Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

 

 

2021            03            11                                     2021/ШЦТ/169

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч О.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Р-гийн З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105002660181 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... хорооллын ... дүгээр байрны .. дугаар орцны .. тоотод оршин суух, урьд ялшийтгэлгүй, Б овогт Р-гийн З-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Р.З- нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо .... хорооллын ... дүгээр байрны ... дугаар орцны ... тоот гэртээ эхнэр М.Б-ийг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас нүүр лүү нь алгадах, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, дух, зүүн, бугуй, зүүн бугалга, цээж, баруун хацарт цус хуралт, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.З- мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Р.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Б-ийн “... 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр З- нь гэртээ ганцаараа 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байсан. Харин зурагтаар бусдад туслаж байгаа гэсэн утгатай мэдээ гарч байхаар нь би З-д хандаж “хоёулаа энэ насандаа хүнд туслах юмсан” гэж хэлсэн чинь З- нь “чи хүнд туслах битгий хэл өөрийгөө яая гэж байж юун хүнд туслах вэ, өөрийн гэсэн олсон мөнгөгүй байж яаж хүнд туслах гээд байгаа юм” гэхээр нь “ямар олон үгтэй юм” гэсэн чинь араас энэ талаар хэрүүл хийгээд байхаар нь “чи хүнтэй харьцаж чадахгүй байна” гэсэн.

Ингээд би идэж байсан алимаа түүн рүү шидсэн чинь босч ирээд миний хоёр нүдний гол хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохихоор нь би нүүрээ дарж доош тонгойсон чинь ар дагз хэсэг рүү 1-2 удаа, нуруу руу олон удаа гараараа цохиод буйдан руу давуулаад түлхэхэд нь би уначихсан. Ингээд гарч зугтах гэсэн чинь барьж авч байгаад баруун хацар, шанаа, баруун чамархайны орчимд гараараа 2-3 удаа цохисон. Ингээд З- нь гадагшаа гарах гэхээр нь “чи намайг зодлоо” гэж хэрүүл хийж очсон чинь намайг үстэж байгаад чирээд жижиг өрөө рүү оруулсан. Энэ үед миний зүүн бугуйны орчимд шаланд үрэгдээд зулгарсан. Энэ үед хажууд 4-7 настай 2 хүүхэд маань байсан. Өөр хүн байгаагүй юм.

... Дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. З- нь надад учруулсан гэмтлүүд байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

 

Натур эмнэлэг компьютерт томографийн оношилгоо. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1173 дугаартай:

“1. М.Б-ийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, дух, зүүн бугуй, зүүн бугалга, цээж, баруун хацарт цус хуралт, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Р.З-ын яллагдагчаар өгсөн “... Энэ үед гаднаас эхнэр Б- нь орж ирэхэд зурагтын мэдээгээр бусдад тусалсан утгатай мэдээ гарч байсан. Тэгтэл эхнэр Б- бусдад туслах талаар ярихаар нь хариуд нь “чи ажилгүй гэртээ сууж байж юун хүнд туслах вэ” гэсэн чинь Б- нь над руу идэж байсан алимаараа толгой руу цохихоор нь Б-ийг барьж байгаад нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж алгадаад түлхэж унагаад ар нуруу руу нь гараараа 1 удаа цохиод гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь хэрүүл хийж зууралдаж байгаад түлхэж жижиг өрөөндөө оруулсан. Энэ үед Б- нь газар унаад газар чирэгдсэн. Ингээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гарч зугтсан юм. Зугтахгүй бол улам хэрүүл хийгээд орилж хашгираад салж өгөхгүй байсан юм. Зодох шалтгаан гэвэл зурагтаар мэдээ үзэж байгаад Б-ийн хэлсэн үгийг үгүйсгэж хэлснээс болж намайг алимаар цохисон учраас би Б-ийг зодож цохисон юм.

... М.Б- бид хоёр хамт эмнэлгээр явж үзүүлж эмчилгээ хийлгэж эм тариа авсан. Гэр бүлийн хүмүүс учраас бэлнээр ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Р.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч М.Б-ийн “... Надад одоо гомдол байхгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэсэн хүсэлт /хэргийн 55 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.З- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Р.З- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Р-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.З-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.З-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Р.З- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ