Б-/ бас нэг залуу /Ө-/ нь буйдан дээр хэвтүүлээд дээрээс нь дарчихсан заамдчихсан байж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1739 дугаартай:

“1. С.Б-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, эрүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний нугалаасанд зулгаралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Ц.Ө-ын яллагдагчаар өгсөн “2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би хорооллын Элит караокед Нандин-Эрдэнэ, Ууганбаатар бид гурав нийлээд 1 шил архи хувааж уугаад сууж байтал 23 цагийн үед Нандин-Эрдэнэ утсаараа найз залуу Б-гээ дуудсан. Тэгээд удалгүй гаднаас Б- ганцаараа орж ирээд юм яриад сууж байгаад дахиад 1 шил архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд Нандин-Эрдэнэ тэр залуутайгаа цаана нь юм яриад хоорондоо учраа олох гээд л байсан. Наана нь Ууганаа бид хоёр юм яриад сууж байхад Нандиагийн найз залуу Б- Нандиатай маргалдаад байхаар нь би босож очоод тэр залууг мангасдаад унагаахад тэр залуу босож ирээд намайг цохиод бид хоёр хоорондоо маргалдсан.

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит караоке дотор хохирогч С.Б- өөрийн найз Нандин-Эрдэнэтэй маргалдах явцад шүүгдэгч Ц.Ө- нь “чи өмнө нь бас зоддог байсан” гэсэн шалгаанаар хохирогч С.Б-тэй маргалдаж улмаар С.Б-н толгой руу цохих зэргээр биед нь халдаж баруун нүдний зовхинд цус хуралт, эрүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний нугалаасанд зулгаралт, эрүүнд зулгаралт, тарх доргилт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу хохирогч С.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэг, гэрч Ж.Ууганбаатар, Т.Төрмөнх, Х.Даваажамц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах явцад Ц.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ө- нь хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж цохиж, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч С.Б-н эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Билгүтэйгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд хэрэгт цуглуулаагүй тул хохирол тооцох боломжгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх шүүгдэгч Ц.Ө-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээнй буюу 550,000 торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ө- нь эрүүгийн хариуцлагын талаар мэдүүлэхдээ өөрт оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлнө гэсэн тул шүүхээс хугацаа тогтоогоогүй болно.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.Ө- нь дээрхи хугацаанд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц- Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ө-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ө- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ