Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхтунгалаг М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005029590091 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Согоот .. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Боржгон овогт Энхтунгалагийн М-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найз нэртэй зочид буудлын 15 тоот өрөөнд хохирогч Н.Б-ыг гар утасны интернэт банкыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5032991893 тоот данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Э.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Н.Б-ын “2020 оны 08 дугаар сарын 25-наас эхэлж өөрийн фэйсбүүк хаяг Н.Б- гэсэн хаягаас У- гэх нэртэй фэйсбүүк хаягтай эмэгтэйтэй чаталж байгаад танилцсан. Чатаар сар гаруй хугацаанд танилцаж байгаад би тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 хоног ажлаад 9 хоног амардаг. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд чатаар танилцсан эмэгтэйтэй Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найз нэртэй зочид буудалд уулзахаар тохиролцсон. Тухайн өдрийн 22 цагийг үед би буудлын 15 тоот дугаартай өрөөнд буудал аваад эмэгтэйг хүлээж байсан. Шөнө 24 цагийн үед чатаар танилцсан эмэгтэй орж ирсэн. Орж ирээд танилцахад өөрийгөө Мөөгий гэж надаа танилцуулсан. Хоорондоо янз бүрийн зүйл ярилцаж байгаад шөнийн 04 цагийн үед надтай ярилцаж байхдаа цагдаа дээр асуудалтай байгаа 150.000 төгрөг надаа хэрэгтэй байна гэхээр нь би хажууд нь байхдаа өөрийн гар утсаар интернет банк ашиглан Капитрон банкны өөрийн цалингийн данс болох .......... данснаас нууц үгээ хийж байгаад 150,000 төгрөг түүний данс болох Хаан банкны ........  дансруу би 150,000 төгрөг шилжүүлсэн.

          Удалгүй миний утсыг гуйгаад дуу сонсъё гээд бие засах өрөө лүү аваад орсон. Гарч ирээд миний утсыг надад өгөөд хальт гарчхаад ирье гээд алга болсон. Удалгүй миний гар утсанд Капитрон банкны цалингийн данс болох 3019009543 данснаас 1,000,000 төгрөг шилжсэн талаарх мэдээлэл ирсэн. Ингээд цагдаад хандсан. 155-160 см орчим өндөртэй, 20-25 орчим насны, царайг нь сайн санахгүй байна, өмсөж явсан хувцас нь гадуураа хар куртиктэй, дотуураа цагаан цамцтай орж ирсэн. Өөрийн мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртика, цагаан эрээн өнгийн шорт, хар өнгийн гутал өмссөн эрэгтэй хүн АТМ-рүү visa карт хийж байгаа харагдана. ...” гэсэн тэмдэглэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-12 дугаар хуудас/,

 

          Хаан банкны харилцагч Энхтунгалагийн М-ийн 5032991893 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 54 дүгээр хуудас/,

         

          Э.М-ийн яллагдагчаар өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Санхүү авна гэж facebook /фэйсбүүк/ дээр зар тавьсан. Тэгээд над руу нэг хүн чат бичээд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол байрлах “Найз” нэртэй зочид буудалд хүрээд ир гэсэн. Тэгээд очиход 24 орчим настай байх эрэгтэй хүн байсан. Бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр эрэгтэй надад 150,000 төгрөг 2 удаа миний Хаан банкны .......  данс руу мөнгө шилжүүлж байхад нь би интернет банкных нь нууц кодыг нь харсан. Тэгээд би тэр эрэгтэйн утсыг нэг яриад өгье гэж аваад бие засах өрөөнд орж байгаад өөрийнхөө данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр эрэгтэйд утсыг нь буцааж өгөөд явлаа гэж хэлээд буудлаас гараад такси бариад найз залуу Тэмүүжинд миний карт байсан болохоор Тэмүүжинтэй утсаар яриад миний картнаас мөнгө аваад байж бай гэж хэлээд Тэмүүжинтэй 3 дугаар хорооллын эцэс дээр уулзаад 1,000,000 төгрөг аваад явсан. Би 1,000,000 төгрөгөөрөө ломбарднаас утсаа аваад ойр зуур хэрэглээд дууссан. Би хохирлоо барагдуулна. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хохирогч Н.Б- нь эхлээд сайн дураараа 150,000 төгрөгийг өөрийн Капитрон банкны эзэмшлийн 3019009543 данснаас шүүгдэгчийн Хаан банкны эзэмшлийн .... шилжүүлэх явцад түүний өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалахдаа хайхрамжгүй хандсан нөхцөл байдлыг далимдуулан нууцаар интернэт банкны нууц үгийг мэдэж авсаны дараа хохирогчийн гар утсыг “дуу сонсъё” гэж хэлэн бие засах өрөө рүү авч орон өөрийн эзэмшлийн Хаан банкны эзэмшлийн 5032991893 данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн авчээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Н.Б-ын мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үзүүлэлтүүд, Хаан банкны харилцагч Энхтунгалагийн М-ийн 5032991893 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.М- нь хохирогч Н.Б-ын гар утасны интернэт банкны нууц үгийг ашиглан 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..........  тоот данс руу шилжүүлэн авсан өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Хохирогч Н.Б-ын Капитрон банкны эзэмшлийн .... дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг шүүгдэгчийн Хаан банкны эзэмшлийн ........  дугаарын дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар /хэргийн 53-54 дүгээр хуудас/ шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-од 1,000,000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг төлбөрийг шүүгдэгч Э.М-ээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, мөн шүүгдэгч Э.М- хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр улсын яллагч “... шүүгдэгч Э.М-ийн урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах” дүгнэлтийг гаргажээ.

Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ гэдгийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж ойлгох нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.М- нь тэнсэн харгалзах хугацаанд бус харин өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтунгалагийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Э.М-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Э.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.М-ээс 1,000,000 төгрөг /нэг сая/ гаргуулж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг Дуургат оршин суух Их мэргэд овогт Нэргүйгийн Б-од /РД:РФ97022818/ олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ