Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

2021            03            12                                     2021/ШЦТ/170

 

 

 

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ж-ы Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000101 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ ХХК-ний менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ы Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр .... 52-25 тоотод гэртээ хамтран амьдрагч болох Б.Ш-гийн биед халдаж түүнд зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, 1 шүдний хугарал, дух, зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б- мэдүүлэхдээ: Тухайн үед оройн 8,9 цагийн үед гэртээ ирсэн. Хохирогч Ш- гэртээ манай 2 найзтай согтууруулах ундаа хэрэглэж байсан. Гэртээ ороход 3 хүүхдийг нэг өрөөнд оруулсан гэр хүйтэн байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байхад нь тоодоггүй байсан. Өмнө нь манай ажлын эмэгтэйтэй хардаж ирдэг байсан. Тэр нь шалтгаан болсон. Гэрийн нөхцөл байдал тиймэрхүү байсан тул уураа барьж чадаагүй ийм зүйл болсон гэв.

Шүүгдэгч Ж.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Ш-гийн “2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед нөхөр Б-ын ажлын газрын эмэгтэйгээс болоод маргалдсан чинь нөхөр бид хоёр үл ойлголцоод нөхөр Б- зүүн талын мөр лүү гараараа 2 удаа цохиод миний хоолойг боох гэж оролдоод намайг хана руу түлхсэн боловч бид хоёр тэр дороо эвлэрээд хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 17-ны өдөр өглөө сэрцгээгээд би Б-ыг “чи миний мөр лүү цохисон, уучлалт гуйхгүй юм уу” гэхэд “би саллаа, явлаа” гээд уурлаад гараад явчихсан.

Манай нөхөр Б- гаднаас орж ирэхээр нь “би чамайг гэртээ оруулахгүй” гэж байгаад хаалгаа онгойлгосон чинь намайг шууд баруун гараараа миний зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгсэн миний амнаас цус гараад тонгойсон чинь миний дээд талын агт араа унасан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 2011 оноос эхэлж үерхэж хамтран амьдраад 10 жил болж байна. Дундаасаа 8,4,1 настай 3 хүүхэдтэй.

... Намайг цохих үед Мөнхтулга, Лхагважав хоёр байсан. Лхагважав, Б-ыг боль гээд салгасан. Бид нараас гадна манай хүүхдүүд байсан. Өөр хүн байгаагүй.

... Надад гомдол санал байхгүй. Б- бид хоёр одоо эвлэрээд хамт амьдарч байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч О.Лхагважавын “... Ш-, Мөнхтулга бид гурав хувааж уугаад пиво дуусаагүй сууж байтал 20 цаг өнгөрч байхад Б- гэртээ ирсэн. Ш- хаалга онгойлгож өгөөд “чи яах гэж ирсэн юм” гээд маргалдаад эхэлсэн. Тэгсэн удалгүй хэдхэн секундийн дараа Б- баруун гараараа Ш-гийн зүүн шанаа орчим 1 удаа цохисон. Тэгээд би босоод Б-ыг Ш-гээс холдуулсан. Тэгсэн Ш- Мөнхтулга бид хоёрыг “та хоёр явж бай, би ах руугаа ярина” гээд үлдсэн. Тэгээд Мөнхтулга бид хоёр гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №851 дугаартай:

“1. Б.Ш-гийн биед зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, 1 шүдний хугарал, дух, зүүн мөрөнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

            Ж.Б-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ш- миний өмнө нь хамт ажиллаж байсан эмэгтэй рүү мессэж бичсэн байсан. Тэр эмэгтэй нь над руу залгаад “танай эхнэр янз бүрийн мессэж бичээд байна” гэсэн. Тэгээд би “яах гэж мессэж бичсэн юм” гэхэд Ш- намайг “чи наад хүүхэнтэйгээ амьдар” гээд над руу дайраад байсан учраас би уурлаад зүүн мөр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд маргааш өглөө нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед ажлаас дуудаад хуралд суучихаад гэртээ орж ирэхэд манай эхнэр Ш- нь манай найз Лхагважав, Мөнхтулга хоёртой пиво уугаад сууж байхаар нь миний уур хүрээд эхнэрт уурлаад” чи гэртээ хүн цуглуулж уулаа” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд би уураа барьж чадалгүй түүний зүүн шанаа руу алгадаад гараа атгаж байгаад цохисон чинь амнаас нь цус гараад шүд нь унасан байсан. Тэгээд Ш- цагдаа дуудсан.

            ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Б- нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Ш-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд хамрах этгээдийг “эхнэр, нөхөр ...” гэж тодорхойлжээ.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заажээ.

 Шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Б.Ш-тэй хамтын амьдралтай, гэр бүлийн харьцаатай эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг эхнэрийнхээ эсрэг бие махбодийн хүч хэрэглэсэн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах явцад хохирогч Б.Ш-гийн “... Одоо миний биед өвдөх зовиур байхгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо бид 2 маргалдсан зүйлээ ярилцаж ойлголцоод хамт амьдарч байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ... ” /хэргийн 46 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Ж.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь шалтгаангүйгээр шүүгдэгч Ж.Б-ыг бусадтай хардсан, гэртээ бусадтай согтууруулах ундаа хэрэглэж байсан байдал нь зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзаж прокуророос гаргасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ